Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 50

 

Ш.Чд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч Ш.Ч

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Чгийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Чд холбогдох эрүүгийн 1714001810258 дугаар хэргийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.Ч, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаар зарлигаар Монгол улсын гавъяат багш цол тэмдэгээр, 2009 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдаж байсан, ял шийтгэлгүй,

Ш.Ч нь 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үндсэн багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 дугаар тушаал гарган 25 багш, ажилтанд 8.750.000 төгрөгийн цалин олгож, багш, ажилтнуудаас буцаан хураан авч ашигласан,

2016 оны 2 дугаар сард ирцийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж, суралцагчдын хоолны мөнгөнөөс 7.433.500 төгрөг бэлнээр авч ашигласан

Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж, улмаар уг мөнгийг буцаан хураан авч ашигласан.

2015, 2016 онуудад өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын утасны төлбөр болох 2.159 900 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний буюу нийт 68.343.400 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ш.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Чг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх. албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Ш.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-д тус тус зааснаар шүүгдэгч Ш.Чд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Шүүгдэгч Ш.Чгийн засрал, хүмүүжилд хяналт тавих болон гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ш.Чд мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь зааснаар шүүгдэгч Ш.Чгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Чгээс 66.183.400 төгрөг гаргуулж хохирогч байгууллага болох Баянхонгор аймгийн Политехникийн коллеж /захирал Б.Бат-Орших/-д олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Чгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 800.000 төгрөг гаргуулж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн/100900012005 тоот данс/-д олгож,

хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ш.Чгийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг Шинэ төгөл хотхонд байрлах Г-0320001278 тоот улсын бүртгэлийн дугаартай газар, Ү- 0320003348 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж,

 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2015 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 10 хуудас, 2015 оны санхүүгийн тайлан 19 хуудас, 2016 оны санхүүгийн баримт 9 хавтас, мөнгөн хөрөнгийн журнал 16 хуудас, 2016 оны санхүүгийн тайлан 23 хуудас зэргийг Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд буцаан олгож, орлогын мэдүүлэг 5 ш, гараар бичсэн баримт 2ш сургуулийн сүлд дууны клип бүхий сиди 1ш, Цагаан сар теле концертын бичлэг бүхий сиди 1ш зэргийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Ш.Ч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ш.Ч гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Шархүү овогтой Ч нь 1963 онд Баянхонгор аймагт төрсөн. 1985 он хүртэл бүх шатны сургуулиудыг дүүргэсэн. 1985 оноос боловсролын салбарт нийт 33 жил ажилласан. 2018.08.11-нд 55 нас хүрч тэтгэвэрт гарсан. Сүүлийн 17 жил Баянхонгор аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн захирлаар ажилласан. Ажиллах хугацаандаа амжилт бүтээлээр дүүрэн байсан хэдий ч сургууль байгууллагаа илүү сайн хөгжүүлэхийг зорьж өөртөө хэт их итгэж гадаад харилцаагаа өргөжүүлэн хөрөнгө оруулалт оруулж ирэх зорилгоор эрсдэлтэй алхам хийж санхүүгийн сахилга хариуцлага алдаж ноцтой зөрчил гаргасан юм.

2017 онд тус сургуулийн санхүүд харъяа яамны аудитээс шалгалт хийж зөрчлийг илрүүлснээр бүтэн 2 жилийн турш хууль хяналтын байгууллагаар шалгагдсан.

2019 оны 06 сарын 18-ны өдрийн шүүх хурлаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй..

- Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ш.Чгээс 66.183.400 төгрөг гаргуулж хохирогч байгууллага болох Баянхонгор Политехник коллежид олгосугай гэсэн шүүхийн тогтоолыг 2019.06.27-ны 09.15 цагт хүлээн авсан.

Миний бие нь шүүхээс тогтоосон 66.183.400 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж давж заалдах шатны шүүхэд өргөдөл гаргаж байна.

1. 2016 оны 2-р сард ирцийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж суралцагчдын хоолны мөнгөнөөс 7,433,500 төгрөгийг бэлнээр авч ашигласан гэх ...

Дээрх 7.433.500 төгрөгийг би хувьдаа ашиглаж завшаагүй юм. Сурагчдын дотуур байрны шалыг шинэчилсэн. Паркетан шалыг өмнө нь иргэн Батсайханаас зээлж авсан байсан бөгөөд дээрх мөнгийг өгсөн. Энэ тухай хавтас хэрэгт тусгаж баримт мэдүүлгүүд өгөгдсөн байдаг.

2. Хөдөлмөрийн яамнаас 2015 оны 12.17-ны өдөр олгосон 50.000.000 төгрөгнөөс 10.000.000 төгрөгийг сургууль сурталчилах, элсэлтийн үйл ажиллагаанд зарцуулсан. Энэ үйл ажиллагааны талаархи баримт мэдүүлгүүд хавтас хэрэгт тусгагдсан байдаг.

Дээрх 2 дурьдсан нийт 17.000.000 төгрөгийн төлбөрийг 66.183.400 төгрөгнөөс хасч тооцуулах талаар гомдол гаргаж байна.

Жич: Энэ талаар прокурор Б.Билэгсайхан шүүх хуралдааны явцад танилцуулж байсныг протоколд тэмдэглэсэн байх гэж бодож байна гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ш.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирлын мөнгөнөөс сургууль сурталчилахад зориулсан 10 000 000 төгрөг, паркетан шал хийсэн 7.433.500 төгрөгийг зөвшөөрөхгүй байгаа тул хасуулах саналтай, гэм буруугаа зөвшөөрч байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Чгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2017/07, 2017/08, 2017/09, 2017/10, 2017/13 тоот актын дагуу

-суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр хураамж хураан авч байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланд тусгахгүйгээр сургуулийн захирал Ш.Чгийн хувийн харилцах дансанд шилжүүлсэн 52 535 000 төгрөг,

-хуурамч тушаал үйлдэн цалингийн зардал гаргаж төсвийн хөрөнгийг шамшигдуулсан 10 650 000 төгрөг,

-дотуур байранд суралцагчдын улирлын амралттай 2016 оны 02 дугаар сард суралцагчдын ирц бүртгэлийг хуурамчаар үйлдэн захирал Ш.Чд олгосон 7 433 500 төгрөг

-төсвийн хөрөнгийг тушаал, шийдвэргүйгээр хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичиж, тайлагнан зориулалт бусаар зарцуулан, шамшигдуулсан 50 000 000 төгрөг

-Ш.Чгийн гар утасны төлбөрийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн 2 159 900 төгрөг, Нийт 122 778 400 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 263 а тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахт хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ./1 дүгээр хавтаст хэргийн 15-24, 4 дүгээр хавтаст хэргийн 19-20/

Шүүгдэгч Ш.Чг Прокуророос 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үндсэн багш, ажилтнуудыг гэрээгээр ажиллуулах тухай 51 тоот тушаал гарган 25 багш, ажилтанд 8 750 000 төгрөгийн цалин олгож, багш, ажилтнуудаас буцаан авч ашигласан, 2016 оны 2 дугаар сард ирцийн бүртгэлийг хуурамчаар үйлдэж, суралцагчдын хоолны мөнгөнөөс 7 433 500 төгрөг бэлнээр авч ашигласан, Хөдөлмөрийн яамнаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр олгосон 50 000 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 17-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдийн хооронд хуурамч гэрээ байгуулан нэр бүхий 9 компани, 3 иргэний данс руу шилжүүлж улмаар уг мөнгийг хураан авч ашигласан, 2015,2016 онуудад өөрийн эзэмшлийн 99442166 дугаарын утасны төлбөр болох 2 159 900 төгрөгийг төсвийн хөрөнгөөр төлүүлэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний буюу нийт 68 343 400 төгрөгийн хохирол учруулсан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэн тогтоож яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ш.Чд холбогдох Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт мөрдөгч шинжээч томилж, шинжилгээ хийлгэхээр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01 тоот тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэл болсон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2017/07, 2017/08 ,2017/09,2017/10, 2017/13 тоот актуудыг үндэслэлтэй эсэх, акт нэг бүрээр дэлгэрэнгүй тайлбарлах асуулт тавьсаны дагуу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээч 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 026 тоот дүгнэлт гаргажээ./ 4 дүгээр хавтаст хэргийн 4-9 дүгээр тал/

 Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 026 тоот дүгнэлтийг зайлшүй нотлох баримтад оруулсан мөртлөө уг дүгнэлтэнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Улсын ахлах байцаагчийн 2017/07 тоот актаар суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр хураамж хураан авч байгууллагын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайланд тусгахгүйгээр сургуулийн захирал Ш.Чгийн хувийн харилцах дансанд шилжүүлсэн 52 535 000 төгрөг үндэслэлтэй байна гэсэн байхад прокурор уг үйлдлийг Прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 тоот тогтоолоор хэрэгсэхгүй болгосон, шинжээч 2017/08 актыг хуурамч тушаал үйлдэн цалингийн зардал гаргаж төсвийн хөрөнгийг шамшигдуулсан 10 650 000 төгрөгийг 51, 49,48 тоот тушаалуудаар нэр дурдсан ажилчдад олгосон байна.Эдгээр ажилчдаас захирал Ш.Ч бэлнээр авсан гэх үйлдлийг эдийн засгийн шинжээч тогтоох боломжгүй байна гэсэн байхад 48,49 тоот тушаалуудаар олгосон 1900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 51 тоот тушаалаар олгосон 8750 000 төгрөгийг яллах дүгнэлтэд оруулсан, шинжээч 2017/10 тоот актаар тогтоосон төсвийн хөрөнгийг тушаал, шийдвэргүйгээр хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичиж, тайлагнан зориулалт бусаар зарцуулан, шамшигдуулсан 50 000 000 төгрөг үндэслэлгүй байна гэсэн байхад яллах дүгнэлтэд оруулж ялласан нь эргэлзээтэй болжээ.

Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, дээр заасан үйлдлүүдийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 Мөн түүнчлэн Прокурор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 026 тоот дүгнэлтийг бүхэлд баримтлаагүй, дээр дурдсан үйлдлүүдийг нь зөвхөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасантай нийцээгүй буюу тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш болсон байхад нэмэлт болон дахин шинжээч томилох байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 Анхан шатны шүүх хэргийн бодит байдал тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй болсон байхад эдгээр байдлыг анхаараагүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй, 1.3-д “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй” 1.4-д дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал гэж тус тус зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.3-д заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/173 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Чд холбогдох эрүүгийн 1714001810258 тоот хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.Чд урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                             Б. БОЛОР-ЭРДЭНЭ