Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 706

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШ -т холбогдох

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот захирамжийг биелүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүй байсан болохыг тогтоож, дээрх захирамжийн дагуу Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.       

  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, Б.Баттулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Т.Д нь “Икс лэнд констракшн” ХХК-тай байгуулсан хэлцэл буюу хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2011 онд Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1-д заасан хүсэлт гаргасны дагуу шүүх 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 3891 тоот захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр “Икс лэнд констракшн” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн.

Захирамж гарахдаа нэхэмжлэлийн үнийг 30,000 ам.доллар, “Икс лэнд” ХХК-ийн гэж нэрийг буруу бичсэн зэрэг алдааг гаргасан. Энэ захирамжийг шүүхээс шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй, шүүгчийн туслах хүргэгдсэн гэж, шийдвэр гүйцэтгэл ирээгүй гэсэн бөгөөд алдаа байгааг хэлсний дагуу 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн үнийн дүн болон хариуцагчийн нэрийг залруулсан.

2 захирамжийг шийдвэр гүйцэтгэх албанд нэхэмжлэгч өөрөө аваачиж өгсөн. Энэ дагуу шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж 2012 оны 6 дугаар сарын 07-нд “Икс лэнд констракшн” ХХК-ийн хөрөнгийг актаар битүүмжилсэн. Энэ тухай 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Т.Дд 2/8059 тоот мэдэгдэх хуудсыг хүргүүлж, “Икс лэнд констракшн” ХХК-ийн хөрөнгө болон үүсгэн байгуулагч С.Батбаатарын өмчлөлийн хөрөнгийг битүүмжилсэн талаар мэдэгдсэн.

Т.Дгийн нэхэмжлэлтэй “Икс лэнд констракшн” ХХК-д холбогдох иргэний хэрэг нь гүйцэтгэх удирдлага С.Батбаатар 2012 онд нас барсан, өв залгамжлагч нар өвийн маргаантай үндэслэлээр түдгэлзсэн. Өнөөдөр түдгэлзэлтэй хэвээр байгаа.

Т.Д нь шүүгчийн захирамжийн дагуу хөрөнгө битүүмжилсэн хэвээр гэж бодож явтал Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 119 дүгээр байрны өргөтгөлийн зоорийг нь 2018 оны эхээр Сүхбаатарын Амгалан гэдэг хүний өмчлөлийн хөрөнгө гэж битүүмжлэлээс чөлөөлсөн. Гэтэл Баянгол дүүрэг дэх бүртгэлийн хэлтсээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан нотлох баримтыг авахуулахад С.Амгалангийн өмчлөлд дээрх хөрөнгө нь 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шилжсэн байсан. Энэ нь битүүмжлэх тогтоол гарсан өдөр байдаг.

Битүүмжлэх тогтоолоос өмнө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгөнд үзлэг, нэгжлэг хийсэн тогтоолоос харахад шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагаа С.Амгалангийн өмчлөлд хөрөнгө шилжихээс өмнө хийгдэж эхэлсэн гэж үзэхээр байгаа. Ингээд шийдвэр гүйцэтгэх алба нь шүүгчийн захирамжийг шуурхай, нэн даруй бүрэн дүүрэн хийгээгүйгээс битүүмжлэгдсэн байсан өргөтгөлийн зоорь нь битүүмжлэлээс цуцлагдаж, С.Амгалангийн өмчлөлд шилжих нөхцөл бий болсон.

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилго нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө эд хөрөнгө үрэгдэх, устахаас сэргийлсэн агуулгатай байх тул энэ захирамжийг нэн даруй биелүүлэх ёстой байсан. Гэтэл 2012 оны 3 дугаар сарын 13-аас хойш эд хөрөнгийг лавлах, өмчлөгчийг тодруулах, бүртгэгдсэн, бүртгэгдээгүй эд хөрөнгө байгаа эсэхийг тогтоох, улсын бүртгэлийн албанд захиран зарцуулах хөдөлгөөн хийхийг зогсоохыг даалгах боломжтой байсан. Гэтэл эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй хөрөнгө байгаа нь тогтоогдсон байхад түүнд өмчлөгч бүртгэгдэх бүртгэл хийгдэх ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг улсын бүртгэлд даалгах ёстой байсан.

Энэ ажиллагаа хийгдээгүйгээс С.Амгалан нь уг үл хөдлөх хөрөнгийн анхдагч өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авч, Хаан банкны зээлийн барьцаанд тавьсан байдаг. Энэ ажиллагааг “Икс лэнд констракшн” ХХК-ийн захирал С.Батбаатар нас барснаас хойш түүний төрсөн дүү С.Баттулга, С.Амгалан нар бичиг баримт ашиглах замаар зохион байгуулж, хууль бусаар авсан байдаг.

Ийнхүү битүүмжлэгдсэн эд хөрөнгө нь “Икс лэнд констракшн” ХХК-ийн хөрөнгөөс хасагдаж, өөр этгээдийн өмчлөлд шилжсэнээр “Икс лэнд констракшн” ХХК-ийн хөрөнгөөс Т.Д төлбөрөө бүрэн авах эрх нь зөрчигдөх нөхцөл байдал үүссэн тул НШШГГ-ын эс үйлдэхүй байсны улмаас зоорийн давхрын битүүмжлэл цуцлагдсан тул битүүмжлэлийг сэргээж, дахин битүүмжилж өгнө үү.

С.Амгалангийн өмчлөлд бүртгэгдсэн байгаа бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг удаа дараа гаргасан боловч С.Амгалан нь гадаадад байдаг, хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй олон жил болж байна.

Өнөөдөр уг хөрөнгө нь Д.Янжинсүрэн нарын өмчлөлд шилжсэн байдаг бөгөөд НШШГГ-ын буруутай ажиллагааны улмаас өмчлөгч өөрчлөгдөх нөхцөл бүрдсэн учир энэ ажиллагаанд одоогийн өмчлөгчийг энэ хэрэгт оролцуулах ямар ч шаардлага байхгүй. Тухайн объектыг Т.Д өөрөө бариулсан бөгөөд С.Амгалан нь хуурамч баримт бүрдүүлж, хөрөнгийг өөртөө шилжүүлж авсан болохыг мэдэж байгаа юм. Хариуцагч нь хуульд заасан ажиллагааг хуулиар тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргаснаас шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн 3 үл хөдлөх эд хөрөнгөөс 1-ийг нь шийдвэр гүйцэтгэх байгууллага алдчихсан. Ийнхүү хөрөнгийг гувчуулснаас нэхэмжлэгч хохирч байна.

 Иймд Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 тоот захирамжийг биелүүлэх ажиллагааг хариуцагч зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүй байсан болохыг тогтоож, дээрх захирамжийн дагуу битүүмжлэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 1638 дугаар захирамжаар “Икс лэнд констракшн” ХХК-ийн эд хөрөнгийг 300,000 ам.долларын хэмжээгээр битүүмжлэх шийдвэр гарсны дагуу 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн эд хөрөнгөнд үзлэг хийж хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар руу 2/2811 тоот албан бичгээр “Икс лэнд констракшн” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тухай мэдэгдсэн. Энэ дагуу “Икс лэнд констракшн” ХХК-ийн 11 ширхэг авто зогсоол болон 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг битүүмжилсэн байдаг.

НШГА нь 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр тодорхой нэр бүхий хөрөнгөнүүдийг битүүмжилсэн. Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорь нь иргэн С.Амгалангийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон тул битүүмжлэлээс чөлөөлсөн байгаа.

Шүүгчийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн захирамжийг 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр манайх хүлээн авсан байх гэж үзэж байна. Энэ баримт нь байхгүй болохоор 3 хоногийн дотор ажиллагаа хийгээгүй гэж буруутгаж байх шиг байна. Шүүгчийн захирамжаар хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжил гэсэн болохоос бусад хамаарал бүхий хүмүүсийн эд хөрөнгийг битүүмжил гээгүй байгаа. Ийм учраас С.Амгалангийн гомдлоор эд хөрөнгийг нь чөлөөлсөн байгаа.

Хариуцагч нь шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу биелүүлэх ажиллагааг хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүх тэдгээрийн хүсэлтээр бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч НШт холбогдуулан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжуудыг биелүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүй байсан болохыг тогтоож, дээрх захирамжийн дагуу битүүмжлэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэх шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч хэрэгсэхгүй болгуулахаар маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

“Икс лэнд констракшн” ХХК-аас 300,000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний м.кв талбай бүхий орон сууц гаргуулахыг хүссэн Т.Дгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамжаар 30,000 ам.долларын хэмжээгээр “Икс лэнд” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авахдаа нэхэмжлэлийн үнийн дүнг 30,000 ам.доллар, хариуцагчийг “Икс лэнд” ХХК гэж алдаатай бичсэнийг тус шүүхийн шүүгчийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжаар зөвтгөж, нэхэмжлэлийн үнийн дүнг 300,000 ам.доллар, хариуцагчийг “Икс лэнд констракшн” ХХК болгон өөрчлөлт оруулжээ.

 

Энэ захирамжийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 182/1 тоот “Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөнд үзлэг нэгжлэг хийсэн тухай тогтоол”-оор “Икс лэнд констракшн” ХХК-ийн хөдлөх эд хөрөнгөнүүдийг хураан авч, 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 2/2811 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт “Икс лэнд констракшн” ХХК-ийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон хувьчлагдсан газар бүртгэлтэй эсэхийг тодруулан бүртгэгдсэн тохиолдолд нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр түдгэлзүүлэн хариу ирүүлэхийг даалгасан байна.

 

Энэ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “Икс лэнд констракшн” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 1, 2, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15 тоот авто зогсоолууд болон Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 117 тоот хаяг бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үйлчилгээтэй орон сууцны барилгын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухайгаа 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 6/2644 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгджээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор “Икс лэнд констракшн” ХХК-ийн 11 ширхэг авто зогсоол, зоорь, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт С.Батбаатарын өмчлөлд бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 6 тоот үйлчилгээний зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг битүүмжилж, энэ тухай 2012 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2/8059 дүгээр мэдэгдэх хуудсаар Т.Дд мэдэгджээ.

 

Эд хөрөнгө битүүмжлэх 182/1 тоот тогтоолоор битүүмжлэгдсэн гэх Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, зоорийн давхрын 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр анх С.Амгалан, түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Ч.Бат-Эрдэнэ, түүнтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр П.Түвшинжаргал, Д.Янжинсүрэн нар тус тус олж авсан ба уг үл хөдлөх эд хөрөнгө одоо “Жи Эс Би Капитал” ББСБ-ын барьцаанд бүртгэлтэй байна.

 

Хэргийн баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтад талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хариуцагч зохих ёсоор биелүүлээгүйгээс битүүмжлэгдсэн эд хөрөнгө нь бусдын өмчлөлд шилжсэнээр өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хөрөнгөгүй болж хохирох үндэс бүрдсэн гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүй байсныг тогтоолгож, одоо П.Түвшинжаргал, Д.Янжинсүрэн нарын өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг сэргээлгэх шаардлага гаргасан байдаг.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэгчийн энэ гомдлыг хянаад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4/2326 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэх хариуг өгсөн, нэхэмжлэгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасан харъяаллаар тус шүүхэд гаргасан байх тул шүүх гомдлыг хүлээн авч, гомдлын үндэслэлд дурдсан хэмжээ хязгаарын дотор хянан хэлэлцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ.” гэж тус тус заасны дагуу хариуцагч нь шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь шуурхай биелүүлэх үүрэгтэй.

 

Тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд НШ нь Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжийн дагуу 2012 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Икс лэнд констракшн” ХХК-ийн хөдлөх эд хөрөнгөнүүдийг хураан авч, тус компанийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авахыг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт даалгасны дагуу нэр бүхий 12 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн, НШГА 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор тодорхой хөрөнгөнүүдийг битүүмжилсэн ажиллагаа хийсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор, шуурхай явуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлгүй гэж гэж үзнэ.

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр захирамжийг шүүхээс хариуцагч байгууллагад хүргүүлсэн эсэх тодорхойгүй, шүүгчийн захирамжийг хариуцагч нь хүлээн авсан бүртгэл үгүйн зэрэгцээ уг захирамж техникийн алдаатай гарсны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх боломжгүй тул шүүх уг захирамжийг биелүүлээгүй гэж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг буруутгах боломжгүй юм.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүгчийн захирамжийг түргэн шуурхай биелүүлээгүй гэх нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүгчийн захирамжийг биелүүлэх үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т “төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх;” гэж зааснаар 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийхдээ уг тогтоолыг хаана үйлдсэн нь тодорхойгүй, уг актаар битүүмжилж байгаа эд хөрөнгөнүүд нь хариуцагчийн өмчлөлийн эд хөрөнгө мөн эсэхийг лавтай сайн тогтоогоогүй атлаа 11 ширхэг авто зогсоол, зоорь, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэлтэй хөрөнгөнүүдийг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь энэ маргаан үүсэх үндэс болсон байна.

 

Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн тухайд өмчлөх эрх нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсэх бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээгүй өргөтгөлийн зоорийн тухайд “Икс лэнд констракшн” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болох нь тогтоогдоогүй, шүүгчийн захирамжид нэр заан битүүмжлэхээр заасан хөрөнгө биш байхад юуны учир тухайн компанийн өмч гэж үзэж битүүмжилж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүйн улмаас талууд шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх маргааны үндэс болсон гэж дүгнэсэн болно.

 

НШ нь аливаа хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлдог байгууллага биш.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 182/1 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “зоорь” нь хаана байршилтай, ямар хэмжээтэй, хэний өмчлөлийн хөрөнгө болох талаар уг актад огт тусгагдаагүй тул шүүх уг хөрөнгийг одоо П.Түвшинжаргал, Д.Янжинсүрэн нарын өмчлөлд бүртгэлтэй байгаа хөрөнгө мөн гэж шууд дүгнэх боломжгүй байна.

 

Түүнчлэн уг хөрөнгө мөн байсан гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлэхээс өмнө буюу 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр С.Амгалан болон “Икс лэнд констракшн” ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдэж, үнийг бүрэн төлснөөр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар уг хөрөнгө С.Амгалангийн өмчлөлд мөн өдөр шилжсэн гэж үзэхээр байх тул хожим буюу 2012 оны 6 дугаар сарын 07-ны өдөр С.Амгалан өмчлөх эрхээ бүртгүүлэхээс өмнө зохих ажиллагаа хийгээгүй гэж хариуцагч байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Иймд Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжуудыг биелүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүй байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Шүүгчийн захирамжийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг сэргээлгэхийг хүссэн шаардлагын тухайд 1-рт шүүгчийн захирамжаар Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, зоорийн давхрын 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэхээр заагаагүй, 2-рт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн “зоорь” нь дээрх хөрөнгө мөн эсэх асуудал эргэлзээтэй, 3-рт тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч П.Түвшинжаргал, Д.Янжинсүрэн нарыг маргаанд оролцуулахгүйгээр тэдгээрийн өмчлөх эрхэд халдах хууль зүйн боломжгүй, 4-рт тэдгээр өмчлөгчийн эрхийг хязгаарлах хуулийн үндэслэл тогтоогдохгүй зэрэг үндэслэлүүдээр хангагдах хууль зүйн боломжгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан НШт холбогдох Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 3891 дүгээр, 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1638 дугаар захирамжуудыг биелүүлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй эс үйлдэхүй байсан болохыг тогтоож, дээрх захирамжийн дагуу битүүмжлэгдсэн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байрны 200 м.кв талбай бүхий өргөтгөлийн зоорийн битүүмжлэлийг сэргээлгэхийг хүссэн Т.Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                            

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ө.УЯНГА