Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1494

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч Р.Мягмардорж,

Шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ********* холбогдох ***** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, зам талбайн үйлчлэгч ажилтай гэх, ам бүл 4, эхнэр болон 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 3-10 тоотод оршин суудаг, урьд: Нийслэлийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Улсын дээд шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 66 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 б дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ялаар шийтгүүлж байсан, Боржигин овгийн Ягааны ********* /регистрийн дугаар: ЧБ74071872/  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.********* “хог хаялаа” гэх шалтгаанаар маргалдан түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :          

    

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *********нь 2022.10.03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.*********рыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :     

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...СХД-н 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн *********р бусдад зодуулсан гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,   

- хохирогч *********рын... 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн * дүгээр хорооны байрны харалдаа баруун талынх нь шинэ зам дагуу цэвэрлэгээгээ хийгээд байж байтал өмнө нь манай газар нутаг дээр хог хаяж байгаад надтай хэд хэдэн удаа таараад баригдаж байсан, ***н хот тохижилтын залуу бас манай газар дээр хог хаяж байгаа харагдахаар нь очоод “чи яах гээд хог хаяад байгаа юм бэ” гэтэл тухайн зүс таних залуу уурлаад миний нүүрэн тус газар 2 удаа цохихоор нь би ухаан алдсан юм шиг байна лээ, нэг сэрсэн чинь замынхаа хажуу талд сэрсэн. Миний уруул хавдсан, үүдэн дээд шүд хугарсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 13 дахь тал/,  

- шинжээчийн дүгнэлт : Д.*********рын биед дээд уруулын салстад цус хуралт, дээд үүдэн баруун 1-р шүдний булгарал, буйл, зүүн чамархайн хуйханд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022.10.3-ны өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий чадварын 5 хувиар тогтонги алдагдуулна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хавтаст хэргийн 18 дахь тал/,

- шүүгдэгч *********...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 13-14 цагийн орчимд ажил дээрээ буюу Хилчин хотхоны Баянхошууны шинэ эцэс хүртэл цэвэрлэгээ хийгээд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны байрны хажууд ирээд шүүрдсэн шороогоо 9 дүгээр хорооны байрны замын эсрэг талд овоолсон шороон дээр хаях гэсэн чинь зүс таних Цогоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүрч ирээд чи яагаад энд хог хаяад байгаа юм бэ энд хог хаяж болохгүй гээд над руу уурлаад, хэл амаар доромжлоод миний нүүр лүү гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлээд Цогоогийн нүүр лүү нь цохисон, Цогоо газраас чулуу авахаар нь Цогоогийн цамцны араас нь барьж урагш нь угзраад газар унагаад нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд :       

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.    

2.2. Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан тухайн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон буюу тус гэмт хэргийн субьектив болон объектын шинж хангагдсан байна.

2.3. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх ба түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /хх-49-50, шүүх хуралдааны тэмдэглэл/ хооронд зөрүүтэй байдалгүй, тус шүүгдэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд танилцуулж, тайлбарласан байна.

Иймд шүүгдэгч *********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршиг :     

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан “баруун 1 шүдний булгарал” гэмтлийн хохирол эмчлэгдээгүй буюу хохирол нөхөн төлөгдсөн баримтгүй байх тул хохирогчид тус гэмт хэргийн улмаас учирсан “баруун 1 шүдний булгарал” гэмтлийг эмчлүүлэх болон холбогдох бусад нийт хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:  

Тус шүүгдэгч нь 1996 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-21, 26-31, шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.   

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, зам талбайн үйлчлэгч ажилладаг гэх болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-34-40, 49-50, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал    

Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч *********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.               

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 550.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож,  хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч тус гэмт хэргийн улмаас өөр учирсан “баруун 1 шүдний булгарал” гэмтлийг эмчлүүлэх болон холбогдох бусад нийт хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР