Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2018/02286/И |
Дугаар | 609 |
Огноо | 2019-03-11 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 609
2019 оны 03 сарын 11 өдөр | Дугаар 181/ШШ2019/00609 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р.Д-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Б,
Хариуцагч: Д.Ш нарт холбогдох хэрэгт,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: АНУ-ын Вашингтон хот, 4740Н 20 дугаар гудамж, 4204 хэсэг, Арлингтон, 22207 тоот хаягт оршин суух, Бээл овогт Ганбатын Солонго /РД:ЧЙ85092767/-ыг оролцуулан
2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Р.Д, Э.Б нарын хооронд хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэл,
Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх Д.Шийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Атарболд, хариуцагч Д.Шийн болон гуравдагч этгээд Г.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, хариуцагч Э.Б, хариуцагч нарын өмгөөлөгч С.Баярмаа, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Р.Д нь 2017 оны 7 дугаар сард Г.Уянгаас Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 8/9 дүгээр байрны 46 тоотын 3 өрөө орон сууцыг 250,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд төлбөрийг хамаарал бүхий “Санни Пүри” ХХК-аас авсан мөнгөөр бэлнээр А.Баттүшиг, Г.Уянга нарт төлсөн. Хүүхдүүд нь Р.Дт орон сууц худалдаж авч өгсөн хэрэг.
Улмаар Р.Д байрандаа бүрэн засвар хийж орсны дараа 2017 оны намар хүү С.Мягмарсүрэн нь мөнгөний хэрэг болоод байна, байрыг чинь барьцаанд тавиад А.Баттүшигээс 60,000,000 төгрөг зээлж авмаар байна, гэрчилгээгээ өгөөч гэсэн. Үүний дагуу нотариатаар ороод гэрээнд гарын үсэг зурж, гэрчилгээгээ хүүдээ үлдээсэн, барьцаанд тавих зөвшөөрөл өгсөн. Р.Д нь хүү С.Мягмарсүрэнг А.Баттүшигээс мөнгө зээлж байна гэж бодсон болохоос Э.Баас мөнгө зээлж байгааг мэдээгүй.
2018 оны хавар хүү С.Мягмарсүрэн нь зээлж авсан мөнгөө төлчихсөн, хүүгээ төлөөгүй байгаа, байрны чинь ордерийг удахгүй авч өгнө гэж хэлж байсан боловч удалгүй танихгүй хүмүүс ирж байрнаасаа гар, миний байр гээд гэрчилгээ үзүүлж байрнаас хөөсөн байдаг.
Мөнгө зээлж байрыг барьцаанд бариулахдаа А.Баттүшигийн шаардлагаар өмчлөлийг Э.Бад шилжүүлсэн бөгөөд ингэхдээ 20,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Угтаа бол зээлийн барьцааны гэрээ байгуулах ёстой байсан тул Э.Бтай хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
Иймд худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Р.Дын орон сууцны өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2017 оны 10 дугаар сард миний үеэл ах А.Баттүшиг өөрийн эхнэр Г.Уянгын байрыг өөрийнхөө нэр дээр түр авч байгаач гэж хүссэн. Шаардлагатай үед өөр рүүгээ шилжүүлж авна гэсэн. Тэр дагуу би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ хийгээд өөр рүүгээ орон сууцыг шилжүүлж авсан. А.Баттүшиг, Г.Уянга нарын өгсөн даалгаврын дагуу дараа нь Д.Шт шилжүүлж өгсөн. Би хэн нэгэнд мөнгө зээлсэн асуудал байхгүй, авлага ч байхгүй гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нь зээлийн барьцаанд байр бариулсан мэт яриад байна. Гэтэл яагаад барьцааны гэрээ байгуулаагүй юм бэ? гэдэг асуулт гарна.
Өнөөдөр хурал дээр А.Баттүшигээс 60,000,000 төгрөгийг хүү С.Мягмарсүрэн нь зээлсэн мэт ярьж байгаа боловч нэхэмжлэл дээрээ өөрөө хүнээр дамжуулан Э.Бтай танилцаж, түүнээс мөнгө зээлсэн, Э.Бын шаардлагаар худалдах, худалдан авах гэрээ хийж, өмчлөл шилжүүлсэн мэт бичсэн байгаа. Ингэж зөрүүтэй ярьж, бичиж байгаа нь нэхэмжлэгчийг худлаа ярьж байгааг илтгэж байна.
Болсон үйл явдал Г.Солонго, Г.Уянга нар нь эгч дүүс бөгөөд Г.Солонго нь АНУ-д амьдардаг учир өөрийн өмчлөлийн орон сууцыг худалдан борлуулах зорилгоор Г.Уянгад итгэмжлэл олгосон, үүний үндсэн дээр Г.Уянга нь нөхөр А.Баттүшигтэй хамтран ажилладаг С.Мягмарсүрэнгийн хүсэлтээр түүнд орон сууцыг 250,000,000 төгрөгөөр худалдаж, ээж Р.Дынх нь өмчлөлд орон сууцыг шилжүүлж өгсөн.
А.Баттүшиг Г.Солонгын хүсэлтээр түүний өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүн олсон нь С.Мягмарсүрэн байсан бөгөөд тэрээр банканд танилтай учир хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр 2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээд өгвөл банкнаас зээл авч, үнийг төлье гэсний дагуу Г.Солонгын 2 байрны 1-ийг нь аав Д.Ганбат нь Р.Дын охин С.Даваасүрэнгийн өмчлөлд, Г.Уянга нь Р.Дын өмчлөлд тус тус шилжүүлж өгсөн. Ингэхдээ худалдах, худалдан авах гэрээг 2 өөр үнийн дүнтэй хийсэн. Татвараас зугтаах зорилгоор бага үнийн дүнгээр гэрээг хийсэн. Харин АНУ-руу мөнгө шилжүүлэхэд жинхэнэ үнийн дүн бүхий гэрээ хэрэгтэй байсан учир 250,000,000 төгрөгийн гэрээг мөн өдөр хийсэн.
С.Даваасүрэнгийн төрсөн ах, Р.Дын хүү С.Мягмарсүрэн нь банканд танил талтай, зээл аваад байрны үнийг төлнө гэж А.Баттүшигтэй ярьсан боловч мөнгөө төлж чадаагүй, зээлээ авч чадаагүй. Тиймээс байраа буцааж авъя гэж А.Баттүшиг хэлсэн. Ингээд С.Даваасүрэнгээс Д.Ганбат руу нэг байрыг, 2 дахь байрыг Р.Доос Э.Б руу шилжүүлж авсан. Г.Солонго Монгол улсад байгаагүй учир Э.Бын нэр рүү байрыг шилжүүлж авсан байгаа. Э.Б нь 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байрыг Д.Шт шилжүүлж өгсөн. Г.Солонго, Д.Ш, Э.Б нарын хооронд өмчлөлийн талаар огт маргаангүй байгаа. Д.Ш шилжүүлж авсан байрандаа очтол Р.Д байранд амьдраагүй, өөр хүмүүс байсан.
Ер нь бол худалдах, худалдан авах гэрээний үнэ 250,000,000 төгрөгийг Р.Д болон түүний хүү С.Мягмарсүрэн нар төлөөгүй учир байраа буцаан авсан л асуудал юм. Мөнгийг өгөөгүй, энэ тухай нотлох баримт огт хэрэгт байхгүй.
Иймд орон сууцыг барьцаалан зээл авсан гэх үндэслэлээ гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Шийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Д.Ш тухайн байрыг Э.Баас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. Энэ нь Г.Солонготой өр авлагын асуудал байсан учир түүндээ тооцож, Д.Шт шилжүүлэх зөвшөөрлийг Г.Солонго олгосон. Д.Ш байрандаа 3 удаа очсон. Тэнд Р.Д угаасаа амьдарч байгаагүй, С.Мягмарсүрэн нь амьдардаг байсан. С.Мягмарсүрэн байрыг суллаж өгнө гэж хэлдэг байсан. Эхний удаа очиход Мягмарсүрэн удахгүй нүүнэ, дараагийн удаа түүний эхнэр У.Ууганцэцэг удахгүй суллаж өгнө гэж тодорхойлолт хүртэл бичиж өгсөн байдаг. Ингээд байрнаас гарахгүй байсан учир 3 дахь удаагаа очиход дахин өөр хүн амьдарч байсан тул С.Мягмарсүрэн рүү ярьсан. Утсаар зурвас бичсэн байдаг. Зурвасаар удахгүй гарна гэж хариу хэлж байсан атлаа одоо шал өөр утга бүхий зүйл ярьж, нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй.
Зээл авсан, төлсөн баримт юу ч байхгүй, мөнгийг өгсөн гэх тайлбараа баримтаар нотлохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Д.Ш болон Э.Б нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр байгаа, хууль ёсны өмчлөг нь Д.Ш мөн тул орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна.
Д.Ш нь орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн атлаа Р.Дын хууль бус үйлдлээс болоод өмчлөгчийн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий байранд орон сууц хөлслөх гэрээний дагуу Р.Д нь хамаатны хүмүүсээ суулгасан байгаа тул Д.Шийг хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож, Р.Дын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Солонгыг төлөөлж Б.Азжаргал гаргасан тайлбартаа:
Г.Солонго нь өөрийн өмчлөлийн орон сууцыг Г.Уянгаар дамжуулан худалдах, худалдан авах гэрээг Р.Дтой байгуулсан. Мөнгөө төлөөгүй үндэслэлээр буцаан авсан бөгөөд ингэхдээ Э.Б руу шилжүүлж авахыг өөрөө зөвшөөрч, дараа нь Д.Ш руу шилжүүлүүлсэн. Энд Г.Солонгын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн, зөвшөөрөл олгогдсон байдаг.
Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
Шүүх талуудаас шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Д нь хариуцагч Э.Б, Д.Ш нарт холбогдуулан Э.Бтай 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагч нарын татгалзлыг дэмжсэн.
Хариуцагч Д.Ш нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгчид холбогдуулан гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн болно.
Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011473 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун сэлбэ гудамжны 8/9 дүгээр байрны 46 тоот хаягт байрлах 106,59 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц /цаашид орон сууц гэнэ/ нь 2012 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Г.Солонгын өмчлөлд, Г.Солонгын өмчлөлөөс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 231 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Р.Дын өмчлөлд, Р.Дын өмчлөлөөс 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Э.Бын өмчлөлд, Э.Бын өмчлөлөөс 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр Д.Шийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж зааснаар Э.Бын орон сууц өмчлөх эрх дуусгавар болж, Д.Шт өмчлөх эрх үүссэн байна.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Р.Д нь орон сууцны өмчлөх эрхээ хариуцагч Э.Бад шилжүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, улмаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ “...Э.Баас өөрийн хувийн бизнест зориулан 60,000,000 төгрөгийн зээл авч, түүний барьцаа болгож орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн” гэж, шүүх хуралдаанд “...хүү С.Мягмарсүрэн А.Баттүшигээс 60,000,000 төгрөг зээлж, түүний шаардлагаар барьцаа хөрөнгийг Э.Бын өмчлөлд шилжүүлсэн” гэж хоёр янзаар тайлбарлаж байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдагдсан Р.Д хувийн бизнестээ зориулж, өөрийн танилаар дамжуулан Э.Баас 60,000,000 төгрөг зээлсэн, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууцаа түүний өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь Э.Быг огтоос хараагүй тухайгаа шүүх хуралдааны явцад тайлбарлаж, өөрийн хүү С.Мягмарсүрэн нь А.Баттүшигээс зээл авсан гэх боловч гэрч А.Баттүшигийн “...2017 оны 5 дугаар сард С.Мягмарсүрэн над дээр ирж зарах байр байвал гайгүй үнээр борлуулах боломж байна гэсэн. Өөрийнх нь ангид хамт сурч байсан залуучууд банканд ажилладаг учир том м.кв бүхий байр байвал зээл гаргаад борлуулах боломж байна гэсэн. Үүний дагуу эхнэрийн дүү Г.Солонгын өмчлөлийн 2 орон сууцыг С.Мягмарсүрэнгийн дүү С.Даваасүрэнд нэгийг нь, нөгөөг нь Р.Дын нэр дээр шилжүүлсэн. Надад бол 2 байрыг авъя мөнгийг нь банкны зээлээр өгнө гэсэн. Энэ тухай Г.Солонгод хэлэхэд зөвшөөрсөн тул С.Мягмарсүрэнд зарахаар болсон. С.Мягмарсүрэн нь миний хамаарал бүхий хүмүүс байвал зээл гарахад хурдан бас найдвартай гээд ээж, дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед хамгийн бага дүнгээр гэрээ хийгдвэл татвар төлөхөд хэрэгтэй, харин дүү Г.Солонго руу мөнгийг АНУ руу шилжүүлэхэд жинхэнэ дүн бүхий гэрээ хэрэгтэй байсан учир 2 өөр үнийн дүнтэй гэрээ хийсэн. Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр С.Мягмарсүрэн болон түүний ээж Р.Д, дүү С.Даваасүрэн нараас огт мөнгө аваагүй. Мөнгө аваагүй болохоор буцааж шилжүүлэхийг шаардаж, арай завтай болохоор нь үеэл дүү Э.Б руу шилжүүлсэн. Тухайн үед эхнэр Г.Уянга хүүхдээ хараад гэртээ байдаг, би завгүй учир нааш цааш явахад амар юм уу гээд дүүгийнхээ нэр рүү шилжүүлсэн. Би Д.Ш ахад өртэй байсан учир хадмуудтай ярилцаад би Д.Ш руу шилжүүлсэн. Г.Солонго нь орон сууцнуудаа зараад өгөөч гэсэн учир би хөөцөлдсөн. Зарагдаагүй болохоор нь буцаан шилжүүлж авсан. Газартай хувийн сууцыг 300,000,000 төгрөгөөр, орон сууцыг 250,000,000 төгрөгөөр үнийг тохирсон боловч С.Мягмарсүрэнд зээл өгөөгүй учраас буцааж авсан байгаа.
Миний хувьд С.Мягмарсүрэн болон Р.Д нарт 60,000,000 төгрөг зээлсэн асуудал байхгүй, надад мөнгө аваад байх ах байхгүй, урьд ч ийм харилцаанд оролцож байгаагүй. С.Мягмарсүрэнтай ажил хэргийн холбоотой, хуурай ах дүүсийн харилцаатай байсан учир эхнэрийн дүүгийн орон сууцнуудыг түүнд зарах асуудалд би орсон. Мөнгөө дараа өгөх нөхцөл тавьж л худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохоос С.Мягмарсүрэнгээс мөнгө аваагүй, түүнд мөнгө зээлээгүй” гэх мэдүүлгээр энэ үйл баримт няцаагдсан бөгөөд Э.Б, Р.Д нарын хооронд болон С.Мягмарсүрэн, А.Баттүшиг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.
Нэхэмжлэгч нь орон сууцаа худалдах сонирхолгүй байсан гэх боловч өмчлөх эрхийг тухайн хэлцлээр шилжүүлэн өгөх хүсэл зориг Р.Дт байсан, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авах хүсэл зориг Э.Бад мөн байсан, үүний үндсэн дээр тэд хэлцэл хийж, өмчлөх эрхийг шилжүүлсэн байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүн үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй.
Иймд Р.Д, Э.Б нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.
Хариуцагч Д.Ш, Э.Б нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр, уг хэлцлийн үндсэн дээр орон сууц өмчлөх эрх Д.Шт Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үүссэн, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр Д.Ш өмчлөгчөөр бичигдсэн улсын бүртгэлийн тэмдэглэлийг мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.” гэж зааснаар үнэн зөв гэж үзэх тул шүүх Р.Дын шаардлагаар нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох хууль зүйн боломжгүй юм.
Тиймээс нэхэмжлэгчийн энэ шаардлагыг мөн үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Дээр дурдсанаар Д.Ш нь орон сууцны өмчлөгч тул түүнийг дахин өмчлөгчөөр тогтоох асуудал яригдахгүй.
Харин Д.Ш нь өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар орон сууцаа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Р.Д нь орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа болох нь түүний өөрийнх нь “...би орон сууцанд хамаатныхаа хүмүүсийг байлгаж байгаа” гэх тайлбараар тогтоогдсон, түүнийг шударга эзэмшигч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж зааснаар Р.Д нь орон сууцны эзэмшлийг Д.Шийн шаардлагаар өгөх үүрэгтэй байна.
Энэ үндэслэлээр шүүх Р.Дт холбогдуулан гаргасан Д.Шийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд Г.Солонгыг төлөөлж Г.Уянгаас Р.Дтой байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргээ Р.Д биелүүлээгүйн улмаас Г.Солонго гэрээнээс татгалзаж, орон сууцны өмчлөх эрхийг Э.Бад шилжүүлэх замаар буцаан авсан тухай тайлбарлаж, тухайн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэхийг нотлох зорилгоор гэрч асуулгаж, бичгийн нотлох баримтууд гаргаж маргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ гэрээний талуудыг зохигчоор оролцуулахгүйгээр шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүйн зэрэгцээ, нэхэмжлэлийн шаардлага тусдаа шийдвэрлэгдэх боломжтой өөр үндэслэлээр гарсан тул энэ үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлгүй тул Э.Б, Д.Ш нарт холбогдох Р.Д, Э.Б нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Р.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасныг баримтлан Р.Дын хууль бус эзэмшлээс Д.Шийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202011473 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамжны 8/9 дүгээр байр, 46 тоотод байрлах 106,59 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, Д.Шийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 257,950 төгрөг, хариуцагч Д.Шоос төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Шт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА