Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 153/2018/00763/И |
Дугаар | 66 |
Огноо | 2019-01-30 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 66
2019 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2019/00066 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Өлгий сум 4 дүгээр баг, Их булан 4 дүгээр гудамж, 02 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Б овогт Аын Аийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус сургуульд түүх, нийгэм судлалын багшаар ажилд орж тасралтгүй 14 жил ажилласан. Ажилласан хугацаанд зөрчил дутагдал гаргаагүй, хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй бөгөөд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ахлах багшийн орон тоонд үр бүтээлтэй багшилж ирсэн.
2018-2019 оны хичээлийн жил эхлэхэд ахлах багш надад цаг хүрэхгүй байна гэх шалтгаанаар цагийн хуваарьд хичээл тавихгүй надаас хойш ажилд орсон 3 залуу багшид нийгмийн ухааны хичээлийн цагийг хувиарлаж өгсөн. Тухайн үед миний бие сургуулийн захиргаанд байнга санал, хүсэлтээ илэрхийлж байсан боловч үл ойшоосон.
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хуулийн зөвлөх хүний нөөцийн мэргэжилтэн утсаар захирлын өрөөнд хуралтай гэж дуудаж, Ховд их сургуулийн Баян- Өлгий аймаг дахь салбар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Ханилган чамайг ажлаас халсан , тушаалаа аваарай гэж хэлсний дагуу 2018 оны 10 дугааар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүлээн авсан. Ажил олгогчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон энэхүү үндэслэлгүй тушаал нь ажилтан миний хөдөлмөрлөх эрхэд халдсан хууль бусаар намайг ажлаас чөлөөлсөн эрхийн акт гэж үзэж байгаа тул өөрийнхөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Учир нь миний орон тоо хасагдаагүй байхад ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм.
Ажил олгогчийн ажилтныг ажлаас чөлөөлж буй тушаал нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож байгаа эрхийн актын хувьд хууль, тогтоомжид нийцсэн байх ёстой ба намайг ажлаас чөлөөлөх үндэслэл үүсээгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн.
Иймд Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд элсэгчдийн тоо жилээс жилд буурсаар ирсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор зарим багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсон тул орон тоог цөөрүүлэх асуудлыг Ховд их сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн.
Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар А.Аийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэснийг үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай нэг сарын өмнө мэдэгдэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг ажил олгогчийн зүгээс хэрэгжүүлж , 2018 оны 10 дугаар сарын 03 –ны өдрийн 1/275 дугаар албан тоотоор хүргүүлсэн “Мэдэгдэл” –ийг Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурал дээр нэхэмжлэгч А.Ад танилцуулж гардуулсан.
Ховд их сургуулийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дүгээр Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн хуулийн зохих заалтыг зөв хэрэглэсэн, хөдөлмөрийн харилцааг өөрчлөхөд ажил олгогчийн зүгээс хийвэл зохих ажиллагааг хуулийн дагуу хийсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, үнэлээд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар А.Аийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ажил олгогч Ховд их сургууль нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “....ажил олгогч энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд ......” гэсэн заалтын дагуу ажилтан Б.Ад мэдэгдэж Мэдэгдэлд ажилтан гарын үсэг зурахаас татгалзсан болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар болон 2018 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 1/275 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай баримт /хх-ийн 22,118 хуудас/ баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид мэдэгдлийг хүргүүлсэн байна гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгч А.А нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Тэнхимийн багш нарын хуралд “тэтгэмжийг хангалттай өгвөл би явна “ гэсэн үгийг хэлж байсан нь протоколд тэмдэглэгджээ./хх-ийн 103 хуудас/
Нэхэмжлэгч А.А нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т .....Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана .... гэж заасан хуулийн шаардлага хангасан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажилтан ажиллаж байсан болох нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч Ховд их сургууль нь “...нэхэмжлэгч Б.Аийг Ховд их сургуулийн Захиргааны зөвлөлийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн түүх, нийгэм судлалын багш хөтөлбөрт багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцээгүй, нийт түүх нийгэм судлалын багшийн ангид 1 дүгээр курст 7 оюутан, 3 дугаар курст 7 оюутан нийт 14 оюутан сургуулийн хэмжээнд суралцаж 4 багшаас орон тоог цөөрүүлсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, Б.А багш нь түүх нийгмийн багшийн дипломгүй эрхзүйн бакалаврын дипломтой.....” гэж маргав.
Ажил олгогч нь ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа ажилтан А.Аийг “...Элсэлт багасч багш , нийгмийн ухааны боловсрол хөтөлбөрийн багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсонтой холбоотойгоор Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн саналыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 , 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, Ховд их сургуулийн дүрэмийн 3.14.2, 3.15, Ховд их сургуулийн хөдөлмөрийн дотоод журам-ын 5.3.8 дахь заалтуудыг үндэслэж ажлаас чөлөөлжээ.
Ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан “..аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн....” бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна.
Хариуцагчийн Ховд их сургуулийн Баян –Өлгий аймаг дахь салбар сургуульд элсэгчдийн тоо буурч багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцэхгүй болсон тул орон тоог цөөрүүлсэн гэх тайлбар нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/200 дугаартай “ Багш , ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай “ Ховд их сургуулийн захирлын тушаал, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш нарын орон тоо, албан тушаалын зэрэглэл, Ховд их сургуулийн профессор, багш нарын орон тоо, цалингийн сан /хх-ийн 23-36 дугаар хуудас / баримтаар, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Багш ажилчдын орон тоо, албан тушаалын зэрэглэл, цалингийн сан, сүлжээг шинэчлэн тогтоох тухай А/131 дугаартай Ховд их сургуулийн захирлын тушаал , 2017-2018 оны Ховд их сургуулийн профессор багш нарын орон тоо, албан тушаалылн зэрэглэл, Ховд их сургуулийн багш нарын цалингийн сангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 50-58 дугаар хуудас/ баримтууд, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилийн багш нарын гүйцэтгэх цагийн нөөц орон тоо /хх-ийн 59 дүгээр хуудас/ баримт, Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш нарын 2018-2019 оны хичээлийн жилд гүйцэтгэх цагийн тооцоо /хх-ийн 60-66 хуудас/ баримтууд, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийлн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-ийн 67-69 дүгээр хуудас/ баримтууд, 2018 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн А/93 дугаартай “ Багшийн ажлын журам шинэчлэн батлах тухай” Ховд их сургуулийн захирлын тушаал, Ховд их сургуулийн багшийн ажлын журам /хх-ийн 70-81 дүгээр хуудас/ баримт, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Мэдэгдэх хуудас танилцуулсан хурлын тэмдэглэл /хх-ийн 100-101 дүгээр хуудас/ баримт, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Тэнхимийн багш нарын хурлын протокол / хх-ийн 101-102 хуудас/ баримт, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Тэнхимийн багш нарын хурлын протокол /хх-ийн 101-103 хуудас/ баримт, Түүх нийгэм судлалын багш нарын хурлын протокол/ хх-ийн 104 -105 хуудас/ баримт, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн багш нарын хурлын тэмдэглэл /хх-ийн 106-113 хуудас/ баримт, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуульд одоо суралцаж буй оюутнуудын тоо/ хх-ийн 118 хуудас/ баримтуудаар бүрэн нотлогдож хариуцагч Ховд их сургууль нь “....ХИС-ийн Баян-Өлгий дахь салбар сургуулийн Багш, нийгмийн ухааны боловсролын тэнхимд 1 дүгээр курсэд 7 оюутан, 3 дугаар курсэд 7 оюутан нийт 14 оюутан суралцаж, оюутны тоо цөөрсөнтэй холбоотой түүх нийгэм судлалын багш хөтөлбөрт багшийн гүйцэтгэх цагийн норм хүрэлцээгүй гэж үзэж ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн эрхзүйн харилцааны хүрээнд хуулийг баримталж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай “ тушаалыг ажил олгогч Ховд их сургууль гаргасан байна гэж дүгнэв.
Мөн хариуцагчийн “А.А багш нь түүх нийгмийн багш мэргэжилгүй “ гэсэн тайлбар нь нэхэмжлэгч А.Аийн хууль зүйн ухааны бакалаврын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 116 дугаар хуудас/ баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан хуулийн үндэслэлгүй байх тул
А.Аийн нэхэмжлэлтэй хариуцагч Ховд их сургуульд холбогдох Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т заасан “.........., хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн “–д нийцүүлэн, Төрийн аудитын тухай хууль болон Төсвийн тухай хуульд зааснаар хариуцагч Ховд их сургууль нь өөрийн хөрөнгийг хэрхэн арвич хямгач , үр ашигтай бөгөөд үр нөлөөтэй зарцуулах, хууль дээдлэх, шударга ёсыг хангах, бодитой байх зарчмыг баримталж ажилтныг ажлаас чөлөөлсөн байгааг тэмдэглэв.
Энэ нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116. 118 ,160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ