Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00956

 

                                                       

                                                Ж.М-ын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01086 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1660 дугаар магадлалтай,

Ж.М-ын нэхэмжлэлтэй,

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох

шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийгэрэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00978 дугаартай захирамжаар Цагааншарт ХХК-иас 540,000,000 төгрөг гаргуулж Капитал банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах хугацаанд төлбөр төлөгч Цагааншарт ХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар татан буугдаж, 2016.06.16-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасагдсаныг олж мэдсэн.

Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас татан буугдсан хуулийн этгээдийн төлбөрийг миний хөрөнгөөс гаргуулахаар явуулж буй ажиллагааг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч хариуцагч байгууллагаас хүлээн авахаас татгалзсан тухай хариуг 2019.11.05-ны өдрийн 3/15148 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Хариуцагч нь хуулийн этгээдийн бүртгэлээс хасагдсан Цагааншарт ХХК-д холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хүчин төгөлдөр захирамж байгаа. Ингээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанаас өмнө аль аль талаас харъяаллын талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш төлбөр төлөгч Цагааншарт ХХК-ийн захирал Ж.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдлын дагуу холбогдох хариуг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаарх хариуг хуульд заасан хугацаанд өгсөн. Эд хөрөнгө хураах ажиллагаанд Ж.М-ыг оролцуулсан. 2019.12.06-ны өдөр үнийн санал авах мэдэгдлийг Цагааншарт ХХК-ийн захирал Ж.М-т хүргүүлсэн. Үнийн санал ирүүлээгүй учир шинжээч томилсон. Шинжээч томилоод явж байх хугацаанд нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөр төлөгч хуулийн этгээд нь 2016.06.16-ны өдөр татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсан боловч 2017.04.27-ны өдрийн 978 дугаар захирамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар заасан байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитал” банк ХХК банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилсэн, хураасан тогтоолыг хүчингүй болгуулах гэж байна уу, юуг хүчингүй болгуулах гэж байгаа нь тодорхой бус байна. Ахлах шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй. 2017 онд шүүхийн шийдвэрийн ажиллагаа явагдсан байхад Ж.М 2018 онд мэдсэн гэж байна. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдлын хөөн хэлэлцэх хугацааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн хэдэн оны хэдэн сард үүсгэсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох гээд байгаа нь тодорхой бус байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан” гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01086 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.М-ын хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Цагааншарт ХХК-д холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Ж.М-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1660 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн харъяалал зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас Монгол Улсын Хуулийн этгээдийн бүртгэлд байхгүй болсон, улсын бүртгэлээс хасагдсан “Цагааншарт” ХХК гэх хуулийн этгээдэд холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр дуусгавар болгохыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч талаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШШ2017/00978 дугаартай захирамжаар “Цагааншарт” ХХК-иас 540,000,000 төгрөг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д “Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, энэ хуулийн 6.2.3, 6.2.4-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмын дагуу гаргана” гэж заасан.

Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болох Ж.М нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ажиллагаатай холбоотой гомдол гаргасан бөгөөд тус иргэний хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалттай атал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шүүхийн харъяалал зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “Цагааншарт” ХХК-ийн иргэний эрх зүйн чадвар дуусгавар болсон байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар “Цагааншарт” ХХК-ийг улсын бүртгэлээс хассантай холбогдуулан үүсэх үр дагаврыг “БЖЭМ” ХХК хариуцах үндэслэлтэй байна" гэж тус тус дүгнэжээ. “БЖЭМ” ХХК нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны болон иргэний хэрэг маргааны оролцогч биш атал хамааралгүй бие даасан хуулийн этгээд болох "БЖЭМ” ХХК-ийг үр дагаврыг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэхийн сацуу Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Компанийн эд хөрөнгө нь эзэмшиж байгаа эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхээс бүрдэх бөгөөд компани нь эдгээр бүх эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ”, 9.2-т “Компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”, 9.3-т “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэж тус тус заасныг шүүх анхаараагүй гэж үзэж байна.

Шүүхээс гүйцэтгэх баримт бичигт заасан эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэрлэсэн. Ж.М нь “Цагааншарт” ХХК-д аливаа байдлаар хувьцаа эзэмшдэггүй, “БЖЭМ” ХХК болон Ж.М нар аливаа байдлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч буюу төлбөр төлөгч, төлбөр авагч биш юм. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Монгол Улсад бүртгэлгүй, эрх зүйн чадвар нь дуусгавар болсон “Цагааншарт” ХХК гэх хуулийн этгээдэд холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ямар нэг этгээд төлөөлөн оролцоогүй байхад эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Огт байхгүй “Цагааншарт” ХХК гэх хуулийн этгээдэд хамааруулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд эрх залгамжлагч гэх этгээд огт байхгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрх залгамжлагч этгээд байгаа эсэхийг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй бөгөөд шүүхийн шийдвэрт дурдсанаар эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжтой гэх үйл байдал мөн тогтоогдоогүй.

Мөн хариуцагч байгууллагын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэзээ явуулсан, ямар ажиллагаа хийсэн талаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдох бүхий баримтыг огт гарган өгөөгүй, гуравдагч этгээдээс нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1660 дугаартай магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэж үзсэн атал шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд дүгнэлт шийдэл хоёр нь зөрүүтэй болжээ. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01086 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1660 дугаартай магадлалд өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.М Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00978 дугаар захирамжаар Капитал банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 39,520,343 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл төлбөр болох 540,000,000 төгрөгийг Цагааншарт ХХК нь тогтоосон хуваарийн дагуу төлөх, хэрэв үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайт, 1 дүгээр хэсгийн 181 тоот, улсын бүртгэлийн Ү-2202017758 дугаартай, 587.5 м.кв талбай бүхий гарааш, хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, Чингэлтэй дүүрэг, Яргайтад байрлах, 15 жилийн хугацаатай тус бүр нь 680 м.кв талбай бүхий, гэрчилгээний 0044744 болон гэрчилгээний 0044745 дугаартай зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, 15 жилийн хугацаатай, 280 м.кв талбай бүхий, гэрчилгээний 0147709 дугаартай үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 28 байр, 33 тоот, улсын бүртгэлийн Ү-2206026802 дугаар, гэрчилгээний 000274116 дугаартай, 124.83 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос хангахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталжээ.

Хариуцагч нь дээрх хүчин төгөлдөр шийдвэр, уг шийдвэрийн дагуу бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох Ж.М-ын өмчлөлийн эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг гүйцэтгэсэн байна.

Харин төлбөр төлүүлэх шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахаас өмнө Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2015.12.31-ний өдрийн 1915 дугаар тушаал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын 2019.08.02-ны өдрийн лавлагаа зэрэг хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Цагааншарт ХХК нь  санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал гаргаагүй, харилцагч байгууллагадаа тушаагаагүй гэх үндэслэлээр 2016.06.16-ны өдөр уг компанийг улсын бүртгэлээс хассан болох нь тогтоогдож байна.  

Дээрх нөхцөл байдлыг Ж.М шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурдаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн үндэслэлээ “төлбөр төлөгч хуулийн этгээд татан буугдсан, эрх залгамжлагч тогтоогдоогүй” гэсэн байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлээ болгосон байна.

1. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан барьцааны зүйлийн өмчлөгч Ж.М нь “Цагааншарт ХХК-ийг улсын бүртгэлээс хасах шийдвэр гарснаас хойш буюу 2017.04.27-нд тус компанийг төлөөлж, Капитал банк ХХК-тай зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсныг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00978 дугаартай захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Энэхүү захирамж, түүнд олгосон гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, холбогдох ажиллагааг явуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 35 дугаар зүйл 35.1, 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч-хуулийн этгээд этгээд татан буугдсан тохиолдолд түүний эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих хүртэл түдгэлзүүлэх, эрх залгамжлагч тогтоосон бол нөгөө талын хүсэлтээр, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр солих, гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисст шилжүүлэх зэрэг ажиллагааг хариуцагч байгууллага хэрэгжүүлдэг.

Хариуцагч дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг хэрэгжүүлсний үндсэн дээр төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан нь гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах учиртай.

Цагааншарт ХХК-ийг улсын бүртгэлээс хассан үйл баримтаас хойш гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх тул хариуцагчийг хууль зөрчин ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, гүйцэтгэх баримт бичигт заасан эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.8-д заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШЗ2019/13985 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн дагуу Ж.М Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах гомдол гаргажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2019/14064 дугаар захирамжаар шүүхийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр гомдлыг хүлээн авахаас татгалзсаныг мөн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШТ2020/00001 дугаар тогтоолоор уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. Уг тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн атлаа магадлалын хянавал хэсэгт “...анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна...” гэж дүгнэсэн нь техникийн шинжтэй гэж үзэхээр боловч цаашид анхаарвал зохино.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2020/01086 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1660 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа 2020.08.20-ны өдөр нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ЭРДЭНЭСУВД

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                              ШҮҮГЧИД                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 Г.ЦАГААНЦООЖ 

                                                                                    Д.ЦОЛМОН