Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00997

 
 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02431 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0066 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч *******ын хяналтын журмаар 2021.01.28-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, нарийн бичгийн даргад Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Баянгол, Хан-Уул, Сонгино-Хайрхан дүүргийн шүүхийн 2016.03.22-ны өдрийн 2343 дугаар шийдвэрээр Б.Баярсайхан, ******* бид хоёроос 182 сая төгрөгийг гаргуулах болсон.Шийдвэр гүйцэтгэх байгууллага миний өмчлөлийн орон сууцыг хурааж, шинжээчээр Сэлэнгэ эстимэйт ХХК-г томилсон бөгөөд энэ компани нь орон сууцыг 192 сая төгрөгөөр үнэлсэн. Гэтэл миний энэ орон сууц нь хотын А зэрэглэл буюу 3, 4 дүгээр хороололд байрлах өнөөгийн хамгийн ашигтай байрлалтай, 3 өрөө байрыг зах зээлийн хамгийн доод үнээр буюу 1 м.кв нь 2,500,000 төгрөгөөр бодоход 235,000,000 төгрөг болохоор байсан боловч үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь түүнээс даруй 40,000,000 төгрөгөөр бага үнэлсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн БГД-н 17-р хороо, 4-р хороолол, 38А-404 тоот орон сууцыг 192,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.22-ны өдрийн 2343 дугаар шийдвэрээр *******, Б.Баярсайхан нараас 182,651,320 төгрөгийг гаргуулж, ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019.04.02-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19250517 дугаартай тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй. БГД-н 17-р хороо, 38 дугаар байрны 404 тоот орон сууцыг 2019.11.12-ны өдрийн 19250517/03 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2020.03.19-ний өдрийн 19250517/05 дугаар тогтоолоор хураасан. Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2020 оны 4/9832, 4/9831, 4/10322, 4/10323, дугаар албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул 2020 оны 4/170 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040537 дугаарт бүртгэлтэй 38 дугаар байрны 404 тоот орон сууцыг 192,597,790 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2020.04.16-ны өдрийн 4/14258, 4/14259 дугаар албан бичгээр талууд болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Төлбөр төлөгч *******, Б.Баярсайхан, өмчлөгч ******* нар нь 2020.04.21-ний өдөр тус газарт ШШГТХ-н 62-д заасны дагуу үнэлэгдсэн үнээс багагүй хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлт гарган 1 сарын хугацааг авч дуудлага худалдаанд оруулаагүй. Иймд ШШГТХ-н 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно мөн хуулийн 62-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 102/ШШ2020/02431 дүгээр шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 38 дугаар байрны 404 тоот 93,3 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0066 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02431 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтанд хуульд нийцээгүй үнэлэлт дүгнэлт өгсөн. Сэлэнгэ эстимэйт ХХК-иас Г.Отгонбаярт тус компанийг төлөөлж үнэлгээний тайланд гарын үсэг зурах эрх олгосон 2020.04.03-ны өдрийн 51 тоот итгэмжлэл хэрэгт авагдсан гэж шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэтэл үнэлгээний компаниас Г.Отгонбаяр гэдэг хүнд зөвхөн тайланд гарын үсэг зурах эрх өгсөн болохоос биш миний орон сууцыг үнэлэх эрх өгөөгүй, энэ талаар итгэмжлэлд огт дурдаагүй байгаа. Учир нь Иргэний хуулийн 36-р зүйл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33, 38-д зааснаар төлөөлүүлэгч нь төлөөлөгчийг ямар эрх эдлэх, ямар тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэх, гүйцэтгэхгүй байх талаар тухайлан нэг бүрчлэн итгэмжлэлд дурдах ёстой байдаг, гарын үсэг зурах эрх гэдэг бол компанийн хэвийн үйл ажиллагаа явуулах тушаал, шийдвэр, албан бичиг зэрэг нийтлэг эрхийг ойлгох бөгөөд дээрх нөхцөл байдалд үнэлгээний компаниас Г.Отгонбаярт хөрөнгө үнэлэх эрх олгоогүй байхад миний орон сууцыг үнэлсэн нь, мөн шүүх нотлох баримтыг дутуу үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2020.04.21-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 38А-404 тоот орон сууцыг 192,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ хүчингүй болгуулахыг шаарджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ...үнийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилогдсон байна... өөрийн шаардлагаа нотлоогүй... зах зээлийн хандлагын арга, өртгийн хандлагын арга, орлогын хандлагын аргыг тус тус ашиглан үнэлгээг гаргасан байх ба уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй.. гэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзжээ.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. Нэхэмжлэлийн шаардлага татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

Хэрэгт авагдсан баримтаар *******ын нэхэмжлэл нотлогдоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хариуцагч хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

2. Шинжээчээр томилогдсон этгээдээс олгосон итгэмжлэл хэлбэрийн хувьд хуульд нийцсэн эсэх, шинжээч Г.Отгонбаярт үнэлгээ хийх эрх олгосон эсэх тухай хяналтын гомдолд заасан үндэслэл нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа ... үнэлгээний компани нь Г.Отгонбаяр гэдэг хүнд зөвхөн тайланд гарын үсэг зурах эрх өгсөн, харин орон сууцыг үнэлэх эрх өгөөгүй.. гэж маргаагүй, хариуцагчаас гаргасан шинжээчтэй холбоотой баримтуудыг хяналтын гомдолд заасан үндэслэлээр үгүйсгээгүй тул нэхэмжлэлийг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг зөрчинө.

Хариуцагч нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгон /хх 41,45/ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

3. Эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой дүгнэлт гаргахдаа шинжээч үндэслэлээ заасан байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох бусад хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/02431 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0066 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ