Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 135/2019/01112/И |
Дугаар | 001/ХТ2021/01307 |
Огноо | 2021-10-26 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2021/01307
Р.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1126 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар магадлалтай,
Р.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,
Ш.Ганзориг, Б.Бат-Эрдэнэ нарт холбогдох,
Гэм хорын хохиролд 4,571,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Л.Атарцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнэ, хариуцагч Б.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
Нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Дархан-Уул аймгийн Орхон сумын Улаанхошуу гэх газар нэг га газар лууван тариалсан. Ургац хураах хугацаа болоогүй байхад Ш.Ганзоригийн болон Б.Бат-Эрдэнийн өмчийн хонь, ямаа 2019 оны 09 сарын 28, 29-ний өдрүүдэд ямар ч хариулгагүйгээр манай тариалангийн талбайд орж, ургацын хохирол учруулсан. Сумын Засаг даргын тамгын газраас ажлын комисс гарган ажиллаж 2019 оны 10 сарын 01-ний өдөр манай талбайд очиж үзэн ургацын хохирлыг тогтоосон. Иймээс 4,571,667 төгрөгийн үнийн дүнг хуваан хариуцагч Б.Бат-Эрдэнээс 2,285,833 төгрөгийг, хариуцагч Ш.Ганзоригоос 2,285,833 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардаж байна.
Шүүх хуралдаанаас өмнө Ш.Ганзоригоос шаардаж байгаа үнийн дүнгээ багасгаж, 1,500,000 төгрөгөөр бид тохирч, надад энэ үнийн дүндээ тохирсон мал өгсөн тул түүнд холбогдох шаардлага байхгүй. Харин хариуцагч Б.Бат-Эрдэнээс шаардаж байгаа 2,285,833 төгрөгийг мөн адил багасгаж 1,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ш.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Манай мал Р.Бат-Эрдэнийн талбайруу орсон нь үнэн. Иймээс Р.Бат-Эрдэнэтэй тохирч 1,500,000 төгрөгөөр тооцож, 1 бяруу, 2 хонь өгсөн. Одоо бидний хооронд маргаан байхгүй, төлбөрөө төлсөн гэжээ.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 09 сарын 29-ний өдөр манай мал хариулгатай байсан. Манай эхнэр өөрөө малаа хариулж байсан тул манай мал Р.Бат-Эрдэнийн талбайд орох боломжгүй. Мөн Р.Бат-Эрдэнийн талбайд өмнө нь үхэр ч орсон байдаг байсан. Манайх ойрхон байдаг учраас Р.Бат-Эрдэнийн хадам аавд энэ талаар хэлж байсан удаатай. Мөн хохирлыг тогтоохоос өмнө тэднийх луувангаа хурааж байсан. Тэгэхээр ийм хэмжээний хохирол учирсан гэж байгаа нь үндэслэлгүй. Гэхдээ манай малын хувьд хариулгатай байдаг тул талбайд ороогүй. Манайх 80 ямаатай бөгөөд үүнээс 3-4 нь хар ямаа байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул бүхэлд зөвшөөрөхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1126 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Бат-Эрдэнээс 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнэд олгож, хариуцагч Ш.Ганзоригт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,100 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнээс 38,950 төгрөг, хариуцагч Ш.Ганзоригоос 38,950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид тус тус гаргуулж нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнэд олгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 1126 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын ...хариуцагч Ш.Ганзоригт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож гэсэн хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш.Ганзориг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Б.Бат-Эрдэнээс төлсөн 39.250 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1126 дугаартай шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тус аймгийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Хэрэгт нэхэмжлэгчийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 4.571.667 төгрөгийн үнэлгээ бүхий дүгнэлтэд: Гэм хор учруулагч хэн болохыг тогтоогоогүй, хэргийн 8.,9.,15.,16.,21.,22-р талуудад авагдсан гэрэл зургууд хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгч бусдаас гэм хорын хохирол шаардах эрхтэй болохыг нотолсон ямар нэгэн баримт газар тариалан эрхлэгчийн гэрчилгээ, түрээсийн гэрээ, аль эсвэл маргаан бүхий газрын кадастрын зурагт өөрийн нэр тэмдэглэгдсэн болон хариуцагч нарт зөрчлийн гомдол
гаргаж шалгуулсан баримт нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй. Хариуцагч Б.Бат-Эрдэнэ гэм хор учруулаагүй болохоо бичгээр болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж улмаар гэрч асуулгах хүсэлт гаргасныг шүүх гэрчийг шүүх хуралдаан дээр асуух нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзээд хүсэлтийг хангаж, гэрчээр оролцогч Б.Гантуяагаас хууль сануулж гарын үсэг зуруулж гэрчийн мэдүүлэг авсан. Гэрч Б.Гантуяа... 2019 оны 28., 29-ны өдрүүдэд манай мал хариулгатай байсан. Би эдгээр өдрүүдэд малаа өөрөө хариулсан гэсэн мэдүүлэг нь хариуцагч Б.Бат-Эрдэнийн тайлбарыг нотолсон, шүүх хуралдаанд оролцсон тангараг өргөсөн иргэдийн төлөөлөгч Ш.Зууннаст Б.Бат-эрдэнийн мал хариулгатай байсан учир Б.Бат-Эрдэнэ буруугүй байна гэсэн дүгнэлтийг өгч байсан, гэрч Б.Гантуяагаас шүүх ..хуулиар шаардсан хэлбэрийн шаардлага хангаагүй..хэрэгт авагдсан талбайд орсон малын зургаас асууж... хэний мал гэдгийг сайн мэдэхгүй байна, манайх 80аад ямаатай гэсэн хариултаар Б.Бат-Эрдэнэ нь өөрийн тайлбар татгалзлаа нотолж чадаагүй гэж үзнэ гэсэн нь шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрсөн гэж үзэж байна. Хариуцагч Ш.Ганзориг талбайд манай нэхэмжлэгчийн талбайд орсон гэх боловч хариуцагч Б.Бат-Эрдэнийн мал бас орсон эсэхийг мэдэхгүй байна гэдэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ эдгээр үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хариуцагч Б.Бат-Эрдэнээс гэм хорын хохирол 1,500,000 төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг гэм хор учруулсан харилцаа гэж үзэж, тухайн маргаанд хамаарах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэргийн оролцогчдоос гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, эдгээр нотлох баримтын хэмжээнд маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Хяналтын шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь ...9 сарын 28-нд Ш.Ганзоригийн, 9 сарын 29-нд Б.Бат-Эрдэнийн хонь, ямаа ямар ч хариулгагүйгээр манай тариалангийн талбайд орсон... хэмээн нийт хохирол 4,571,667 төгрөгийг Ш.Ганзориг, Б.Бат-Эрдэнэ нараар тэнцүү хувааж төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 3,000,000 төгрөг болгон багасгасан, хариуцагч Ш.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 1,500,000 төгрөгийг төлж, шаардлагыг биелүүлсэн байна.
Харин хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь ... 2019.09.29-ний өдөр манай эхнэр өөрөө малаа хариулж байсан... талбайд манай мал орох боломжгүй..." гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь ...нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Дархан-Уул аймгийн Орхон сумын Баян-Өлзийт багийн Улаанхошуу гэх газар байрлах тариалангийн талбайд 2019.09.28, 29-ний өдрүүдэд бог мал орж, тариалсан лууванг идэж, сүйтгэсний улмаас ургамлын өсөлт зогсож, зах зээлд борлуулах, хадгалах боломжгүй болж, 4,571,667 төгрөгийн хохирол учирсан нь тус сумын Засаг даргын тамгын газрын Тариалангийн хохирол тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хариуцагч нар тухайн талбайд Р.Бат-Эрдэнэ лууван тарьсан болохыг үгүйсгэж маргаагүй, иймд нэхэмжлэгч Р.Бат-Эрдэнэ нь тухайн тариалангийн талбайг эзэмшигч, эсхүл уг талбай түрээсэлдэг эсэхийг тогтоох нь энэ маргаанд ач холбогдолгүй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын...эд хөрөнгөд ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээр төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь ....манайх улаан зүсмийн голдуу ямаатай... ,тухайн өдөр манай мал хариулгатай байсан... гэх тайлбараас өөрөөр татгалзлын үндэслэлээ нотлоогүй байна.
Мөн хэрэгт авагдсан талбайд бог мал орсон байгаа фото зургуудыг хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэхгүй бөгөөд зурагт байгаа талбайд орсон бог малыг өөрийнх нь биш гэдгийг хариуцагч баримтаар нотолж чадаагүй болно.
Иймээс хариуцагч Б.Бат-Эрдэнээс 1,500,000 төгрөг гаргуулсан шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т ...гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө" , 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд ...эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасантай нийцжээ.
Хариуцагч Ш.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байхад түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн алдааг залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байна.
Дээр дурдсан үндэслэлээр ...нэхэмжлэгч нь бусдаас гэм хорын хохирол шаардах эрхтэй болохыг нотлох тариалан эрхлэх гэрчилгээ, түрээсийн гэрээ ... зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй..., ...гэм хор учруулагч нь хэн болох нь тогтоогдоогүй, ...гэрэл зургууд хэлбэрийн шаардлага хангаагүй..., нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 07 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ
Г.БАНЗРАГЧ
Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН