Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01057

 

  

 

Алтан тал ланд ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02555 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 158 дугаар магадлалтай,

 

Алтан тал ланд ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.29-ний өдрийн 5903 дугаар шийдвэрээр Алтан тал ланд ХХК-иас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд 1,828,192,212 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. 2020.04.22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 414910, 414912 дугаартай мэдэгдэл хүргүүлж, барьцааны зүйл болох Монграфито ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40,000 м.кв-т газрын үнэлгээг гаргуулахаар шинжээч томилж үнэлгээ гаргуулахад 805,000,870 төгрөг, С.Туулын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025892, гэрчилгээний 000129000 дугаартай 96.03 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025895, гэрчилгээний 000139403 дугаартай 96.13 м.кв талбайтай хувийн сууц, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025696, гэрчилгээний 000139404 дугаартай 98.20 м.кв талбайтай хувийн сууцуудыг тус тус 73,000,000-74,000,000 төгрөгийн хооронд зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн. Уг үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний хуульд заасан журмыг баримтлаагүй, эд хөрөнгийн үнэлгээг хуульд нийцүүлж гаргаагүй, зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх бөгөөд барьцаалагдсан эд хөрөнгүүдийг худалдан борлуулсан тохиолдолд төлбөр төлөгч талд ноцтой алдагдал хүлээхээр байна. Учир нь 2013 онд 11/121тоот 96.43 м.кв талбайтай хувийн сууцыг 163,965,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханш өсч байхад 100,000,000 төгрөгөөр бага үнэлсэн байна. Тухайн үед улсын бүртгэлд бүртгүүлэхэд хувийн сууцууд нь 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. Одоо тус бүр 150 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй 2 давхар хувийн сууцууд байгаа. Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40,000 м.кв-т газрын хувьд үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс ХХК 2,000,000,000 төгрөгөөр үнэлж худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрч зуучлалын гэрээ байгуулсан. Тус гэрээг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Төлбөр төлөгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон хөрөнгийн үнэлгээний байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөнх-Оргил ХХК, Виннер Вей ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.29-ний өдрийн 5903 дугаар шийдвэрээр Алтан тал ланд ХХК-иас 1,828,192,212 төгрөгийг гаргуулж, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 3 орон сууц, 1 газрыг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч болон өмчлөгч нараас санал авахад хувийн сууцыг 250,000,000 төгрөгөөр, газрыг 2,000,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн санал өгсөн боловч төлбөр авагч зөвшөөрөөгүй. 3 хувийн сууцыг Мөнх-Оргил ХХК, газрыг Виннер Вей ХХК-иар үнэлүүлэхээр томилсон. Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025892, гэрчилгээний 000129000 дугаартай 96.03 м.кв талбайтай хувийн сууцыг 73,185,008 төгрөг, 11/12 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025895, гэрчилгээний 000139403 дугаартай 96.13 м.кв талбайтай хувийн сууцыг 73,262,000 төгрөг, 11/13 тоот Улсын бүртгэлийн Ү-2201025696, гэрчилгээний 000139404 дугаартай 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг 74,039,700 төгрөг, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40,000 мкв-т газрыг 805,000,870 төгрөгөөр тус тус үнэлсэн. Уг үнэлгээг хуульд заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Үнэлгээний компанийн үнэлгээнүүд хуульд нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Туул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Найрамдалын зам дагуу Таун хаусуудыг 2010 онд барьж эхэлсэн. 2013 онд барилгуудаа дуусгахад санхүүжилт хэрэгтэй байсан тул 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгогддог байсан. Тухайн үед 70 хувийн гүйцэтгэлтэй 96 м.кв дуусаагүй барилгыг 163,000,000 төгрөгөөр үнэлж байсан. Одоогийн байдлаар тус барилгууд нь 2 давхар 150 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй дотор засал дутуу хаусууд байгаа. Үнэлгээний компаниас хэмжилт хийж үзэлгүй яагаад хямд үнэлсэн талаар асууж, хувийн сууцны бүдүүвч зургийг үнэлгээ гаргасан үнэлгээчинд өгсөн. 70 хувийн гүйцэтгэлтэй 96 м.кв талбайтайгаар бодож үнэлсэн. 96 м.кв талбайтай хувийн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон. Хэрэв м.кв-ын хэмжээг буруу бодож үнэлгээ гаргасан бол хариуцлагаа хүлээнэ гэж хэлсэн. Одоогийн байдлаар үнэлгээг дахин гаргаагүй байна. Зах зээлийн ханшнаас дэндүү багаар үнэлж байна. Дуудлага худалдаанд ороход 30,000,000 гаруй төгрөг болно. 150 м.кв талбайтай, 2 давхар, төвийн шугам сүлжээнд холбогдоход бэлэн болсон хувийн сууцыг үнэгүйдүүлж авах гэж байна. Миний хувьд маш их гомдолтой байна. Үнэлгээ гаргасан үнэлгээчин буруутай бол буруугаа хүлээнэ гэсэн гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02555 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Алтан тал ланд ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууцыг 79,185,800 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууцыг 73,262,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг 74,839,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40,000 мкв газарт тогтоосон 805,870,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Алтан тал ланд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 158 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02555 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.15-ны өдрийн 158 тоот магадлалыг эс зөвшөөрч, ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тухай.

1.1. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянах хэсэгт: ...Хөрөнгийн үнэлгээний түхай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байхад ...Виннэр Вэй ХХК-ийн шинжээчийн дүгнэлт нь Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 4 га газрын үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн, хууль зөрчсөн, эргэлзээтэй гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэж дүгнэжээ.

Гэтэл Виннэр Вэй ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд үнэлэгдэж буй хөрөнгийн шинж байдал, онцлог, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишсэн байдал дээр тооцоо хийхдээ 4 га газрыг 805,870,000 төгрөгөөр үнэлсэн. Харин дүгнэлтдээ ... аж ахуйн зориулалттай газар СХД-ийнх, Учир нь дээрх газрын 5-р бүсэд 1 га газрын суурь үнэ 1,216 сая төгрөг байхад СХД-ийн 10-р бүсэд 896 сая төгрөг байдаг ба ялгаатай харьцаа ойролцоогоор 25%. Энэ харьцаа мөн зах зээл дээр борлуулагдаж буй ижил зориулалт бүхий газрын үнийн хувьд ойролцоо байна гэж дурдсан.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн үнэлэгдэж бүй газрын зах зээлийн үнийн тооцоог хийвэл, тухайн газар нь газрын зэрэглэлийн 9-р бүсд хамаарч байгаа бөгөөд хэрвээ 5-10 дугаар бүсийн ялгаатай харьцаагаар харьцуулан үзэхэд 10-р бүсд хамаарах газраас 5% хувиар илүү үнэлгээтэй байх боломжтой буюу 1 га газрын суурь үнэ 960 орчим сая төгрөг байхаар байна. Энэ үнийг нийт газрын талбайгаар тооцон үзэхэд 4 га газрын үнэ ойролцоогоор 3,840,000,000 төгрөг болж байна. Энэхүү үнэ нь тус газрын ойролцоо адил төстэй газруудыг борлуулж буй үнэтэй ойролцоо болохыг олон нийтэд ил зарын сайтуудаас олж харах бүрэн боломжтой юм.

1.2. Давж заалдах шатны шүүхийн хянах хэсэгт: ...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хөрөнгөтэй холбоотой хэсгийг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд дээрх төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэ тогтоох ажиллагаа хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээнүүдийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж мөн дурджээ.

Давж заалдах шатны шүүхээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрыг зах зээлийн ханшаар буюу 2,000,000,000 төгрөгөөр худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрсөн үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс ХХК-тай байгуулсан гэрээ мөн олон нийтэд ил зарын сайтуудаас тухайн газартай ижил байршилтай, төсөөтэй газрын ханшны мэдээллийг үнэлэхгүй, дүгнэлт гаргасан байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс ХХК нь тухайн борлуулах гэж байгаа хөрөнгийн зах зээлийн ханшны судалгааг сайтар хийж зөвхөн өөрсдийн судалгаанд суурилан үйлчлүүлэгчидтэй гэрээ байгуулдаг болно.

Нэхэмжлэгчийн зүгээс Виннер Вэй ХХК нь СХД-ийн 20-р хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаартай 4 га газрыг зах зээлийн үнээс хэт доогуур буюу 805,870,000 төгрөгөөр үнэлж /нийт 4 га газрын үнийг 1 га газрын суурь үнээс доогуур үнэлсэн/, газар эзэмшигчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг илт, ноцтойгоор хохироож буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Виннэр Вэй ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Алтан тал ланд ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.29-ний өдрийн 5903 дугаар шийдвэрээр Алтан тал ланд ХХК-иас 1,828,192,212 төгрөгийг гаргуулан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан иргэн С.Туулын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам Найрамдлын 11/9 тоот 96.03 м.кв талбайтай хувийн сууц, 11/12 тоот 96.13 м.кв талбайтай хувийн сууц, 11/13 тоот 98.20 м.кв талбайтай хувийн сууц, Монграфито ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон нэгж талбарын 8025/5100 дугаар бүхий 40,000 м.кв талбай бүхий газрыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул шинжээч томилоход хөрөнгө үнэлгээний Мөнх-Оргил ХХК 11/9 тоот сууцыг 73,185,008 төгрөгөөр, 11/12 тоот сууцыг 73,262,000 төгрөгөөр, 11/13 тоот сууцыг 74,039,700 төгрөгөөр тус тус үнэлж, Виннэр вэй ХХК 40,000 м.кв талбай бүхий газрыг 805,000,870 төгрөгөөр тус тус үнэлж, зах зээлийн үнэлгээг тогтоожээ.

 

Нэхэмжлэгч Алтан тал ланд ХХК үнэлгээг эс зөвшөөрсөн үндэслэлээ: ...шинжээч хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон, тухайлбал мөн хаягт байрлах 96.45 м.кв талбай бүхий 11/11 тоот хувийн сууцыг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 2013 онд 163,965,000 төгрөгөөр үнэлж байсан, гэтэл одоо дээрх барилгууд 90 хувийн гүйцэтгэлтэй болсон, 7 жилийн дараа үл хөдлөх эд хөрөнгийн үнэ улам өссөн байх ёстой байтал 90 орчим сая төгрөгөөр багаар үнэлсэн нь үнэлгээ бодитой хийгдээгүй, ...эзэмших эрх бүхий газрыг үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын Ремакс ХХК-иас 2,000,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар гэрээ байгуулсан байтал 805,000,870 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарлажээ.

 

Шинжээч Мөнх-Оргил ХХК-ийн тогтоосон хувийн сууцнуудын зах зээлийн үнэлгээ үндэслэлгүй гарсан, сууцны талбайн хэмжээг бодитоор тооцоогүй болох нь хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтаар нотлогдсон гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын 11/09, 11/12/, 11/13 тоот хувийн сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон Мөнх-Оргил ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтад нийцсэн, шүүх нотлох баримт үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй, шүүхийн дээрх шийдвэрт хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

Харин 40,000 м.кв талбай бүхий эзэмших эрхтэй газрыг үнэлсэн Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг хэвээр үлдээсэн шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ ...газрыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, ...шинжээч үнэлгээгээ үндэслэл бүхий тайлбар, баримтаар нотлоогүй, ...зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэгдсэн... талаарх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад дүгнэлт хийгээгүй ...шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул ...нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах дараах үндэслэл тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлох, нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй, шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрт хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана.

 

Нэхэмжлэгч газрын үнэлгээг тогтоосон Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж Үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс ХХК-тай байгуулсан гэрээ, мөн олон нийтэд ил, зарын сайтуудаас тухайн газартай ижил байршилтай, төсөөтэй газрын ханшны мэдээллийн талаарх баримтыг хэрэгт гаргасан байхад шүүх тэдгээр нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т нийцээгүй байна.

 

Түүнчлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад газрыг зах зээлийн жишиг үнийн хандлагаар үнэлсэн үнэлгээг шинжээч үндэслэл бүхий тайлбарлаагүй, үнэлгээг хэрхэн гаргасан нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ үндэслэл бүхий гараагүй, эргэлзээтэй талаарх нэхэмжлэгчийн гомдлыг буруутгах боломжгүй байна.

 

Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаартай 4 га газрын зах зээлийн үнэлгээг 805,870,000 төгрөгөөр тогтоосон Виннэр вэй ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 158 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/02555 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/9 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025892, 000129000 дугаар гэрчилгээтэй, 96.03 м.кв талбайтай хувийн сууцыг 79,185,800 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/12 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025895, 000139403 дугаар гэрчилгээтэй, 96.13 м.кв талбайтай хувийн сууцыг 73,262,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдалын 11/13 тоот, Улсын бүртгэлийн Ү-2201025696, 000139404 дугаар гэрчилгээтэй, 98.20 м.кв талбайтай хувийн сууцыг 74,839,000 төгрөгөөр тус тус үнэлсэн Мөнх-Оргил ХХК-ийн үнэлгээг, мөн Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголон, нэгж талбарын 8028/5100 дугаар бүхий 40,000 м.кв газрыг 805,870,000 төгрөгөөр үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээг тус тус хүчингүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгын гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянгаас 2021.02.18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.СОНИНБАЯР

 

Б.УНДРАХ

 

Х.ЭРДЭНЭСУВД