Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2019/ДШМ/09

 

 Д.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Прокурор Э.Н, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Э нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Д.А холбогдох 1817002210042 дугаартай 1 хавтас 198 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Э нарын гаргасан гомдолыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Тэгшсуурийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух хохирогч Б.Н гэрт тооноор нь нэвтэрч бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, нохой түрийтэй гутал 1 хос зэрэг эд зүйл хулгайлж нийт 90 000 /ерөн мянга/ төгрөгний хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

          Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овгийн Д А 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух хохирогч Б.Н гэрт нэвтэрч 32 инчийн телевизор 1 ширхэг, хурган дээл 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар ногтны өлгүүр 1 ширхэг, 5 метрийн урттай аргамж 1 ширхэг, булган малгай 1 ширхэг, 2х3 хэмжээтэй хивс 1 ширхэг, Sumsung маркийн гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овгийн Д А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Д.А цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.А хорих ял эдлэх хугацаа 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тооцож, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Г.Э би тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч Д.А 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, Сүлдийн 5-3 тоотод оршин суух хохирогч Б.Н гэрийн тооноор нь нэвтэрч бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, нохой гутал 1 хос зэрэг эд зүйл хулгайлсан болох нь хохирогч Б.Н манай гэрийн хаалганы цоож ямар нэгэн эвдэрсэн зүйл байгаагүй ба тооноор хулгайч орсон болов уу гэж бодож байна гэх мэдүүлэг, мөн гэрч Б.Б манай нөхөр яг хаагуур хулгайч орсон байж магадгүй талаар хэлээгүй, ба тооноор орсон юм болов уу, рам дээшээ сөхөгдсөн байна гэж хэлж байсан гэх мэдүүлэг, мөн Д.А тухайн эд зүйлийг авахдаа гэрийнх нь тооноор орсон гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна гэж үзээд Д.А бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хүн амьдрах зориулалттай байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Д.А хувьд 2018 оны 10 дугаар сарын эхээр Б.Н гэрээс 40 000 төгрөгийн үнэтэй бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, 50 000 төгрөгийн үнэтэй нохой гутал 1 хос зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад нийт 90 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь өөрийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хавтас хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон, гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн. Харин Д.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны өдрийн хооронд хохирогч Б.Н гэрийн тооноор нь нэвтэрч дээрхи эд зүйлсийг хулгайлсан болох нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Учир нь хохирогч Б.Н болон гэрч Б мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Д.А холбогдох хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч Б.Н болон Д.А нар нь эхнээсээ мэдүүлгээ өөр өөрөөр өгдөг. Тогтвортой нэг мэдүүлгийг хэн аль нь өгдөггүй. Д.А нь гэрийн тооноор орсон гэж анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Дараа нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэрийн хаяагаар орсон гэж мэдүүлдэг. Дараа нь гэрийн хаалгаар нь орсон гэж өөр өөрөөр мэдүүлдэг. Харин хохирогч Б.Н хувьд гэрийн тооноор орох боломжгүй, түлхүүр тааруулж орсон гэж өөр өөрөөр мэдүүлдэг. Үүнээс харахад хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Б.Н зөрүүтэй мэдүүлгээр энэ хэргийг нотлогдож байна гэж үзвэл эргэлзээтэй. Учир нь Б.Н нь  Д.А гэрийнх нь тооноор орж байхыг харсан зүйл байхгүй. Хийсвэр сэтгэлгээгээр тооноор орсон байж магадгүй гэж мэдүүлэг өгсөн. Гэрч Б нь манай нөхөр тоононы раммаар орсон байж магадгүй гэж мэдүүлэг өгсөн. Харин яг тоононы раммаар орсоныг нь харсан зүйл байхгүй. Хэргийн газрын үзлэгээр Д.А холбоотой ямар нэгэн ул мөр илрээгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Үүнээс харахад мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй хохирогч гэрч нарын мэдүүлэг нь нотлох баримт болохгүй өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эд зүйлийг авсан нь үнэн, харин гэрийн хаагуур орж авсан нь нотлогдохгүй байна. Мөн хохирогч нь эд зүйлээ яг хэзээ алдсанаа мэддэггүй, мөн нотлогдож тогтоогдохгүй байна. Иймд Д.А холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, бусдад учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Д.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан гэжээ.

  Шүүгдэгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын эхээр би Б.Н торхыг будахаар Баянталд гэрт нь очсон. Өдөр нь хоол идчихээд нэг шил архи уусан. Архиа уучихаад би гэрт нь унтаад өгсөн. Харин Б.Н айлд очиж юм янзална гээд явсан. Би архи уусан аяга болон гутлыг нь аваад торхон доор хийсэн. Б. эргэж ирээд бид хоёр наашаа ирсэн. Ийм л зүйл болсон. Өөр зүйл болоогүй гэжээ.

Прокурор Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс эсэргүүцсэн байр суурьтай байна. Д. хувьд Б.Н гэрт хууль бусаар нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлсан гэдэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирогч Б.Н мэдүүлэг, гэрч Ө мэдүүлэг, гэрч Б мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Д.А нь Б.Н гэрт нэвтэрсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, бусдад учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Д.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. Д.А хувьд тухайн айлд нэвтэрсэн гэдэг нь тогтоогдохгүй, хохирлын хэмжээ нь хүрэгүй байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээ хамаарахгүй гэсэн хуулийн тайлбар зохицуулалт байгаа учраас Д.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Д.А нь Б.Н гэрт хууль бусаар нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлсан гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон учраас Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ШЦТ/63 дугаар шийтгэл тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.А нь 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 28-ны хооронд Баянтал сумын 1 дүгээр баг Сүлдийн 5-3 тоотод байх Б.Н гэрт нэвтэрч 32 инчийн телевизор, хурган дээл, мөнгөн аяга 2 ширхэг, хазаар ногтны өлгүүр, 5м урт аргамж, булган малгай, нохой түрийтэй гутал, 2х3 хэмжээтэй хивс, гар утас зэргийг хулгайлж нийт 2235000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нь Б.Н гэрээс телевизор, хурган дээл, мөнгөн аяга 1 ширхэг, хазаар ногтны өлгүүр, 5м урттай аргамж, булган малгай, хивс, гар утас зэргийг хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэргээс дээрх эд зүйлсийг авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ. Харин ийнхүү үйлдлийг хэрэгсэхгүй болгохдоо “хэргийг” хэрэгсэхгүй болгосугай гэсэн нь учир дутагдалтай байна.

Харин шүүхээс шүүгдэгч Д.А нь нохой түрийтэй гутал болон мөнгөн аяга хулгайлахдаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч нь уг зүйлийг яаж хулгайлснаа янз бүрээр буюу анх гэрчээр /хх-53-54/ мэдүүлэхдээ “... тооноор нь орж авсан” гэж, дараа нь яллагдагчаар /хх-106-107/ мэдүүлэхдээ “... хохирогч  хоолонд явсан хойно гэрт ганцаараа үлдсэн үедээ гутал, аяга хоёрыг авч гадаа нууж орхисон, хэд хоногийн дараа очиж авсан” гэж, анхан шатны шүүхийн шүүх  хуралдааны хэлэлцүүлгийн үед “ ... гэрт нь үлдсэн үедээ авч гадаа гаргаж нуусан”  гэж тус тус мэдүүлсэн байдаг.

Мөн хохирогч Б.Н /хх-26-27/ мэдүүлэгт “ ...найз нь танай гэрийн хаяагаар гутлыг чинь аваад өмсчихсэн юм ... тооноор орсон юм уу гэж асуухад найз нь тооноор чинь орж аваагүй шүү гэж хэлсэн“ гэж, мөн гэрч Б.Баярцэнгэлийн /хх-34-35/ мэдүүлэгт “ ...манай нөхөр яг хаагуур хулгайч орсон байж магадгүй талаар тодорхой юм хэлээгүй ба тооноор орсон юм болов уу рамм дээшээ хөдөлсөн байна гэж хэлж байсан. Хаалганы цоож цуурга эвдрээгүй байсан талаар хэлсэн” гэж, гэрч А.О /хх-45/ мэдүүлэгт “... гутлыг нь...хаяагаар нь аваад өмсчихсөн талаараа хэлсэн. Мөнгөн аяга авсан талаараа хэлээгүй “ гэж тус тус мэдүүлжээ.

Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс үнэлэхдээ шүүгдэгч Д.А нь тооноор орж хулгай хийсэн болох нь хохирогч болон гэрч Б.Б мэдүүлгээр нотлогдсон гэж үзжээ. Мөн шүүгдэгч нь анх гэрчээр өгсөн мэдүүлгээ мөрдөгч айлгаж, дарамталж, хөтөлж мэдүүлэг авсан гэдэг боловч энэ талаар гомдол гаргасан, гомдлыг шийдвэрлүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл шүүгдэгч нь орон байранд нэвтэрсэн үү үгүй юу гэдэг нь эргэлзээтэй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүгдэгчид ашигтайгаар буюу шүүгдэгч нь хүн байнга амьдрах орон байранд нэвтрээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Ингэснээр шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болох ёстой боловч хулгайлсан эд зүйлийн үнэлгээ нь 90000 төгрөг буюу тухайн зүйлд заасан бага бус хэмжээнд хүрэхгүй байх тул шүүгдэгч Д.А бусдын 90000 төгрөгний эд зүйл хулгайлсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх ба харин Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд тооцогдох үндэслэлтэй байна.

Гэвч Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “ энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй “ гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна .

 Иймд шүүгдэгч Д.А холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Д А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ТЭГШСУУРЬ

                                            ШҮҮГЧИД                               Х.БАЙГАЛМАА

                                                                                           О.ОДНЯМАА