Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00928

 

  

Л.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01731 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1765 дугаар магадлалтай,

 

Л.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.27-ны өдрийн 183/ШШ2018/01775 тоот шийдвэрээр Л.Эрдэнэцэцэгээс 31.120.611 төгрөг гаргуулж Кредит юнион Монгол ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Миний бие Дорноговь аймгийн Даланжаргалан суманд дэлгүүр ажиллуулан амьдардаг бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан улсын бүртгэлийн Ү-2205005259 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16 дугаар байрны 29 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 116.775.000 төгрөгөөр үнэлсэн болохыг хот руу дэлгүүрийн бараа татахаар ирэхдээ шийдвэр гүйцэтгэгчтэй 2020.03.25-ны өдөр уулзаж мэдлээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг талуудад 3 хоногийн дотор мэдэгдэж, мөн хуулийн 55.7-д зааснаар талууд уг дүгнэлтийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргахаар хуульчилсан байх тул шүүхэд гомдлоо гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын иргэн Л.Эрдэнэцэцэг миний өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Гомбожав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.27-ны өдрийн 183/ШШ2018/01775 тоот шийдвэрээр Л.Эрдэнэцэцэгээс 31.312.487 төгрөг гаргуулж Кредит юнион Монгол ХЗХ-нд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Эрдэнэцэцэгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн бүртгэлийн Ү-2205005259 дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16 дугаар байрны 29 тоот хаягт байрлах, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2019.10.16-ны өдрийн 19290045/10 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.01.14-ний өдрийн 19250045/01 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар төлбөр төлөгч Л.Эрдэнэцэцэг, өмчлөгч Х.Рэнцэн нараас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр үнийн санал авахад 175.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул 2020.02.06-ны өдөр үнэлгээ гаргуулахаар шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээг Хөрөнгө-Эстимэйт ХХК-иар тогтоолгоход 116.775.000 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээг Л.Эрдэнэцэцэгт 2020.02.13-ны өдрийн 4/5274 тоот, өмчлөгч Х.Рэнцэнд 2020.02.13-ны өдрийн 4/5273 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нар үнэлгээний мэдэгдлийг хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар хөрөнгөө бие даан худалдан борлуулах 30 хоногийн буюу 2020.02.18-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаа авсан боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаагүй, тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01731 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болоржаргалын Шинжээч Э.Эрдэнэбатаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2020/05254 тоот Хүсэлт хянан шийдвэрлэх тухай захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1765 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01731 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.14-ний өдрийн 1765 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.23-ны өдрийн 183/ШШ2020/01731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн тул дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020.03.25-ны өдөр үнэлгээг танилцуулсан атлаа 2020.02.7-ны өдөр үнэлгээг танилцуулсан гэж тайлбарладаг ч нэхэмжлэгчтэй уулзсан тэмдэглэл байхгүй, хаана уулзаж мэдэгдэж байсан нь тодорхойгүй байна. Мөн үнэлгээг гаргахад зах зээлийн хандлагаар тогтоосон гэдэг ч хөрөнгийн нийт талбайн хэмжээг гаргалгүйгээр зах зээлийн үнэлгээг гаргах боломжгүй юм. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.14-ний өдрийн 1765 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.23-ны өдрийн 183/ШШ2020/01731 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.14-ний өдрийн 1765 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Л.Эрдэнэцэцэг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдэн, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Л.Эрдэнэцэцэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн... гэж тайлбарлажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.27-ны өдрийн 01775 дугаартай Шүүгчийн захирамжаар Л.Эрдэнэцэцэг нь Кредит Юнион Монгол ХЗХ-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,120,611 төгрөгийг төлөхөөр, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүхийн дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчид төлбөр төлөх хугацаатай мэдэгдэл өгч, барьцааны хөрөнгө болох Ү-2205005259 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 16 дугаар байрны 29 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авахад шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК үнэлгээг 116,775,000 төгрөгөөр тогтоосон үйл баримт тогтоогджээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалт, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. дэх заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т шийдвэр гүйцэтгэгч... шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7.-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо ...мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

 

Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2020.02.14-ний өдөр хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн, нэхэмжлэгч нь 2020.02.17-ны өдөр албадан дуудлага худалдааг 1 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаж байсан боловч 2020.03.27-ны өдөр бичсэн үнэлгээний талаарх гомдлыг шүүх 2020.04.02-ны өдөр хүлээн авсан болох нь хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авсан шүүхийн дардсаар тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэнээс гадна шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнийг зах зээлийн аргаар тогтоосон талаар дүгнэлт хийсэн нь хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

2.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид үнэлгээг танилцуулсан гэж тайлбарладаг ч уулзсан тухай тэмдэглэл байхгүй, хаана уулзаж мэдэгдэж байсан нь тодорхойгүй, ...мөн хөрөнгийн нийт талбайг гаргалгүй зах зээлийн үнийг гаргасан нь үндэслэлгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

 

а/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.-т шийдвэр гүйцэтгэгч талуудыг дуудан ирүүлж мэдэгдэх хуудсыг гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ, 14.6.-д мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...-д хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн оршин суух Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны 29 тоот хаягт очиход Л.Эрдэнэцэцэг байхгүй, түүний ээж 76 настай Х.Рэнцэн, охин 21 настай Д.Цолмон нар байсан бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн 2020.02.13-ны өдрийн 4/5273 тоот мэдэгдлийг охин Д.Цолмонд хүлээлгэн өгч, хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулан тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуруулсан нь хэргийн 65 дугаар талд авагдсан Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр нотлогдсон байх тул хариуцагч нь үнэлгээг мэдэгдсэн тухайгаа баримтаар нотлоогүй гэх гомдол үндэслэлгүй байна.

 

б/ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д зааснаар Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, ...хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно.

 

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Монгол Улсын хөрөнгийн тухай хууль тогтоомж, ОУҮС-д нийцүүлэн, хөрөнгийн шинж байдал, байрлал, орчинтой газар дээр нь очиж танилцаж, хөрөнгөд үзлэг, хэмжилт, судалгаа, шинжилгээ хийж, хөрөнгийн орчны судалгаа, зах зээлийн үнэ ханшийг судалж, хөрөнгийг зах зээлийн аргаар, өртгийн аргаар, орлогын хандлагын аргаар хийсний үндсэн дээр тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон нь Үнэлгээний тайланд тусгагджээ.

 

Түүнчлэн хөрөнгийг Улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдснээр 40 м.кв талбайтай, хэмжилтээр 80 м.кв талбайтай болохыг Үнэлгээний тайлангийн өмчлөлийн тухай мэдээлэлд тусгасан байх тул хөрөнгийн нийт талбайн хэмжээг гаргаагүй гэх гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

3.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4.-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж болно гэжээ.

 

Төлбөр төлөгч төлбөрт хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж, улмаар хүсэлт гаргаснаар шүүх 2020.04.15-ны өдрийн 05254 дугаартай Шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4.-т заасныг баримтлан 2018.07.27-ны өдрийн 183/ШШ2018/01775 дугаар шийдвэртэй иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1., 120.1.2.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй, ...давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлыг хянаад ...гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээхээр заасан нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүхийн гаргасан дээрх зөрчил шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул хяналтын шатны шүүхээс алдааг засч, шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгохоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1765 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/01731 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, 5 дахь заалтын дугаарыг 4 гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагаас 2020.09.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Х.ЭРДЭНЭСУВД