| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 160/2019/0152/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 42
М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Ц
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б
Хохирогчийн хууль ёсны
Төлөөлөгчийн өмгөөлөгч М.А
Шүүгдэгч М.Б
Нарийн бичгийн дарга Б.М нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаартай дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох 1812000450211 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Дойт багийн Майжгий яст гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 218 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 50.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, М.Батдорж
Монгол Улсын иргэн, 1971 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Өгийнуур сумын Ерөнхий боловсролын сургуульд галч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Зэгстэй гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар зарын 15-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Г.Батсүх
Монгол Улсын иргэн, 1967 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын Өгий багийн Ар-Өлөн гэх газар оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б.М
Шүүгдэгч М.Б нь 2013 оны 04 дүгээр сарын дундуур Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг, Замын хөтөл гэх газраас иргэн Д.Д-ийн 150 тооны буюу олон тооны бог малыг хулгайлж, 15.540.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нар нь 2014 оны 10 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Ухаагийн урд Лүнгийн намаг гэх газраас иргэн Ж.Б-ы 6 тооны адууг бүлэглэн хулгайлж, 4.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас М.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, Г.Б, Б.М нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолоор: Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Б-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Г.Б, Б.М нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчлөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Шүүгдэгч М.Батдоржийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Б, Б.М нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг бүлэглэж, машин механизм хэрэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ийг эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Б, Б.М нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.М, Г.Б нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 3 /гурав/ жилийн, шүүгдэгч Г.Б, Б.М нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-оос 15.540.000 /арван таван сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Замын хөтөл гэх газар оршин суух, Д.Б-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.Б-ийн эзэмшлийн Тоёота Дина маркийн автомашины үнэ 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг шүүгдэгч М.Б, Б.М, Н.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ унаж ашигласан 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2 тооны морийг хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. М.Б би хохирогч Д.Д буюу Д.Б-ийн 150 толгой хонь, ямааг 2013 оны 04 дүгээр сард хулгай хийгээгүй. Харин гэрч Х-ын өс хонзон санаж санаатай худал мэдүүлсэн мэдүүлгээр намайг хэрэгт гүтгэж, тулгаж шийдсэнд маш их гомдолтой байна. Гэрч Х-тай 2017 онд өвөлжөө, хаваржаанаас болж хэрэлдэн муудалцаж, Х нь худаг дээр намайг “ална” гэж хайч барьж дайрсан бөгөөд А гэдэг залуу салгасан юм. Түүний дараа Х нь согтуугаар өөрийнхөө машинаар манай гэрийг үүдэн талаас нь мөргөж, намайг “ална” гэж хутга барьж дайрсан. Ингэхээр нь би Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Х-ыг хэсгийн төлөөлөгч авч яваад 2 хоног саатуулаад торгосон байсан. Х нь хэсгийн төлөөлөгчид 2 хоног саатуулагдаж, мөн торгуулиад цагдаагийн хэсгээс гарсан. Тэгээд хохирогч Д.Д-ийн охин Э-д намайг чадах гэж, мөн цагдаад баривчлуулсанд өс хонзон санаж “танай алдсан 150 хонийг Б, манай дүү А-ын хамт 2 машинаар хулгай хийж, Шарбулагийн даваанд байдаг хар А-д зарсан байна” гэж худлаа ярьсан байсан. Шүүх ашиг сонирхолдоо хөтлөгдөн намайг чадах гэсэн худал гэрч Х-ын худал мэдүүлгээр 2013 оны 04 дүгээр сард Д-ийн 150 толгой хонь, ямааг намайг хулгай хийсэн гэж шийдсэн. Би 2015 оны 08 дугаар сард А-ийнд очин 10 хониор гүү худалдаж авахаар тохирсон бөгөөд гүүгээ авч явсан. Харин гүүний төлбөр болох 10 хонийг өөрийнхөө хониноос 10 эм хонь авч, 2015 оны 12 дугаар сард А-ын машинд ачин аваачиж өгсөн. Энэ хонь бол миний өөрийн хонь байгаа юм. Гэтэл 2013 оны 04 дүгээр сарын үйл явдалтай хольж хутган худлаа мэдүүлгээр ял оноож, хохирол төлбөрт 15.540.000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Би Д-ийн 150 тооны хонь, ямааг хулгай хийгээгүй. Иймд хэргийг дахин хянан шийдвэрлэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гардан аваад эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ хэргийн болсон үйл явдалд буруу дүгнэлт хийж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Хохирогч Д.Д нь 2013 оны хавар 04 дүгээр сарын эхээр барагцаагаар 150 толгой хонь, ямаагаа алдсан нь одоогоор тодорхой бус. Харин шүүгдэгч М.Б нь 2015 оны 08 дугаар сард иргэн А-ээс хээр халзан зүсмийн гүүг 10 хониор худалдан авч, гүүний үнэ болох хонийг өөрийн хониноос 10 тооны хонийг 2015 оны намар А-ын хамт түүний машинаар тээвэрлэн аваачиж өгчээ. Эдгээр хонь нь хохирогч Д.Д-ийн хонь биш М.Б-ийн өөрийнх нь хонь юм байна. Учир нь хохирогч Д.Д, холбогдогч М.Б хоёрынх айл саахалт, нэг нэгнийхээрээ байнга орж, гардаг төдийгүй хуурай ах, дүү байдаг. Хэрэв үнэхээр 150 толгой хонь, ямаагаа хохирогч алдсан бол М.Б-ийн хонь, ямаанаас 2 жил долоо, найман сарын хугацаанд олоод авах боломжтой байсан байна. Шүүх ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн өс хонзон санаж худал мэдүүлсэн гэрч болох А.Х-ын удаа дараагийн мэдүүлгээр М.Б-ийг бусдын олон тооны малыг хулгай хийсэн гэж үзэн гэм буруутайд тооцож, хохирол төлбөр гаргахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй байна. Гэрч А.Х нь яг хэдийд М.Б хохирогчийн олон тооны хонь, ямааг хулгай хийсэн талаар мэдүүлж чаддагүй юм. Гэрч А.Х ч шүүх хуралдаан дээр М.Б-той олон удаа маргалдаж, зодолдож, Өгийнуур сумын цагдаад баривчлагдан 2-3 хоноод суллагдаж гараад хохирогч Д.Д-ы охин Э-д хэлсэн талаар мэдүүлдэг төдийгүй, үүнийг ч гэрч Э нотолдог юм. Мөн шүүгдэгч Г.Б 2014 оны 10 дугаар сард иргэн Ж.Б-ы 6 тооны адууг ганцаараа хулгай хийсэн гэсээр байтал М.Б, Б.М нарыг хамтран хулгай хийсэн гэж дүгнэн шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Б, Б.М нарт холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тийм учраас шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Энэ хэрэгт шалгавал зохих зүйлийг шалгаж тогтоогоогүй. Тухайлбал хохирогч хичнээн тооны хонь, ямаагаа алдсан, хичнээн тооны хонь, ямаа алдсан талаар цагдаад бүртгүүлсэн, хохирогч хэзээ 150 тооны хонь, ямаагаа алдсан гэдгийг олж тогтоож чадаагүй. Хохирогч 150 тооны хонь, ямаагаа 2013 оны 04 дүгээр сард алдсан гэдэг асуудал яригддаг. Хохирогч 2013 оны 04 дүгээр сараас энэ хэрэг шийдэгдэх хүртэл М.Б-той айл саахалт нутаглаж байсан. Хохирогч талаас “М.Б нь манай гэрээр нь байнга орж, гарч байдаг” гэж анхан шатны шүүх хуралдаан дээр хэлдэг. Мөн “М.Б манайд байнга тусалж, миний хүүхэд шиг байдаг” гэсэн. Хэрвээ хохирогч 150 тооны хонь, ямаагаа алдсан бол айл саахалт байдаг хүмүүс тухайн хонь, ямаагаа олоод авчих боломжтой шүү дээ. Тэгэхээр М.Б-ийг хохирогчийн 150 тооны хонь, ямааг нь хулгайлсан уу гэдгийг олж тогтоох ёстой. Энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн А.Х гэдэг хүнтэй М.Б бэлчээрийн асуудлаас болж 2-3 удаа маргалдаж, дараа нь гэрийг нь автомашинаараа дайраад, “ална, хядна” гээд байхаар нь Өгийнуур сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж баривчлуулж байсан. А.Х-т ч гэсэн энэ талаар өөрөө хэлсэн. А.Х нь цагдаагийн байрнаас гарч ирээд л Б.Э-ийг дуудаад “аавын чинь алдсан хонийг хэн хулгайлсан гэдгийг хэлье” гээд хэлсэн талаараа тэрээр өөрөө хэлдэг. Мөн энэ талаар гэрч Б.Э хэлдэг. Ингээд А.Х нь Б.Э-д нэг үйл явдал хэлдэг. Өөрөөр хэлбэл М.Б өөрийнхөө төрсөн дүү А.А-ын хамт хулгай хийгээд Шарбулагийн даваанд С.А гэдэг хүнд аваачиж өгсөн гэдэг асуудал ярьдаг. Харин А.А, М.Б хоёр 10 тооны хонийг автомашин дээр ачаад С.А-ийн гэрт аваачиж өгсөн үйл явдал үнэн. Энэ хэзээ болсон үйл явдал вэ гэхээр 2015 оны намар болсон асуудал бөгөөд хулгай гарсан гэх цаг хугацаанаас хойш 2 жил 7 сарын дараа болсон асуудал юм. М.Б нь 2015 оны 08 дугаар сард С.А гэдэг хүнээс хээр алаг зүсмийн гүү худалдаж авахаар тохиролцоод гүүг нь аваад явсан. Тухайн гүүний үнэд өөрийн 10 тооны хонио 2015 оны намар аваачиж өгсөн. М.Б 150 тооны хонь, ямааг 2 автомашин дээр ачиж аваад С.А-д өгөөгүй. Харин өөрийнхөө 10 тооны хонио 1 автомашинаар ачаад С.А-д аваачиж өгсөн. А.Х мэдүүлэг өгөхдөө хохирогч Д.Д-ийн хониноос хулгай хийгээд 2 автомашинд ачаад С.А-д зарсан асуудал ярьдаг. Гэтэл хохирогч Д.Д малаа хулгайд алдсаны дараа буюу 2 жил 7 сарын дараа М.Б нь гүүний наймаа хийж өөрийн 10 тооны хонио С.А-д аваачиж өгсөн асуудал л байгаа. Гэвч шүүх өс хонзон санаж, худал мэдүүлэг өгсөн гэрч А.Х-ын мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр А.Х-аас М.Б-ийг хэзээ хохирогчийн малыг хулгайлсан бэ гэсэн асуултанд тэрээр хариулж чадаагүй. Мөн анхан шатны шүүх хуралдаан дээр С.А, А.А нар гэрчээр оролцсон. С.А, А.А нар М.Б-ийг хэзээ С.А-д 10 тооны хонь аваачиж өгсөн бэ гэдгийг нотолж мэдүүлэг өгсөн. Цаг хугацааны хувьд зөрүүтэй байхад өс хонзон санасан, хувийн ашиг сонирхолтой хүний худал өгсөн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь буруу юм. Мөн яг хэзээ хохирогчийн малыг М.Б хулгайлсан талаар олж тогтоож чадаагүй. Иймд М.Б нь бусдын олон тооны хонийг хулгай хийгээгүй, мөн түүний хулгай хийсэн гэх үйлдэл нь нотлогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхааралтай судалж үзнэ үү. Дараагийн асуудал болох Ж.Б-ы 6 тооны адууг хулгайлсан талаар тайлбар хэлэхэд Г.Б мэдүүлэг өгөхдөө “энэ хэрэгт М.Б, Б.М нар хулгай хийхэд оролцоогүй” гэж мэдүүлэг өгсөн байхад М.Б, Г.Б, Б.М нарыг хамтдаа хулгай хийсэн гэж шийдвэрлэсэн. Энэ хэргийн хохирлыг Г.Б ганцаараа төлж барагдуулсан байдаг. Нотлох баримтыг буруу үнэлж, хүнд хилс хэрэг оногдуулж болохгүй. Өмгөөлөгч миний зүгээс үзэж байгаагаар хохирогч Д.Д-ийн 150 тооны хонь, ямаа хулгайд алдагдсан гэх үйлдэлд хэд хэдэн зүйлийг дутуу хийсэн гэж үзэж байгаа. Тухайлбал хохирогч Д.Д нь 150 тооны хонь, ямаагаа 2013 оны 04 сард алдсан гэдгийг нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд өөрөөр хэлбэл цагдаад тэмдэглүүлсэн л гээд байдаг. Хэрвээ цагдаад тэмдэглүүлсэн юм бол тухайн тэмдэглэл одоо болтол байх ёстой шүү дээ. Дараагийн нэг асуудал нь одоо 150 тооны хонь, ямаа гээд байдаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад 150, 156, 157 тооны хонь, ямаа гээд зөрөөд байгаа. Тэгэхээр хэдэн тооны хонь, ямаа алдсан талаар мэдэгдэхгүй байна. Мөн хонь, ямааны тоо зөрөөд байгаа. Тэгээд хохирогч нь хонь, ямаагаа алдчихаад “нутгийнхаа эргэн тойронд шалгаад, дахиад Хотонт сумын нутаг дэвсгэрээр эрж хайсан” гэдэг. Гэтэл хохирогчийнх М.Б-той саахалт нутагладаг байсан. Тухайн үед М.Б хэдэн тооны хонь, ямаа тоолуулж байсан юм бэ гэдгийг малын А данснаас нь харах боломжтой. Гэтэл өс хонзон санаж, худал мэдүүлэг өгсөн хүний мэдүүлгээр энэ хэргийг шийдвэрлэж байгаа нь буруу тул гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудтай танилцсан. Давж заалдах гомдлуудтай холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Шүүгдэгч М.Б нь “хохирогч Д.Д-ийн 150 тооны хонь, ямааг хулгайлаагүй” гэдэг. Хулгай хийсэн гэдэг нь нотлогдож байгаа. Шүүгдэгч М.Б нь хохирогчийнхтой айл саахалт нутаглан өөрийнх нь төрсөн хүүхэд шиг орж, гарч байдаг хүмүүс байсан юм. М.Б нь хаяагаа хадраад айл саахалт байдаг 2 хөгшиний 150 тооны хонь, ямааг нь хулгайлсан. Энэ талаар хохирогч Д.Д гуай сумын төв ороод хэсгийн төлөөлөгчид тэмдэглүүлсэн байдаг. Гэтэл одоо хохирогч Д.Д гуай нас барчихсан байгаа. Хохирогчийн 150 тооны хонь, ямааг М.Батдорж хулгай хийсэн талаар гэрч А.Х-аас сонссон. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар тайлбар өгөхдөө “М.Б нь А.Х гэдэг хүнтэй 2017 онд өвөлжөө, хаваржааны асуудлаас болж маргалдсанаас А.Х нь өс хонзон санаж, хулгай хийсэн гэж худал мэдүүлэг өгсөн” гэдэг. Энэ хэрэгт өвөлжөө, хаваржааны асуудлаас болж маргалдсан зүйл байхгүй. Харин А.Х гэдэг хүнтэй юунаас болж маргалдсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт тодорхой авагдсан байгаа. Хавтаст хэрэгт А.Х нь “2015 оны намар манайх М.Б-той айл саахалт намаржсан. Тэр үед М.Б бид хоёр хуучилж сууж байхдаа би 2 жилийн өмнө буюу 2013 онд гаргүй хочтой Д.Б ахын хониноос хулгай хийгээд төрсөн дүү А.А-тай хамт автомашинд ачаад Төвшрүүлэх сумын Шарбулагийн даваанд байх айлд аваачиж өгсөн гэж хэлсэн” талаар мэдүүлсэн байдаг. Хулгай хийгээгүй хүн хэзээ ч өөрийгөө хулгай хийсэн гэж ярихгүй. Мөн А.Х дахин гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “М.Б бид хоёр сайн найзууд. Манай хонь М.Б-ийн хоньтой нийлэхээрээ олдохгүй, алга болчихдог болсон. Би Б-оос танай хоньтой нийлсэн манай хонь хаана байгаа талаар асуухад хонь хулгай хийлээ гэдэг байдлаас болж бид хоёр хоорондоо таарамж муутай болсон” талаар мэдүүлсэн байдаг. Үүнээс болоод А.Х, М.Б нарын хооронд таарамжгүй байдал үүссэн. Гэрч А.Х дахин өгсөн мэдүүлэгтээ “М.Б манайд ирэхдээ чи намайг Д.Б гуайн хонийг авсан талаар гэрчилнэ гэсэн байна, болиорой гээд 1 шил архи авч өгсөн” талаар мэдүүлсэн байдаг. М.Б нь яагаад үнэн зөв мэдүүлэг өгсөн хүнийг амаа мэдэж яваарай гээд байгаа юм бэ. М.Б-ийг хохирогч Д.Б-ийн хонийг хулгайлсан талаар ганцхан А.Х-ын мэдүүлгээр нотлоогүй. Мөн М.Б-ийн дүү А.А-ын мэдүүлгээр нотлогдож байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зөрүүтэй байна гэж байна. Гэхдээ хохирогч Д.Д-ийн нас барахаасаа өмнө нь өгсөн мэдүүлгийг анхаарч үзээрэй. Хохирогчийг 2013 оны хавар 150 тооны хонь, ямаа алдсан гэж байна. Энэ нь хохирогчийн малын тоо тодорхой биш, хонь малтай байсан ч юм уу, үгүй юм уу гэж байна. Хохирогч Д.Д гуай 150 тооны хонь, ямаа алдсан гэдгээ тодорхой мэдүүлсэн буюу тэрээр “Хэд хоногийн өмнө хонио тоолж үзэхэд бүрэн байсан. Дараа нь тоолж үзэхэд 150 тооны хонь, ямаа дутсан байсан. Манайх тэр үед 1000 гаруй хонь, ямаатай байсан” гэдэг. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг мөрдөн байцаалтын явцад бүрэн нотлоогүй байхад анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Тухайлбал:
2018 оны 01 сарын 16-ны өдөр Д.Д хохирогчоор тогтоогдож, хохирогчийн мэдүүлэг өгсөн тэмдэглэлд ...Тухайн үед мал тасраад явчихлаа гэж бодоод цагдаагийн тасаг дээр ирээд алдуул малаар бүртгүүлсэн юм...гэж мэдүүлсэн тул тухайн үед эрх бүхий байгууллагад мал алдсан талаар мэдүүлсэн эсэх, мэдүүлсэн тохиолдолд хэдэн тооны ямар төрлийн, ямар зүс, нас, им, тамгатай мал гэж тэмдэглүүлснийг шалгах,
Хохирогч Д.Б, шүүгдэгч М.Б нарын 2012, 2013, 2014 оны малын А дансыг хэрэгт хавсаргах,
Шүүгдэгч М.Б бусдын олон тооны мал болох 150 тооны хонийг хулгайлсан эсэх, хулгайлсан тохиолдолд бусадтай бүлэглэсэн эсэх, машин механизм ашигласан эсэх, бусдад зарсан, бэлэглэсэн аль нь болох, зарж борлуулсан бол хаана, хэнд, хэзээ, хэдэн төгрөгөөр зарсан зэрэг асуудлуудыг шалгаж тогтоох.
Дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагатай бөгөөд эдгээр нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарын холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан хэргийг прокурорт очтол тэдгээрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжинд дараагийн шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 14 цаг 30 минутанд хэлэлцүүлэхээр тогтоосон атлаа шүүх хуралдааныг 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 10 цаг 00 минутанд хэлэлцсэн, 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжинд 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутанд хэлэлцүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулсан атлаа 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутанд хэлэлцүүлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг прокурорт очтол шүүгдэгч М.Б, Г.Б, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ДАВААСҮРЭН
ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН
В.ЦЭЦЭНБИЛЭГ