Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00988

 

  

Ж.Янжинлхамын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02381 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2022 дугаар магадлалтай,

 

Ж.Янжинлхамын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрахын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ж.Янжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.28-ны өдрийн 101/ШШ2019/00376 дугаар шүүгчийн захирамжаар 65,400,000 төгрөгийг Ш.Янжинлхамаас гаргуулж Дэвжих нэхий ББСБ ХХК-д олгож, уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 116 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болно. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 116 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг Баян модот ХХК-иар гаргуулахад 115,841,800 төгрөгөөр үнэлсэн байна. Энэхүү Баян модот ХХК-ийн эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий тодорхой байх, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д заасныг зөрчсөн учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баян модот ХХК-иар хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй. Зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн тул хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэх байна. Иймд Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 116 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 115,841,800 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.01.28-ны өдрийн 101/ШШ2019/00376 дугаар захирамжаар Ш.Янжинлхам, Ц.Одончимэг, Ц.Наранчимэг нараас 65,400,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 400,235 төгрөгийг гаргуулж Дэвжих нэхий ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг заасан хугацаанд төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Ш.Янжинлхам, Ц.Одончимэг, Ц.Наранчимэг өмчлөлийн эрхийн улсын Ү-2204000012 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 116 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2019.10.30-ны өдрийн 19260920/01 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019.11.30-ны дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2020.03.30-ны өдрийн 19260920/05 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020.04.16-ны өдөр 4/207 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Баян модот ХХК-иар тогтоолгоход 115,841,800 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2020.04.20-ны өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2020.04.21-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заагдсаны дагуу явагдсан Баян модот ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлтэй тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02381 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 116 тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг үнэлсэн Баян модот ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ш.Янжинлхамын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2022 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02831 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрахын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 08 сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.11-ний өдрийн 101/ШШ2020/02831 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.25-ны өдрийн 2022 дугаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байхад уг шийдвэрийг хянасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд гомдолтой байна.

Баян модот ХХК-иас үнэлгээг тухайн байршилд буй үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулсан нь зүйтэй боловч ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулж чадаагүйгээс үнэлгээ бодитой, үнэн зөв эргэлзээгүй гарч чадаагүй, улмаар зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэгдсэн байна. Учир нь төлбөрт хураагдсан Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 116 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц нь хуучны угсармал орон сууц тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 40 м.кв талбайтай гэж бичигдсэн боловч уг талбайн хэмжээнд тагт, гал зуух, коридор, угаалга, бие засах зэрэг өрөөнүүдийн талбай ороогүй тул орон сууцны талбайн хэмжээ тогтоох стандартын дагуу дээрх өрөөнүүдийн талбайн хэмжээг оролцуулан тооцох ёстой. Мөн тухайн орон сууц нь иж бүрэн супер засвар хийсэн байхад засвар, ашиглалтын байдал нь ижил төрлийн орон сууцтай харьцуулахад ямар байсан талаар үнэлгээний дүгнэлтэд дурдаагүй байх ба энэ нь зах зээлийн үнийг үнэн зөв тогтооход харгалзан үзэх нөхцөл байхад огт авч үзээгүй байна.

1990 оноос өмнө баригдсан угсармал орон сууц, MNS6058:2009 стандартын дагуу 2000 оноос хойш баригдсан орон сууцууд нь барихад гаргасан өртөг зардал, ашиглалтын байдлын хувьд өөр өөр тул зах зээл дэх үнэлгээ нь ижил буюу ойролцоо байх боломжгүй. Гэтэл шинжээчээс төлбөрт хураагдсан орон сууцыг ижил байршил, ашиглалтын байдалтай орон сууцтай харьцуулан үзэлгүй, зөвхөн зарын сайтад тавигдсан орон сууцнуудын үнийн дундаж хэмжээнээс тооцон үнэлгээг тогтоосон байхад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасныг зөрчөөгүй гэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаар тооцож үнэлээгүйгээс манай хөрөнгийг үнэгүйдүүлж, зах зээлийн ханшаас доогуур үнээр дуудлага худалдаанд оруулах нөхцөл бүрдээд байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Ж.Янжинлхам нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж үүргийн гүйцэтгэлд битүүмжлэн, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.28-ны өдрийн 00376 дугаартай Шүүгчийн захирамжаар Дэвжих нэхий ББСБ ХХК-д зээлийн төлбөрт 65,400,000 төгрөгийг төлөхийг хариуцагч Ш.Янжинлхам зөвшөөрч, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ш.Янжинлхам, Ц.Одончимэг, Ц.Наранчимэг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204000012 дугаартай, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 16 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрт заасан хөрөнгийг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул үнэлгээг тогтоолгохоор Баян модот ХХК-ийн шинжээчээр томилсон, шинжээч хөрөнгийг 115,841,800 төгрөгийн үнэтэй болохыг тогтоож, үнэлгээний тайланг ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч талуудад мэдэгдэж, эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн, төлбөр төлөгч үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, 55.3.-т шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7.-д талууд ...гомдлоо ...55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тогтоосон үнийн ...70 хувиар тооцон тогтооно... гэжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дээрх зохицуулалтыг зөрчөөгүй, нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

2.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Баян модот ХХК-ийн эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3.-т заасныг зөрчсөн, ...үнэлгээ эргэлзээтэй, зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн ...тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2.-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцсэн байна гэж, 8 дугаар зүйлийн 8.1.-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, ...хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэжээ.

 

Баян модот ХХК нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байрны 116 тоот 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцын зах зээлийн үнэлгээг тогтоохдоо Үнэлгээний Олон Улсын Стандарт 2019, ҮОУС 103 тайлагнал, ҮОУС104 Үнэ цэнийн сууриуд, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлох зорилгоор хийж байгаа үндэслэлээр зах зээлийн үнэ цэнийн аргыг суурилан, жиших ажил гүйлгээний аргаар, орлогын хандлагын ирээдүйн орлогыг дискаунтлах аргаар хийж гүйцэтгэсэн болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээг эргэлзээтэй, хууль зүйн үндэслэлгүй гарсан, зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй, Баян модот ХХК-ийн гүйцэтгэсэн үнэлгээг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т нийцжээ.

 

3.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээ: ...шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг ижил төрлийн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулж чадаагүй, ...орон сууцны талбайн хэмжээг буруу тооцоолсон, ...төлбөрт хураагдсан орон сууцыг ижил байршил, ашиглалтын байдалтай орон сууцтай харьцуулаагүй, зөвхөн зарын сайтад тавигдсан орон сууцны дундаж хэмжээнээс тооцон үнэлгээ тогтоосон байхад нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар үнэлж чадаагүй, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Шинжээч үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо үнэлэгдэж буй орон сууцны байршилтай ижил, тухайн хороололд байрлах, үнэлэгдэж буй хөрөнгөөс 400 м зайд болон дэргэд нь байрлах, ойролцоо хугацаанд ашиглалтад орсон, ижил хийцтэй, ижил талбайн хэмжээтэй орон сууцнуудтай харьцуулан, ашиглалтад орсон хугацаа, ашиглалтын байдал, засвар үйлчилгээ хийсэн байдал зэргийг харгалзан тохируулга хийж, зах зээл дээр худалдагдсан, зарахаар санал болгосон орон сууцыг худалдсан, тохируулга хийсэн үнэтэй харьцуулсан, орон сууцны гэрчилгээнд тусгагдсан талбайн хэмжээгээр жишиг үнийг тооцож гаргасан болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд тодорхой тусгажээ.

 

Шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн гомдол үндэслэл бүхий баримтаар нотлогдоогүй байх тул шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхино.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийг зохицуулалтыг заагаагүй, улсын тэмдэгтийг хуваарилахдаа холбогдох хуулийг баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засаагүй байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх алдааг хяналтын шатны шүүхээс засч, зөвтгөх боломжтой тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2022 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02381 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...122 дугаар зүйлийн 122.2.-д... гэснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д гэж өөрчлөн, 2 дахь заалтын ...57.1., гэсний дараа 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1. гэж нэмж, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрахын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ундрахаас 2020.10.29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД