Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/00488

Улаанбаатар хот

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг дүгээр хороо дүгээр байр  тоотод оршин суух,  онд төрсөн настай, Б овогт Н Э

           Хариуцагч: Баянгол дүүрэг дугаар хороо  дүгээр хороолол дугаар байр тоотод оршин суух, онд төрсөн  настай, Б овогт Б У

            Орон сууц чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэл, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нар оролцов.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.У нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр  зээлийн гэрээ байгуулан Та глобал ББСБ-аас бизнесийн зориулалтайгаар 5 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй 30.000.000 төгрөгийг зээлсэн боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж эргэн төлөлтийг хийхгүй байсан тул шүүхэд хандаж улмаар 3 шатны шүүх Б.Уас 39.589.819 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгө Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд 86/2 дугаар байр 80 тоот 40 мкв талбайтай хоёр өрөө орон сууцаар зээлийн  гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус шийдвэрлэсэн. Б.У шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж орон сууцыг албадан борлуулах гэж байхад төлбөр төлөгч Б.У нь орон сууцыг төлбөрт санал болгож үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Та глобал капитал ББСБ-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Н.Эийн  нэр дээр шилжүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгон хаасан. Б.У 2018 оны 04 дүгээр сарын 15-ныг хүртэл уг орон сууцанд түр амьдарч байхаар хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийн дагуу дээрх хугацаанд амьдрах боломж олгосон боловч тогтсон хугацаанд орон сууцыг чөлөөлж өгөхөөс зайлсхийж холбоо барих хэрэгслээ авахгүй очихоор хаалга тайлж өгөхгүй бусдын өмчийг хууль бусаар эзэмшиж байна. Иймд Б.Уын эзэмшлээс Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд86/2 дугаар байр 80 тоот хаягт байрлах 40 мкв 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.У нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг. Анх шүүхээс мэдэгдэх хуудас хүлээж аваад хэргийн материалтай танилцаад орон сууцыг бусдын өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн. Б.У нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт гурван хүсэлт гаргаж 2018 оны 04 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлж орон сууцаа чөлөөлж авна гэсэн хүсэлт гаргаж хоёр тал гарын үсэг зурсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Б.Уыг өрөөндөө дуудаж цаас бал өгч бодох хугацаа ч өгөлгүй өөрөө хэлж хүсэлт бичүүлсэн байсан. Б.У 2018 оны 04 дүгээр сарын 15-ны  өдрийг хүртэл хугацаанд төлбөрийн асуудлыг шийдэж үл хөдлөх хөрөнгө шилжихгүй юм байна гэсэн ойлголттой явсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.У нь  2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Та глобал капитал ББСБ-аас 30.000.000 төгрөг зээлсэн ба дээрхи мөнгийг өөрөө ч ашиглаагүй найздаа зээлдүүлсэн байсан. Ингээд найз нь төлөхгүй явсаар ББСБ нь шүүхэд хандаж, шүүх 39.589.819 төгрөгийг Б.Уас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн газраас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуудаж шийдвэр гүйцэтгэгч н.Идэрчулуун, Н.Э нар хууль зүйн мэдлэг дутуу, өрөнд ороод орон байраа алдах гэж байгаа тэр айдсыг нь ашиглан хүсэлтэнд гарын үсэг зуруулсан байсан. Тухайн үед зээлээ төлж дуустал Та глобал капитал ББСБ байрыг барьцаалж байна гэж ойлгосон. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Н.Эийн нэр дээр орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан байсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Н.Э, Б.У нарын хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хэлцэл хүчин төгөлдөр буст тооцуулъя гэсэн.  Хуульд зааснаар тодорхой хуулийн зохицуулалт нь 56, 57, 58 дугаар зүйлүүд байна. Нэхэмжлэлээс харахад төөрөлдсөн юм шиг тайлбарлаад байгаа. Хариуцагч Б.У нь эрх зүйн бүрэн чадвартай, ухамсартай хүн. Өөрийн хийсэн гэрээ хэлцлийн үр дагаврыг ойлгож байгаа. Хэлцлээс харахад төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар шилжүүлэхээр тохирсон байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас харахад дарамталсан гэсэн утгатай зүйл бичигдсэн байсан боловч энэ үйл явдал нотлогдохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

   Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                               ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Б.Уд холбогдох Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд86/2 дугаар байр 80 тоот хаягт байрлах 40 мкв 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хариуцагч Б.У нь нэхэмжлэгчид холбогдуулж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 102/ШШ2017/00906 шийдвэрээр хариуцагч Б.Уас 39.165.840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Та глобал капитал ББСБ ХХК-нд олгож, Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд86 дугаар байрны 80 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, орон сууцны үнээс дээрх үүргийг гүйцэтгэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан байна. Шүүхийн шийдвэр, тогтоол хуулийн хүчин төгөлдөр байна.

Талууд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааны явцад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцагч Б.У 39.589.819 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөр төлөгчид хэсэгчлэн болон бүрэн төлж барагдуулах, энэ тогтоосон хугацаа хэтэрсэн тохиолдолд Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд86 дугаар байр 80 тоот 2 өрөө орон сууцыг үл маргах журмаар султган чөлөөлж өгөх, энэ хугацаанд ББСБ нь орон сууцыг худалдан борлуулах үйлдэл хийхгүй байх. Мөн өдрөө Н.Э, Т.Уянга нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дээрх хаягт байрлах хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр төлбөр авагч Та глобал капитал ББСБ ХХК-нд шилжүүлэн өгч эвлэрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар гүйцэтгэх баримт бичгийг хааж дуусгавар болгох тухай хүсэлтийг тус тус бичгээр гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.4-т төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохоор заасан тул Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар 1/09 тогтоолоор төлбөр төлөгч Б.Уд холбогдох 18250001 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцжээ.

Талууд эвлэрч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр төлбөр төлөгч Б.У төлбөр авагч Та глобал капитал ББСБ ХХК-нд шилжүүлэн өгөх хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

Төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2 өрөө орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлэх хүсэлтээ ирүүлснийг үндэслэн өмчлөх эрхийг гэрчилгээг төлбөр авагчид шинээр олгох тухай албан бичгийг хүргүүлжээ.

Та глобал капитал ББСБ ХХК нь Г.Номин-Эрдэнэ 54.6%, Н.Э 45.4%-ийн хувьцааг тус тус эзэмшдэг хоёр гишүүнтэй ба Та глобал капитал ББСБ ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17/66 албан бичгээр Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд86 дугаар байр 80 тоот 2 өрөө 40 мкв орон сууцыг зээлийн барьцаа хөрөнгөөс чөлөөлж, Та глобал капитал ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигч Намжилийн Эрдэнэ-Очирийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх хүсэлтийг хүргүүлсэн байна.

Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд86 дугаар байр 80 тоот 40 мкв 2 өрөө орон сууцны анхны өмчлөгч С.Наранхүү нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг иргэн Б.Уд, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгийг үндэслэн өмчлөх эрх Н.Эийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдэж, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Худалдаа хөгжлийн банктай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байгаа болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтуудаар тогтоогдож, дээрх үйл баримтад талууд маргаагүй байна.

Хариуцагч нь “шүүхээс мэдэгдэх хуудас хүлээн авч, хэргийн материалтай танилцахдаа орон сууцыг бусдын өмчлөлд шилжсэн болохыг мэдсэн, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт  хүсэлт гаргаж 2018 оны 04 дүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлж орон сууцаа чөлөөлж авах хүсэлт гаргаж хоёр тал гарын үсэг зурсан. Шийдвэр гүйцэтгэгч өрөөндөө дуудаж өөрөө хэлж хүсэлт бичүүлсэн” гэж тайлбарлан маргасан боловч тэрээр шийдвэр гүйцэтгэлийн газарт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2 өрөө орон сууцыг төлбөр авагчид шилжүүлж гүйцэтгэх баримт бичгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т зааснаар дуусгавар болгосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргаагүй тул тайлбар нь үндэслэлгүй байна.

 Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заажээ.

Хариуцагч Б.У нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр төлбөр авагчид өмчлөлийг шилжүүлэн өгөх хүсэлт гаргаж өмчлөлийг шилжүүлсэн  үйл баримт нь дээрх хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Н.Э байх тул Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд 86 дугаар байр 80 тоот 40 мкв хоёр өрөө орон сууцыг хариуцагч Б.Уын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан нэхэмжлэгч Н.Эийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.У нь нэхэмжлэгч Н.Эт холбогдуулж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүсэлт гаргаж төлбөрийн талаар хоёр тал эвлэрч 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд төлбөр төлөгч Б.У хэсэгчилэн болон бүрэн төлөх, тогтоосон хугацаа хэтэрсэн тохиолдолд орон сууцыг үл маргах журмаар султган чөлөөлж өгөх үүрэг хүлээж, Та глобал капитал ББСБ ХХК-ний зүгээс орон сууцыг худалдан борлуулах үйлдлийг хугацаа дуустал хийхгүй, Б.У нь худалдан борлуулах буюу төлбөрөө төлсөн тохиолдолд буцаан шилжүүлж өгөхөөр тохирсон боловч энэ өдрөө төлбөр төлөгч, авагч нар өөрсдийн хүсэлтээр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсэн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахгүйгээр төлбөр авагчид өмчлөлийг шилжүүлж гүйцэтгэх баримт бичгийг хаалгах хүсэлт гаргасан байна.

Хэдийгээр талууд эвлэрч төлбөр төлөх хугацааг тохиролцсон хэлцэл байгуулсан боловч 2018 оны 04 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд Б.У тохирсон ёсоор төлбөрийг төлөөгүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэр болон орон сууцны өмчлөл шилжсэн, түүний бүртгэлтэй холбоотой гомдлыг гаргаж байгаагүй зэргээс дүгнэхэд Б.У нь өөрийн хүсэлтээр өмчлөлийг шилжүүлж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгон шийдвэрлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж зохигчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Уас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянгол дүүрэг 18 дугаар хороо 4 дүгээр хороолол хд 86 дугаар байр 80 тоот 40 мкв хоёр өрөө орон сууцыг хариуцагч Б.Уын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Уас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эт олгосугай.

 3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Эт холбогдох 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Б.Уын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Уын төлсөн  70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА