Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00995

 
 

Д.Мартын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02398 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2261 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Д.Март

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

нэхэмжлэл: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын хяналтын журмаар 2020.12.18-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Г.Ууганзаяа тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.10.02-ны өдрийн 2154 дүгээр магадлалаар Д.Мартаас 84,250,292 төгрөг гаргуулж Мөнгөн буудай ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Д.Мартын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023318 дугаарт бүртгэлтэй ХУД-н 15-р хороо Үйлдвэр хороолол, Туул гол гудамж 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай 3 өрөө байрыг 131,943,000 төгрөгөөр үнэлснийг эс зөвшөөрч ШШГТХ-н 55.7-д заасны дагуу гомдлын шаардлага гаргасан. 3 өрөө байрыг 131,943,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: 2020.06.11-ний өдөр төлбөр авагч Мөнгөн буудай ББСБ ХХК нь зах зээлийн үнийг шинжээч томилуулан гаргуулах хүсэлтийг гаргасан. 2020.06.12-ны өдрийн 6/334 тоот тухайн тогтоолоор Файн Эстимэйт ХХК-ийг томилж, зах зээлийн үнийг тогтооход ХУД-н 15-р хороо 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай бүхий 3 өрөө байрыг 131,943,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ үнэлгээний мэдэгдлийг утсаар мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлсэн. Түүнчлэн бага үнэлсэн талаарх баримт байхгүй, ШШГТХ-н 44.3-т зааснаар 7 хоногийн дотор гаргаж болно гэсэн хугацааг өнгөрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 183/ШШ2020/02398 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Үйлдвэр хороолол Туул гол гудамж 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай 3 өрөө байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Мартын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2261 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02398 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ШШГТХ-н 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. 122.4. Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй гэж заасныг үндэслэсэн. Шийдвэр гүйцэтгэгч 2020.06.25-ны өдөр утсаар төлбөр төлөгчтэй холбогдож шийдвэр гүйцэтгэх албан дээр ирж эд хөрөнгө үнэлэгдсэн тухай мэдэгдлийг авахыг анхааруулсан бөгөөд нэхэмжлэгч хөдөө ажлаар яваа буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар очиж амжихгүй тухай тайлбарлахад; энэ талаар тэмдэглэлдээ тусгасан байдаг, мөн өдрөө мэдэгдлийг нэхэмжлэгчийн хаягаар хүргүүлэхээр шууданд хүлээлгэн өгсөн. Хот доторх шуудан ажлын 1-2 хоногийн дотор хаягийн дагуу хүргэдэг. Шуудангаар илгээсэн мэдэгдэл төлбөр төлөгчийн гэрийн хаягаар 1 хоногийн дараа буюу 2020.06.26-ны өдөр хүргэгдлээ гэж тооцоолоход нэхэмжлэлийг хуулийн хугацаанд 2020.07.03-ны өдөр гаргасан байна. Гэтэл шүүх шууданд хүлээлгэн өгсөн өдрөөс \хүлээн авах боломжит хугацааг харгалзалгүйгээр\ хуулийн хугацааг тоолон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. ШШГТХ-н 55.3. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч үнэлгээний мэдэгдлийг 2020.06.29-ний Даваа гарагт шуудангийн холбогдох салбараас хүлээн авч Шийдвэр гүйцэтгэх газар ирж үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан талаар шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан, нэхэмжлэлийг 2020.07.03-ны өдөр шууданд хүргүүлсэн зэрэг нь ИХ-н 72.1, 72.5-д заасан хуулийн шаардлагад нийцсэн байгаа нь хэрэгт хавсаргагдсан нотлох баримт, шийдвэр, магадлалд дурьдсанаар нотлогдож байхад ШШГТХ-н 55.7-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүхээс мөн хуулийн 122.4. Энэ хуулийн 55.7, 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хүрээ нь тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болох энэ хуулийн 6.2-т заасан шийдвэрийн агуулгад хамаарахгүй гэснийг үндэслэсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлүүлэхээр явуулсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ажиллагаа нь хуульд нийцээгүй буюу хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тухай гомдол нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй. Шүүхээс зохигчдын хэн алины боломжит нөхцөлд дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул ИХШХШТХ-н 172-д заасны дагуу шийдвэр, магадлалд хяналтын шатны гомдол гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Март 2020.07.07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Хан-уул дүүргийн 15-р хороо Үйлдвэр хороолол, Туул гол гудамж 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай 3 өрөө байрыг 131,943,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаардсан, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа ... нэхэмжлэгч нь 2020.06.22-ны өдрийн үнэлгээний тайланг 2020.06.25-ны өдөр хүлээн авсан боловч гомдол гаргах хугацаа 2020.07.02-ны өдөр дууссан байхад 2020.07.03-ны өдөр гаргасан нь хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ...шинжээч хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргаар нийт 131,943,000 төгрөгөөр үнэлсэн байна... үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй... гэсэн дүгнэлт хийсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ ...төлбөр төлөгч үнийн саналаа ирүүлээгүй.. төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул шинжээч томилогдсон байна...гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.... шинжээч хууль зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.. эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаагүй... гэжээ.

 

Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны бүрэлдэхүүн дүгнэв.

 

1.    Д.Март нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ. Мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. Эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор талууд шүүхэд гомдол гаргаж болно.

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг 131,943,000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар төлбөр төлөгчид 2020.06.25-ны өдөр баталгаат шуудангаар явуулсан талаар 2020.06.29-ний өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн нь 2020.06.29-ний өдрийн тэмдэглэл /хх 82/-р тогтоогдож байна. Эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч хэзээ хүлээн авсанг нотлох эргэлзээгүй баримт хэрэгт байхгүй байхад шүүх гомдол гаргах хугацааг 2020.06.25-ны өдрөөс тооцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой мэдэгдлийн дугаар /4-222/24167., 4-222/24168/ зөрүүтэй, мэдэгдэл өгсөн гэх хугацааг эргэлзээгүй тодорхойлох баримтгүй байх тул 2020.06.25-ны өдрийн бус, харин 2020.06.29-ны өдрийн тэмдэглэлийг /хх 79,82/ үндэслэл болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчихгүй.

Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчид 2020.06.25-ны өдөр мэдэгдсэн нь тогтоогдоогүй /хх4,82/ тул нэхэмжлэгчийн зөвшөөрсөн хугацаагаар буюу ...мэдэгдлийг 2020.06.29-ний өдөр хүлээн авч, 2020.07.03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан..-р тооцов. Нэхэмжлэлийг 2020.07.07-ны өдөр /хх1/ бус, харин 2020.07.03-ны өдөр хүлээн авсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хариуцагч үгүйсгээгүй байх тул Д.Март нь шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ.

2. Үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нөхцөл болохгүй байна.

Шинжээч тайландаа эд хөрөнгийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний аргуудыг хослуулан үнэ тогтоосон, эд хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнийг тогтоосон үндэслэлээ тодорхой заасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд болон бусад хуулийн холбогдох зохицуулалтад нийцжээ.

Шинжээч дүгнэлт гаргахдаа үндэслэлээ тодорхой заасан, эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо судалгаа хийж харьцуулсан /хх 68-78/ байх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн татгалзал баримттай байна.

Нэхэмжлэлийн шаардлага татгалзлыг нотлох баримтыг гаргах үүргийг зохигч хүлээнэ. Шүүх нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийнэ.

Хэрэгт авагдсан баримтаар, Хан-уул дүүргийн 15-р хороо Үйлдвэр хороолол, Туул гол гудамж 87 дугаар байрны 3 тоот хаягт байрлалтай 80 м.кв талбай 3 өрөө байрыг 131,943,000 төгрөгөөр үнэлсэн нь хэт бага үнэлгээ болох нь нотлогдоогүй байна.

 

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоохдоо хариуцагч хууль зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй тул хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02398 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2261 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД, Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ