| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 186/2019/0312/Э |
| Дугаар | 2019/ДШМ/970 |
| Огноо | 2019-09-26 |
| Зүйл хэсэг | 17.2.3.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2019/ДШМ/970
Т.Б, Б.Т, Ө.Г нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Булганчимэг,
шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Л.Баттогтох,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн, Л.Пүрэвлхам,
шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Д.Ренченхорол, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 496 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Л.Баттогтох, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Л.Пүрэвлхам, шүүгдэгч Ө.Гийн өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Б, Б.Т, Ө.Г нарт холбогдох 1911000000150 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Тийн Б, 1994 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хийн хангамж дамжуулалтын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, 3-161 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
2. Г овгийн Бын Т, 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “Тэгш төв” сэлбэгийн дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын 4-142 тоотод оршин суух бүртгэлтэй;
Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
3. Ш овгийн Өын Г, 1994 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Нарантуул” зах дээр худалдагч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-12-49 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Т.Б, Б.Т, Ө.Г нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” баарны гадаа Хорват улсын иргэн В.Тын “Самсунг” загварын гар утас, 1.000.000 төгрөг, Серби улсын иргэн Е.Фийн халаасанд байсан 300.000 төгрөгийг хутга, дугуй тайлагч багажийг зэвсэг болгон ашиглаж хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Т.Б, Б.Т, Ө.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Т.Б, Б.Т, Ө.Г нарыг бүлэглэж, хутга, дугуй тайлагч багажийг зэвсэг болгон ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж “Самсунг” загварын гар утас, бэлэн 1.300.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг “хутгыг зэвсгийн чанартай ашиглаж” гэснийг хэрэгсэхгүй болгож, бусдаас дээрэмдэж авсан бэлэн мөнгөний хэмжээг 370.000 төгрөг болгон өөрчилж, шүүгдэгч Боржигон овгийн Туяагийн Б, Гурт овгийн Болдбаатарын Т, Шанд овгийн Өнөрбаярын Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар бүлэглэж, дугуй тайлагч багажийг зэвсгийн чанартай хэрэглэн бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Т.Бод 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Тд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Гд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Тд ял оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар Б.Тд 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Ө.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй, шүүгдэгч Б.Тд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, З.Оюунтуяагийн эзэмшилийн 67-44 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Чингэлтэй дүүргийн прокурорын 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч тус бүрийн шүүхийн дансанд байршуулсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний 1.500.000 /нийт 4.500.000/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлж, хохирол төлбөрөөс хасаж тооцон шүүгдэгч тус бүрээс 1.366.000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Б, Б.Т, Ө.Г нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 78 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Л.Баттогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн товчлол 2019 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Т, Ө.Г нар “Тайгер” бааранд ... архи согтууруулах ундаа хэрэглэх үедээ шөнийн 24 цагийн орчимд Ө.Г машинаа бариулахаар Т.Быг утсаар дуудсан. Т.Быг “Тайгер” бааранд ирэх үед машины эзэмшигч Б.Т машины түлхүүрийг өгч хоёул хамт Мөнгөнзавъяа дэлгүүрийн орчим тамхи авахаар явна. Түцнээс тамхи авах хооронд бааранд үлдсэн Ө.Г Т.Бын утас руу залгаж Ттай ярина. Юу ярьсан талаар Т.Бод хэлээгүй тул мэдэхгүй. Т тамхи авчхаад ... хурдан “Тайгер” баар луу явахыг шаардана. Баарны гадаа очоод 2 гадаад иргэнийг суулгана. Т.Б хаа хүрэхийг асуухад 13 дугаар хороолол гэж хэлнэ. Энэ хооронд гэнэт хаалга онгойлгож Т урд сандал дээр хойшоо харан өвдөглөн сууна. Арын сандалд Г шахаж суухад Т чанга чангаар орилж, догшин авир гаргаж “мөнгөө өг, утсаа өг” гэж хашгирч Быг хаалганы карманаас дугуй тайлагч дорцов авч өгөхийг шаардана. Б дорцовыг гаргаж ирээд чамд өгөхгүй гэж суудал доор нууж тавина. Энэ үед 2 гадаад иргэн түрийвч, rap утсаа Т, Г хоёрт өгнө. Тэр хоёр мөнгийг авч түрийвчийг буцааж өгнө. Цааш хөдлөөд яв гэж Т шаардана. Энэ үед 2 гадаад иргэн “такси зогс” гэж хэлнэ. Жолооч Быг ... зогсох үед Т Бын толгойн тус газар, гар, мөр луу нь цохиж цаашаа яв гэж дарамтална. Хоёр гадаад иргэнээс 380.000 төгрөг авснаас Т, Г хоёр тэнцүү хувааж, rap утасны хамт авч, жолооч Бод 70.000 төгрөгийг өгнө. Энэ мөнгийг Б машин бариулсны хөлс гэж ойлгоно. Тухайн хэрэг явдал үүгээр төгсөнө.
Шүүгдэгч Т.Б нь Гийн дуудсанаар тэдний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор очиж машин барих үүргээ биелүүлсэн. Г Бын утас руу залгаж Ттай яриад буцаад “Тайгер” баар луу явахад тэдний юу ярьсныг мэдээгүй. Буцаад “Тайгер” баарны гадаа очиход Т 2 гадаад иргэнийг такси гэж хэлэн суулгаад араас нь Гтэй хамт суугаад мөнгө, гар утсыг нэхэж, догшин авирлаж, дугуй тайлагч (дорцов) авч өгөхийг шаардаж байгаагаас үзэхэд Т, Г нар үгсэн тохиролцож, урьдаас төлөвлөсөн байдал харагдана. Хоёр гадаад иргэн такси барих гэхэд Б зогссон. Энэ үед Т Бын эрх чөлөөнд халдаж, догшин авир гаргаж байгаа нь шууд дарамталсан шинжтэй байна. Хууль бусаар олсон орлогоос өчүүхэн хэсгийг Бод өгч байгаа зэргээс харахад шүүгдэгч Б нь Т, Г нарыг гэмт хэргийг урьдаас төлөвлөж тохирсныг мэдээгүй, дугуй тайлагч (дорцов)-ыг авч өгөхийг шаардахад өгөөгүй, зэвсгийн чанартай зүйлийг хэрэглэх байсныг таслах зогсоосон байхад зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бүлэглэж гүйцэтгэсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно. Т.Б нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэхийг таслан зогсоосноор санаатай үйлдэл биш юм. Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 2 буюу түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Мөн хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрт гэмт хэргийн гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч, гэмт хэрэгт бэлтгэх зэрэг хэлбэрүүд тогтоогдоогүй бөгөөд үйлдлээрээ нэгдээгүй нь тодорхой байгаа. Мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан бүлэглэн гүйцэтгэх санаа зорилго байсан нь тогтоогдоогүй байхад бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Дээрмийн гэмт хэрэг үйлдэх эсэхийг Т.Б мэдээгүй байхад цааш явахыг Т шаардаж эрх чөлөөнд халдаж, дарамталж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн нь энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэх үндэслэлтэй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг дутуу дулимаг хандаж шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж шийтгэж байгаа нь шударга ёсны зарчим алдагдаж байна. Шүүгдэгч Т.Бын хэрэг бүртгэлд, гэрчээр, яллагдагчаар, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд тогтвортой байгаа. Шүүгдэгч Т, Г нар нь шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө тогтворгүй, анхны мэдүүлгүүдээсээ буцаж байгаа талаар мэтгэлцэж, 16.11 дүгээр зүйлд заасан нотлох баримтаар тооцохгүй байх саналыг шүүх хүлээн аваагүй. Нотлох баримтыг дутуу шалгаж үнэлсэн явдал юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Т.Бод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Л.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “...Хавтас хэрэгт 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хохирогч В.Т мэдүүлэхдээ “...Машины урд сууж байсан залуу төмөр дорцовоо савчиж байгаад миний баруун хөлийн шилбийг цохичихсон, тэгээд бид хоёр хутга гаргаад ирэхээр нь айгаад өөрийн халаасанд байсан түрийвчээ өгтөл дотор нь байсан мөнгийг нь аваад түрийвчийг нь буцаагаад өгсөн, мөн найзыг маань гар утсаа өг гэтэл гар утас байхгүй гэтэл мөнгийг нь авчхаад юм хэлээгүй. ...2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Энхтайваны гүүрний цаана байдаг Хас банкинд еврог Монгол мөнгөөр солиулахад 1.000.000 төгрөг болсон. ...Бэлэн мөнгөтэй явж байсан. ...”, Филип Енгелманаас хохирогчоор мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэгтээ “...Жолоочийн хажууд сууж байсан залуу өвдгөөрөө суудал дээр өвдөглөж босч ирээд ... бид хоёр луу хараад баруун гартаа машины дорцов барьчихаад мөнгөө өг, гар утсаа өг гэж англиар хэлэхээр нь гайхаад чамд юу хэрэгтэй юм бэ гээд өгөхгүй байтал хэдэн үг Монголоор ярьж байгаад зүүн гартаа хутга бариад гаргаад ирсэн. Тухайн үед машины суудал таглаад хаанаас хутга гаргаж ирж байгаа нь харагдаагүй. Хутганы хэмжээ нь дунд зэргийн хэмжээтэй байсан. ...Залуу дорцовоо савчиж байгаад миний баруун гарын шуу хэсэгт 2 удаа цохисон. ...Бид хоёр хутга гаргаад ирэхээр нь айгаад би өөрийн халаасанд байсан түрийвчээ, гар утсаа гаргаад өгтөл түрийвчин дотор байсан 300.000 төгрөг авчхаад түрийвчийг маань буцаагаад өгсөн. Манай найзын түрийвчийг нь буцаагаад өгч байгаа харагдсан. Найзад маань 1.000.000 орчим төгрөг байсан. ...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3.2-т хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг хуульчилсан бөгөөд эдгээр хохирогч нараас хууль сануулан мэдүүлэг авсан байдаг. Гэтэл хохирогчоор тогтоогдсон В.Т “...2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Энхтайвны гүүрний цаана байдаг Хас банкинд еврог монгол мөнгөөр солиулахад 1.000.000 төгрөг болсон. ...Найз нартайгаа уулзсан болохоор бэлнээр мөнгө аваад явж байсан. ...” хэмээн худал мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тэрээр хутга, дорцов байсан гэж мэдүүлсэн нь мөн худал гэж хэлж болохоор баримт хэрэгт авагдсан байдаг. Хавтас хэргийн 18 дугаар талд авагдсан валют арилжааны маягтад 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 300 евро солиулахад 898.500 төгрөг болсон баримт байх бөгөөд хэрэг болсон гэх өдрөөс даруй 2 хоногийн өмнө мөнгө солиулсан байна. Гэтэл хохирогч нь санаатайгаар өөрийн мөнгө авсан өдөр, мөнгөний тоог худал мэдүүлсэн бөгөөд шүүх гэмт хэрэг гарах үед хохирогч нарын биед 1.300.000 төгрөг байсныг дээрэмдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар нь хохирогч нараас авсан мөнгөний дүнг анхнаасаа тогтвортой мэдүүлсээр ирсэн тул гэмт хэргийн улмаас учирсан бэлэн мөнгөний хэмжээг 370.000 төгрөг болгон өөрчлөх нь зүйтэй хэмээн дүгнэсэн нь шүүх хохирлыг таамаглалд тулгуурлан шийдсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зуйлд заасан нотолбол зохих байдал хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдоогүй буюу 1.1, 1.2. 1,3, 1.5-д заасан нөхцөл байдлыг нотлоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч В.Т “...Машины урд сууж байсан залуу төмөр дорцовоо савчиж байгаад миний баруун хөлийн шилбийг цохичихсон, манай найзад гэмтэл учраагүй. ...” гэж мэдүүлснээс харахад Филип Енгелманыг огт цохиогүй гэж үзэхээр байхад тэрээр “миний баруун гар луу 2 удаа цохисон, биед гэмтэл учраагүй” гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “миний биед халдаагүй, надад ямар нэгэн гэмтэл учраагүй” гэснээс харахад нь айлган сүрдүүлсэн, зэвсгийн чанартай эд зүйл хэрэглэсэн гэж харагдахаар худал мэдүүлгийг өгсөн байна. Гэрч З.Оюунтуяа дугуйн дорцов байхгүй, байгаагүй талаар мэдүүлсэн бөгөөд Т.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ Б.Т хоёр гартаа тамхи, утсаа бариад явж байсан талаар мэдүүлдэг бөгөөд дорцовыг өгөлгүй суудал дороо тавьсан гэж мэдүүлдэг. Хохирогч нарын мэдүүлэг эргэлзээтэй, ер нь анхнаасаа өөрсдөө мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн гэж үзэхээргүй, Монгол хэлээр ярьж, уншиж, бичиж чадахгүй гэсээр атал гэрчээр мэдүүлэг авсан байх бөгөөд ямар хэлээр, хэн гэж хэлмэрч оролцсон эсэх нь тодорхойгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчээр тогтоож, мөн хууль сануулсан гарын үсгийг авсан байгаа нь эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэхээр байна. Хохирогчоор өгсөн мэдүүлэг нь гэрчээр өгсөн мэдүүлэгтэй үг үсгийн зөрүүгүй шахуу бөгөөд хуулбарлан тавьсан болох нь харагдана. Хохирогчоор мэдүүлэг авахдаа мөрдөгчийн зүгээс В.Тд хэлмэрч, орчуулагчаар П.Бат-Эрдэнийг томилсон боловч ямар хэлнээс орчуулах талаар бичээгүй, ямар хэлнээс орчуулсан нь ойлгомжгүй, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс англи хэлний орчуулагч байсан гэж тайлбарлах шиг болсноос харахад дээрх хохирогч нь үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэхээргүй байна. Тийм учраас шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарыг оролцуулах хүсэлтийг хэргийн оролцогч нараас гаргасан бөгөөд шүүх хүлээн авч тогтоол гаргасан болно. Шүүхэд эрүүгийн 1911000000150 тоот хэрэг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр шилжиж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарыг оролцуулах хүсэлтийг гарган шүүх хүлээн авсан бөгөөд прокурорын зүгээс хохирогч нарыг оролцуулах боломжтой гэсэн боловч арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч нар Монгол улсын хилээр гарч явсан болно. Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч нарыг оролцуулах тухай гаргасан тогтоолоо хэрхсэн талаар огт дурдаагүй бөгөөд энэ нь шийтгэх тогтоол нь хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүх хохирлын тооцоог шүүгдэгч нарын мэдүүлгээр өөрчилсөн хэмээн 370.000 төгрөг болгохдоо хохирогчид 270.000 төгрөг төлсөн шүүгдэгч нарыг 100.000 төгрөгийн төлөх төлбөртэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хэрэв төлөх төлбөрийг хувь тэнцүүлэн төлөх ёстой гэж үзвэл Б.Т нь хавтас хэргийн 110 дугаар талд нийт 150.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх бөгөөд хохиролд тооцсон мөнгийг хувь тэнцүүлэн хуваахад нэг хүнд 123.333333 төгрөг төлөхөөр байна. Өөрөөр хэлбэл, Б.Т нь хохирлоо бүрэн барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх төлбөртэй гэж гаргасан нь шүүгдэгчийн хувийн байдлыг дордуулсан дүгнэлт болжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8.500.000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж, эс зөвшөөрч байна. Учир нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэмээн шийтгэх тогтоолд дурдсан бөгөөд 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан бөгөөд дээрх тээврийн хэрэгсэл нь бусдын буюу З.Оюунтуяагийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь нотлогдон тогтоогдож, шүүх тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолыг хүчингүй болгосон дүгнэлтээр тогтоогдож байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/496 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Гийн өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: “...Миний үйлчлүүлэгч Ө.Г нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд анхнаасаа гэм буруугаа хүлээн мэдүүлж, хэргийн бүх процессыг шударгаар ярьсан. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байсан. Энэ гэмт хэрэгт хамтран оролцогч Т.Б, Б.Т нарын гэм буруугаа хүлээгээгүй байдлыг Ө.Гт халдааж болохгүй билээ. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Ө.Гт оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 8.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна. Хуулийн эдгээр заалт нь хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой заалт бөгөөд Ө. Г нь мөрдөн байцаалтад хохирлоо төлсөн. Мөн тухайн автомашин буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон нөхцөлд хураан авна гэсэн заалтыг гуйвуулан тухайн автомашиныг З.Оюунтуяагийн эзэмшлийн болохыг заасан мөртлөө шударга бус шийдвэр гаргалаа. Иймд хохирлыг төлүүлсэн гэх энэ заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Л.Пүрэвлхамтай санал нэгтэй байна. Шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч байна. Хавтас хэрэгт хохирогч нар дорцов, хутга зэрэг байсан гэж худал мэдүүлсэн. Хэрэг гарах үед хутга огт байгаагүй ба үүнтэй холбоотой нотлох баримт хавтас хэрэгт байдаггүй. Мөн дорцов савчиж байгаад гар, хөл рүү цохисон гэдэг боловч ямар нэгэн Шүүх эмнэлгийн гэмтлийн тухай дүгнэлт байдаггүй. Эдгээр нь эргэлзээтэй санагдаж байна. Хохирлын хэмжээн дээр мөн адил анхан шатны шүүх бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй. Дээрэмдэн авсан мөнгө нь 1.300.000 төгрөг гэдэг ч хавтас хэрэгт баттай нотлох баримт байдаггүй. “Гадаадын иргэн, хохирогчид англи хэлний орчуулагч Бат-Эрдэнэ орчуулж өгөв” гэж хавтас хэрэгт байдаг. Тухайн орчуулгыг ямар улсын хэлнээс орчуулсан нь тодорхойгүй байх ба орчуулга хийсэн улсын хэлийг сайтар ойлгосон эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хохирлыг шүүгдэгч Т нь бүрэн төлж барагдуулсан баримт байдаг. Гэтэл анхан шатны шүүх хувь тэнцүүлэн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Б.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэгтэй байна. Хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ө.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйлийг бүгдийг хэлэлцэж дүгнэсэн. Хохирлын асуудлыг хохирогч нарын хэлсэн үнийн дүнгээр тогтоох боломжгүй гэж үзээд өнөөдөр шүүгдэгч нарын авсан үнийн дүнгээр тогтоож, 370.000 төгрөг болгосон. Хутга байсан үгүй дээр хангалттай тогтоосон зүйл байдаггүй. Харин дорцов буюу тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явж байсан гэдгийг шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай тогтоосон. Хохирогч нарын мэдүүлгийг өмгөөлөгч нар худал гэж хэлдэг. Гэвч худал мэдүүлсэн гэдгийг ямар нэгэн байдлаар нотолсон зүйл байхгүй. Хохирогч нараас орчуулагч оролцуулж мэдүүлэг авсан. Хохирогч нар нь өөрсдийн харсан өнцгөөс өөр өөрийн тайлбарыг хийж байсан. Тухайн хоёр гадаад иргэн яах аргагүй шүүгдэгч нарын хүчинд автаж өөрсдийн эд зүйлээ гаргаж өгсөн. Тухайн гэмт хэрэг нь баарны гадаа болоод дууссан гэж үзье гэвэл хавтас хэрэгтэй танилцахаар тийм биш байдаг. Дэнжийн мянга хүргэж өгсний дараа Б нь 70.000 төгрөг авсан байдаг. Өнөөдөр дуудлагын жолоочийн ажлын хөлс 5.000 төгрөгөөс 10.000 төгрөгийн үнэлгээтэй. Тиймээс тухайн авсан 70.000 төгрөг нь гэмт хэрэг үйлдэхэд тусалсны үндсэн дээр өгсөн ажлын хөлс юм. Хэрэг үйлдэх үедээ ашигласан Оюунтуяагийн автомашиныг шүүгч Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буцаан олгуулж, харин тухайн авто машины үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн. Хуульд заасан үндэслэлийг харахад энэ болохгүй юм шиг байсан. Гэхдээ хэрэг үйлдэх үедээ ашигласан тээврийн хэрэгслийг улсын орлого болгох нь зүйн асуудал учир анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзээд прокурорын хувьд эсэргүүцэл бичээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Т.Б, Б.Т, Ө.Г нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Тайгер” баарны гаднаас Хорват улсын иргэн В.Т, Серби улсын иргэн Е.Ф нарыг 67-44 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган, В.Тын “Самсунг” загварын гар утас, Е.Фийн халаасанд байсан 370.000 төгрөгийг дугуй тайлагч багажийг зэвсэг болгон ашиглаж хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн болох нь:
хохирогч В.Тын “...2019 оны 2 дугаар сарын 2-ны ... шөнө 3 цагийн үед гараад гэр гэр лүүгээ харихаар такси бариад дөнгөж хөдлөөд 10 метр орчим явж байхад үл таних 2 залуу гэнэт ... орж ирээд суусан. Нэг залуу нь жолоочийн хажуугийн суудал дээр, ... нэг залуу нь баруун талаас хаалга онгойлгоод суусан. ...Жолоочийн хажууд суусан залуу ... суудал дээр өвдөглөж босч ирээд, ... баруун гартаа машины дорцов барьчихаад “мөнгөө өг, гар утсаа өг” гэж англиар хэлэхээр нь ... өгөхгүй байтал ... хутга гаргаж ирээд “мөнгөө өг, гар утсаа өг” гээд байсан. Бид 2 өгөхгүй байсан чинь баруун гартаа барьчихсан байсан дорцовоороо бид хоёрыг цохих гээд сүрдүүлээд савчаад байсан. Энэ үед хажууд сууж байсан нэг залуу нь хажуугаас биеэрээ шахаад хөдөлгөхгүй байсан. ...Би ... эсэргүүцэхэд машины урд сууж байсан залуу төмөр дорцовоо ... миний баруун хөлийн шилбийг цохичихсон. ... Манай найз бас түрийвчээ өгтөл дотор нь байсан мөнгийг нь аваад түрийвчийг нь буцаагаад өгсөн. ...Тэгтэл таксины жолооч бууж ирээд ... хаалгыг онгойлгоод буу гэхээр нь найзыгаа буухаар нь дагаад буусан. ...” /1хх 6-7/,
хохирогч Е.Фийн “...2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ... гэр рүүгээ харихаар цагаан өнгийн такси бариад явах гэтэл үл таних 2 залуу гэнэт ... орж ирээд суусан. Нэг залуу нь жолоочийн хажуугийн суудал дээр, ... нэг залуу нь баруун талаас хаалга онгойлгоод суусан. ...Машины урд сууж байсан залуу ... миний баруун гарын шуу хэсэгт 2 удаа цохисон. ...Айгаад би өөрийн халаасанд байсан түрийвч, гар утсаа гаргаад өгтөл түрийвчин дотор байсан 300.000 төгрөг авчхаад түрийвчийг маань буцаагаад өгсөн. ...Тэгээд явсаар байгаад зэлүүд, том байшингүй, жижиг байшингуудтай газар луу авч очоод тэндээ буулгасан. ...” /1хх 12-13/,
гэрч З.Оюунтуяагийн “...2019 оны 2 дугаар сарын 2-ны орой 20 цагийн үед Т манай гэрээс очиж машин авсан гэсэн. Тэгээд маргааш нь манай гэрт цагдаа нар очоод таны нэр дээр бүртгэлтэй машинаар гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэсэн. Тэгэхээр нь би Ттай утсаар яриад машин одоо аваачиж тавь гэж хэлсэн. Ингээд Т манай гэрт машин аваачиж тавиад ээжтэй уулзаж байхад нь цагдаа нар ирээд аваад явсан гэсэн. ...” /1хх 35-36/,
шүүгдэгч Т.Бын “...Би эргэж очоод хоёр гадаад иргэн байхаар нь авсан. .... Ингээд Далан давхрын нарийн зам дээр ирээд Т нөгөө хоёр хүнийг буулгасан. ...Тэгээд Т “харанхуй гудам руу ор машинаа тавиад буцаж нөгөө хэд дээр очъё” гэж хэлсэн. Тэгээд машинаа тэнд үлдээгээд явсан чинь надад Т 70,000 төгрөг өгсөн. ...” /1хх 77-83/ гэх мэдүүлгүүдэд,
Түүнчлэн, шүүгдэгч Ө.Г, Б.Т нарын хэргээ хүлээн мэдүүлсэн /1хх 87-97, 99-104/ мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Тын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 105-109/, “Дамно” XXК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 38-39/, валют арилжааны баримт /1хх 17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 116-121/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх, Т.Б, Ө.Г, Б.Т нарын дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдгээрийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.
Шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Л.Баттогтох “...шүүгдэгч Т.Б нь Б.Т, Ө.Г нарын дарамтад орж гэмт хэрэгт холбогдсон. Ө.Гийн өгсөн 70,000 төгрөгийг жолоо бариулсны хөлс гэж ойлгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг дутуу дулимаг хандаж шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулж шийтгэж байгаа нь шударга ёсны зарчим алдагдаж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, “дээрэмдэх” гэдэгт бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд (өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт) рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гэдэг бол Эрүүгийн хуульд заасан байх, нийгэмд аюултай буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцох боломжгүй хор уршиг, хохирол учруулсан байх үйлдэл, эс үйлдэхүй байх, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх гэсэн 3 шинжийг тус тус агуулсан байхыг хэлнэ. Эдгээр шинжийг хэрхэн хангаж байгаагаас хамаарч зөв зүйлчлэн, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Бын хоёр гадаад иргэнийг таксинд явна гэж хуурч, автомашиндаа суулган 10 метр орчим яваад зогсож, Ө.Г, Б.Т нарыг автомашиндаа суулгаж байгаа түүний идэвхтэй үйлдэл нь дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдлыг бүрдүүлэн өгч байгаа бөгөөд дээрмийн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогч нарыг замдаа буулгаж, гэмт хэрэг үйлдэж авсан мөнгөнөөс хувь авч байгаа нь тэрээр дээрмийн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ухамсарлан ойлгож, уг үйлдэлд оролцсон гэж үзнэ. Мөн тэрээр уг гэмт хэргийг ухамсарлан ойлгосон бол уг хэргийн талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байсан боловч мэдэгдээгүй байна.
Хохирогч В.Тын “...Такси бариад дөнгөж хөдлөөд 10 метр орчим явж байхад үл таних 2 залуу ... орж ирээд суусан. Нэг залуу нь жолоочийн хажуугийн суудал дээр, ... нэг залуу нь баруун талаас хаалга онгойлгоод суусан. ...Тэгээд найз бид хоёр хутга гаргаад ирэхээр нь айгаад би өөрийн халаасанд байсан түрийвч, rap утсаа гаргаад өгтөл түрийвчин дотор байсан 1.000.000 төгрөг, rap утсыг минь авчхаад түрийвчийг маань буцаагаад өгсөн. Манай найз бас түрийвчээ өгтөл дотор нь байсан мөнгийг нь аваад түрийвчийг нь буцаагаад өгсөн. ...Тэгтэл таксины жолооч бууж ирээд ... хаалгыг онгойлгоод буу гэхээр нь найзыгаа буухаар нь дагаад буусан. ...Машины жолоочийг тэр хоёртой хамсаатан гэж бодож байна. Учир нь хутга гаргаж ирсэн залуу төмрөөрөө цохих гээд савчиж байхад жолооч бага зэрэг инээсэн. Ер нь инээд нь хүрсэн гэхэд болно. ...Ерөөсөө сандарсан шинжгүй байсан. ...” /1хх 6-7/,
хохирогч Е.Фийн “...Такси бариад ... 10 метр орчим явж байхад үл таних 2 залуу ... орж ирээд суусан. Нэг залуу нь жолоочийн хажуугийн суудал дээр, ... нэг залуу нь баруун талаас хаалга онгойлгоод суусан. ...Тэгээд найз бид хоёр хутга гаргаад ирэхээр нь айгаад ... түрийвчээ өгтөл дотор нь байсан мөнгийг нь аваад түрийвчийг буцаагаад өгсөн. ...Тэгтэл таксины жолооч ... буу гэхээр нь ... буусан. ...” /1хх 12-13/ гэх мэдүүлгүүд, хэрэгт цугларсан бусад баримтуудаар Т.Б нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б дээрэмдэх гэмт хэргийг дарамтад орсны улмаас үйлдсэн гэх боловч хохирогч, шүүгдэгч нар түүнийг дарамталж, цохисон талаар мэдүүлдэггүй ба шүүгдэгч Ө.Гийн шүүх хуралдаанд “... Т.Быг машин барьж байх үед дарамталсан зүйл байхгүй. ...” гэх мэдүүлгээр давхар нотлогдсон болно.
Хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд шүүгдэгч Т.Бын дээрх үйлдлийн талаар ноцтой зөрүүтэй байдал тогтоогдоогүй тул тэдний мэдүүлэгт үндэслэн Т.Бын гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Л.Пүрэвлхам “...Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч нарыг оролцуулах хүсэлтийг гарган шүүх хүлээн авсан бөгөөд прокурорын зүгээс хохирогч нарыг оролцуулах боломжтой гэсэн боловч арга хэмжээ аваагүйн улмаас хохирогч нар Монгол улсын хилээр гарч явсан болно. Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч нарыг оролцуулах тухай гаргасан тогтоолоо хэрхсэн талаар огт дурдаагүй бөгөөд энэ нь шийтгэх тогтоол нь хууль ёсны шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлд хохирогчийн эрх, үүргийн талаар хуульчлан зохицуулжээ.
Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2-5а/8105 дугаартай албан бичгээр Серби улсын иргэн Е.Ф, Хорват улсын иргэн В.Т нарыг улсын хилээр гарсан болохыг мэдэгдсэн байна. Нэгэнт хохирогч нар Монгол Улсын хилээр гарсан байх тул анхан шатны шүүхийн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдоос хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нар хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий тодорхой мэдүүлгүүдийг өгсөн байх бөгөөд тэдний мэдүүлгийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ө.Гийн өмгөөлөгч Б.Наранцэцэг “...Миний үйлчлүүлэгч Ө.Г нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд анхнаасаа гэм буруугаа хүлээн мэдүүлж, хэргийн бүх процессыг шударгаар ярьсан. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байсан. ...” гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж зааснаас үзвэл уг зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн онцгой бүрэн эрхэд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.Гт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан ял оногдуулах хэдий ч түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ө.Гийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Л.Баттогтох, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Л.Пүрэвлхам нарын нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 496 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Ө.Гт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар шүүгдэгч Ө.Гд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Ө.Гийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Т.Бын өмгөөлөгч Л.Баттогтох, шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Л.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ