Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 0568

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 3 сарын 11 өдөр                   Дугаар 183/ШШ2019/00568                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,430,000 /жаран таван сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлзийсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгончимэг, нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2017 оны 7 сарын 06-ны өдөр Ц.Гын хүсэлтээр түүнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 45,0 сая төгрөгийг 2 сар 24 хоногийн хугацаатай хүүгүй зээлүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2017.10.01-ний өдөр дууссан бөгөөд тэрээр үүнээс хойш зээлсэн мөнгөө төлөхгүй өдий хүрсэн. Зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу Иргэний хуулийн 232.6-д зааснаар зээл төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувийн алданги тооцохоор тохирсон. Иргэний хуулийн 232.4-т Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр болох 2017.10.01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 1 жил 1 сарын хугацаа хэтрүүлсэн тул алданги тооцоход нийт 45,0 сая төгрөгийн 0.2 хувийн алданги нэг хоногт 90.000 төгрөг бөгөөд нийт хугацаа хэтэрсэн хоног 227*90.000=20,430,000 төгрөг болно. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Ц.Гын оршин суугаа хаяг тодорхойгүй учир 2018 оны 6 сарын 15-ны өдрийн 07400 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан. Шүүгч С. Хишигбатын 2018.08.07 өдрийн дугаар 01694 захирамжаар Ц. Гыг эрэн сурвалжлах шийдвэр гарсны дагуу СБД дэх Цагдаагийн хэлтэс Ц. Гыг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, хаягийг тогтоосон. Хариуцагчаас зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардахад гар утсаа салгаж, ажил дээрээ очихгүй оршин суугаа байраа бусдад түрээслээд сураг чимээ байхгүй, алга болоод өнөөг хүрсэн тул Ц.Гоос үндсэн зээл 45,000,000 төгрөг, алданги 20,430,000 төгрөг, нийт 65,430,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Бтай 2017 оны 7 сарын 06-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч ямар ч мөнгө бэлнээр болон дансаар хүлээж аваагүй тул уг гэрээ хэрэгжээгүй. Иймд зээл болон хүүнд 65,430,000 төгрөг төлөх шаардлагагүй бөгөөд боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Б нь Ц.Год холбогдуулан зээлийн гэрээний дагуу 65,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь гэрээнд гарын үсэг зурсан боловч мөнгө хүлээж аваагүй, гэрээ хэрэгжээгүй гэж маргалаа.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 45,000,000 төгрөгийг 2 сар 24 хоногийн хугацаатай, хүүгүй нөхцлөөр зээлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээ байгуулж, нотариатаар батлуулжээ.

 

Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилснээр гэрээ хүчин төгөлдөр болжээ. 

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу мөнгийг зээлдэгчийн өмчлөлд зээлийг тухайн өдрөө шилжүүлсэн гэж, хариуцагч нь зээлийг хүлээн аваагүй гэж маргав.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.5-д зээлийг мөн өдрөө бэлнээр олгохоор тусгасан, 45,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, талууд гарын үсэг зурсан баримтаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэх, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

С.Б нь зээлийн гэрээ байгуулагдсан өдрөө зээлийг Ц.Гын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь зээлийг тохиролцсон хугацаанд буцаан төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй юм.

 

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 45,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн С.Болдбаатрын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Талуудын байгуулсан гэрээний 2.7 дахь заалтаар зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хүлээсэн үүргийн биелэгдээгүй үнийн дүнгээс алданги төлөх зохицуулалтад нийцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хариуцагчаас алдангийг нэхэмжлэх эрхтэй боловч 227 хоногоор тооцон нэхэмжилснийг байгааг буруутгах боломжгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу үндсэн зээлийн үүрэгт 45,000,000 төгрөг, алдангид 20,430,000 төгрөг, нийт 65,430,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 455,100 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 455,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

 

Хариуцагч нь энэ өдрийн шүүх хуралдааныг эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулахаар хүсэлт гаргасныг хангаагүй тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Гоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,430,000 /жаран таван сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулан, С.Бт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 455,100 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 455,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ