Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 181/2020/01765/И |
Дугаар | 001/ХТ2021/01002 |
Огноо | 2021-09-09 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2021/01002
Н.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02533 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалтай,
Н.Б-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох
“Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020.04.20-ны өдрийн №151/01 хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалангийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэрээр Н.Б-оос холбогдох эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282,535,700 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. шүүхийн шийдвэр, 759 дүгээр гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч Н.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их Монгол улс гудамж, 407-р байр, 403 тоотод байрлах 158.2 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 156 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2020.04.01-ний өдрийн 19281049/05 дугаар тогтоолоор хураан авч, шинжээчийн тогтоосон үнээр худалдан борлуулах санал гаргасан. Н.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их Монгол улс гудамж, 407-р байр, 403 тоотод байрлах 158.2 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 784,418,900 төгрөгийн 70 хувиар тооцон 549,093,230 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.07-ны өдрийн 4/187 дугаар шинжээч томилох тухай тогтоолыг үндэслэн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020.04.20-ны өдрийн №151/01 дугаар үнэлгээний тайлангаар 4 өрөө орон сууцны үнэлгээг 2020.04.20-ны өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн үнийг 784,418,900 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарсан тухай мэдэгдлийг 2020.05.11-ний өдөр хүлээн авсан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1, 9.2.2, 9.2.3-т заасныг үндэслэж дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна. Манай барьцааны эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээг 2-оос доошгүй үнэлгээний арга хэрэглэхдээ хэт доогуур үнэлсэн аргыг ашиглаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж, “Хөрөнгө-Истимэйт” ХХК-ийн 2020.04.20-ны өдрийн №151/01 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэрээр Н.Б-оос 181,780,645 төгрөгийг гаргуулж Х.Болдод олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Н.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061045 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил /17012/ Их Монгол улс гудамж, 407-р байр, 403 тоотод байрлах 158.2 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2020.04.07-ны өдрийн 4/187 дугаар тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход 784,418,900 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2020.04.21-ний 4/14799 дугаар тоот албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02533 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Б-ийн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020.04.20-ны өдрийн №151/01 Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02533 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжпэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Өмгөөлөгч Т.Баясгалан миний бие 2020.10.12-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос 1 хоногийн өмнө уг иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцохоор болсон бөгөөд 2020.10.12-ны өдөртөө хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны товыг мэдсэн. Улмаар шүүх хуралдаанд оролцох бэлтгэлээ хангаж, маргааш нь буюу 2020.10.13-ны өдрийн 9:00 цагт товлогдсон шүүх хуралдаанд оролцохоор өглөө 8:00-д гэрээсээ гараад авто замын түгжрэлд орсны улмаас шүүгчийн туслах Б.Жаргалсүрэнтэй утсаараа холбогдон энэ талаараа мэдэгдэж, очиж байгаагаа мэдэгдэн, шүүгчид хэлэн шүүх хуралдааныг эхлүүлэхгүй түр хүлээхийг хүссэн. Ингээд 9:25 цагт шүүх дээр ирэхэд шүүх хуралдаан эхэлчихсэн байсан. Шүүх хуралдаан дууссаны дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Идэрхангай мөн тус шүүх хуралдаанд хоцорч ирээд хэргийн оролцогчийн хувиар бус шүүх хуралдааны танхимд зүгээр л сууж оролцсоныг хожим нь мэдсэн ба шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ё.Байгальмаагийн хүсэлтээр хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэхээр шийдвэрлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байсан.
Хэдийгээр шүүхээс өмнө нь буюу 2020.10.02-ны өдөр анх товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн төлөөлөгч ирээгүй байсан ч талуудыг мэтгэлцэх эрхээ эдлэх боломжоор хангаж, шүүх хуралдааныг 2020.10.13-ны өдрийг хүртэл нэг удаа хойшлуулж шийдвэрлэж байсан ч энэ нь 2020.10.13-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулахгүйгээр, ялангуяа өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг цаашид явуулсныг зөвтгөх хууль зүйн хангалттай үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг зөрчиж мөн хуулийн 34.3-т заасан эрхийг эдлэх боломжийг хязгаарлаж, шүүх хуралдааныг яаруу сандруу хийсэн нь хардлага төрүүлж байгаа юм. Өмгөөлөгч нар шүүх хуралдаанд оролцоход тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол өмнөх шүүх хуралдаан дуусаагүй байна гэдэг шалтгаанаар олон цаг, минутаар шүүх хурлаа эхлэхийг хүлээх, зохигч болох нөгөө талыг хүртэл иртэл нь хүлээж байгаад шүүх хуралдаанд оролцох тохиолдлууд нилээд гардаг бөгөөд харин өмгөөлөгчийн хувьд шүүгчийн туслахаар дамжуулан шалтгаанаа хэлж хоцорч ирж байгаагаа хэлж түр хүлээхийг хүссээр байтал энэхүү боломжоор хангаагүйд гомдолтой байна. Өмгөөлөгчийн хувьд шүүгч С.Хишигбатаас татгалзах хүсэлттэй байсан. Учир нь тэрээр шүүхийн гүйцэтгэх хуудасны үндэслэл болсон өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр /2018.10.02-ны 02015 дугаар шийдвэртэй хэргийн/-ийг гаргасан шүүх хуралдааныг даргалсан, даргалагч шүүгч байсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 “...уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал", 91.1.4-т заасан “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй үндэслэлтэй байсан, түүнчлэн өмгөөлөгчийн зүгээс гэрчээр хөрөнгийн үнэлгээчин Э.Эрдэнэбатыг оролцуулж тодруулах зүйлүүд байсан, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлэх, шинжээч томилсон тогтоол, хөрөнгө хураасан тогтоол, албадан дуудлага худалдаа явуулах тогтоолтой маргах, бусад хуульд заасан хүсэлт, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т зааснаар өмгөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна.
Давж заалдах шатны зүгээс хариуцагчийн ажиллагааг хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй болно гэж дүгнэсэнтэй маргаагүй бөгөөд “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээтэй л маргасан ба шүүхээс буруу дүгнэлт хийсэн. Түүнчлэн 2020.12.23-ны өдөр товлогдсон давж заалдах шатны шүүх хуралдаан нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар нэг удаа хойшилсон бөгөөд шүүх хуралдаан 2020.12.25-нд товлогдсон талаар надад мэдэгдээгүй, тухайн өдрийн өглөө шүүгчийн туслах мэдэгдэхэд Улсын онцгой комисоос тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн дэглэмийн үед шүүх хуралдаанд ZOOM аппликэйшнээр оролцох өмгөөлөгчийн хүсэлт, оролцох эрхийг хангаагүй. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02533 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Н.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн 2020.04.20-ны өдрийн №151/01 хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалангийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2018/02015 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 001/ХТ2019/00515 дугаар тогтоолоор Н.Б-оос 180,719,100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан Х.Болдод олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Н.Б-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Стадион оргил /17012/ Их монгол улс гудамж 407 байр, 403 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206061015 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.
Төлбөр төлөгч Н.Б орон сууцны үнийг 690,000,000 төгрөг гэж санал болгосныг төлбөр авагч Х.Болд зөвшөөрөөгүй, талууд үнийн саналыг харилцан тохиролцоогүй, төлбөр авагч хөндлөнгийн шинжээч томилуулах тухай санал гаргасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.04.07-ны өдрийн 4/187 дугаар тогтоолоор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.04.20-ны өдрийн №151/01 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцны үнэлгээг 784,418,900 төгрөгөөр тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.
Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн газартай ойролцоо, ижил төсөөтэй худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.
Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.
Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон болохыг баримтаар нотолж чадаагүй байх тул “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн тайлангийн талаар 2020.04.21-ний өдрийн 4/14799 дүгээр мэдэгдлээр Н.Б-д мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2020.04.22-ны өдрийн тэмдэглэлээр үнэлгээний тайланг танилцуулж, гардуулан өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ”, мөн зүйлийн 14.5-т “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ.” гэж заасантай нийцжээ.
Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2020.04.22-ны өдөр хүлээн авсан хэдий ч 2020.05.11-ний өдөр шүүхэд хандсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо гаргасан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрх, талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс анхан шатны шүүх өмгөөлөгч Т.Баясгаланд хэргийн материалтай танилцуулан, 2020.10.13-ны өдрийн 09:00 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн өмгөөлүүлэх эрхтэй холбоотой хэм хэмжээ, зарчмыг хангасан гэж үзнэ.
Анхан шатны шүүх хуралдаан 2020.10.13-ны өдрийн 09:16 цагт эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3, 34 дүгээр зүйлийн 34.4.5-д заасан шүүхээс товлосон хугацаанд шүүх хуралдаанд оролцох үүргээ биелүүлээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Түүнчлэн өмгөөлөгч Т.Баясгалангийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00001 тоот тогтоолоор хүлээн авч, 2020.12.25-ны өдрийн 08:30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Хэрэгт авагдсан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.23-ны өдрийн Мэдэгдэх хуудсанд “...2020.12.25-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалангийн 99115363 дугаарын утас руу 2020.12.23-ны өдөр залгаж мэдэгдэхэд “за” гэв...” гэж бичигдсэн байдлаас үзвэл өмгөөлөгч Т.Баясгалангийн “...шүүх хурал 2020.12.25-нд товлогдсон талаар надад мэдэгдээгүй...” гэх хяналтын гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд ZOOM аппликэйшнээр оролцох тухай хүсэлт гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй байна.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2020/02533 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Г.ЦАГААНЦООЖ Х.ЭРДЭНЭСУВД