Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 92

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                                                                   Нэхэмжлэгч: “МТ ”   ХХК, Улаанбаатар хот

Сүхбаатар  дүүрэг   ....................          байр

                                                               Хариуцагч:   “НБ ” ХХК, Өмнөговь аймаг Даланзадгад сум Баруунсайхан 1-р

баг     ..............     тоот

Гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болон алданги болох 600 000 000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019 оны 03 сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О , Г.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , нарийн бичгийн дарга Ж.Мухлай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МТ ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, тайлбартаа: Манай компани “НБ ” ХХК-тай байгуулсан 80/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай, 81/16 тоот Барьцааны гэрээг 80/16 тоот гэрээний үүрэг дуусах хүртэл хугацаатай байгуулсан. 2016 оны 11, 12 дугаар сард  шатахуунаа нийлүүлсэн байдаг. 80/16 тоот  гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу худалдан авагч нь тухайн сард худалдан авсан барааны тооцоог дараа сарын 05-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх үүрэгтэй. Гэтэл тус компани нь 2017 оны 05 дугаар сараас хойш гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 400.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон 50 хувьд хүргэж зогсооход 200.000.000 төгрөг болж байна. Иймд үлдэгдэл төлбөр 400.000.000 төгрөг, алданги 200.000.000 төгрөг нийт 600.000.000 төгрөгийг “НБ ” ХХК-аас гаргуулах хүсэлтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2206029294, гэрчилгээ-000450734 дугаартай Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1124 мкв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани хариуцагчаас 600 000 000 төгрөг гаргуулах мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Хариуцагч 600 000 000 төгрөгийн шатахуун авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Худалдагч, худалдан авагч, барьцаалуулагч нар бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар буюу 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар “НБ ” ХХК нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус, залилуулсан талаар өөр ямар нэгэн хууль хүчний байгууллагад бүртгүүлэн шалгуулж байгаа нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Манайх 533 000 000 төгрөгийн шатахуун өгсөн гэхдээ илүү нийлүүлсэн 133 000 000 төгрөг дээр талуудын хооронд маргаангүй байгаа. Мөн 133 000 000 төгрөг дээр алданги тооцогдоогүй, гэрээний үлдэгдэл 400 000 000 төгрөгийн төлбөртэй. Хариуцагч тал нь төлбөрийн үнийн дүн болон алдангийн үнийн дүнтэй холбогдуулан ямар нэгэн байдлаар маргаагүй учраас үнийн дүнгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 шаардлагыг бүрэн дэмжиж байна, бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч “НБ ” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ”ЦНӨ”  ХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ компани нь “Таван толгой” ХКК-тай 2016 онд хийх нүүрсний гэрээтэй. “ЦНӨ” ХХК-ийн захирал Түмэн-Өлзий, “РГ” ХХК-ийн захирал Ц.Л  нар нь өөрсдийн бизнесийг явуулахын тулд манай компанийн нэр дээр “МТ ” ХХК-тай 80/16 тоот гэрээ хийлгэсэн. “РГ” ХХК нь тухайн үед “МТ ” ХХК-тай гэрээ хийж болохгүй байна, танай компанийг бид асуудалд оруулахгүй, энэ гэрээний учрыг асуух хэрэггүй, бидний бизнесийн нууц учир гэрээ хийчих гэж гуйсны үндсэн дээр манай компани энэхүү гэрээг “МТ ” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Уг гэрээнд дагалдуулж 81/16 тоот барьцааны гэрээг хийсэн, уг барьцааны гэрээнд “РГ” ХХК-ийн өмчийн 1124 мкв талбай бүхий орон сууцыг барьцаалсан. “МТ ” ХХК-тай гэрээ байгуулж болох юм уу? гэхэд “болно, хөрөнгөө алдахгүйн тулд шатахууны хөлсийг нүүрснийхээ үнээр төлнө” гэж хэлээд өөрийнхөө газрыг барьцаанд тавиад гэрээ байгуулсан. Г.З  гэж манай нөхөр  бид 2 “МТ Хан уул” ХХК дээр очиход бүх гэрээ бэлэн бид 2 гарын үсэг зураал өгсөн. Гарын үсэг зурахад “МТ ” ХХК нотариатаар батлуулах ёстой гэсэн  шаардлага тавихад  нотариат барьцаа хөрөнгийн эзэн нь байхгүй бол батлах боломжгүй гээд Ц.Л  өөрөө ирж гарын үсэг зурж байсан. Манай компанийн хувьд нэг литр ч шатахуун авч хэрэглээгүй болно. Зээлээр авсан шатахууныг “РГ” ХХК болон “ЦНӨ” ХХК хамтран гаргасан нүүрсний үнэд “Таван толгой” ХХК-ийн хөрсний компаниудад нийлүүлсэн. Мөн шатахууныг үнийг  “Таван толгой” ХХК-тай “ЦНӨ” ХХК-ийн нүүрсний үнэд суутган тооцох гэрээ байгуулсан болно. “МТ ” ХХК-аас авсан шатахууныг манай компани өөр бизнест зарцуулаагүй тул “РГ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татах нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. “МТ ” ХХК-аас 533 174 190 төгрөгийн шатахуун авсан нь үнэн. Энэ үнийн дүнгээсээ 33 174 190 төгрөгөөр, 70 000 000 төгрөгөөр, 30 000 000 төгрөгөөр “МТ Хан уул” ХХК-д төлөлт хийсэн. Шатахууны үнийн үлдэгдэл 400 000 000  төгрөг үлдэж байгаа нэхэмжлэгч тал алдангийг үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гээд 200 000 000 төгрөгийг нэхэмжлээд нийт нэхэмжлэлийн үнийн дүн 600 000 000 төгрөг болсон нь үнэн. “РГ” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа “100 000 000 төгрөгийг манай компанийг авсан, мөн манай байгууллагыг хуурч залилсан” гэж гүтгэж бичсэн байсан. Тэр “РГ” ХХК өөрөө хийгээгүй “ЦНӨ” ХХК манайх руу тээврийн хөлс гэж шилжүүлж байсан юм. Би Ц.Л той “Цэнгэг нуурын” өрнөл ХХК-ийн хүнээр дамжуулан нэг л удаа уулзаж байсан. “Танайх шатахууныхаа мөнгийг өгөөгүйгээс манай компани шүүхэд дуудагдаж байна ямар нэгэн байдлаар манайхыг хохиролгүй болгож өг. Хэлсэн үгэндээ эзэн байгаач” гэхэд Ц.Л  огт тоогоогүй. Манай компани тухайн үед ямар нэгэн ажилгүй байсан учир ажилтай болохын тулд, анх “РГ” ХХК-ийн захирал Ц.Л  нь бидэнд “Ах нь ийм их хөрөнгөө барьцаалж байгаа юм чинь танай компанийг ямар ч асуудалд оруулахгүй төлнө” гэж хэлсэнд итгэн гэрээг компанийнхаа нэр дээр байгуулсан. Иймээс манай компанийн зүгээс 600 000 000 төгрөгийг төлж чадахгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд “РГ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “РГ” ХХК-ийг Өмнөговь аймагт бүртгэлтэй “НБ ” ХХК нь анх нүүрс тээвэрлэлтийн хүнд даацын /60-80 тн/ 82 /наян хоёр/ тоо ширхэг бүхий бүрэн ажиллагаатай тээврийн автомашинтай гэж хуурч залилан итгүүлж, улмаар тухайн үед “ЦНӨ” ХХК-тай тохиролцсоныхоо дагуу орон нутгийн өмчит “Таван толгой” ХХК-аас нүүрс худалдан авч тээвэрлэн борлуулахаар 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан НГ/2016/057 тоот гэрээг үндэслэн хөрөнгө оруулалт хийлгэж нийт 235 000 000 /хоёр зуун гучин таван сая/ төгрөг “ЦНӨ” ХХК-аар дамжуулан авсан. /Хожим газар дээр нь шалгахад ямар ч 82 автомашин байгаагүй бөгөөд бидний өгсөн мөнгөөр авсан 2 ш хүнд даацын автомашин байсан болно./ “РГ” ХХК-ийг “ХБ ” ХХК-аас 300 000 000 төгрөгийн зээл авхуулж, үүнээс анх 115 000 000 төгрөгийг тээвэрлэлтийн хөлс гэж дансаар шууд авч мөн 65 000 000 төгрөгийг гэрээт ажил зохион байгуулж гүйцэтгэхэд зориулж гэх тайлбартайгаар “НБ ” ХХК-ийн захирал Э.Зоригтбаатарын эхнэр Д.Б  нь орон нутгийн өмчит “Таван толгой” ХХК-ийн захирал Р.Сэддоржид өгсөн гэх /гараар бичсэн баримт байгаа/, 25 000 000 төгрөгөөр шатахуун цэнэглэгч автомашин /запрущик/ худалдан авахад зориулсан гэж баримт өгч тооцоо нийлсэн болно. Мөн орон нутгийн өмчит “Таван толгой'’ ХХК-ийн захирал Р.С нь 30 000 000 төгрөгөөр Лексус 470 маркийн хуучин автомашиныг “НБ ” ХХК-д худалдсаны төлбөрийг манай компаниар төлүүлж нийт 235 000 000 төгрөг одоогийн байдлаар манай компаниас залилан мэхэлж авсан нь баримтаар байгаа болно. Мөн дээрх тээврийн хөлс 115 000 000 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж 1 ч автомашингүй байсан Э.Зоригтбаатар нь Ланд круйзер 105 маркийн автомашин болон хүнд даацын 2 ш автомашин худалдан авсан, мөн энэ мөнгөнөөс кемп байгуулсан болохыг бид хожим мэдсэн.

!5>Ч

Бидний зүгээс дээрх компаниудын хоорондын хэлцэлд ямар нэгэн байдлаар шууд оролцоогүй бөгөөд харин тэдний хүсэлтийн дагуу ашиг хуваарилан авах, хөрөнгө оруулалтаа нөхөн авна гэсэн итгэл үнэмшлээр мөнгө оруулж хохирсон болно. Бид энэ асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж байгаа бөгөөд залилан мэхлэх, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулан шийдвэрлүүлэх болно. “МТ ” ХХК-тай компанитай “НБ ” ХХК-ийн байгуулсан гэрээг гуйж байгуулсан мэтээр ямар ч баримтгүй худал тайлбарлаж манай компанийг гуравдагч этгээдээр татуулсан байх ба баталгаа болгож ХУД-ийн 11-р хороо, Зайсан гудамж 66/2 тоот үл хөдлөх хөрөнгийг /давхар барьцаанд байсан/ харин өөрсдөө залилж итгүүлэн барьцаанд тавиулсан нь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл болох тул бид дээрх байдлаар шалгуулахаар болсон. Харин энэ хэрэгт гуравдагч этгээдээр “ЦНӨ” ХХК-ийг татан оролцуулах нь зүйтэй бөгөөд хоорондын тооцоо болон маргаантай асуудлаа уг компанийг татсанаар илүү тодорхой болох байтал зориуд шүүхийг будилуулж байна гэж үзэж байна. Иймд “МТ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй “НБ ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт “РГ” ХХК /захирал Ц.Л /-ийг гуравдагч этгээдээр татсан нь үндэслэлгүй бөгөөд барьцаа хөрөнгөөр манайд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нэхэмжлэлийн нэмэлт шаардлага нь Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.3-т зааснаар “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор” хууран уг хэлцлээс манай компанид ямар нэгэн төлбөр 1 -т зааснаар ашиг хуваарилна гэсэн тохиролцож бэлэн мөнгөөр 235 000 000 төгрөг, барьцаа хөрөнгө ХУД-ийн 11-р хороо, Зайсан гудамж 66/2 тоот үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 59-р зүйлийн 59.1-д зааснаар “НБ ” ХХК нь “РГ”ХХК /захирал Ц.Л /-ийг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж эс зөвшөөрч байна. Жич: “НБ ” ХХК, “ЦНӨ” ХХК нарт залилуулсан болон хохирсон, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулан шийдвэрлүүлэхээр холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж байгаагаа албан ёсоор уг тайлбараар мэдэгдэж байна. Иргэний хуулийн 29-р зүйлийн 29.5-д зааснаар” Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх эрхгүй тул анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцохгүй, биднийг байлцуулалгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “МТ ” ХХК нь хариуцагч “НБ ” ХХК-д холбогдуулж газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 400 000 000 төгрөг, алданги төлбөрт 200 000 000 төгрөг, нийт 600 000 000 төгрөг гаргуулах, төлбөрөө төлж барагдуулаагүй тохиолдолд барьцааны зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2206029294, гэрчилгээ-000450734 дугаартай Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хорооны Зайсангийн гудамж, 66/2 тоот хаягт байршилтай 1124м2 талбайтай аялал жуулчлалын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаарджээ.

Хариуцагч “НБ ” ХХК нь зээлийн гэрээний үүрэг болох 600 000 000 төгрөгийг барьцааны зүйлээр хангуулна гэсэн тайлбарыг гаргадаг.

Хариуцагч “НБ ” ХХК нь зээлийн гэрээний үүрэг болох 600 000 000 төгрөгийг  барьцаа хөрөнгөөр хангуулах тайлбарыг гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

“МТ ” ХХК нь “НБ ” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар тухайн сард худалдан авсан барааны тооцоог дараа сарын 05-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор “МТ ” ХХК-ийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх нөхцөлөөр 80/16 дугаартай гэрээ /хх-8-10/ байгуулжээ.

 Тус гэрээний баталгаа болгож “РГ” ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байршилтай 1124 м2 талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 81/16 дугаартай барьцааны гэрээ /хх-11-13/-г байгуулжээ.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, Иргэний хуулийн 263.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ” гэж, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж, мөн хуулийн 196.1.2 дахь хэсэгт “Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан .... бол талууд нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэхээр заажээ.

Талуудын хооронд байгуулагдсан 80/16, 81/16 тоот гэрээнүүд нь “МТ ” ХХК, “НБ ” ХХК-ын хооронд бичгээр хийгдэж, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулсан байх тул дээрхи хуулийн этгээдүүдийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.

Гэрээний 5.2-д “Худалдан авагч нь тухайн сард зээлээр худалдан авсан барааны тооцоог дараа сарын 5-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба акт үйлдсэнээс хойш 5 хоногийн дотор ...дансанд шилжүүлэх буюу худалдагчид бэлнээр төлнө” гэж тохиролцжээ. 

“МТ ” ХХК нь шатахуунаа үнийг төлөхөөс өмнө шилжүүлэхээр, “НБ ” ХХК нь үнийг 2 сарын турш хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон болох нь тэдний хооронд байгуулагдсан гэрээгээр нотлогдож байх тул талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч “МТ ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

“МТ ” ХХК нь 533 174 190 төгрөгийн үнэ бүхий 327089 литр шатахууныг “НБ ” ХХК-д нийлүүлсэн, “НБ ” ХХК нь шатахууны үнэд 133 174 190 төгрөг төлсөн,  400 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгч хариуцагчийн тайлбар, тооцоо нийлсэн акт, “НБ ” ХХК-д нийлүүлсэн түлшний баримт /хх-22-28-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгээгүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтуудыг няцаахгүй байна.

Иймд “НБ ” ХХК-аас 400 000 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт “Хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг торгууль гэнэ” гэжээ.

Мөн гэрээний 8.2-д “Худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө” гэж тохиролцжээ.

Хариуцагч “НБ ” ХХК нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх ба энэхүү хэтэрсэн хугацааны алданги нь гүйцэтгээгүй үүрэг болох 400 000 000 төгрөгийн 50 хувиас хэтэрч байна. Иймд алдангид 200 000 000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь ...барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэжээ.

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “МТ ” ХХК болон “НБ ” ХХК, Ц.Л нарын хооронд “РГ” ХХК-ны өмчлөлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байршилтай 1124 м2 талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан 81/16 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх ба гэрээний 6-д барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг газрын тосны бүтээгдхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээгээр тодорхойлохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч “МТ ” ХХК барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулахыг шаардах эрхтэй байна.

Иймд НБ  ХХК нь зээлийн гэрээний үүрэг болох 600 000 000 сая төгрөгийг гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийн үнээс шаардлагыг хангуулах үндэслэлтэй гэж үзэв. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч “НБ ” ХХК-ны гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж байгаа гэсэн тайлбарыг  ирүүлсэн байх ба тайлбараа нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй байна.     “РГ” ХХК нь барьцааны гэрээний талаар маргаж шүүхэд хандсан эсэх нь тодорхойгүй байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд шинжлэн судалсан  “МТ ” ХХК-ны 9011087114 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “МТ ” ХХК-ийн дүрэм, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 80/16 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 81/16 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний хугацаанд өгч авалцсан зүйлийн тооцоо нийлсэн актын баримт, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд “МТ ” ХХК-ийн тооцоо нийлсэн акт, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “МТ ” ХХК-аас  “НБ ” ХХК-д төлбөр барагдуулах тухай албан тоот, “МТ ” ХХК-аас  “НБ ” ХХК-ийн авч байсан шатахууны баримтууд, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “МТ ” ХХК-ийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, “НБ ” ХХК-ийн гаргасан хариу тайлбарууд, “НБ ” ХХК-ийн захирлын тушаал, “НБ ” ХХК-ийн дүрэм, “НБ ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, “МТ ” ХХК-аас  ирүүлсэн хариу тайлбарууд, “РГ” ХХК-ны тайлбар, зэрэг баримтууд нь бичгийн нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

        “РГ” ХХК-аас ирүүлсэн Нүүрс худалдах худалдан авах гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй, зээлийн шугамын гэрээ, тооцооны баримтууд нь энэ хэрэгт хамааралгүй байх тул үнэлээгүй болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар ”НБ ” ХХК-аас 600 000 000 төгрөг гаргуулан “МТ ” ХХК-д олгож, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Зайсан гудамж 66/2 тоот хаягт байрлах 1124 м2 талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар   “МТ ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 229 950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “НБ ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3 229 950 төгрөг гаргуулан “МТ ” ХХК-д олгосугай.

Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс эхлээд зохигчид 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р. УРАНЧИМЭГ