Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2016/01806/И |
Дугаар | 00369 |
Огноо | 2019-02-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 00369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “И” ХХК/РД: /-д холбогдох,
Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45 600 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М” ХХК нь “Их мандах үйлс” ХХК-тай 2016 онд шатахуун нийлүүлэх, зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 24 000 00 литр дизель түлш шийлүүлэхээр тохиролцсон.
Үүний үнэ нь 32 400 000 төгрөг болсон. 2016 оны 04 сарын 30-ны өдөр нийлүүлээд “Их Мандах үйлс” ХХК дизель түлшийг авсан өдрөөсөө хойш сураг тасарсан. Анх манай компанийн нягтлангийн найз гэж дамжин гэрээ байгуулсан байдаг. Төлбөрийг нэхэмжлэхэд 2016 оны 09 сард 2 000 000 төгрөгийг төлбөрөөсөө төлсөн бөгөөд үлдэгдэл 30 400 000 төгрөгийг бид “Их Мандах үйлс” ХХК-ийн захирал н.Цогтоогоос нэхэмжилсэн.
Ингээд н.Цогтоо, н.Батбаяр гэж 2 хүнээс төлбөрөө нэхэмжилж уулзахад 2016 оны 12 сараас өмнө төлбөрөө төлнө, шүүхэд өгөхгүйгээр хүлээж байгаач гэж байсан боловч тухайн оны 11 сар хүртэл төлбөрөө төлөх шинжгүй хаана байгаа нь тогтоогдохгүй, гар утас нь холбогдохгүй байсан учраас бид арга буюу 2016 оны 11 сард анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд тухайн 3816 тоот гэрээний дагуу нэхэмжлэл гаргаж, алданги нь уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр нийт 45 600 000 төгрөгийг “Их мандах үйлс” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.” гэв.
Хариуцагч “И” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрөхгүй болно. Манай компани “М” ХХК-тай түлш худалдах худалдан авах гэрээг 2016 оны 04 сард байгуулсан. Гэрээний дагуу нийлүүлсэн гэх шатахууныг манай компани хүлээн аваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай байгууллагатай холбоотой Г.Баатар гэх иргэн “И” ХХК-ийн нэрээр 2016 оны 04 сарын 26-ны өдөр 24 000 000 литр түлшийг өөрийн тээврийн хэрэгслээр хүлээн аваад явсан. Энэ 24 000 000 литр түлшийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоо нийлсэн актад зурсан гарын үсэг нь манай эрх бүхий албан тушаалтаны гарын үсэг биш, өөр хүн гарын үсэг зурсан нь шүүхийн ажиллагааны явцад тогтоогдсон. Компанийн тамга ямар замаар дарагдсан байгааг бид мэдэхгүй, тодорхой тайлбар гаргах боломжгүй. Иймд “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч “И” ХХК-д холбогдуулан үлдэгдэл төлбөр 30 400 000/гучин сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, алдангид 15 200 000/арван таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг, бүгд 45 600 000/дөчин таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “И” ХХК нь гэрээний дагуу нийлүүлсэн гэх шатахууныг манай компани хүлээн аваагүй гэх тайлбар ирүүлсэн.
2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгад 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй болох нь баримтаар нотлогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулгын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 37/16 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ”/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.
Гэрээний 1-ийн 1.1-т зааснаар нэхэмжлэгч нь газрын тосны бүтээгдэхүүнийг Гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр хариуцагчид худалдах, хариуцагч нь түүний төлөр тооцоог төлөх үүргийг тус тус хүлээсэн тус Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжтэй байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Зохигчид 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 38/16 дугаар Барьцааны гэрээ байгуулсан байх ба тус Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт нийцсэн байх боловч нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй байна.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч хариуцагчид 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1/нэг/ литр нь 1350/нэг мянга гурван зуун тавь/ төгрөгийн үнэ бүхий 24 000/хорин дөрвөн мянга/ литр, нийт 32 400 000/24000х1350=32400000/ /гучин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй дизель түлшийг нийлүүлсэн болох нь Гэрээний хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн № 3215 Шатахуун тослох материалын зарлагын баримтын болон № 962 Шатахуун олгох зөвшөөрлийн хуулбар, Хаан банкин дахь 5028129620 дугаар төгрөгийн дансны хуулгаар нотлогдож байна.
Хариуцагчийн 24 000/хорин дөрвөн мянга/ литр дизель түлшийг аваагүй гэх тайлбар нь Хаан банкин дахь 5028129620 дугаар төгрөгийн дансны хуулгаар үгүйсгэгдэж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дизель түлшний үлдэгдэл төлбөрт 30 400 000/32400000-2000000=30400000/ /гучин сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 15 200 000/арван таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Гэрээний 3-ын 3.2, 3.3-т зааснаар хариуцагч нь худалдан авсан барааны үнийг 30/гуч/ хоногийн дотор төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5/тэг аравны тав/ хувиар тооцсон алданги төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 15 200 000/30400000:2=15200000/ /арван таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас бүгд 45 600 000/30400000+15200000=45600000/ /дөчин таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “И” ХХК-иас бүгд 45 600 000/дөчин таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ