Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар  001/ХТ2021/00902

 

                                   

                                                    С Э Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01911 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1593 дугаар магадлалтай,

С Э Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Түмэндэлгэрийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 28552 дугаар шийдвэрээр С Э Г ХХК, Ч.Баасанжав нараас 91,540,431 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шинжээч нь барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Тус орон сууцыг 2010 онд 1 м.кв-ыг 2,500,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгөөр худалдаж авсан ба шинжээч Мөнх-Оргил трейд” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын үнэлгээнд 3 жишиг хөрөнгө ашигласан боловч 3 дахь жишиг хөрөнгөнд 0 хувийн үнэлгээ өгч, үлдсэн 2 жишиг хөрөнгийг дунджилсан байна. Энэ нь Үнэлгээний олон улсын стандарт 2017-той нийцэхгүй байна. Харьцуулан жишсэн 3 хөрөнгөнд тус тус 1, 0.95, 0.95 гэсэн тохируулга хийсэн боловч хамгийн өндөр үнэтэй байсан 3 дахь жишиг хөрөнгийн үнэд 0 хувийн ач холбогдол өгч, илт бага үнийн дүн гаргасан байна. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлэх ёстой. Иймд Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020.02.07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 28552 дугаар шийдвэрээр С Э Г ХХК, Ч.Баасанжав нараас 91,540,431 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С Э Г ХХК, Ч.Баасанжав төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй учир Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 73 дугаар байрны 9 тоот 104 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017.06.09-ний өдөр битүүмжилж, 2020.01.10-ны өдөр хураан авсан. Ингээд талуудаас орон сууцны үнийн саналыг авахад төлбөр төлөгч С Э Г ХХК-ийн захирал буюу өмчлөгч Э.Түмэндэлгэрээс 291,000,000 төгрөг гэж ирүүлэн, Ч.Баасанжав нь үнийн санал өгөхөөс татгалзсан тул төлбөр авагч Төрийн банк ХХК-иас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу шинжээчээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилж, үнэлүүлэхэд 167,700,000 төгрөгөөр үнэлснийг 2020.02.10-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 117,390,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдааг 2020.03.20-ны өдөр зарласан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 5317 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01911 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн С Э Г ХХК-ийн гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө, 73 дугаар байр, 9 тоот, Ү-2204030800 тоот улсын бүртгэлийн дугаартай 104 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2020.03.18-ны өдрийн 101/ШЗ2020/05317 дугаар захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдан шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1593 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01911 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нямдаваа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ үндэслэл бүхий тодорхой баримтаар нотлоогүй...” гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур буюу 167,700,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөх нөхцөл боломжийг хясан боогдуулсан үйлдэл болсон. Тодруулбал тухайн орон сууцыг 2010 онд 1 м.кв 2,500,000 төгрөг буюу 260,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш мөнгөний ханш унасан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн байхад хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын үнэлгээнд 3 жишиг хөрөнгө ашигласан боловч 3 дахь жишиг хөрөнгөнд 0 хувийн жин өгч, үлдсэн 2 жишиг хөрөнгийг дундажласан байна. Энэ нь 2020 оны Үнэлгээний олон улсын стандартад нийцэхгүй байна. Харьцуулан жишсэн 3 хөрөнгөнд нийт тус тус 1, 0.95, 0.95 гэсэн тохируулга хийсэн боловч хамгийн өндөр үнэтэй байсан 3 дахь жишиг хөрөнгийн үнэд 0 хувийн ач холбогдол өгч, илт бага үнийн дүн гаргаж үнэлсэн нь үндэслэлгүй юм. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлэх хэрэгтэй. Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт,  хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт дээрх байдлаар үгүйсгэгдэж байхад үүнийг анхан шатны шүүх буруу дүгнэж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

 С Э Г ХХК Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд С Э Г ХХК-ийн захирал Э.Түмэндэлгэрийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02441 дүгээр шийдвэрээр С Э Г ХХК, Ч.Баасанжав нараас 91,540,431.82 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж, Төрийн банканд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө Ү-2204030800 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 73 байрны 9, 44 тоот орон сууцнуудаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, М.Өлзийсайхан, Э.Түмэндэлгэр нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204030800 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө 73 байрны 9 тоот орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.01.28ы өдрийн 4/2562, 4/2563, 2020.01.31-ний өдрийн 4/3352  дугаартай албан бичгээр хураагдсан орон сууцанд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон ч төлбөр төлөгч Ч.Баасанжав татгалзсан хариу өгч, өмчлөгч Э.Түмэндэлгэр 291,000,000 төгрөгийн үнийн санал гаргаж, төлбөр авагч “Төрийн банк” ХХК зах зээлийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасан тул 2020.02.04-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Хариуцагч байгууллага 2020.02.04-ний өдөр шинжээчид шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцны үнийн саналыг харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.02.07ы өдрийн №19/Ш тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг 167,000,000 төгрөгөөр тогтоосон нь хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон болохыг нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч С Э Г ХХК-ийн захирал Э.Түмэндэлгэрийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01911 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1593 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С Э Г ХХК-ийн захирал Э.Түмэндэлгэрийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЦОЛМОН  

                              ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ               

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                             Х.СОНИНБАЯР

                                                                             Б.УНДРАХ