Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2019/00939

 

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 184/ШШ2019/00939

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь Х банктай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 172000.... дугаартай зээлийн гэрээ байгуулан 80.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүүтэй авсан. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Х ХХК болон Б.Б нар нь 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 172000....-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г байгуулж, Б.Б-ы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-220100.... дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг барьцаалж, улсын бүртгэлд гэрээг бүртгүүлсэн. Х ХХК-ийн өмнө гүйцэтгэх Э ХХК-ийн хүлээсэн үүргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын ..-ны өдрийн 101/ШШ2018/00.. дугаартай шийдвэрээр тогтоож, хүчин төгөлдөр болсон тул хариуцагч буюу барьцаалуулагч Б.Б-ы өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, .... дугаар байрны ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220100.... дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х банктай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ юм. Учир нь уг гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ, хугацаа зэрэг нь бичигдээгүй байна. Иймд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ байна. Иймд

нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь Э ХХК болон хамтран үүрэг гүйцэтгэгч Ц. Ц нартай байгуулсан гэрээнийхээ үүргийг хангуулахаар манай гэр бүлийн ганц өмч болох 2 өрөө байраар бусдын авсан зээлийг төлүүлэх гэж байгаа нь шударга бус байна. Би Х банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй бөгөөд бусдын өмнөөс 80.000.000 төгрөгийн зээл, түүний хүүг төлж барагдуулах хүсэл зориг надад байгаагүй болно. Э ХХК-ийн захирал Д.Л нь намайг хууран мэхэлсэн нь илэрхий болж байна. Э ХХК нь манай байрыг барьцаалж 80.000.000 төгрөгийн зээл авсныг би мэдээгүй. Д.Л надад хэлэхдээ 10.000.000 төгрөг авч байгаа яаралтай мөнгө хэрэг болоод байгаа, хоёр, гурван сарын дараа барьцаанаас чөлөөлж өгнө санаа зоволтгүй гэсэн. Банктай байгуулсан барьцааны гэрээнд 80.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд байр барьцаалж байгаа талаар нэг ч үг үсэг байгаагүй бөгөөд банкны ажилтан ч надад хэлээгүй. Би Х банктай ипотекийн гэрээ байгуулан байр худалдаж аваагүй, зээл аваагүй байхад банк надтай гэрээ байгуулан миний өмчийг барьцаалсан нь хууль бус байна. Иймд Хас банктай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 172000.... -01 тоот Баталгаат ипотекийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж тооцож, барьцаанаас чөлөөлөхийг Х ХХК-д даалгаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Гэр бүлийн цорын ганц өмч болох 2 өрөө байраар бусдын авсан зээлийг төлүүлэх гэж байгаа нь шударга бус, хууль зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д: Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. гэж,  мөн хуулийн 153.4-т: Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж тус тус заасан тул Хас банк ХХК нь Б.Б-ы өмчлөлийн 2 өрөө байраар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд: ...бусдын өмнөөс зээл, түүний хүүг төлж барагдуулах хүсэл зориг надад байгаагүй...Э ХХК нь манай байрыг барьцаалж 80.000.000 төгрөгийн зээл авсныг мэдээгүй... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь Б.Баярсайхан нь банктай баталгаат ипотекийн гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний 1.1-д: Зээлдэгч нь үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр банкны шаардлагыг хангахтай холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлно гэж заасныг уншиж танилцаж, хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан мөртлөө одоо би мэдээгүй, надад бусдын зээлийг төлөх хүсэл зориг байгаагүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүлйийн 43.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаж, бичгээр байгуулагдсан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан, 189.1, 40.1-д зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж хийсэн, мөн тус хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан буюу улсын бүртгэлд бүртгүүлсэн, 156.4-т зааснаар нотариатаар гэрчлүүлсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Иймд хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ-ээр үүссэн барьцааны эрхийнхээ дагуу Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол .... дугаар байрны ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220100.... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Б.Б нь маргаж буй Баталгаат ипотекийн гэрээ-г хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг/ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн ба улмаар уг хэлцлийг хийхдээ ноцтой төөрөгдөж хийсэн, хууран мэхлэгдсэн гэж үзэж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үр дагаварыг арилгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаснаар талууд маргажээ.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б.Б-тай 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 172000....-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ-г бичгээр байгуулж, уг гэрээний дагуу хариуцагчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол .... дугаар байрны ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220100.... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байх ба гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх 18-21 дүгээр тал/

Талууд, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ-ний 1.1-д: ...Банк болон зээлдэгч Э ХХК нарын 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 172000.... дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд Барьцаалуулагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр Банкны шаардлагыг хангах..., гэрээний 1.4-д: Барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ нь энэхүү гэрээний 1.3.5-д заасан хэмжээгээр тодохойлогдох, 1.3.5-д: Банкны шаардлага гэж үндсэн гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийн хэмжээ, хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцааны зүйлийг худалдан борлуулахтай холбогдон гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал, барьцааны зүйлийг арчлан хамгаалахад гарсан зардал, уг эд хөрөнгөтэй холбоотой төлсөн татвар, хураамж, төлбөр зэрэг барьцаалагчаас гарсан зардал болон хохиролыг тооцох талаар тус тус харилцан тохиролцсон болох нь гэрээний энэ хэсэгт зурсан хариуцагч Б.Б-ы гарын үсгээр тогтоогдож байна. /хх 18 дугаар тал/

Түүнчлэн, талууд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ-ний 1.5-д үүргийг хангах хугацааны талаар, гэрээний 1 дүгээр хавсралтаар барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийн талаар тус тус тохиролцсон байх тул зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан хэлбэр болон агуулгын шаардлагыг хангасан гэж үзнэ. /хх 21 дүгээр тал/

Иймд, Баталгаат ипотекийн гэрээ-нд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ болон хугацааг тусгаагүй, гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага /Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг/-ыг хангаагүй гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь, Баталгаат ипотекийн гэрээ-г байгуулахдаа хууран мэхлэгдсэн, бусдын өмнөөс 80.000.000 төгрөгийн зээл, түүний хүүг төлөх хүсэл зориг байгаагүй буюу гэрээний агуулгыг эндүүрсэн, Зээлийн гэрээ байгуулаагүй байж, барьцааны гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ-г Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, үр дагаварыг арилгуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх 83 дугаар тал/

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д: талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэнд тооцдог байна. Харин хариуцагч Б.Б нь маргаан бүхий Баталгаат ипотекийн гэрээ-ний хуудас бүрт гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул 80.000.000 төгрөгийн зээл, түүний хүүг төлөх хүсэл зориг байгаагүй, гэрээний агуулгыг эндүүрсэн, ноцтой төөрөгдсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ тус тус нотлох үүрэгтэй байдаг. Хариуцагч Б.Б нь гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн, гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй гэх өөр бусад үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй болно.

Мөн Х ХХК нь Баталгаат ипотекийн гэрээ-нд гарын үсэг зуруулахдаа хариуцагч Б.Б-ыг хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан Хууран мэхэлж хийсэн хэлцэл нь хэлцэл хийгч нэг этгээд, нөгөө этгээдээ хууран мэхэлсэн явдлыг ойлгох тул Э ХХК-ийн захирал Д.Л нь хариуцагч Б.Б-ыг хууран мэхэлсэн гэх үндэслэлээр Х ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй болно.

Түүнчлэн Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар, аливаа иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь хуулиар хязгаарласнаас бусад гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй бөгөөд зээлийн гэрээ байгуулаагүй этгээд барьцааны гэрээ байгуулахыг хуулиар хориглоогүй, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т: Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж заасан байх тул зээл аваагүй байхад банк миний өмчийг барьцаалсан нь хууль бус гэх хариуцагчийн тайлбарыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын ..-ны өдрийн 101/ШШ2018/00.... дугаартай шийдвэрээр, Х ХХК болон Б.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгаат ипотекийн гэрээ-ний дагуу үүссэн барьцааны эрхээр хангагдах үндсэн үүргийг шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул ипотек эзэмшигч Х ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцаа хөрөнгийг албадан худалдаж, өөрийн шаардлагаа хангуулахыг барьцаалуулагч Б.Б-аас шаардах эрхтэй ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлүүд тогтоогдоогүй, шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, үүрэг гүйцэтгэгч Э ХХК болон Ц.Ц нар нь Х ХХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 172000... дугаартай Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ эс биелүүлбэл Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ... дугаар байрны .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220100... дугаарт бүртгэгдсэн, Б.Б-ы өмчлөлийн 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 172000....-01 дугаартай Баталгаат ипотек-ийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж, үр дагаварыг арилгуулахыг хүссэн хариуцагч Б.Б-ы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүлйийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нараас төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР