Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өлзийн Уянга |
Хэргийн индекс | 181/2018/01703/И |
Дугаар | 849 |
Огноо | 2019-04-10 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М-д холбогдох,
М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 10,924,262 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, Д.Түмэнжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний болоод өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 10,924,262 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг зөрүүгээс нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргаж байна.
Нэхэмжлэгч нь М-ийг 1994 онд эдийн засгийн бакалавр, эдийн засагч-статистикч мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш сургуульдаа судлаач, багш, ахлах багш, дэд профессор, профессор зэрэглэлийн албан тушаалд ажиллахын зэрэгцээ удирдах албан тушаалд сүүлийн 10 гаруй жил ажилласан. Сүүлд Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлаар 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 сарын 25-ны өдрийг хүртэл тус тус ажилласан.
Энэ хугацаанд сургуулийн эрхэм зорилго, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд өөрийн хариуцсан үйл ажиллагаа, чиг үүргийг Монгол Улсын хууль, М-ийн дүрэм, журмын хүрээнд нэр төртэй биелүүлж ирсэн. Ялангуяа хөгжил, санхүү хариуцсан дэд захирлаар томилогдсон цагаасаа М-ийн санхүү, нягтлан бодох бүртгэл, төсөв, төлөвлөлт, гүйцэтгэлийн үйл явцыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, үйл явцыг илүү сайжруулах, төсөв, төлөвлөлт, гүйцэтгэлийн ил тод байдал, нягтлан бодох бүртгэлийн тайлагнахыг сайжруулах зорилгоор үе шатны төлөвлөгөө гарган ажилласан.
Төсөв, төсвийн гүйцэтгэлийн дүн шинжилгээ хийдэг болж, бүрэлдэхүүн сургууль, газар, хэлтэс, алба нэг бүрийн төсвийн гүйцэтгэлийг сайжруулах, гүйцэтгэлийг хамт олонд ил тод болгох үүднээс 2017 оны 10 дугаар сараас эхлэн удирдлагуудаар нь тайлан тавиулж, хяналт тавин ажиллаж байна. Өмнө нь М-ийн хувьд бүрэлдэхүүн сургуулиуд төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлангаа бүрэлдэхүүн сургуулийн төвшинд танилцуулж, хэлэлцүүлдэггүй байсан. Тэгвэл Ц.Б бүх бүрэлдэхүүн сургууль, газар, хэлтэс, албаны санхүүгийн болоод төсвийн гүйцэтгэлийн тайланг бүх тэнхимийн эрхлэгч нарт танилцуулах ажлыг зохион байгуулж, төсөв боловсруулалт, боловсруулах үйл явцад багш, ажилтны оролцоог хангах, тэдний санал хүсэлтийг тусгах, төсөв батлагдсаны дараах эргэх холбоог сайжруулах үүднээс бүрэлдэхүүний сургууль бүр дээр ажиллах ажлыг амжилттай хэрэгжүүлж эхлүүлсэн.
Гэтэл М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар нь 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар бүхий “Ц.Бгийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилд томилох тухай” тушаалыг гаргаж намайг үндэслэлгүйгээр Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлаас чөлөөлөн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Үүнд:
1. Үндэсний аудитын газраас М-ийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийсэн дүнгээр М “хязгаарлалттай санал дүгнэлт” авч, зөрчил арилгуулах 2 албан шаардлага, 1 акт тогтоогдсонд Ц.Бг буруутган, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах үндэслэл болгожээ. Энэхүү алдаа, зөрчил нь хувь хүн Ц.Болормзаагийн хувьд гаргасан алдаа, зөрчил биш бөгөөд М-ийн санхүү, бүртгэлийн үйл ажиллагаанд байгаа зүйлс юм. Мөн Аудитын тайлангийн гол асуудалд дурдагдсан алдаа, зөрчлийг арилгах бүрэн боломжтой бөгөөд Үндэсний аудитын газраас өгсөн зөвлөмжийн дагуу шат дараалсан арга хэмжээ аваад хэрэгжүүлж байна. Сургуулийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн арилгасан байх зорилготойгоор үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” А/104 тоот тушаалаар батлуулан, хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн бүрэлдэхүүний болон салбар сургуулиуд, бие даасан нэгжүүдэд уг батлагдсан төлөвлөгөөний дагуу санхүүгийн дотоод аудит хийх ажлыг эхлүүлэн ажиллаж байгаа болно. Аудитын дүгнэлт, зөвлөмжөөс харахад 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор дээр дурьдсан зөрчил, алдааг залруулах, сайжруулах ажлыг М-д даалгасан байна.
2. Ажлаас халах хоёр дахь гол үндэслэл болгож буй материал нь БСШУСЯ-ны Мониторингийн ажлын хэсгийн тайлан, дүгнэлт гэжээ. БСШУСЯ-ны Сайдын тушаалаар ажлын хэсэг М дээр 04 дүгээр сард ажилласан. Ажлын хэсэг нь “Мониторинг” хийж эхэлсэн эхний өдөр М-ийн удирдлагын багтай уулзах үед Ц.Б байсан ба үүнээс хойш мониторингийн явцад нэг ч удаа дуудаж уулзаагүй, асуух, тодруулах үйлдэл хийгдээгүй бөгөөд ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулах үед болон СЭЗГ-ын дарга Д.Отгонбаатарыг үүрэгт ажлаас халах тухай санал өгсөн зэрэг асуудлууд огт яригдаагүй. Үүнээс хойш мониторингийн дүгнэлтийг нэг ч танилцуулаагүй. Тэгсэн атлаа мониторингийн ажлын хэсгийн дүгнэлтийг “ажлаас халах” тушаалын үндэслэл болгосон байна.
Ийнхүү санхүүгийн аудитын тайлангийн дүн болоод М дээр БСШУСЯ-аас мониторинг хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Ц.Бг ноцтой зөрчил гаргасан, ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэн М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Я.Төмөрбаатар “хөдөлмөрийн гэрээг цуцлах” ажил олгогчийн санаачилга гаргаж, 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “сонсгох ажиллагаа” гэгчийг зохион байгуулан, танилцуулж, улмаар 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал” гаргасан хууль зүйн үндэслэлгүй юм.
Ц.Б ажиллах хугацаандаа М буюу ажил олгогч талд санхүүгийн болоод эд хөрөнгийн хохирол учруулсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгтээ харш үйлдэл хийгээгүй бөгөөд М-д материаллаг болон мөнгөн хөрөнгийн ямар нэг хохирол учруулаагүй. Харин аудитын тайланд тусгагдсан М-ийн санхүү, бүртгэлийн алдаа, зөрчлийг цаг алдалгүй засах, залруулах ажлыг төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэхээр ажиллаж байсан, энд заасан алдаа Ц.Бд огт хамаагүй, тэрээр буруугүй болно.
Тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байхыг, харин 40.1.5 нь ажил олгогчийн итгэлийг алдах хэмжээний мөнгөтэй холбоотой алдаа дутагдал гаргасан байхыг шаардана. Хөдөлмөрийн гэрээний 5.3.2.2-т заасан байгууллагын санхүү эд хөрөнгө холбоотой зөрчил гаргасан нь хууль хяналтын байгууллагын актаар тогтоогдсон бол хөдөлмөрийг гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан нь хэт ерөнхий заалт. Энэ нөхцөл нь ажлын байрны чиг үүрэгтэй холбогдоно, чиг үүргээ хэрэгжүүлж байх явцад гарсан зөрчилд хамаарна. Гэтэл хаа хамаагүй чиг үүрэгт нь хамаарахгүй асуудлыг Ц.Бд хамаатуулсан.
Аудитын тайлангаар гарсан 6 зөрчлийг Ц.Бгийн гаргасан зөрчил мөн болохыг тогтоох ёстой. Түүний дараа Ц.Бд арга хэмжээ яригдах ёстой. Гэтэл аудитын дүгнэлтээр гарсан 6 зөрчлийг Ц.Б гаргасан уу гэдэг нь тодорхойгүй. Энэ дүгнэлт нь М-ийн ерөнхий үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлт болохоос Ц.Бгийн гаргасан зөрчлийг тогтоосон дүгнэлт биш. Харин энд заасан зөрчлийг гаргасан нэр бүхий 4 хүнд 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан байгаа.
Түүнчлэн тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлаад өөр ажилд томилоод байгаа нь эрх зүйн хувьд зөрчилтэй гэж үзнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан тохиолдолд Ц.Бгийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар зөрчил илэрсэн байхыг шаардана. Гэтэл дүгнэлтээр 2 албан шаардлага гаргаж, хугацаатай буюу 2018 оны 6 дугаар сарын 15-ны дотор зөрчил арилгах үүрэг өгсөн. Өгсөн үүргийг хэрэгжүүлэхгүй бол буруутай ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан. Энэ албан шаардлагыг захирал Ч.Төмөрбаатар авсан байдаг. Хэрэв хязгаарлалтай санал дүгнэлтээр буруутгагдсан бол сахилгын шийтгэл ногдуулах л арга хэмжээ авах ёстой байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбарт:
Зохигч үнэн зөв мэдүүлэг өгөх ёстойг сануулмаар байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Бгийн ажлын байрны үндсэн чиг үүрэг нь М-ийн Төсөв санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх хөрөнгө босгох, санхүүгийн нөөцийг чиглүүлэх, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал болон зохистой ашиглалтыг хангах ажлыг удирдан зохион байгуулах.
Ц.Б дээрх албан тушаалыг эрхлэн гүйцэтгэж байх хугацаандаа М-ийн төсвийг захиран зарцуулах санхүүгийн нэгдүгээр гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл тэрээр ажиллах хугацаандаа М-ийн төсвийн гүйцэтгэлд хяналт тавих чиг үүргээ огт хэрэгжүүлээгүй, төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа санхүүгийн хууль тогтоомж, дүрэм, журмыг огт мөрдөж ажиллаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ц.Б М-ийн Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалтны хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, холбогдох хууль болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Учир нь, М-ийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын шалгалтаар нийт 100,958.8 сая төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдал илэрсэн байна. Энэхүү зөрчлийг үндэслээд Монгол Улсын Үндэсний Аудитын газраас санхүүгийн аудитын тайлан, аудитын гэрчилгээгээр аудитын “хязгаарлалттай” санал дүгнэлтийг гаргасан. Аудитын “хязгаарлалттай” дүгнэлт гарах болсон шалтгаан нь Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал үндсэн үүрэгт ажлыг хангалтгүй хийж гүйцэтгэсэнтэй шууд холбоотой юм. Тухайлбал:
Ц.Б нь М-ийн Захирлын 2017 оны А/341 дүгээр тушаалаар 2017 оны жилийн эцэст нийт 42,222.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгөнд тооллого хийх ажлыг хариуцсан боловч энэхүү тооллогыг явуулаагүй атлаа тооллого хийсэн мэтээр илтгэх хуудас, тооллогын нэгтгэсэн дүн, тайлангүйгээр санхүүгийн жилийн эцсийн тайлан гаргасан байна. Мөн тайлант оны эцэст өглөгийн 305.2 сая төгрөг, авлагын 578.3 төгрөгийг тооцоо нийлж актаар баталгаажуулж, баримтжуулсны эцэст санхүүгийн тайлан гаргах байтал жилийн эцсийн санхүүгийн тайланг тооцоо огт нийлэхгүйгээр гаргасан байна.
Ц.Б нь төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу хуулийн болон олгогдсон эрхийн хүрээнд захиран зарцуулах үүрэгтэй атлаа төрийн өмчийг түрээслүүлэх гэрээ байгуулаагүйгээс 6.4 сая төгрөгийн орлогыг төсөвт дутуу төвлөрүүлсэн, гадаад оюутны сургалтын төлбөр, буфет, заалны түрээсийн төлбөр, хандивын орлого болон тендерийн материалын 2,451.1 сая төгрөгийн орлогыг бэлнээр хүлээн авч зарцуулсан ба кассын бүртгэлийн дэвтэрт огт хөтлөгдөөгүй байсан байна. Мөн төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэргүйгээр 30,752.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгө бэлтгэж, 19,080.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг данснаас хассан байна.
Тэрээр тайлант онд 5,996.7 сая төгрөгийн худалдан авалт хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлтийн тэмдэглэл хөтлөөгүй, тендерт оролцогчдод албан тоот мэдэгдэл хүргүүлэхгүйгээр явуулсан нь санхүүгийн аудитын шалгалтаар илэрсэн байна.
Иймд Ц.Бгийн санхүүтэй холбоотой ноцтой зөрчлийг санхүүгийн эрх бүхий байгууллага буюу Үндэсний Аудитын Газар шалгаж тогтоон, актаар нотолсон байна.
М болон Ц.Бгийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр дээрх зөрчлийг хөдөлмөрийн харилцаа шууд зогсоохуйц ноцтой зөрчилд тооцохоор харилцан тохиролцсон, мөн ажил олгогчийн итгэлийг алдсан тул М-ийн захирлын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/233 тушаалаар Ц.Бгийн хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
Ц.Б нь хариуцсан ажлаа сайжруулах, алдаа дутагдалгүй болгох ажлыг хийх ёстой ч мэдээж алдаа дутагдал гарвал хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа тул хууль зөрчсөн санхүүгийн ноцтой зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдний хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б хариуцагч М /цаашид М гэх/-д холбогдуулан М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 10,924,262 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 2.2.4, 5.3.1, 5.3.2.2 дахь заалт, Монголын Үндэсний Аудитын газрын САГ-2018/111/СТА-ТӨҮГ кодтой “санхүүгийн аудитын тайлан”, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02/61 тоот акт, 04/22, 04/123 тоот шаардлага, БСШУСайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/107 тоот тушаалаар байгуулагдсан М-ийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн шалгалтын тайлан, дүгнэлтийг үндэслэн Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг “хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан “байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан нь холбогдох байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар нотлогдсон” гэх ноцтой зөрчил гаргасан болон ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь холбогдох эрх бүхий байгууллагын тайлан, акт болон албан шаардлагуудаар тус тус тогтоогдсон” гэж 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөр цуцалж, мөн өдрөөс Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын профессорын албан тушаалд томилжээ.
Энэ тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гаргасан тул шүүх гомдлын үндэслэлийг хянан хэлэлцэв.
Үндэсний аудитын газраас М-ийн 2017 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн аудит хийж, “хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн бөгөөд аудитын явцад үндсэн хөрөнгө, өглөг, авлага, худалдан авах ажиллагаа, мөнгөн хөрөнгө, зардал, дотоод хяналтын үйл ажиллагаанд илэрсэн алдаа, зөрчилтэй асуудлаар 02/61, 01/31 тоот акт, 04/122, 04/123 тоот албан шаардлага болон 6 зөвлөмж хүргүүлжээ.
2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 02/61 тоот актаар “Төрийн өмчийг түрээслүүлэх гэрээ байгуулаагүйгээс төсөвт дутуу төвлөрүүлсэн 6,368,307 төгрөгийг улсын төсвийн орлогын дансанд төвлөрүүлэхийг...”, 04/122 тоот албан шаардлагаар “Төсвийн хөрөнгийг үр ашигтай, зориулалтын дагуу хариуцлагатайгаар захиран зарцуулахыг...”, 04/123 тоот албан шаардлагаар “Жилийн эцсийн тооллогын дүнг эцэслэн нэгтгэсний дараа санхүүгийн тайлан гаргаж байхыг...” тус тус М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч болон ерөнхий нягтлан бодогч нарт даалгажээ.
Дээрх акт, албан шаардлагууд нь М-ийн үндсэн хөрөнгө болон зардлын үйл ажиллагаанд илэрсэн алдаа зөрчилд, харин зөвлөмжүүд нь үндсэн хөрөнгө, өглөг, авлага, худалдан авах ажиллагаа, мөнгөн хөрөнгө, дотоод хяналтын үйл ажиллагаанд илэрсэн алдаа, зөрчилд өгөгджээ.
Ажил олгогч нь санхүүгийн аудитын тайлан болон аудитаар илэрсэн 43,009,300,000 төгрөгийн зөрчилд хүргүүлсэн 2 албан шаардлага, 6,368,307 төгрөгийн зөрчилд тогтоосон төлбөрийн 1 актыг тус тус нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилд томилох тухай 5/233 тоот тушаалын үндэслэл болгосон байх ба нэхэмжлэгчээс гадна М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/106 тоот тушаалаар Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлын байрны шууд харьяалан удирдах Санхүү, эдийн засгийн болон Хангамж үйлчилгээний газрын албан тушаалтнууд болох мэргэжилтэн Б.Гантуяа, нягтлан бодогч Ж.Энхцэцэг, эдийн засагч Д.Тунгалаг, нярав Л.Хоролсүрэн нарт сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна.
Аудитын дүгнэлтээр гарсан алдаа, зөрчлүүдээс
-Үндсэн хөрөнгөнд тооллого хийсэн илтгэх хуудасгүй, тооллогын дүнг нэгтгэсэн тайлан эцэслэн гаргаж нэгтгэлгүйгээр санхүүгийн тайлан гаргасан гэх зөрчил нь “М-ийн санхүүгийн байдлын талаарх тайланг хууль болон стандартын дагуу цаг хугацаанд нь үнэн зөв гаргаж, удирдах дээд байгууллага болон олон нийтэд тайлагнах ажлыг удирдах” 3-р зорилтын хүрээнд хийгдэх ажлын 3.1-д заасан “санхүүгийн тайланг үнэн зөв гаргах”, Өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах 4 дүгээр зорилтын хүрээнд хийгдэх ажлын 4.1-д “М-ийн үндсэн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг... удирдан зохион байгуулах”,
-Тайлант онд 5,996,700,000 төгрөгийн худалдан авалт хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан нээлтийн тэмдэглэл хөтлөөгүй, тендерт оролцогчдод албан мэдэгдэл хүргүүлээгүй зөрчил нь ажлын байрны 4 дүгээр зорилтын хүрээнд хийгдэх ажлын 4.2-т “М-ын хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл явцыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах” талаар Хөгжил, санхүү хариуцсан дэд захирал Ц.Бгийн ажлын байрны тодорхойлолтод заасан гол үйл ажиллагааг хэрэгжүүлээгүйтэй холбоотой зөрчил гэж үзэхээр байна.
Энэ алдаа, зөрчилд өөрийн буруу байхгүй гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч түүний ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн үүрэг зорилтын хүрээнд зайлшгүй хийгдэх ажил, гол үйл ажиллагаа болж тусгагдсан, Аудит болон хөндлөнгийн хяналтын дүгнэлтээр алдаа, зөрчилгүй дүгнэгдэх, Хөрөнгө бүрдүүлэлт болон худалдан авалт нь хуулийн дагуу хийгдсэн байх гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй байх тул нэхэмжлэгчийг байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан, энэ нь холбогдох байгууллагын шалгалтаар нотлогдсон гэж үзэв.
Дээрх зөрчил нь Ц.Бгийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэх үйл баримт тогтоогдоогүй, харин хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэхүйтэй холбоотой гэж үзэх үндэслэлтэй.
Тэрээр мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан гэх ойлголтод хамаарах удирдах албан тушаалтан мөн бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй түүний эс үйлдэхүй нь ажил олгогчийн итгэлийг алдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлд хамаарна гэж шүүх үзлээ.
Байгууллагын үйл ажиллагаанд гарсан алдаа, зөрчлийг бүгдийг зөвхөн Ц.Бгийн эс үйлдэхүйтэй холбоотой гэж үзээгүйтэй нэг адил энд дан ганц түүний шууд харьяалан удирдах албан тушаалтнуудыг буруутай гэж үзэх нь шударга ёсонд нийцэхгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5-д “... ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж заасан.
Иймд Ц.Бг хуулийн энэ үндэслэлээр Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн тушаалыг үндэслэл бүхий гэж үзнэ.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан ... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Учир нь, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчилд 5.3.2.2-т заасан холбогдох байгууллагын шалгалт, хууль хяналтын байгууллагын актаар байгууллагын санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зөрчил гаргасан нь нотлогдсон бол гэх ойлголтод тухайн ажилтны биечлэн гүйцэтгэж байгаа ажил үүрэгт чиглэсэн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зөрчил нотлогдсон байхыг ойлгохын зэрэгцээ ийнхүү зөрчил гаргаснаас хойш 6 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай шийдвэр гаргана гэж ойлгоно.
Манай тохиолдолд нэхэмжлэгчийн бус байгууллагын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгээр алдаа, зөрчил илэрсэн, үүнийг ганцхан нэхэмжлэгчийн үйл ажиллагаатай шууд хамаатуулах нь ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний дээрх зохицуулалтад нийцэхгүй юм.
Үүнээс гадна ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар заасан ноцтой зөрчлийг гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасан хугацаа хамаарах байтал алдаа, зөрчил илрүүлсэн гэх аудитын тайланг 2018 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн М-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, зөрчлийг илрүүлсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гаргасан нь сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад хуулийн дээрх хугацаа хамааралгүй тул шүүх тушаалын энэ үндэслэлийг хуульд нийцсэн гэж үзсэн болно.
Хэдийгээр М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн нь хуульд нийцээгүй боловч мөн зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй, тушаалын энэ үндэслэл хуульд нийцсэн тул шүүх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзнэ.
Ажил олгогч болон ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар уг гэрээнд заасан ажлын байр, албан тушаалд хамаатай тул Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажлын байранд ажиллаж буй Ц.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан явдал нь зохигчдын хооронд өөр ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэл зоригийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл, дээрх нөхцөл байдал нь ажилтан, ажил олгогчийн хоорондын хөдөлмөрийн харилцааг нэг мөр дуусгавар болгох үр дагаварт заавал хүргэхгүй болно.
Тиймээс Ц.Бг Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын албан тушаалаас чөлөөлж, М-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын профессорын албан тушаалд томилсон шийдвэрийг М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн нэг тушаалаар гаргасан явдлыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул уг тушаалыг хүчингүй болгуулж, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 10,924,262 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэгч Ц.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалын бас нэг үндэслэл болсон БСШУСайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/107 тоот тушаалаар байгуулагдсан М-ийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийсэн шалгалтын тайлан, дүгнэлтээр тогтоогдсон зөрчлүүдийг нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хариуцагчийн санаачилгаар цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан үндэслэлд шууд хамаатуулах үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүд, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 5/233 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Хөгжил, санхүү хариуцсан дэд захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт 10,924,262 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зөрүүгээс тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Ц.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА