Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2021/01166

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02163 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 94  дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 178,015,500.33 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний 1.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...”,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс зээлдэгч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нартай 2015.5.22-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ байгуулж 65,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нар дээрх гэрээг сунгах хүсэлтийг 2015.11.20-ны өдөр гаргаж зээлийн гэрээг нэмэлт өөрчлөлт оруулах, зээлийн гэрээг дахин 6 сараар сунгасан. Мөн дахин зээлийн болон барьцааны гэрээ сунгах хүсэлт гаргаж 2016.5.21-ний өдрөөс зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан гэрээг дахин 2 сараар сунгаж 2016.7.21-ний өдөр хүртэл зээлийн болон барьцааны гэрээг тус тус сунгасан. Зээлдэгч нар 2019.3.31-ний өдрийн байдлаар 3 жил 10 сар 09 хоногийн хугацаанд 65,000,000 төгрөгийн зээлд 152,750,000 төгрөгийн хүү, 18,438,333.33 нэмэгдүүлсэн хүү төлөхөөс 58,172,833 төгрөг зээлийн хүүд төлсөн. 2019.3.31-ний өдрийн байдлаар 65,000.000 төгрөгийн зээл, төлсөн зээлийн хүүг хасаад 94,575,165 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийтдээ 178,015,500.33 төгрөг төлөөгүй байна. Энэ хугацаанд зээлдэгч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт удаа дараа зээлийг төлөх шаардлага гаргасан боловч тогтоосон хугацаанд төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2016.7.21-ний өдөр дууссан. Зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451, 452, 156, 157 дугаар заалтуудыг үндэслэж гэрээ байгуулсан. Одоо зээлдэгч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нартай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 453, 158 дугаар зүйлийг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч талаас нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар н.М,,,,,,, зээл авч өгсөн. Зээлийг төлж чадахгүй байдал нь тогтоогдоод н.М-тай удаа дараа уулзаж байсан. Зээлийг төлөх боломжгүй гэсэн үндэслэлийн дагуу зээлийн гэрээг 2 удаа сунгаж байсан. Нэгэнт зээлдэгч зээлийг төлөх боломжгүй болсон тул үүргээ гүйцэтгэх дарааллыг шүүхээс тусгайлан анхаарч үзэхийг хүсч байна. Анх зээлийг авснаас хойш 58,572,833 төгрөгийн хүү төлсөн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан. Анхнаасаа зээлийг төлөх боломжгүй байдал тогтоогдсон байхад тус ББСБ зээлийн төлөлтийг хүүд суутгаад үндсэн зээл рүү төлөлт ордоггүй байсан. Зээлийн гэрээний график зөрчигдсөн үеэс хойш төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасуулахыг хүсч байна. Анх 65 сая төгрөгийн зээл аваад нийт 233 орчим сая төгрөг буцаагаад төлж байна. Энэ нь шударга ёсонд нийцэхгүй. Иймд үүрэг гүйцэтгэлийн дарааллыг өөрчилж өгнө үү. Хоёрдугаарт, зээлийн график зөрчигдөөд зээлийн төлбөрийг гуравдагч этгээдийн хөрөнгөөр хангуулах санал удаа дараа нэхэмжлэгчид хариуцагч талын зүгээс тавьсан. 2016.4.20-ны өдөр 16/18 тоот зээлийн график зөрчигдсөн тохиолдолд гуравдагч этгээд н.А-ын хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэдэг асуудал нэхэмжлэгч талаас тавьж байсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн гэрээг цуцлах үндэслэл нь ноцтой зөрчил гэсэн байна. Зээлийн гэрээний график зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээг цуцалж зээлдэгчийн хувьд зээлийн үүргийг шаардах ёстой гэсэн. Гэтэл хариуцагч нар зээлийн гэрээг төлөх чадваргүй нь тогтоогдсон байхад ББСБ зээлийн гэрээг цуцлах эрхтэй атлаа өнөөдөр хүртэл зээлийн гэрээг цуцлаагүй. Мэдэгдэл хүргүүлснээс хойш зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, 2016.4.20-ны өдрөөс хойш хүүг шаардах эрхгүй. Нэгэнт хүү төлөх чадваргүй нь тогтоогдоод өнөөдөр хүртэл зээлийн гэрээг цуцлаагүй. Талууд эрх үүргээ биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч нар зээлийг төлөөгүй, зээлийн гэрээг зөрчсөн нь тэдгээрийн буруу ч 65,000,000 төгрөгийн зээлээс 58,572,833 төгрөг төлсөн гэдгийг шүүх харгалзан 2016.4.20-ны өдрөөс хойш хүү шаардах эрхгүй, мөн зээлийн график зөрчигдсөнөөс хойш үүргийн гүйцэтгэлийн дарааллыг өөрчлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээний 1.2.5 дахь заалт Иргэний хуулийн 200-д заасан стандарт нөхцөл шинж агуулсан. Хууль зөрчсөн бөгөөд Иргэний хуулийн 202.1-д зааснаар хүчин төгөлдөр бус заалт гэж үзэж байна. Банк болон ББСБ-аас тавьж байгаа гэрээ бүгд стандарт нөхцөл байдалтай гэрээнүүд. Стандарт нөхцөл нь хууль зөрчсөн үү, зөрчөөгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлд банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцооны зээлийн үйл ажиллагаанд тухайлбал, Иргэний хуулийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно...” гэж заасан байна. Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 1.3-т шууд 20 хувьтай тэнцэх, өөрт ашигтайгаар тодруулсан нь зээлдэгч нарт хохиролтой шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Тус хуулийн заалтыг үзэх бол 1-20 хувь хүртэл тооцно гэсэн. 1-20 хувь тооцохдоо Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалд хүү тооцох аргачлал байдаг. Зээлийн гэрээн дээр нэмэгдүүлсэн хүү тооцох аргачлал нь Монголбанкнаас гарсан тушаал зөрчигдсөн гэж үзэж байна. Хуулиар 1-20 хувь гэж байхад ББСБ шууд 20 гэж тогтоосон нь шударга бус, Иргэний хуулийн 202.1-д заасан гэрээний энэ заалт хариуцагч нарт үнэхээр хохиролтой тул энэ заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн бүрэн үндэслэлтэй гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал стандарт гэрээ байгуулсан гэж үзэж байгаа. Гэвч 2 тал ярилцаж байгаад гэрээг байгуулсан. Зээлийн нэмэгдүүлсэн хүү бол зээлийн үүргийг хангуулах зорилгоор байдаг нэмэлт зохицуулалт. Нэмэгдүүлсэн хүү 20 хувь байх нь тооцоололтой. ББСБ ямар шалтгааны улмаас өндөр хүүтэй байдаг нь ББСБ-ын хөрөнгийн эх үүсвэр нь цэвэр өөрсдийнх нь хөрөнгө. Харилцагч нарын хадгаламжийн мөнгийг эргэлтэд оруулж ашиг олдоггүй. Өөрсдөө эх үүсвэрээ бүрдүүлж зээл гаргадаг. Зээлдэгч нарын санхүүгийн сахилга бат муугаас болж ББСБ үйл ажиллагаа маш эрсдэлтэй. 2015 онд гаргасан зээлийг өнөөдөр нэхэмжилж байна. 4 жилийн хугацаанд ББСБ зардал маш их гардаг. Нөгөө талаас инфляц яригдана. Тухайн үеийн 60 сая төгрөг өнөөдөр хэдэн төгрөгтэй тэнцэх, энэ бүх тооцооллыг гаргаж үүргийн гүйцэтгэлийг гаргаж ирдэг. Санхүүгийн сахилга бат сайн бол ББСБ үйл ажиллагааны зардал бага гардаг. Үүнийг дагаад хүү нь бага байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг дахин дахин яриад байна. Зээл авсан хүмүүсийн төлсөн зээлийн хүүг бид ямар ч тохиолдолд өөр зүйл рүү шилжүүлэх боломжгүй. 2017.01.01-ний өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүү тооцож байна. Үүнээс хойш хариуцагч нар ямар нэгэн төлөлт хийгээгүй. Төлүүлэх шаардлага удаа дараа тавьж байсан гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02163 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүрэгт 178,015,500.33 төгрөг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК /РД:5796954/-д олгож, 2015.05.22-ны өдрийн ЗГ1505005 дугаар зээлийн гэрээний 1.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж, 24а байр, ,,,,,,,, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Y-22060,,,,, дугаарт бүртгэлтэй 91.16 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас 1,118,227 төгрөгийг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1,118,227 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 94  дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02163 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 90,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88,015,500.33 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “1,118,227” гэснийг “607,950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн 94 дүгээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.11-ний өдрийн 183/ШШ2019/02163 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүрэгт 178,015,500.33 төгрөг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.01.15-ны өдрийн 94 дүгээр магадлалаар “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 90,000,000,00 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88,015,500.33 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Магадлалын Хянавал хэсэгтээ “Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гэрээгээр тохиролцсон хэмжээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна гэж дүгнэсэн атлаа зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.10, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг хэрэгжүүлээгүй, төлбөрийг барагдуулахтай холбоотой шаардлагатай ажиллагааг хийсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба үүнээс үүдэн хүү, нэмэгдүүлсэн хүү буюу төлбөрийн хэмжээ ихсэхэд нөлөөлсөн байна. Тодруулбал, “Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн зохицуулалтыг талууд зөрчжээ.” гэж агуулгын хувьд илт зөрчилтэй дүгнэлт хийжээ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар “гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.” гэснийг, мөн зээлийн гэрээний 1.2.1, 2.2, 2.6, 4.2.1, 5.1.4, 6.1 дэх заалтуудыг анхаарч үзээгүй нь давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэн зөв, эргэлзээгүй шийдвэр гаргаагүй байна. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02163 дугаар шийдвэрт “Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, хариуцагч үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгч буруутай гэх үйл баримт тогтоогдохгүй байна.” гэжээ. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч нарт зээл, хүүгээ яаралтай төлөхийг энэ бүх хугацаанд дахин дахин олон удаа шаардаж байсан бөгөөд н.М /,,,,,,,,,,,,ын нөхөр/, ,,,,,,,,,,,,,, нартай удаа дараа уулзаж байсан бөгөөд удахгүй мөнгө орж ирнэ, тэгээд төлнө гэж байнга тайлбар тавьдаг байсан. н.М  нь Хөгжлийн банкнаас олон тэрбум төгрөгийн зээл авах гэж байгаа, түүнийгээ аваад эхнэр ,,,,,,,,,,,,,,ын зээлийг төлнө гэж өдийг хүрсэн. Түүнчлэн, “Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульчлан тогтоосон байна” гэж дүгнэсэн нь зээлдэгч, зээлдүүлэгчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хэрэгжүүлэх, зээлийн хүү төлөх заалтад огтхон ч хамааралгүй. Энэхүү заалт нь шүүхийн шийдвэр гарснаас хойших шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаатай холбоотой заалт юм. Тийм учраас тэргүүн ээлжинд шүүхийн зардал төлөх гэдэг заалт огт хамааралгүй бөгөөд зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй. Зээлдэгч зээлийн хүүг зээлдүүлэгчийн дансанд ямар ч шахалт шаардлагагүйгээр төлөх үүрэг хүлээж гэрээ байгуулсан байхад зээлдүүлэгчийг илт үндэслэлгүй буруутгасан байна. Хэрэв зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэж байсан бол өөрсдөө ч зээлийн хүүний хуримтлал үүсгэж хүндрэл үүсэхгүй, зээлдүүлэгч байгууллагыг ч алдагдалд оруулахгүй байх боломжтой байсан. Хэргийн тухайд анх 2019.04.04-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч нар шүүхийг үл хүндэтгэн шүүхэд хүндрэл учруулж олон сараар шүүх хуралдааныг удаа дараа сунжруулсны эцэст 2019.10.11-ний өдөр буюу хагас жилийн дараа анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх заалттай/. Зээлдэгч нар нь үндэслэлгүйгээр гомдол гаргаж цаг хугацаа хожиж гэрээний үүргээс ямар нэгэн байдлаар үндэслэлгүйгээр чөлөөлөгдөх эрмэлзэлтэй байгаад харамсаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд миний биеийг оролцуулалгүй шийдвэрлэсэн нь талуудын тэгш эрхийг хангаагүй, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг анхнаасаа биелүүлэхгүй байх санаа зорилготой байсан гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Зээлдүүлэгч нь зээлдэгч нараас зээл түүний хүүг төлөхийг байнга шаардаж ирсэн нь хэнд ч ойлгомжтой асуудал юм. Банк бус санхүүгийн байгууллага бол бизнесийн байгууллага бөгөөд Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдаад хууль, журамд нийцүүлэн үйл ажиллагаа явуулдаг. Аливаа бизнесийн байгууллагын үйл ажиллагаа бол орлого олоод түүнээсээ түрээсийн зардал, ажилчдын цалин, нийгмийн даатгал, бусад холбогдох зардлыг төлөх, олсон орлогоосоо улсдаа татвар хураамжаа төлж тодорхой ашиг олж ажиллах хуультай. Манай байгууллага бол хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны орлого бол зээлийн хүү байдаг. Гэтэл манай байгууллага хүүгийн орлого олж ашигтай ажиллах нь битгий хэл үндсэн зээлүүлсэн мөнгөө ч олж авч чадахгүй алдагдалд орж, улмаар ажилчдын цалингаа тавьж чадахгүй, түрээсийн төлбөрөө ч төлөх боломжгүй болж үйл ажиллагаа доголдож ирсэн. Авсан зээлээ цаг хугацаанд нь төлдөггүй, хариуцлагагүй зээлдэгч нараас хамаарч банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа доголдож санхүүгийн алдагдал, ханшийн уналтад нэрвэгдсэн нэгэн санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хууль ёсны эрх ашгийг минь хангаж, хяналтын шатны шүүх гомдлын шаардлагыг хангасан бодитой шийдвэр гаргаж өгөх байх гэдэгт итгэж байна. Шүүх энэ бүх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байгаа нь туйлын харамсалтай. Иргэний хууль, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны тухай хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дагуу талууд хоорондоо харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэт нэг талыг барьж хуулийн ямар нэгэн зүйл заалтын, тооцооллын үндэслэлгүйгээр хүүгийн төлбөрийг бууруулан шийдсэн нь хүүгийн ашгаар орлого олдог санхүүгийн байгууллагын эрх ашгийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байх тул үндэслэлгүйгээр хүүгийн төлбөрийг хасч тооцсон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.01.15-ны өдрийн 94 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.11-ний өдрийн 183/ШШ2019/02163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 65,000,000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 94,577,167 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,438,333.33 төгрөг, нийт 178,015, 500.33 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний 1.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нараас зээлийн гэрээний үүрэгт 178,015,500.33 төгрөг гаргуулж “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК /РД:5796954/-д олгож, 2015.05.22-ны өдрийн ЗГ1505005 дугаар зээлийн гэрээний 1.2.5 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17060/, Үйлдвэр гудамж, 24а байр, ,,,,,,,, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Y-22060,,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй 91.16 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж,  анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас 90,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 88,015,500.33 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтын “1,118,227” гэснийг “607,950” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдах явцад буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талууд эвлэрлийн гэрээ байгуулж, эвлэрлийг батлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

2021.10.01-ний өдрийн Эвлэрлийн гэрээгээр хариуцагч тал нь  2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 110,000,000 төгрөг /нэг зуун арван сая/-ийг төлж барагдуулсан ба энэхүү үнийн дүнг төлснөөр талуудын үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцогдож буйг талууд хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна. 

Зохигчийн эвлэрэл бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг батлах үндэстэй байна.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, Эвлэрлийн гэрээ байгуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02163 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 94  дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 110,000,000 төгрөг /нэг зуун арван сая/-ийг нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д “төлж барагдуулсан, уг үнийн дүнг төлснөөр талуудын үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцогдож буйг талууд хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 598,028 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.УНДРАХ

                               ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                                         Х.СОНИНБАЯР

                                                                                                         Б.МӨНХТУЯА