Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 519

 

                                                                                                                           

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

     Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоотод оршин суух, эрэгтэй, ЧЖ76072811 дугаарын регистртэй, Хар хангид овогт Дашдаваагийн Лхагваагийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3-т байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, үнэлгээг  хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Лхагваагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо, гуравдагч этгээд “Алтан давалгаа” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.                                                                                                                                                                                                                                   

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Лхагваагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлбөр төлөгч Ч.Уранбилэг, Д.Лхагваа нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулахдаа төлбөр төлөгч нарт болон орон сууц өмчлөгч нарт мэдэгдэлгүй дуудлага худалдааг явуулсан. Энэ нь төлбөр төлөгч, өмчлөгч нарын эрхийг зөрчсөн хууль бус ажиллагаа явагдсан тул анхны болон 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхны болон хоёр дахь дуудлага худалдаагаар  Ү-2204039408  дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байр, 20 тоот бүхий 85,28 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах эхний шаардлагыг гаргасан.

Дараагийн шаардлага нь уг орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Мөнх оргил трейд” ХХК-иас үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн бөгөөд тухайн үед орон сууцны нэг м.кв нь 2 200 000  төгрөгөөр үнэлэгдэж байхад 1 600 000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч энэ тухай шийдвэр гүйцэтгэгч байгууллагад  мэдэгдсэн бөгөөд мөн үнэлгээ хийлгэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд зах зээлийн ханшаар тогтоолгоно гэж тогтоол гаргасан байхад шинжээч нь хөрөнгийн хандлагаар буюу элэгдэл хорогдлыг хасаж тооцоод үнэлгээ хийсэн. Ийм учраас үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, дахин үнэлгээ хийлгэх боломжоор хангаж өгнө үү гэж хүсч байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5.-д үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж, хөрөнгийн үнэлгээ нь анх тогтоосон үнэлгээнээс гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон бол үнэлгээг дахин хийхээр заасан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өрийн 65/Ш тоот шинжээчийн үнэлгээг үндэслэж албадан дуудлага худалдааг явуулсан.  2017 оноос хойш 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дуудлага худалдаа явуулах хүртэл шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээг ямар нэг байдлаар дахин хийгээгүй. Энэ байрны үнэ нь зах зээлийн ханшаар өнөөдрийн байдлаар нэг м.кв нь 2 500 000  төгрөг байгаа учраас гомдлыг гаргаж байгаа юм.

Гуравдагч этгээдийн тайлбараар анхны дуудлага худалдаагаар худалдагдсан, тийм учраас хоёр дахь дуудлага худалдаа явагдаагүй гэж байна. Дуудлага худалдааны тэмдэглэл гэсэн бланкад анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл гэсэн байгаа учраас  анхны болон хоёр дахь дуудлага худалдаа гэсэн. Дуудлага худалдаа явуулахаар болсон тухай мэдэгдсэн баримт байхгүй. Хариуцагчаас үнэлгээг танилцуулсан гэдэг боловч үнэндээ тэмдэглэлийг өөрсдөө хөтөлдөг. Яг үнэлгээг хууль журмын дагуу танилцуулаад 3 хоногийн дотор гомдлыг нь авсан бол өнөөдөр хүний эрх зөрчигдөхгүй, хуулийн хугацаанд байх боломжтой. Утсаар мэдэгдсэн гэдэг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т биечлэн буюу баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлнэ гэж заасан. Гэтэл энэ хүмүүс тэмдэглэл хөтлөөд мэдэгдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Дуудлага худалдааны талаар ямар нэг байдлаар төлбөр төлөгч нар мэдсэн зүйл байхгүй, мөн баталгаат шуудангаар хүргүүлсэн гэсэн зүйл байхгүй. Тийм учраас дуудлага худалдаа болох, ялангуяа үнэлгээг мэдэгдсэн гэх үндэслэл байхгүй. Иймд Нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан  дуудлага худалдааг  хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

 Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоогоос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаар захирамжаар Ч.Уранбилэг, Д.Лхагваа нараас нийт 99 390 400 төгрөгийг гаргуулж, “Алтан давалгаа” ХЗХ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Д.Лхагваагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 17/905 дугаарт тогтоолоор битүүмжилж, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 17/4356 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авсан.

2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Ч.Уранбилэг, Д.Лхагваа нараас Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу тухайн хөрөнгийн үнийн саналыг авахад эд хөрөнгийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж тогтоох хүсэлтийг бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж өгсөн. Тус хүсэлтийг үндэслээд 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 311 дүгээр шинжээч томилох тогтоолоор “Мөнх оргил трэйд” ХХК-иар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор болсон. Шинжээч нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус эд хөрөнгийг 136 700 000 төгрөгөөр үнэлсэн ба  үнэлгээг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд томилогдсон шинжээчийн  тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Лхагваагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1079 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийг буюу үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар тооцон үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдаанд оруулахад Л.Нэргүй гэдэг хүн тус орон сууцыг 97 420 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсхэгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5.-д  зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэсэн байдаг.  Гэтэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд талуудаас энэ талаар хүсэлт гаргаагүй тул дээрх заалтад заасан үнэлгээг дахин гаргах үндэслэл байхгүй юм. Шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тогтоолд зах зээлийн ханшаар үнэлгээг тогтоож өгнө үү гэсэн үг үсэг байхгүй, шинжээчээр үнэлгээг тогтоолгох гэсэн байгаа.

Анхны болон хоёр дахь дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэсэн гэж байна. Энд дан ганц Д.Лхагваагийн хөрөнгийг албадан дудлага худалдаан оруулсан биш, тухайн өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулж байгаа бүх үл хөдлөх хөрөнгүүдийн тэмдэглэл нэг тэмдэглэл дээр үйлдэгддэг. Үнэлгээг 3 хоногийн дотор танилцуулах ажиллагааг хариуцагч талаас гүйцэтгэсэн. Үүний баталгаажуулалт нь тухайн шүүхийн шийдвэрт заасан хөрөнгө дээр очоод Д.Лхагваатай хамт амьдарч байгаа н.Бадам гэдэг хүнд тухайн мэдэгдлийг үлдээгээд явсан.

Албадан дуудлага худалдааны доод үнийг санал болгох, албадан дуудлага худалдааг  явуулах тухай 2018 оны 11 дүгээр сарын 14-нд төлбөр төлөгч Д.Лхагваад 91010454 гэсэн утсаар нь мэдэгдэж, өөрөө шуудангаар явуул гэсний дагуу баталгаат шуудангаар хүргүүлсэн. Энэ тогтоолд 2018 оны 11 дүгээр сарын 16-нд Д.Лхагваа өөрөө гомдол гаргасан, үүнийг ахлан шийдвэр гүйцэтгэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 22-нд хариу өгч шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааны талаар тэмдэглэл хөтлөх үүрэгтэй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  хуулийн дагуу явагдсан учир нэхэмлжэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд “Алтан давалгаа” ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жадамбаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Нэхэмжлэлийн шаардлага нь “Мөнх оргил трейд” ХХК-ийн үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох,  анхан болон хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгох гэсэн. Үүний үндэслэлийг “Мөнх оргил трейд” ХХК нь зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж, төлбөр төлөгч нарын эрх ашиг сонирхлыг хохироосон гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргах журмыг нарийвчлан хуульчилсан. Хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч нь  төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт 3 хоногийн дотор танилцуулаад, танилцуулснаас хойш 7 хоногийн дотор  гомдол гаргах ёстой. Гэвч Д.Лхагваа, Ч.Уранбилэг нарын зүгээс дээрх хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, энэ гаргасан гомдлыг нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч, тасгийн дарга Э.Ичинхорлоо хянаад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байна гээд хүлээн авахаас татгалзсан.

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардлагыг өмнө нь шүүхээс хэлэлцээд шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 467 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал байдаг ба энэ шийдвэрүүдээр үнэлгээнд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэсэн, шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон.

Иргэний хуулийн нэг зарчим нь хуулийг мэдэхгүй буюу буруу тайлбарлаж хэрэглэсэн нь тухайн харилцаанд орж байгаа иргэнийг хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болдоггүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны болон шүүхийн шатанд төлбөр төлөгч, авагч нарт эрх үүргийг тухай бүрт танилцуулаад баталгаажуулаад тэмдэглэл үйлдсэн байдаг. Хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан. Үүнд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр хугацааг хэтрүүлсэн нь тогтоогдож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэгэнт хөрөнгийн үнэлгээний асуудлаар шүүхэд гомдол гаргаж  шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тухай заасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцож дуудлага худалдааны анхны үнийн саналаа тогтоох эрх нь хуулийн дагуу боломжтой, аль алинд нь шийдвэр гүйцэтгэгч эрх үүргийг тайлбарласан, талууд  хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлье гэсэн санал дээр нэгдсэн. Энэ хүсэлтүүдийг гаргаж өгсөн. Хоёр шатны шүүхийн шийдвэр магадлал дээр тус үйл баримтууд дүгнэгдсэн. Тэгээд 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Мөнх оргил” ХХК-ийн үнэлсэн үнэлгээний 70 хувиар тогтоож, анхны дуудлага худалдааг явуулахаар зохион байгуулаад дуудлага худалдаанд ялагч болсон хүн үүргийн гүйцэтгэлийг хангахуйц үнийн дүнг санал болгоод ялагч болсон. Энэ ажиллагаанд хоёр дахь дуудлага худалдаа зохион байгуулагдаагүй, анхны дуудлага худалдаагаар борлогдсон. Тэгэхээр нэгэнт энэ асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна.

Нэг талдаа гуравдагч этгээд буюу хадгаламж зээлийн хоршоо нь гишүүддээ үйлчилдэг, гишүүдээсээ хадгаламж татдаг байгууллага. Д.Лхагваа нарын хэрэг дээр анхнаас нь би явж байсан, одоо 3, 4 жилийн нүүрийг үзээд явж байна. Цаанаа бас хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг яригдаж байна. Энэ хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа доголдох нөхцөл байдал бий болоод байна, 2019 онд алдагдалтай гарсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Лхагваа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээ буюу 136 700 000 төгрөгийн үнэлгээг, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Лхагваа нь төлбөрийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоот 3 өрөө, 85,28 м.кв талбайтай орон сууцыг шийдвэр гүйцэтгэгч зах зээлийн ханшаар үнэлэх гэж тогтоолдоо заасан байхад  шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-иас 1 м.кв-ыг 1 603 519 төгрөгөөр тооцон 136 700 000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээг гаргаагүй, хөрөнгийн хандлагын аргаар үнэлж миний эрх ашгийг зөрчсөн, дахин үнэлэх ажиллагааг хийгээгүй, хуульд заасны дагуу мэдэгдээгүй, 2018 оны 11 дүгээр сарын 16-нд нь албадан дуудлага худалдааг  явуулах талаар зөвшөөрөхгүй гэж хүсэлт гаргасан байхад  явуулсан нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгч Ч.Уранбилэг, Д.Лхагваа нарын хүсэлтээр шинжээч орон сууцны зах зээлийн бодит үнэлгээг 136 700 000 төгрөгөөр тогтоосон, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар тогтоосон үнээс нь 70 хувиар тооцон  95 690 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах  тухай мэдэгдлийг төлбөр төлөгч нарт 2017 оны 11 дүгээр сарын 14-нд мэдэгдсэн, анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчөөгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч маргасан бөгөөд гуравдагч этгээд “Алтан давалгаа” хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагчийн татгалзлалыг дэмжин оролцжээ.

 

Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй дүгнэв.

 

1.Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаартай “Тайлбар гаргагч  шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах тухай” захирамжаар Д.Лхагваа, Ч.Уранбилэг нараас 99 390 400 төгрөгийг гаргуулж “Алтан давалгаа” хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тус шүүхийн шүүгчийн 2123 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 233 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2017 оны  05 дугаар сарын 01-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж 17300586 дугаартай тогтоол үйлдэн уг ажиллагааг явуулсан байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлүүдийг 2015 оны 05 дугаар сарын 22, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрүүдэд өгч шийдвэр биелүүлэх хугацааг тогтоосон боловч төлбөр төлөгч нар нь уг хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1., 54 дүгээр зүйлийн 54.1.-д заасны дагуу барьцааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039408  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 47/2, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоот,  85,28 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг  2017 оны 09 дүгээр сарын 05-нд битүүмжилж, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хураасан тухай шийдвэр гүйцэтгэгчийн 17/0905 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 17/4356 тоот эд хөрөнгийг хураасан тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд хэрэгт авагджээ.  

Дээрх тогтоолууд нь Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 7., 49., 54. дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасны дагуу шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК нь уг орон сууцыг 136 700 000 төгрөгөөр үнэлж, 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 65/Ш тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлжээ.

Шинжээчийн  үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд шинжээч нь Д.Лхагваагийн өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлэхдээ тус орон сууцны байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан орлогын хандлагын үнэлгээ, зардлын хандлагын  үнэлгээ, зах зээлийн харьцуулалтын үнэлгээ зэрэг хөрөнгийн үнэлгээний үндсэн аргуудыг  харьцуулан дүгнэж, орон сууцны  зах зээлийн бодит үнэлгээг 136 700 000 төгрөгөөр тогтоосныг зах зээлийн ханшаас зөрүүтэй, зах зээлийн үнэлгээг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр шинжээчийн үнэлгээг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5.-д “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заажээ.

Шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээ тогтоосон  2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш хуульд заасан 6 сар өнгөрсний дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс хойш тухайн орон сууцны үнэ нь шинжээчийн тогтоосон үнэ 136 700 000 төгрөгийн гуравны нэгээс багагүй хэмжээгээр нэмэгдэж өөрчлөгдсөн гэж үзэх  баримтгүй, нэхэмжлэгч Д.Лхагваагийн 2018 оны 11 дүгээр сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргасан хүсэлтийг дээрх үндэслэлээр  гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Д.Лхагваа нь шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 65/Ш тоот “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-гаар  уг орон сууцыг 136 700 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан тус шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 28-нд гомдол гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 03 дугаар  сарын 07-ны өдрийн 467 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд Д.Лхагваагийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянаад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1079 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж, дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

2.Иргэниий хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно…” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/28091 тоот мэдэгдлээр нэхэмжлэгчийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 136 700 000 төгрөгийн 70 хувиар тооцон 95 690 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоосныг мэдэгдсэн ба төлбөр төлөгч Д.Лхагваа, Ч.Уранбилэг нар мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 15-нд хүлээн авсан байна.

Үүнээс хойш 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол” үйлдэгдэн 3 өрөө орон сууцыг 95 690 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсон тухай 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/18930 тоот мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3., 66 дугаар зүйлийн 66.3.-т заасны дагуу төлбөр төлөгч нарт 2018 оны 11 дүгээр сарын 16-нд баталгаат шуудангаар мэдэгдсэн болох нь “Монгол шуудан” ХК-ийн шуудангийн 28 дугаар салбарын тэмдэг бүхий дээрх мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх байгууллагад нэхэмжлэгч Д.Лхагваагийн дуудлага худалдаанд оруулах саналыг зөвшөөрөхгүй талаар гаргасан хүсэлт зэргээр нотлогдсон байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.-д заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 22-нд явагдах анхны албадан дуудлага худалдааг 2018 оны 11 дүгээр сарын 07-нд “Үндэсний шуудан” сонины мөн өдрийн 220 дугаарт нийтэд мэдээлж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1., 68.2.-т заасан хугацааны дотор буюу 2018 оны 11 дүгээр сарын 22-нд дуудлага худалдааг явуулж, дуудлага худалдаанд оролцсон иргэн Л.Нэргүй нь орон сууцыг 97 420 000 төгрөгөөр худадан авах эрхтэй болсон байна.

 

Дээрх үйл баримт нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11/09 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  “Үндэсний шуудан” сонины 220 дугаарт нийлэгдсэн “Албадан  дуудлага худалдаа” гэсэн баримт, шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/18930 тоот мэдэгдэл, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл”, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 11/1 тоот “Албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол” зэргээр нотлогдсон.

Хариуцагч Нийслэлийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204039408  дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 47/2, 13 дугаар хороолол, 61 дүгээр байрны 20 тоот, 85,28 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг  дуудлага худалдаанд оруулж  борлуулсан  шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1., 65 дугаар зүйлийн 65.1., 66., 68., 69 дүгээр зүйлийн 69.1., 69.2., 70., 71. дүгээр  зүйлд заасан журмыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байна.

Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4.-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55 дугаар зйүлүийн 55.7.-д зааны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллаганы явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.Лхагваагийн  2018 оны 11 дүгээр сарын 16-нд шийдвэр гүйцэтгэх байгууллагад орон сууцыг дуудлага худалдаанд оруулах саналыг зөвшөөрөхгүй талаар гомдол гаргасныг ахлах шийдвэр гүйцэтэгчийн  2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  4/77 тоот тогтоолоор,  2018 оын 12 дугаар сарын 07-нд анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/2 тоот тогтоолоор тус тус шийдвэрлэсэн байх бөгөөд түүнчлэн Д.Лхагваагийн хүсэлтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас 2018 оны 12 дугаар сарын 24-нд 4/2628 тоот албан бичгээр хариу өгч шийдвэрлэжээ.

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч Д.Лхагваа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо тус шүүхэд 2018 оны 12 дугаар сарын 25-нд гаргасан хуульд заасан хугацааг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4356 дугаартай “Тайлбар гаргагч  шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах тухай” захирамжийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хуульд заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй байх тул  нэхэмжлэгч Д.Лхагваагийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах, үүнтэй холбоотойгоор анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д  зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115. дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг удирдлага болгон   

                                                                                        ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд томилогдсон шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч Д.Лхагваагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2019/01071 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

      

                            ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА