Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2019/00520/и |
Дугаар | 722 |
Огноо | 2019-03-13 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 722
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Гаалийн 3-р байрны 12 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧС71020169, Гөрөөчин овогтой Дунгарын Бадамхандыг төлөөлж Б.Минжүүрдоржийн гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20-р хороо, Өнөр хотхоны 45А байрны 132 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр УХ73021178, Булгадар овогтой Чойнхорын Чулуунбаатарт холбогдоххамтран ажиллах гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, хариуцагчЧ.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Минжүүрдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Бадамханд өөрийн эзэмшлийн авто машинаа зарж, 5 500 000 төгрөгийг Ч.Чулуунбаатарт бэлнээр өгсөн. Бэлэн мөнгө авсан баримт үйлдсэн. Тэгээд Д.Бадамханд мөнгөө буцааж авах гэсэн боловч Ч.Чулуунбаатар 5 500 000 төгрөгийг нь өгөөгүй. Авсан мөнгийг өсгөж, дунд гарын жийп автомашин авна гэсэн яриа хийсэн гэж нэхэмжлэгч хэлдэг. Бэлэн мөнгө хүлээлцсэн баримт дээр Баян-Эрдэнэ трейд ХХК гэж компанийн нэр бичигдсэн боловч мөнгийг Ч.Чулуунбаатар авсан. Иймд Ч.Чулуунбаатараас 5 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Чулуунбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Бадамханд гэж хүнийг сайн танихгүй. С.Өлзийхишиг, н.Дуламсүрэн, н.Болороо гэх хүмүүс хөрөнгө оруулж, алт олборлолтын ажил дээр хамтарч ажиллана гэж ярьсан. Тухайн үед Эко дамо компани сонгон шалгаруулалтад орж тэнцэж, Увс аймгийн Тариалан сумын нутагт нөхөн сэргээлт хийхээр болсон, энэ ажлыг нь компаных нь нэр дээр би хийхээр болсон юм. Тэгээд С.Өлзийхишиг, н.Дуламсүрэн, н.Болороо нар мөнгөө нийлүүлж, тоног төхөөрөмж авна гэж ярилцаад хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Надаар авахуулсан түлшээ бага үнээр зарж, бэлэн мөнгө болгож, тоног төхөөрөмжөө худалдаж авсан. Маргааш нь н.Дуламсүрэн тэр мөнгийг тоног төхөөрөмж авна гээд авсан. Тиймээс надаас одоо мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй. Анхны алт угаалтаараа 52 грамм алт гарсныг Дуламсүрэн авч, зээл хөөцөлдөнө гээд Улаанбаатар явсан. Тэд нар 10 000 000 төгрөгийн хөрөнгө оруулна гэсэн боловч оруулаагүй. Надаас мөнгө нэхэмжлэх ёсгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийг төлөөлж Б.Минжүүрдорж нь Ч.Чулуунбаатарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэг талаас, Баян эрдэнэ трейд ХХК /А тал/, нөгөө талаас, иргэн Батбуян, П.Булган-Эрдэнэ, С.Өлзийхишиг нар /Б тал/ нь Хамтран ажиллах гэрээ байгуулж, Увс аймгийн Тариалан сумын нутаг Бургастай хэмээх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулахад хамтран ажиллахаар /хх 25-27/ тохирчээ.
Гэрээний 4 дэх хэсэгт зааснаар А тал нь 37 995 000 төгрөгийн үнэ бүхий 25 500 литр түлш, 14 750 000 төгрөг, Б тал нь тоног төхөөрөмж болох Эксковатороор хөрөнгө оруулж, олсон ашгаа тэнцүү хуваах, гэрээний 5-р зүйлийн 3-т Б талын Батбуян, П.Булган-Эрдэнэ нарыг С.Өлзийхишиг төлөөлж ажиллахаар тус тус тохирсон байна.
Хамтран ажиллах гэрээгээр оруулсан хөрөнгө /хураамж/, гэрээний үр дүнд бий болсон үр шим, бий болсон хөрөнгө нь дундаа хамтран өмчлөх өмч болохоос гадна ашгийг талуудын төлсөн хураамжинд хувь тэнцүүлэн хуваарилах, гарсан алдагдлыг талууд хамтран хариуцах, талуудын хоорондын хариуцлагын хэмжээг гишүүний төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилдаг.
Нэхэмжлэгч Д.Бадамханд нь 2017 оны 5-р сарын 19-ний өдөр Баян-Эрдэнэ трейд ХХК-д машины үнэнд 5 500 000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар шилжүүлсэн /хх 3, 18/ байх ба алт олборлох, нөхөн сэргээх ажилд хамтран ажиллахаар Баян-Эрдэнэ трейд ХХК-тай тохирсон, хөрөнгө оруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Нөгөө талаас, Б тал буюу С.Өлзийхишиг нь 2017 оны 5-р сарын 19-ний өдөр Баян-Эрдэнэ трейд ХХК-иас алт угаах төхөөрөмжийн урьдчилгаа 5 300 000 төгрөг, 2017 оны 5-р сарын 21-ний өдөр эксковаторын түрээсийн урьдчилгаа 2 500 000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан нь /хх 20, 21/ бэлэн мөнгөний зарлагын баримт, гэрээний 6-р зүйлийн 1-ийн 2-т 5 500 000 төгрөгийг С.Өлзийхишиг буюу Б талд бэлэн өгсөн гэснээ тус тус тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, тоног төхөөрөмж авахаар мөнгийг нөгөө тал авсан гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагч Ч.Чулуунбаатар нь иргэний хувьд хамтран ажиллахаар нэхэмжлэгчтэй тохироогүй, Баян-Эрдэнэ трейд ХХК гэсэн баримтыг үндэслэн түүнээс гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
Энэ тохиолдолд хэрвээ нэхэмжлэгч нь хамтран ажиллахаар хөрөнгө оруулсан гэж үзэж, 5 500 000 төгрөгөө гаргуулахаар байгаа бол үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэг нь хэвээр байхаас гадна биелүүлээгүй үүргийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийг жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах, өөрөөр хэлбэл, өөрт ногдох хэсгээр үүргийг хариуцна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3-р сарын 1-ний өдрийн 527 тоот шийдвэрээр Баян-Эрдэнэ трейд ХХК-иас 47 588 395 төгрөг гаргуулж Петрожамп ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8-р сарын 28-ны өдрийн 918 тоот шийдвэрээр Баян-Эрдэнэ трейд ХХК-ний хүсэлтээр С.Өлзийхишигийг эрэн сурвалжилсан, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, нэхэмжлэх, шатахууны зарлагын баримт, Петрожамп ХХК болон Баян-Эрдэнэ трейд ХХК хооронд байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудаар /хх 11-17, 22-24,32-34/ Баян-Эрдэнэ трейд ХХК нь хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлснээ нотолсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 479-р зүйлийн 479.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Чулуунбаатараас 5 500 000 /таван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн Д.Бадамхандыг төлөөлж Б.Минжүүрдоржийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА