Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 994

 

 

 

 

 

 

 

2019          10             03                                             2019/ДШМ/993                                        

 

 

 С.Н-, Э.О- нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

           

            прокурор Ч.Батбаяр,

            шүүгдэгч С.Н-,

            нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1169 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Н-, Э.О- нарт холбогдох 1806094480807 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. М овгийн С-ийн Н, Улаанбаатар хотод 1978 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2; эхнэрийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3 дугаар хэсгийн 21-1120 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: ЦД78050812/,

1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан,

2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлсэн,

2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалт, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлсэн,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар нийт 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биеэр эдлэх ялыг 3 жил хорих ялаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн;

 

2. С овгийн Э-ы О, Увс аймгийн Хяргас суманд 1999 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “МСS” ХХК-д түгээгчээр ажиллаж байсан, ам бүл 7; эх, ах, эгч, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсгийн 17-944 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: 00000000/;

 

С.Н-, Э.О- нар бүлэглэн, 2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 2 дугаар хэсгийн 18-978 тоотод оршин суух Д.Отгонсүрэнгийн агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч, 22 вольтын цахилгаан үүсгэгч мотор хулгайлж 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.О- нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 16-933 тоотод оршин суух С.Саранчимэгийн зуны байшингийн вакум цонхыг хөшиж нууцаар, хууль бусаар нэвтэрч, хана цоолдог дрилл хулгайлж 80,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Н-, Э.О- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар, Э.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Э.О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, С.Н-, Э.О- нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С.Н-т 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.О-д 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгч С.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялын эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 7 хоногийн хорих ялаар тогтоож, шүүгдэгч С.Н-ын цагдан хоригдсон 91 хоног, шүүгдэгч Э.О-гийн цагдан хоригдсон 92 хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2019 оны 1 дүгээр сарын 8-наас эхлэн ... нийт 198 хоног цагдан хоригдсон байхад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд буруу бичсэн байгаа тул зөвтгөж өгнө үү. ... Эхнэр Энхзул эрхэлсэн тодорхой ажилгүй, хүү Мөнгөн-Оргил 2019 оны 3 дугаар сарын 1-ний  өдөр төрсөн, одоо 5 сартай. Би 2013-2019 онд “Мон хатан хаус” ХХК-д мужааны ажил эрхэлж байгаад 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 461 дүгээр хорих ангид хоригдсон. Эхнэр, хүү хоёрыг минь харж хандах ойр дотны хүн байхгүй тул үнэхээр их санаа зовж байна. Миний бие хийсэн хэргээ ухаарч ойлгож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг минь харгалзан үзэж, хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ч.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Н-ын цагдан хоригдсон хоногийг шүүх зөв тооцсон тул шүүгдэгчээс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухайд, хулгайлах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн учир хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.Н-, Э.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Прокуророос С.Н-, Э.О- нарыг бүлэглэн хохирогч Д.Отгонсүрэнгийн агуулахад нууцаар, хууль бусаар нэвтэрч цахилгаан үүсгэвэр хулгайлсан, Э.О- нь хохирогч С.Саранчимэгийн зуны байшинд нууцаар, хууль бусаар нэвтэрч дрилл хулгайлсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

 

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан байх ба шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр;”, 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл;”, 2.4 дэх заалтад “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;”, 2.5 дахь заалтад “хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга” зэргийг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгахаар байна.

 

Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1169 дугаар шийтгэх тогтоолоос үзэхэд, шүүгдэгч С.Н-, Э.О- нарын тус тусдаа үйлдсэн хулгайлах гэмт хэргийн талаар хууль зүйн дүгнэлт хийсэн байх боловч шүүгдэгч С.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт шүүгдэгч Э.О- хамтран оролцсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохдоо ямар нэгэн дүгнэлтгүйгээр шийдвэр гаргасан байх тул уг тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэхээр хуульчилсныг анхан шатны шүүх зөрчсөн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Н-, Э.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан “Цагдан хоригдсон хоног зөвтгөх, ял хөнгөрүүлэх” талаар шүүгдэгч С.Н-ын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

   Анхан шатны журмаар хэргийг дахин хэлэлцтэл С.Н-, Э.О- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Шүүх хуралдааны тэмдэглэлд “улсын яллагчаар Ч.Батбаяр оролцсон” мэтээр ташаа бичсэн алдаа гаргасныг дурьдав.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 1169 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Н-, Э.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч С.Н-, Э.О- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР                                   

                                 ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН