Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 0039

 

1 С.Э-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Б /онлайнаар/ Шүүгдэгч С.Э Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолтой, С.Э-д холбогдох,  эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Тэшиг суманд төрсөн,  Булган аймгийн Тэшиг суманд оршин суух, Б овогт С-н Э.

Шүүгдэгч С.Э нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт Ш.Ч-г зодож, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж алсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Б овогт С-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг 2 үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д оногдуулсан 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-н цагдан хоригдсон 1183 хоног буюу 3 жил 2 сар 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шаргал өнгийн хуучин 2 үзүүр нь сэмэрч урагдсан бүс, саарал өнгийн урд энгэртээ эрэгтэй хүний зурагтай подволк, ягаан өнгийн босоо захтай 2 ханцуй цагаан өнгийн канттай энгэртээ цахилгаантай хоёр мөрөнд хөх өнгийн оруулгатай цамц, саарал өнгийн босоо захтай урд энгэртээ товчтой цамц, ногоон өнгийн нилонон зах ханцуйтай цамц, хөх саарал өнгө хосолсон хуучин түрсик, хөх өнгийн нилонон хоёр хажуу талдаа халаастай зүүн талд adidas бичиглэлтэй өмд, хар өнгийн хоёр талдаа халаастай нарийн кантан судалтай өмд, халаасанд хуучин хиртэж бохирлогдсон 2 хос оймс, 2 хос ягаан хуучирч элэгдсэн оймс, хос саарал өнгийн хуучирч элэгдсэн оймс, саарал хүрэн өнгийн ноосон оймс, хос гутал, нэг хөлөнд хиймэл хөлтөй, бор өнгийн хуучин элэгдэж урагдсан дээл, хар өнгийн нилонон материалтай үстэй дотортой цамц, 15 ширхэг хумс, таягны бариул, таягны хугархай, хар өнгийн чихэвч, цамц, хос гутал, цамц зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Э давж заалдах гомдолдоо: “ ... С овогтой Э миний бие маш ихээр гэмшиж байна. Талийгаач Ч бид хоёр ямар ч хэрүүл маргаан, зодоон хийгээгүй. Чи согтуу байна харьж амар гээд түлхсэн чинь чарга руу унасан. Би хиймэл хөлтэй гэдгийг нь мэдээгүй. Миний биеийн байдал маш хүнд байгаа тул надад оногдох ялыг хөнгөрүүлж, хөнгөн ял оноож өгнө үү... ” гэжээ.

Хохирогч Ш.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... С.Э болон түүний ар гэрийнхэн надад болон манай ах дүүсээ уучлалт гуйүж хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Одоо миний хувьд ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх төлбөр байхгүй. С.Э нь хүнийхээ хувьд буруу гаж араншин байхгүй. Миний ахыг санаатайгаар алья гэж алаагүй гэдэгт бид итгэж байна. Хоёр найз хамт архи ууж байгаад үл ялих маргаанаас болж С.Э нь ахыг минь цохисон байх гэж боддог. Шүүхээс С.Э-н ялыг хөнгөлж шийтгэж өгөхийг хүсье. С.Э нь ахуй амьдралын хувьд өөрөө хүнд өвчтэй, өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг, ээж нь хүнд өвчтэй байдгийг анхаарч үзэж энэ хүсэлтийг минь хүлээн авна уу” гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Б дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Э-г 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт Ш.Ч-г зодож, онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Анхан шатны шүүх С.Э-г хүнийг онц харгис хэрцгийгээр, биеэ хамгаалж чадахгүй болохыг нь мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч С.Э нь “...бид хоёр ямар ч хэрүүл маргаан, зодоон хийгээгүй. Чи согтуу байна харьж амар гээд түлхсэн чинь чарга руу унасан. Би хиймэл хөлтэй гэдгийг нь мэдээгүй. Миний биеийн байдал маш хүнд байгаа тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хөнгөн ял оноож өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурьдсан “ ... амь хохирогч нь биеийн эрүүл мэндийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй байсан болох нь тогтоогдож байна ... олон тооны гэмтэл учирсан нөхцөл байдлыг дүгнэж үзвэл түүнийг онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэж үзэх үндэстэй байна ... ” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь: С.Э-д холбогдох хэрэгт хамааралтай нотлох баримтууд болох амь хохирогчийн биед учирсан гэмтлийн шалтгааныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтэд “... амь хохирогчийн цээж хэвлийн битүү гэмтэл: дотор эрхтний хавсарсан олон гэмтэл тогтоогдлоо...” гэсэн /хх 125-126/, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч 4 нарын гаргасан 674 дугаартай дүгнэлтээр “ ... хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан ... дээрх гэмтлүүдийг авсан даруйдаа цээжээр, тухайлбал хавирга хугарсан хэсгээр хүчтэй өвдөж эхлэх ба өвдөлт нь амьсгал авах, хөдөлгөөн хийх, ханиах үед улам нэмэгдэнэ ... өвдөлт зовиур огт илрэхгүй байх боломжгүй ... ” /3 хх 85/ нь нотлогдсон боловч хохирогч Ш.Н-н “... тэгтэл талийгаач ах нь осголоо, хөлдлөө ш дээ гэж хэлсэн, өөрөөр бол юм хэлж яриагүй ба охин бид хоёр чарган дээр чирээд авч явсан. Охин бид хоёр чарган дээр дээлэнд нь ороогоод би чаргыг чирээд охин зүгээр хөлийг нь чарган дээр өргөөд чарганы араас түлхээд гэрт аваачсан...” гэсэн мэдүүлэг /хх 60/, гэрч Х.М нь “... гэрт орж ирээд цээж рүү өвдөөд байна гэж хэлсэн ба өөрөөр биеийн аль нэг хэсгээр өвдөж байгаа талаар хэлээгүй ... түргэн дуудах уу гэхэд яах юм бэ хэсэг биеийн байдлаа харж байгаад больё гээд дуудуулаагүй...” гэсэн мэдүүлэг /2хх 32/, насанд хүрээгүй гэрч М.Н-н “... Ч ах атийгаад зүүн гараа толгой доороо дэрлээд дээлээрээ өөрийгөө ороосон байдалтай өмдөө өвдгөө хүртэл тайлсан, хиймэл хөлөө салгаад нурууныхаа ард тавьсан байдалтай байхаар нь босооч нүдний булай болоод байх юм гэж хэлээд зүүн талаас нь өгзөг хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн чинь чимээгүй хэвтээд байсан. Ээж Э эгч хоёр татаж дээш нь босгоод түшээд сууж байхад нь куртикийг нь би өмсгөсөн. Тэгсэн Ч ах энд хэсэг унтья гээд байсан. Замдаа чаргаар ээж чирээд би эрүүл хөлнөөс нь өргөөд түрээд аваад явсан ... Тухайн үед манай гэр дулаахан байсан болохоор Ч ах хэсэг байж байгаад 30 минутын дараа сэрсэн ... ах нь хөлдлөө дулаацуулаад өгөөч гэж хэлэхэд ээж хөлөн дээр нь хөнжил тавьсан чинь хэсэг чимээгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх 66-67/, шинжээч эмч О.Н-н ” ... ямар нэг өвдөлт нь тухайн хүний өвдөлт даах чанар, нас, хүйс, дархлаа зэргээс хамаараад харилцан адилгүй байдаг. Тиймээс Ш.Ч нь өвдөлт зовиурыг бүдгэрсэн эсэхийг нарийн тогтоох боломжгүй ... Ч-т эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас аврагдахыг үгүйсгэхгүй...” гэсэн мэдүүлэг тус тус хавтаст хэрэгт /2хх 36/ авагджээ. Дээр дурьдсан баримтуудаас дүгнэхэд С.Э-н зүгээс амь харгис хэрцгий зан авир, үйлдлээрээ хохирогчийг алахад чиглэсэн үйлдэл хийсэн эсэх, амь хохирогч Ш.Ч нь дээрх гэмтлүүдийг авсан даруйдаа зовиур шаналгаа үүссэн гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн Ш.Ч нь зүүн хөлөө тайруулсан, хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 2011 оны 02 дугаар сарын 23- ны өдрөөс хугацаагүй 70 хувиар тогтоосон /2хх 45/ акт, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогддог боловч шүүгдэгч С.Э нь “... би тахир дутуу гэдгийг мэдээгүй... хэрэг болсны дараа мэдсэн...” гэж удаа дараа мэдүүлсэн байдаг. Мөн хохирогч Ш.Н “...манай талийгаач ах Ч, Э хоёрын хооронд ямар нэгэн өр авлага, өс хонзон, муудалцах, зодолдох гэх зүйл болж байгаагүй...” /хх 58/, ах маань тэр болгон сумын төвд орж ирдэггүй. Э-г 5 хэдийнээс эхлэн таних болсон талаар би мэдэхгүй байна /хх 61/ гэсэн бөгөөд С.Э-н “талийгаачийг хиймэл хөлтэй гэдгийг дараа нь мэдсэн” гэсэн дээрхи мэдүүлгүүдийг үгүйсгэх, няцаах баримт хэрэгт авагдаагүй байна. Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 352 дугаартай тогтоолд “....уг гэмтлийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэсэн байж болох, хохирогчид ямар зовиур шаналал үүсгэсэн байж болоход анхаарал хандуулж ач холбогдол өгөөгүй, ... хохирогч эрүүл мэндийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт этгээдийн эсрэг идэвхтэй үйлдэл үзүүлж чадах эсэхийг тогтоох, шүүгдэгч Э энэ нөхцөл байдлыг хэрхэн ухамсарласан тухай заавал тодруулах шаардлагатай” гэсэн боловч хохирогч Ш.Н, гэрч Д.У, Б.Г, шинжээч Г.Э, шүүгдэгч С.Э нараас мэдүүлэг авснаас өөр ажиллагаа огт хийгдээгүй байна. Шинжээч эмч Г.Э нь “... биеэ хамгаалах чадвар нь тухайн үеийн согтолтын хэмжээнээс хамаарна...” гэсэн бөгөөд шинжээчийн 1568 дугаартай дүгнэлтээр Ш.Ч-н цусанд 1.1 промилли спиртийн агууламж илэрсэн, энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарахаар дүгнэсэн /хх 127/, хохирогч Ш.Н болон шүүгдэгч С.Э нарын дээрх мэдүүлгүүдээс үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг “мэдсээр байж” алсан гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан С.Э-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан боловч шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол /хүний амь хохирсон/ зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ. Харин шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын хохирлыг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч С.Э-д хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1. 4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг 6 журамлан С.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч Б овогт С-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “12 жилийн” гэснийг “8 жилийн” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 2. Шүүгдэгч С.Э-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА ШҮҮГЧИД М.ХҮРЭЛБААТАР С.УРАНЧИМЭГ