Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 184/2019/01089/И |
Дугаар | 001/ХТ2021/01308 |
Огноо | 2021-10-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2021/01308
Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/02987 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 159 дүгээр магадлалтай,
Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хасуу цамхаг ХХК, Н.Дэлгэрсайхан, Э.Чимэддагва нарт холбогдох,
Банкны баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,505,722,686 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, үлдэх хэсгээр батлан даагч нарт нөхөх хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Э.Чимэддагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бурмаа, хариуцагч Хасуу цамхаг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөншагай, хариуцагч Э.Чимэддагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хасуу цамхаг ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ байгуулсан. Банк нь үүрэг гүйцэтгэгч Хасуу цамхаг ХХК-ийн өмнөөс уг гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Хөдөлмөрийн яаманд баталгааны төлбөрт 781.000.000 төгрөгийг төлсөн. Хасуу цамхаг ХХК нь баталгааны төлбөр Хөдөлмөрийн яаманд төлөгдсөнөөс хойш уг мөнгийг 21 сарын дотор, 1 жилийн 4 хувийн хүүтэйгээр төлөх, хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0.3%-ийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй.
Мөн Хасуу цамхаг ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ байгуулсан. Банк нь үүрэг гүйцэтгэгч Хасуу цамхаг ХХК-ийн өмнөөс уг гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Хөдөлмөрийн яаманд баталгааны төлбөрт 108.081.894 төгрөг төлсөн. Хасуу цамхаг ХХК нь баталгааны төлбөр төлөгдсөнөөс хойш уг мөнгийг 365 хоногийн дотор, 1 жилийн 4%-ийн хүүгийн төлбөрийн хамт буцааж төлөх, хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0.3%-ийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй.
Иймд Хасуу цамхаг ХХК-иас ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үндсэн төлбөр 781.000.000 төгрөг, хүүгийн төлбөр 151.940.351 төгрөг, алдангийн төлбөр 390.500.000 төгрөг, мөн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үндсэн төлбөр 108.081.894 төгрөг, хүүгийн төлбөр 20.159.494 төгрөг, алдангийн төлбөр 54.040.947 төгрөг, нийт 1.505.722.686 төгрөгийг гаргуулж өгнө үү. Түүнчлэн нэхэмжлэгч Голомт банк ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эдгээр баталгааны гэрээнүүдийн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор Хасуу цамхаг ХХК-тай Гэрээний орлого барьцаалах гэрээ, Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээ-г, иргэн Э.Чимэддагватай ипотекийн гэрээ болон батлан даалтын гэрээг, иргэн Н.Дэлгэрсайхантай батлан даалтын гэрээг тус тус байгуулсан. Гэрээний орлого барьцаалах гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна.
Иймд Хасуу цамхаг ХХК үүргээ биелүүлэхгүй бол Э.Чимэддагватай байгуулсан ипотекийн гэрээний зүйл, мөн Хасуу цамхаг ХХК-тай байгуулсан Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээ-ний зүйлийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй бол иргэн Э.Чимэддагва, Н.Дэлгэрсайхан нарын хувийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээлгэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хасуу цамхаг ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ болон мөн өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний дагуу Голомт банк ХХК-д төлөх ёстой үндсэн төлбөр, мөн банкны нэхэмжилсэн хүүгийн төлбөрийг бүхэлд нь зөвшөөрч байна. Харин баталгааны гэрээнүүдэд хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг 0 байхаар тохирсон тул алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг татгалзаж байна. Мөн Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээний зүйл болох 8 айлын хувийн сууцны барилга нь Хасуу цамхаг ХХК-ийн өмчлөлд бүртгэгдээгүй, Ворлд трэйвэл ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байдаг. Иймд уг шаардлагыг хангах боломжгүй гэжээ.
Хариуцагч Н.Дэлгэрсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн батлан даалтын гэрээг иргэн Н.Дэлгэрсайханы нэрээр биш, харин Хасуу цамхаг ХХК-ийн захирлын хувьд батлан даалтын гэрээ хийсэн. Голомт банк нь батлан даалтын гэрээний үүргээ зөрчиж үндсэн гэрээний үүргийн талаар хувь хүн Н.Дэлгэрсайханд мэдээлэл өгөөгүй. Иймд би хувийн хөрөнгөөрөө төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэжээ.
Хариуцагч Э.Чимэддагва шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт банктай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай Ипотекийн гэрээг Голомт банкны эрх бүхий этгээд Э.Чимэддагватай байгуулаагүй байна. Э.Чимэддагвыг Хасуу цамхаг ХХК-ийг төлөөлөх, Хасуу цамхаг ХХК-ийн Ерөнхий захирлыг Э.Чимэддагва төлөөлөх эрхийг баталсан баримт бичиг байхгүй байна. Хасуу цамхаг ХХК нь Голомт банктай Банкны баталгааны гэрээ-г байгуулахдаа Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл-ээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. Иймд Голомт банктай байгуулсан гэх хүчин төгөлдөр бус гэрээгээр бусдын гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/02987 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 475 дугаар зүйлийн 475.1, 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг баримтлан Хасуу цамхаг ХХК-иас тэргүүн ээлжинд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүрэгт 932.940.351 төгрөгийг, дараа нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүрэгт 128.241.388 төгрөгийг, нийт 1.061.181.739 төгрөгийг гаргуулан Голомт банк ХХК-д олгож, Хасуу цамхаг ХХК-д холбогдох нэхэмжлэлийн энэ шаардлагаас 444.540.947 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 216 дугаар зүйлийн 216.1-д заасныг тус тус баримтлан Хасуу цамхаг ХХК нь 1.061.181.739 төгрөгийн үүргээ эс биелүүлбэл Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/, 1 дүгээр хэсэг, 44 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021745 дугаарт бүртгэгдсэн, 128.91 м.кв талбай бүхий хувийн сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс тэргүүн ээлжинд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийг, дараа нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийг тус тус хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.3-т заасныг баримтлан Хасуу цамхаг ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний дагуу Голомт банк ХХК-ийн өмнө хүлээсэн 128.241.388 төгрөгийн үүргээ эс биелүүлсэн, мөн албадан худалдсан барьцаа хөрөнгийн үнэ 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний дагуу Голомт банк ХХК-ийн өмнө хүлээсэн 128.241.388 төгрөгийн үүргийг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол үлдэх төлбөрийг Э.Чимэддагва, Н.Дэлгэрсайхан нараас нөхөн гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэлгүй тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын дархан цаазат газар, Богины аманд байрлах 1501 м.кв талбай бүхий 8 айлын орон сууцыг албадан худалдаж, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131006 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийг хангуулахыг хүссэн Хасуу цамхаг ХХК-д холбогдох, Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Гэрээний орлого барьцаалах гэрээ-ээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн, Хасуу цамхаг ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.756.763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 280.800 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Хасуу цамхаг ХХК-иас 5.463.858 төгрөгийг, хариуцагч Э.Чимэддагваас 140.400 төгрөгийг, хариуцагч Н.Дэлгэрсайханаас 70.200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 159 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/02987 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Э.Чимэддагвагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Чимэддагвагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,463,858 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Э.Чимэддагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 20-ны өдрийн 159 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.
Хариуцагч Э.Чимэддагва нь үүрэг гүйцэтгүүлэгч Голомт банк, үүрэг гүйцэтгэгч Хасуу цамхаг ХХК-ийн хооронд байгуулагдсан ТЕ0-99131005 тоот Эх үүсвэргүй гүйцэтгэлийн баталгааны гэрээ цаашид зээлийн гэрээ гэх нийт 108,081,894 төгрөгийн зээл ... хүүний хамт ...бүрэн төлнө гэдгийг ... үүрэг хүлээсэн Иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхүүд хариуцагчийн Голомт банктай 2013 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан БГ/ТЕ0499131005-ЗА дугаартай Батлан даалтын гэрээ-г Хасуу цамхаг ХХК-ийн Голомт банктай байгуулсан 2013 оны 12 сарын 13-ны өдрийн 781,000,000 төгрөгийн болон 108,081,894 төгрөгийн ТЕ0499131006, ТЕ0499131005 дугаартай Урьдчилгаа төлбөрийн баталгаа-ны үүрэгт хамааралтай Банкны баталгааны гэрээ-нд хамруулсан нь үндэслэлгүй юм. Э.Чимэддагва нь Голомт банк-тай 2013 оны 12 сарын 16-ны өдөр байгуулсан байгуулсан БГ/ТЕ0499131005-ЗА дугаартай Батлан даалтын гэрээ-нд гарын үсэг зурагдсан байдлыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргахдаа Голомт банк энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээ-ний үүргийн гүйцэтгэл шаардах эрхээ алдсан тухай мэдэгдэж байсан билээ. Голомт банк ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, иргэн Э.Чимэддагватай Батлан даалтын гэрээ-г байгуулсан боловч Э.Чимэддагвад гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан өөрийн хүлээсэн Батлан даалтын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3-д заасан Үүрэг гүйцэтгүүлэгч дараах үүрэгтэй гэснийг биелүүлэх арга хэмжээг аваагүй болох нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Батлан даагч Э.Чимэддагвад Хасуу цамхаг ХХК үүргээ гүйцэтгээгүй, энэ тухай мэдэгдлийг түүнд өгөөгүй гэсэн тайлбарыг удаа дараа тайлбарлаж байсан. Нэхэмжлэгч Голомт банк 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ-ний 3.3-ийн 3.3.1, 3.3-ийн 3.3.2-т заасан үүргээ огт биелүүлээгүй.
Голомт банк ХХК 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ТЕ0499131005 дугаартай Банкны баталгааны гэрээ болон Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1, 462 дугаар зүйлийн 462.3-т зааснаар энэхүү гэрээний дагуу хариуцагч талаас үүргийн гүйцэтгэл болох 108,081,894 төгрөгийн үндсэн зээл, хүүгийн хамт 128,241,388 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй байна.
Иймд магадлалд ...талуудын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээ байгуулагдсан гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм гэснийг тус тус хүчингүй болгож, Магадлал-ын Тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь 2013.12.16-ны өдөр Хасуу цамхаг ХХК-тай байгуулсан ТЕ0499131005, ТЕ0499131006 дугаар бүхий Банкны баталгаа-ны 2 гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, алданги нийт 1,505,722,686 төгрөгийг Хасуу цамхаг ХХК-иас гаргуулах, Э.Чимэддагватай байгуулсан Ипотек-ийн болон ТЕ0499131005-3А дугаар Батлан даалтын, Н.Дэлгэрсайхантай байгуулсан БГ/ТЕ0499131005-3Б дугаар Батлан даалт-ын, Хасуу цамхаг ХХК-тай байгуулсан БГ/ТЕ0499131006-1 тоот Гэрээний орлого барьцаалах болон БГ/ТЕ0499131006-2 тоот Ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай хэлцэл зэргийг үндэслэн Банкны баталгаа-ны дээрх 2 гэрээний үүргийн биелэлтийг барьцааны зүйлээс хангуулах, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Э.Чимэддагва, Н.Дэлгэрсайхан нарын хувийн хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Дээрх ТЕ0499131005 гэрээгээр 108,081,894 төгрөг, ТЕ0499131006 гэрээгээр 781,000,000 төгрөг нийт 889,081,894 төгрөгийн баталгааг Голомт банк ХХК нь Хасуу цамхаг ХХК-ийн өмнөөс Хөдөлмөрийн яаманд төлөх үүргээ биелүүлсэн, Хасуу цамхаг ХХК нь гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид үндсэн төлбөр, хүүгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй тухайд талууд маргаагүй болно.
Хариуцагч Хасуу цамхаг ХХК нь ...гэрээнд хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөр 0 байхаар заасан тул алданги төлөхгүй..., ...мөн ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээний зүйл болох 8 айлын орон сууц нь манай өмчлөлийнх биш... гэж, хариуцагч Э.Чимэддагва, Н.Дэлгэрсайхан нар нь өөр өөрсдөд холбогдох гэрээнүүдийн тухайд ...өөрийн нэрийн өмнөөс биш компаний захирлын хувьд гэрээнд гарын үсэг зурсан, хариуцагч биш...өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээхгүй .... гэж тус тус маргажээ.
Шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэрээ тус бүрийн талаар эрх зүйн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөв дүгнээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэрэг алдаа гаргасаныг зөвтгөх шаардлагатай.
Тодруулбал,
1.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Голомт банк ХХК, хариуцагч Хасуу цамхаг ХХК-ийн хоорондох гэрээний эрх зүйн харилцаа нь баталгаа гаргагч, үүрэг гүйцэтгэгч нарын хооронд үүссэн харилцаанд хамаарахыг зөв дүгнэж, Хасуу цамхаг ХХК-аас 2 гэрээний үндсэн төлбөр, хүү нийт 1,061,181,739 төгрөгийг гаргуулан Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 гэрээний алдангид тооцогдох 444,540,947 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 452, 457 дугаар зүйлийн холбогдох заалтуудад нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаас үзвэл банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөхөөр зохицуулжээ. Голомт банк ХХК нь гэрэний дагуу Хасуу цамхаг ХХК-ийн өмнөөс Хөдөлмөрийн яаманд 2 гэрээний дагуу 889,081,894 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн, харин Хасуу цамхаг ХХК уг гэрээгээр төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Голомт банк нэхэмжлэл гаргажээ.
Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь 2013.12.16-ны өдөр Хасуу цамхаг ХХК-тай байгуулсан ТЕ0499131005, ТЕ0499131006 дугаар гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгчид төлсөн мөнгөө шаардах эрхтэйгээс гадна талууд гэрээнд хугацаа тогтоож, хүү төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 457 дугаар зүйлийг 475 дугаар зүйл гэж алдаатай бичсэн техникийн шинжтэй алдааг зөвтгөх шаардлагатай.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2 гэрээний дүнг нэгтгэн хариуцагчаас мөнгөн төлбөр гаргуулах шаардлага гаргасан байхад шүүх үүрэг гүйцэтгэх дараалал тогтоож, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Хариуцагч төлөлт хийгээгүй тул үүргийг уг хуулийн дагуу тооцох үндэслэл үүсээгүй байгааг анхаараагүй байна.
2. Нэхэмжлэгч Голомт банк ХХК болон иргэн Э.Чимэддагватай байгуулсан 2013.12.16-ны өдрийн Ипотек-ийн гэрээгээр Э.Чимэддагва нь дээр дурдсан ТЕ0499131005, ТЕ0499131006 дугаар бүхий Банкны баталгааны гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/, 1 дүгээр хэсэг, 44 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021745 дугаарт бүртгэгдсэн, 128.91 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалсан байна.
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол ....үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж заасныг үндэслэн шүүх барьцааны зүйл болох орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй.
Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Э.Чимэддагвын өмч болох тухайд маргаагүй, Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1,156.2-т заасан шаардлагад нийцсэн, Э.Чимэддагва нь ...гэрээг өөрийн нэрийн өмнөөс биш компанийн захирлын хувьд байгуулж гарын үсэг зурсан... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болохыг хоёр шатны шүүх зөв дүгнэжээ.
Харин үүрэг гүйцэтгэгч үүргээ сайн дураар биелүүлээгүй бол албадан биелүүлэх ажиллагаа буюу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлээс үүргийг хангуулах ажиллагаа явагдах тул дээр дурдсанчлан шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн дагуу дараалал тогтоох шаардлагагүй.
3. Э.Чимэддагва, Н.Дэлгэрсайхан нар нь ТЕ0499131005 дугаар Банкны баталгаа-ны гэрээгээр Хасуу цамхаг ХХК-ийн баталгаа гаргагч банкинд төлөх 108,081.894 сая төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгэхийг баталж, хариуцагч нь үүргээ биелүүлээгүй нөхцөлд өөрсдийн хөрөнгөөр хариуцахаар Голомт банк ХХК-тай ТЕ0499131005-3А, ТЕ0499131005-3Б дугаар Батлан даалт-ын гэрээг тус тусдаа байгуулсан байна.
Дээрх гэрээг үндэслэн Э.Чимэддагва, Н.Дэлгэрсайхан нарын хөрөнгөөр нөхөх хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэгч Голомт банк ХХК‑ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, холбогдох хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй, нэхэмжлэлийг хангасан нь буруу болжээ.
Учир нь, нэхэмжлэгч Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан дагуу хариуцагч нарт үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээлгэх-ээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байна. Иймээс үүргийн биелэлтийг эхний ээлжид үүрэг гүйцэтгэгчээс шаардах, үүрэг гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй, биелүүлэх боломжгүй нөхцөлд, батлан даагч нь үлдэх төлбөрийн хэмжээргээр нөхөх хариуцлага хүлээнэ.
Мөн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-т ...гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж зааснаас үзвэл, нөхөн гүйцэтгэх үүргийн хэмжээ тодорхой бус, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь буруу юм.
Энэ үндэслэлээр тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно.
4. Нэхэмжлэгч нь Гэрээний орлого барьцаалах гэрээний үүргийн биелэлтийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаас гадна шүүх Ирээдүйд бий болох хөрөнгө барьцаалах гэрээ-ний үүргийг биелүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй.
5. Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ гэж заасныг Голомт банк ХХК зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Батлан даагч шаардсан бол үүрэг гүйцэтгүүлэгч үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх үүрэгтэй бөгөөд батлан даагч нарын зүгээс ийм мэдээлэл шаардсан болохоо нотлоогүй, Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.3-т заасан үндэслэл үүсээгүй байна.
Дээрх бүгдийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Э.Чимэддагвын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсэг буюу ...ТЕ0499131005-3А дугаар батлан даалтын гэрээг ТЕ0499131005, ТЕ0499131006 дугаар бүхий Банкны баталгааны гэрээ-нд хамруулсан үндэслэлгүй гэх гомдол үндэслэлтэй.
Харин ...шүүх хэргийн бодит байдлаас өөр дүгнэлт хийсэн..., ...Голомт банк ХХК гэрээний үүргийн биелэлтийн талаар мэдээлэх үүргээ биелүүлээгүй.... Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.3-т зааснаар шаардах эрхгүй..., ...барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэх гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хяналтын шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар тооцож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 20-ны 159 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/02987 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д зааснаар Хасуу цамхаг ХХК-иас 1,061,181,739 төгрөгийг гаргуулан Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 444,540,947 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Хасуу цамхаг ХХК нь 1,061,181,739 төгрөгийг төлөх үүргээ эс биелүүлбэл Э.Чимэддагвын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/, 1 дүгээр хэсэг, 44 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203021745 дугаарт бүртгэгдсэн, 128.91 м.кв талбай бүхий хувийн сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.гэж, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Э.Чимэддагва, Н.Дэлгэрсайхан нараас үүргийн гүйцэтгэлийг нөхөн хариуцуулах тухай Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 6 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,756,763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хасуу цамхаг ХХК-иас 5,463,858 төгрөг, хариуцагч Э.Чимэддагваас 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 799,156 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН