Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/00660

 

2019 оны 03 сарын 20 өдөр

         Дугаар 183/ШШ2019/00660

             Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух, Г  овогтой Ц  Ө  /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: өөрийн байранд байрлах Б  улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид УТҮГ гэх/ -т холбогдох

2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  А/48 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ө , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Захирлаар ажиллаж байсан Б.Б  гэх хүн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажилд ороод тэр өдрөө манай өрөөнд орж ирээд надтай зүй бусаар харьцсан тул би хариу эсэргүүцэл үзүүлж хэдэн үг хэлснийг  сахилгын арга хэмжээ авах үндэслэл гэж үзсэн. Мөн хүмүүсийг ажил хаяхад уриалж зохион байгуулсан гэж үзсэн ба энэ асуудлыг би зохион байгуулаагүй гэдгээ хэлсэн боловч маргааш нь сахилгын арга хэмжээ авах тухай тушаал гаргасан байсан. Уг жагсаал цуглааныг үйлдвэрчний хороо зохион байгуулсан. Уг жагсаал цуглааныг хууль бус гэж нэхэмжлэл гаргасан боловч жагсаал цуглаан хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн энэ жагсаал цуглааныг Ц.Ө  зохион байгуулаагүй байна гэдгийг шүүх тогтоосон. Иймд надад сахилын арга хэмжээ авах үндэслэлгүй байсан гэж үзээд,  2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  А/48 тоот тушаалаар цалингийн 20 хувь хасах сахилгын арга хэмжээг дахин авсан. Уг сахилгын арга хэмжээг авсан үндэслэл нь 9 цаг 4 минут ажлаас хоцорсон байна гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр цалингаас 9 цагийн хөлсийг хасаад маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр цалингийн 20 хувь хасах арга хэмжээ авсан. Сахилгын арга хэмжээ авах болсон бас нэг үндэслэл нь цехүүдээр орж ажиллагаагүй гэсэн үндэслэл байсан.  Би уг байгууллагад ажиллаж байх хугацаандаа 15 жил төлөвлөгөөгөө сайн биелүүлж, 4 удаа байгууллагын аварга болж байсан ба манай байгууллага 8 удаа Монгол улсын топ 100 аж ахуй нэгжээр шалгарч байсан. Манай ажил өдөр өдрөөр явдаг ажил биш бөгөөд сар бүр төлөвлөгөө гаргадаг юм. 14 цехтэй, гүйцэтгэлээ цаг тухайд нь биелүүлээд гарын үсэг зуруулж ажилладаг байтал үйлдвэрийн гүнд орж ажиллаагүй байна гэсэн үндэслэл хэлсэн. Мөн худалдаа хангамжийн менежер Ч.Э  нь байгууллагын захирал удирдлагуудыг хуурч төлөвлөгөөнд огт тусгагдаагүй 9 750 000 төгрөгийн илүү үнэ тавьж худалдан авалт хийсэн гэж надад сахилгын арга хэмжээ авсан. Гэтэл Ч.Э  миний удирдлагад ажилладаг хүн биш бөгөөд санхүүгийн албаны дарга буюу ерөнхий нягтлан бодогчийн удирдлагад ажилладаг хүн.  Гэтэл намайг Ч.Э ийн ажилд хяналт тавьж гарын үсэг зурах байсан гэж сахилгын арга хэмжээ авах үндэслэл болгосон нь үндэслэлгүй. Мөн сахилгын арга хэмжээ авахдаа захирлын зөвлөлийн хурлаар оруулж сахилгын арга хэмжээ авах үндэслэлтэй эсэхийг тогтоодог. Гэтэл Б.Б  нь энэ ажиллагааг хийхгүйгээр арга хэмжээ авсан. Би ажил үүргээ хангалттай сайн гүйцэтгэж байсан нь ажлын тайлан, жил бүр ажил дүгнэж байсан зэргээр баталгааждаг. Иймд  сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй.  Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Б  ТӨААТҮГ нь Б  УТҮГ болж шилжилтийн шатанд явж байна, Б  ТӨААТҮГ татан буугдаж хариуцагч тодорхой болсны дараа дахин нэхэмжлэл гарга гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон. Одоо Б  ТӨААТҮГ татан буугдаж, Б  УТҮГ болж захирлаар нь н.Цолмон гэх хүн томилогдон ажиллаж байгаа тул шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагч тайлбарлахдаа Б  ТӨААТҮГГ татан буугдаж огт байхгүй болсон. Б  УТҮГ цоо шинээр байгуулагдсан гэдэг. Энэ нь худал болох нь  Улсын бүртгэлийн газраас удаа дараа шүүхэд ирүүлсэн баримтуудаас Б  ТӨААТҮГ нь ямар үйл ажиллагаа явуулдаг зэргээр нотлогддог. Уг байгууллагын үндсэн үүрэг нь малын эрүүл байдлыг хангахын тулд вакцин үйлдвэрлэдэг. Энэ үүрэг нь Б  ТӨААТҮГ байхад ч байсан, УТҮГ болоход ч хэвээрээ байна. Хариуцагчийн төлөөлөгч Засгийн газрын 188 дугаар тогтоолоор Б  ТӨААТҮГ татан буугдсан гэх боловч 188 дугаар тогтоолын 4 дэх заалтаар Б  ТӨААТҮГ татан буулгаад, уг тогтоолын 6 дахь заалтаар байгуулсан байдаг. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  А/48 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалуудыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5-т зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах, өөрчлөн байгуулах асуудлыг гагцхүү Засгийн газар тогтоол гаргаж шийдвэрлэдэг журамтай. Монгол Улсын Засгийн газар 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 188 дугаартай "Хууль хэрэгжүүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж Б  төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгасан байх бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А-130 дугаартай тушаалаар татан буулгах комиссыг томилсон. Одоо энэ комисс үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хуулийн эттээд улсын бүртгэлээс хасагдаагүй байна. Харин хариуцагч улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 25.1, 28.5-т заасны дагуу шинээр байгуулагдсан улсын төсөвт байгууллага бөгөөд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын харъяанд эмхлэн зохион байгууллагддаг үйлдвэрлэлийн байгууллага юм. Монгол Улсын Иргэний хуулийн 26.1-т “хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд : бүртгэгдсэнээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.”, 32.2-т “татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс гүйцэтгэнэ” гэж тус тус заасан тул улсын бүртгэлээс хасагдаагүй, татан буулгах үйл ажиллагаа дуусаагүй, Засгийн газрынтогтоолоор татан буугдсан байгууллагаас хариуцагч ямар нэг эрх, үүрэг шилжүүлж аваагүй тул Ц.Өлзийнтогтохын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.10-т заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Тогтоолоор татан буулгаж, эрх үүрэг залгамжлуулаагүй байгаа тул хаяг, нэр нь ижилхэн, улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үйл ажиллагааны чиглэл нь ижил гэж болохгүй бөгөөд хуулийн дагуу татан буугдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуучин ашгийн төлөө хуулийн этгээд байсан бол одоо төсөв батлуулдаг, ажилчид нь төрийн үйлчилгээний ажилтан байна. Зөвхөн хүнс хөдөө аж ахуйн яамны баталсан заавар стандартын дагуу вакцин үйлдвэрлэдэг ашгийн төлөө, ашгийн төлөө бус 2 өөр байгууллага болсон. ТӨААТҮГ нь татан буугдагүй, шинээр УТҮГ гэж иргэний эрх зүйн чадамжтай хуулийн этгээд байгуулагдсан. Тэгэхээр эрх залгамжлах боломж байхгүй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг манай байгууллага хариуцахгүй. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь 2018 оны 1, 3 дугаар сард гарсан ба хэрэгт авагдсан хөдөлмөрийн дотоод журмаас үзэхэд 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг тогтоосны дараа захирлын зөвлөлийн  хуралд танилцуулахаар заасан. Тэгэхээр сахилгын шийтгэлийг зөвхөн үйлдвэрийн захирал ногдуулдаггүй, захирлын зөвлөлийн хурлаар заавал оруулах ёстой болох нь хэрэгт өгсөн журмаар зохицуулсан байна. Тэгэхээр уг сахилгын шийтгэл ногдуулсан тушаалууд нь уг журмын дагуу гараагүй зөвхөн захирал байсан Б.Б  гэх хүн дангаар гаргасан, захирлын зөвлөлийн хурлын ямар нэг шийдвэрийг үндэслээгүй тул хууль бус тушаал гаргасан байна гэж үзэж байна. 2018 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн сахилгын шийтгэлд мөн өдрөөс эхэлж 3 сарын хугацаагаар цалинг 20 хувиар бууруулах гэсэн байна. Санхүүгийн тайлангаас харахад нэхэмжлэгч 3,4,5 дугаар сарын цалингаа бүрэн авсан буюу цалингаас 20 хувь хасаагүй байдаг. Иймд сахилгын шийтгэл бодитоор биелэгдсэн гэж үзэхгүй бөгөөд уг тушаалаас ямар нэг үр дагавар үүсээгүй тул уг тушаалыг хүчингүй болгож эрх сэргээх ашиг сонирхол байхгүй байна. Ажлаас хоцорч 9 цаг 04 минут ажил тасалсан гэж тушаалд тусгагдсан. Ажлын цагийн бүртгэл, цаг ашиглалтын журам зэргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Зөрчил бодитоор тогтоогдсон боловч тушаал биелэгдээгүй үр дагавар үүсээгүй тул тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот тушаалын үндэслэлийн талаар мэдэх зүйл байхгүй. Ямар жагсаал цуглаан хийсэн талаар мэдэхгүй байна. Шүүхээс хэрэгсэхгүй болгосон, маргаан таслах комиссоор шийдвэрлэгдсэн. Хэрхэн шийдвэрлэгдсэн юм манайд байхгүй гэх бичгийг дүүргийн Засаг дарга н.Алдаржавхлан ирүүлсэн гэсэн. Тэр албан бичгийг би хараагүй. Хэрэгт авагдаагүй. Одоо болтол шийдээгүй байгаа нь эрх залгамжлалын асуудлаар ямар нэг шийдвэр гаргуулж өөр зүйлд ашиглах гэж байгаа гэж үзэж байна. Энэ хугацаанд шийдвэрлүүлэх боломж байсан. Б.Б  гэх захирал нь 2018 оны 6 дугаар сар хүртэл ажлаа хийж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ө  хариуцагч Б  улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид УТҮГ гэх/ -т холбогдуулан буруу ногдуулсан сахилгын шийтгэлийг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шаардсан ба 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот тушаалд дурьдсан сахилгын зөрчлийг гаргаагүй, харин 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  А/48 тоот тушаалд дурдсан зөрчил нь түүнд хамаарахгүй бөгөөд зөрчил гаргагч ажилтны шууд удирдах албан тушаалтан биш, ажил олгогч сахилгын арга хэмжээ авахдаа хөдөлмөрийн  дотоод журмыг зөрчсөн  гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.

Хариуцагч Б  УТҮГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд Б  УТҮГ нь Б  төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /цаашид ТӨААТҮГ гэх/ -ын эрх залгамжлагч биш, шинээр байгуулагдсан хуулийн этгээд тул татан буугдсан Б  ТӨААТҮГ-ын эрх үүргийг хүлээх үндэслэлгүй, түүнчлэн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч  Ц.Ө од ногдуулсан сахилгын шийтгэл хэрэгжээгүй буюу ажилтны эрх ашиг, сонирхлыг хөндсөн ямар нэг үр дагавар гараагүй байх тул сахилгын шийтгэлийг хүчингүй болгох шаардлагагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар шийдвэрлэлээ.

  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Ц.Ө  нь Б  ТӨААТҮГ-ын Ерөнхий технологич, үйлдвэрлэл технологийн албаны даргаар ажиллаж байхдаа

-2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот тушаалаар “хөдөлмөрийн дотоод журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ... ажлын цагаар ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй өөрт хамааралгүй асуудлыг зохиомлоор үүсгэж, ажлын цагаар /14.11 минутаас 15.10 минут хүртэл 1 цагийн хугацаанд/ цехийн эрхлэгч, мэргэжилтнүүд, захиргааны менежерүүд, ажилчдыг хууль бусаар цуглуулан, хууль бусаар хуралдаж, Б ийн шүүхийн шийдвэрээр эгүүлэн томилогдсон захирлыг эсэргүүцэн “Тайван замаар ажил хаяна” гэж ажилтнуудыг турхирч Улсын онц чухал обьектын вакцин захиалгат төлөвлөгөөг биелүүлэх ажилд санаатай саад хийж болзошгүй зөрчлийг гаргасан, байгууллагын захирлыг ажлын үнэн бодитой албан мэдээлэлээр хангахгүй, албан үүргээ гүйцэтгэхгүй “вакцин үйлдвэрлэлийн төлөвлөгөө хэдэн хувийн биелэлттэй байх нь чамд хамаагүй” гэж зүй бусаар харьцаж доромжилсон ёс зүйн зөрчлийг тус тус гаргасан” гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл,  

-2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр А/48 дугаар тушаалаар “Ц.Ө  нь ажил эхлэх цагаас байнга хоцорч.... 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 9 цаг 04 минутын ажил тасалсан нь хурууний хээний бүртгэлээр тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй биелүүлж, ...үйлдвэрлэлийн цехүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах үүргээ хангалтгүй хийж байгаа, албаны даргынхаа хувьд цехүүдийн бараа материалын захилагын хуудсыг хянаж, зөвшөөрөл өгч гарын үсэг зурдаггүйгээс худалдаа хангамжийн менежер Ч.Э  нь үйлдвэрийн удирдлага санхүүгийн албыг хууран мэхэлж батлагдсан төлөвлөгөөнөөс өндөр үнэтэй болон төлөвлөгөөнд огт тусгагдаагүй шаардлагагүй 9 750 000 төгрөгний илүү үнэ тавьж хууран мэхэлж нэхэмжлэл цохуулж бараа материал худалдан авахаар завдсан хууль бус үйлдлийг гаргасан болон зарим бараа материалыг худалдан авч улсын үйлдвэрийг хохироосон нь санхүүгийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон тул 03 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн  үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2, Хөдөлмөрийн дотоод журам, ажлын цаг ашиглалтын журам, санхүүгийн дотоод хяналт шалгалтын тайлан, дүгнэлтийг үндэслэн ногдуулсан болох нь сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалууд, ажлын байрны тодорхойлолт, 02 дугаар хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар  зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах эрхтэй байхаар зохицуулсан.

Ажил олгогч дээрх хуульд зааснаар ийнхүү сахилгын шийтгэл ногдуулахдаа сахилгын зөрчлийг тухай бүрд нь шалгаж тогтоосон байх ба, ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийг гаргасан зөрчлийн үндэслэлд тохирох Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах эрхтэй гэж ойлгоно.

Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот тушаалаар ногдуулсан сануулах сахилгын шийтгэлийн үндэслэл болсон “ажилтнуудыг турхирч Улсын онц чухал обьектын вакцин захиалгат төлөвлөгөөг биелүүлэх ажилд санаатай саад хийж болзошгүй зөрчлийг” гаргасан, “байгууллагын захирлыг ажлын үнэн бодитой албан мэдээлэлээр хангахгүй, албан үүргээ гүйцэтгэхгүй, зүй бусаар харьцаж доромжилсон ёс зүйн зөрчлийг” ажилтан Ц.Ө  гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Мөн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/48 дугаар үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэлийн үндэслэл болсон санхүүгийн дотоод хяналт шалгалтын тайланд дурьдсан худалдаа хангамжийн менежер Ч.Э ийн бүрдүүлсэн санхүүгийн анхан шатны баримтад албаны даргынхаа хувьд хяналт тавиагүй гэх үндэслэл нь Ч.Ө ын хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн, ажлын байрны тодорхойлолтонд заагдсан үүрэгт хамааралтай гэж үзэхээргүй бөгөөд цехүүдийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах үүргээ биелүүлдэггүй гэх зөрчил нь  бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Харин 2018.03.13-ны өдрөөс 2018.03.23-ны өдрийн байдлаар 9.04 минутын ажил тасалсан гэх зөрчил нь хариуцагчаас ирүүлсэн ажлын цагийн баланс, 2018 оны 3 дугаар сарын цалингийн дэлгэрэнгүй зэргээр нотлогдож байна гэж үзэхээр боловч шийтгэл ногдуулсан тухайн тушаал ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах журам зөрчсөн байх тул хуульд нийцсэн гэж үзэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1, 130.2-дахь хэсэгт ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэх ба хөдөлмөрийн дотоод журамд хөдөлмөр зохион байгуулалт, ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг тусгахаар заасан байна.

  Хэрэгт авагдсан байгууллагын дотоод журмын 19.1, 19.2-т “...ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байна. Шалгалтыг ...удирдлага эсхүл түүний томилсон ажилтан нар ажлын хоёр хоногийн хугацаанд хийнэ. Шалгалт дууссаны дараа шалгалт хийсэн тухай танилцуулгыг захирлын зөвлөлийн хуралд танилцуулна.” гэж, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан  Б  ТӨААТҮГ-ын захирлын зөвлөлийн ажиллах журмын захирлын зөвлөлийн хэлэлцэх асуудлын 5.10-т “ажлын хариуцлага сахилгыг хэвшүүлэхтэй холбоотой асуудал /эдгээрийг зохицуулах хууль эрх зүйн акт, ... сахилгын хариуцлага тооцох асуудал/-ыг хэлэлцэхээр, 4 дэх хэсгийн 1-д  зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл гарч, тэмдэглэлд тусгагдсан саналыг үндэслэн шаардлагатай бол захирлын тушаал гарна” гэж тус тус зааснаас үзэхэд ажил олгогч ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа захирлын зөвлөлөөр хэлэлцүүлж, тэмдэглэлд тусгасан саналыг үндэслэн шийдвэрлэхээр хөдөлмөрийн дотоод журмаараа нарийвчлан тогтоосон гэж үзэхээр байх ба маргаан бүхий тушаалууд дээрх журмыг баримтлаагүй талаар зохигч маргахгүй байна.

Иймд Ц.Ө  дээрх тушаалуудад дурьдсан зөрчлийг гаргасныг ажил олгогч шалган тогтоосон болох нь нотлогдохгүй, ажил олгогч хөдөлмөрийн дотоод журасд заасныг зөрчиж ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн үндэслэлээр Б  ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/48 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Б  УТҮГ-ын Б  ТӨААТҮГ-ын эрх залгамжлагч биш бөгөөд хариуцагч биш гэх татгалзлын тухайд, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын  20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 2 дахь заалтаар, Б  аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газрыг татан буулгаж, тогтоолын 4 дэх заалтаар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харъяанд Б  улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулахаар тогтоожээ.  

 

Дээрх тогтоолын дагуу Б  улсын төсөвт үйлдвэрийн газар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн ба тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Цолмон болох нь хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна” гэж зааснаас үзэхэд  Засгийн газрын  2018 оны 6 дугаар сарын  20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор Б  аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд байсан бол өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр төсвийн хөрөнгөөр санхүүждэг, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг улсын төсөвт үйлдвэрийн газар болж өөрчлөгдсөн нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д заасан “Хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно”гэж заасан  зохицуулалтад хамаарахаар байна.

Тодруулбал, хуулийн этгээд хэлбэрийн хувьд өөрчлөн байгуулагдсан гэж үзэх тул хариуцагчийн эрх залгамжлагч биш гэх татгалзал үндэслэлгүй, түүнчлэн үндсэн цалинг 20 хувиар бууруулах шийтгэл бодитоор хэрэгжээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдлыг хангахгүй байх үндэслэл болохгүйг тус тус тайлбарлаж байна.

Мөн нэхэмжлэгч Ц.Ө  нь 2018 оны 01 сарын 24-ний өдрийн А/19 тоот, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  А/48 тоот тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан  журам, хугацааны дотор хуулийн шаардлагын дагуу шүүхэд гаргасныг дурдах нь зүйтэй.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл  гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул улсын тэмэдэгтийн хураамжаас чөлөөлөх нь хуульд нийцнэ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г  овогтой Ц  Ө  /РД:.../-ын Б  улсын төсөвт үйлдвэрийн газар /РД: /-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/19 тоот, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн  А/48 тоот сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг тус тус хүчингүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг  дурдсугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ                                Д.ЭНХЦЭЦЭГ