Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/00518

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Д.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Н.Б-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 34,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М, хариуцагчийн төлөөлөгч У.Т, гэрч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Бтай 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.Б  зээлийн төлбөрөө төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцсон 100 хоногийн алданги 11,500,000 төгрөг, үндсэн зээлийн 20,000,000 төгрөг, 3 сарын хүү  3,000,000 төгрөг нийт 34,500,000 төгрөгийг Н.Бгаас гаргуулна. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний хувьд 60,000,000 төгрөгийн зээлийг өмнө би өгчихсөн байсан. Н.Б, Д.М нар байнга зээл авдаг. Тэдний 4 байр надад байсан. Одоо ч Д.Мын төлбөр тооцоо дуусаагүй. Д.Мын шилжүүлсэн 8,000,000 төгрөгийн баримт нь Н.Бгийн зээлэнд хамааралгүй гэв.

Хариуцагчийн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээл Н.Б авсан тухайд маргахгүй. Харин бэлнээр аваагүй, дансаар авсан. Н.Бгийн нөхөр болох Д.Мтай уулзаж Д.М өөрийнхөө данснаас 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 8,000,000 төгрөг Д.Мын данс руу шилжүүлсэн бөгөөд утга нь Баярмаа зээл төлөв гэж бичсэн баримт авсан. Н.Б 20,000,000 төгрөгийг дансаар авсан болохыг тогтоолгох шаардлагатай гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Мын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулсан бодит нөхцөл байдлаас зөрүүтэйгээр бичсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 3,000,000 төгрөг, алданги 11,500,000 төгрөг нийт 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Н.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулсан зөрүүтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Н.Бтай 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлдэгч нь зээлийг эгүүлэн төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.“Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ.

Зээлдэгч Н.Б 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээний арын хуудсанд 20,000 х1000 ширхэг нийт 20,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авлаа” гэж бичиж гарын үсэг зуржээ.

Гэрч Б.А шүүх хуралдаанд “Архивын материалаа харахад 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр үүрэг дуусгавар болох тухай хэлцэл, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгосон тухай, тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ гэрчилсэн байна. 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээ баталж байх үед миний хажууд мөнгөө тоолж өгсөн эсэхийг би сайн санахгүй байна” гэж мэдүүлж байна.

Хариуцагчийн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд “Н.Б зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөг авсан. Гэхдээ бэлнээр аваагүй, шилжүүлгээр авсан гэж  мэтгэлцэж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлоогүй.

Мөн “Д.Мтай биечлэн уулзаж, Д.М өөрийнхөө 5015030590 данснаас 2017 оны 10 дугаар сарйн 11-ний өдөр 8,000,000 төгрөг Д.Мын данс руу шилжүүлсэн баримт авсан бөгөөд утга нь Н.Б зээл төлөв гэж бичсэн тул зээлээс хасч тооцуулна” гэж, нэхэмжлэгч Д.М “Д.М, Н.Б нарын 4 орон сууц зээлийн барьцаанд байсан. Одоо ч төлбөр тооцоо дуусаагүй, Д.Мын шилжүүлсэн 8,000,000 төгрөгийн баримт Н.Бгийн энэ зээлэнд хамааралгүй гэж мэтгэлцэж байна.

Хариуцагч Н.Бгийн зээлийн төлбөрийг Д.М шилжүүлсэн гэж үзэж зээлийн гэрээний үүрэгт тооцох боломжгүй. Д.М, Д.М нарын хооронд төлбөр тооцооны асуудалтай байгаа эсэх талаар хариуцагч маргаагүй.

Иймд Д.М нь 2017 оны 10 дугаар сарйн 11-ний өдөр 8,000,000 төгрөг Д.Мын данс руу шилжүүлсэн тухайд жич нэхэмжлэл гаргах нь зүйтэй.

Хариуцагч Н.Бгаас үндсэн зээлийн төлбөрт 20,000,000  төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын зээлийн хүүгийн төлбөрт 3,000,000 төгрөг, зээлийн гэрээний 2.7-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг 23,000,000 төгрөгт алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алданги 11,500,000 төгрөг нийт 34,500,000 төгрөгийг гаргуулах үндэстэй.

Хариуцагч Н.Б нь хэргийн бодит нөхцөл байдлыг илтэд мушгин гуйвуулсан, бодит нөхцөл байдлаас зөрүүтэй бичсэн гэж тайлбарлах боловч тэрээр үүнийг нотлох баримт ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бгаас 34,500,000 /гучин дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Бгаас 330,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мд олгосугай.

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ