Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01593

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01593

 

 

 

С.Э.Г -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01911 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Э.Г ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 28552 дугаар шийдвэрээр С.Э.Г ХХК, Ч.Б нараас 91 540 431 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шинжээч нь барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн. Тус орон сууцыг 2010 онд 1 м.кв-ыг 2 500 000 төгрөг, нийт 250 000 000 төгрөгөөр худалдаж авсан ба шинжээч Мөнх оргил трейд ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа зах зээлийн хандлагын үнэлгээнд 3 жишиг хөрөнгө ашигласан боловч 3 дахь жишиг хөрөнгөнд 0 хувийн үнэлгээ өгч, үлдсэн 2 жишиг хөрөнгийг дунджилсан байна. Энэ нь Үнэлгээний олон улсын стандарт 2017-той нийцэхгүй байна. Харьцуулан жишсэн 3 хөрөнгөнд тус тус 1, 0.95, 0.95 гэсэн тохируулга хийсэн боловч хамгийн өндөр үнэтэй байсан 3 дахь жишиг хөрөнгийн үнэд 0 хувийн ач холбогдол өгч, илт бага үнийн дүн гаргасан байна. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлэх ёстой. Иймд Мөнх оргил трейд ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 28552 дугаар шийдвэрээр С.Э.Г ХХК, Ч.Б нараас 91 540 431 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч С.Э.Г ХХК, Ч.Б төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй учир Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 73 дугаар байрны 9 тоот 104 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хураан авсан. Ингээд талуудаас орон сууцны үнийн саналыг авахад төлбөр төлөгч С.Э.Г ХХК-ийн захирал буюу өмчлөгч Э.Түмэндэлгэрээс 291 000 000 төгрөг гэж ирүүлэн, Ч.Б нь үнийн санал өгөхөөс татгалзсан тул төлбөр авагч Төрийн банк ХХК-иас шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу шинжээчээр Мөнх оргил трейд ХХК-ийг томилж, үнэлүүлэхэд 167 700 000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт мэдэгдсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 117 390 000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоож, анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр зарласан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 5317 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно. Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул төлбөр төлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч С.Э.Г ХХК-ийн гаргасан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, Энхтайваны өргөн чөлөө, 73 дугаар байр, 9 тоот, Ү-2204030800 тоот улсын бүртгэлийн дугаартай 104 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцанд хийсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2020/05317 дугаар захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь тус хуулийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг үүгээр дурдан шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Т давж заалдах гомдолдоо: Хөрөнгийн үнэлгээний Мөнх оргил трейд ХХК нь барьцаа хөрөнгийг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур буюу 167 700 000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөх нөхцөл боломжийг хаасан үйлдэл болсон. Тодруулбал 2010 онд тухайн орон сууцны 1 м.кв-ыг 2 500 000 төгрөг буюу нийт 260 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш мөнгөний ханш унаж үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өссөн. Мөнх-Оргил трейд ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа 3 жишиг хөрөнгө ашигласан боловч 3 дахь жишиг хөрөнгөнд 0 хувийн жин өгч, үлдсэн 2 жишиг хөрөнгийг дунджилсан байна. Энэ нь 2020 оны Үнэлгээний олон улсын стандартад нийцэхгүй байна. Харьцуулан жишсэн 3 хөрөнгөд нийт тус тус 1, 0.95, 0.95 гэсэн тохируулга хийсэн боловч хамгийн өндөр үнэтэй байсан 3 дахь жишиг хөрөнгийн үнэд 0 хувийн ач холбогдол өгч, илт бага үнийн дүн гаргаж үнэлсэн нь үндэслэлгүй. Хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийж тус үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд нь шинжээчээр томилсон эрх бүхий байгууллага нь хяналт тавьж хуулийн хүрээнд бодитой үнэлэх хэрэгтэй.

Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Мөнх-оргил трейд ХХК-ийн шинжээчийн дүгнэлт үгүйсгэгдэж байхад үүнийг анхан шатны шүүх буруу дүгнэж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Мөнх оргил трейд ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №19/111 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өнгө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Э.Г ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/02441 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн мөн оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3210 дугаартай гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, иргэн М.Өлзийсайхан, Э.Т нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 73 байр, 9 тоот, 104 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх 47-52, 66, 71-72, 77-78/ Энэ ажиллагаанд мөн дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн үйл баримтын талаар талууд маргаангүй. Харин дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгөд хийсэн шинжээчийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ. /хх-94/

Нэхэмжлэгч дуудлага худалдаагаар худалдан борлуулах гэж буй орон сууцны үнэ шинжээчийн тогтоосон үнээс дээгүүр байгаа гэх гомдлын үндэслэлээ өөрөө нотлох үүргийг хүлээнэ. Хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв.

Мөн хэргийн баримтаас үзэхэд шинжээч Мөнх оргил трейд ХХК нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгө болох иргэн М.Өлзийсайхан, Э.Т нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 73 байр, 9 тоот, 104 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 167 700 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх94/ Тэрээр шинжилгээ хийхдээ үнэлж буй хөрөнгөтэй жишиж болох буюу ижил дүүрэгт, ойр байрлах 2 үл хөдлөх эд хөрөнгийг сонгон авч харьцуулан зах зээлийн хандлагын аргыг сонгон үнэлгээ тогтоон, дүгнэлт гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлээд, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/01911 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД