Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/000861

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/00861

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Г.О ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.У-т холбогдох

 

18,069,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,   хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Г.О нь бараа бүтээгдэхүүн зарах үүднээс түрээсийн лангуунууд ажиллуулдаг. Тэрээр хариуцагч Ш.Утай харилцан тохирсны үндсэн дээр 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс түүнийг өөрийн барааны лангуун дээрээ худалдагчаар, цалинтай ажиллуулж эхэлсэн. Хариуцагч 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилласан байдаг. Худалдагч нь талуудын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн дагуу худалдахаар өгсөн барааг хүлээж авах, хүлээлгэж өгөх, бүртгэл хөтлөх, тооцоо нийлэх зэрэг үүргүүдтэй байдаг. Ингээд 2013 оны 7 дугаар сарын эхэнд Г.Оийн түрээслэж байсан “Тумбааш” дэлгүүр засварт орох болсон тул тэрээр өөрийн лангуун дээрээ байсан бараануудаа “Нарлаг” их дэлгүүр рүү зөөхөөр болсон. Бараагаа зөөх шаардлагатай болсон үед хариуцагч Ш.У нь ажил дээрээ ирэхгүй байсан тул өөрсдөө зөөж шинэ дэлгүүр дээрээ аваачсан. Тооллого хийх гэхэд хариуцагч мөн л ирэхгүй байсан тул аргагүйн эрхэнд худалдагч н.Г, н. нарыг байлцуулж үлдэгдэл бараанд тооллого хийхэд нийтдээ 14,469,000 төгрөгийн бараа дутсан байсныг олж илрүүлсэн. Түүнээс хойш Г.О нь Ш.Утай энэ асуудлаар олон удаа уулзаж, утсаар харилцаж, боломжийг олгож байсан. 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Ш.У нь нэхэмжлэгч Г.От “...2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд 2,500,000 төлнө, үлдэгдэл төлбөрийг хугацаа зааж төлнө” гэж тодорхойлолт бичээд гарын үсэг зурсан байдаг. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн маргаантай асуудал шүүхээр удаан хугацааны турш шийдвэрлэгдэж, цаг хугацаа алдаж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс анх хариуцагчид холбогдуулж гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс дутагдуулсан барааны үнэ болон түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн байдаг. Улмаар шинжээчийн төлбөрийг ч нэхэмжилсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ш.Уаас дараах зүйлсийг нэхэмжилж байгаа. Үүнд:

1/ Хариуцагч Ш.Уын дутагдуулсан барааны үнэ 14,469,000 төгрөгийг нэхэмжилнэ. Хариуцагч Ш.У гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж бараа дутагдуулсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр бүрэн нотлогдсон. Тооцоо нийлсэн баримтууд дээрх бичиг, мөнгө төлнө гэсэн бичиг нь түүнийх мөн болох нь нотлогдсон.

2/ Лангууны түрээсийн төлбөр 500,000 төгрөгийг нэхэмжилнэ. Учир нь хариуцагч Ш.У нь 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл “Нарлаг” их дэлгүүр дээр шинээр түрээслэн авсан лангуун дээрээ буюу ажлын байран дээрээ ямар ч шалтгаангүйгээр ирээгүй. Уг лангууны нэг сарын түрээс нь 500,000 төгрөг бөгөөд Ш.Уын буруугаас болоод нэхэмжлэгч нэг сарын түрээсийг ямар ч ашиггүй төлж барагдуулсан. Уг 500,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй.

3/ “Есөн хангай” ХХК-д шинжээчийн зардалд төлсөн 1,600,000 төгрөг,  “Чадварлаг аудит” ХХК-д шинжээчийн зардалд төлсөн 1,500,000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээч нар ажилласан. Шинжээчийн зардлыг уг нь хариуцагч тал төлөх ёстой. Гэтэл албаар төлбөрөө төлөхгүй, удаашруулж байсан тул нэхэмжлэгч талаас төлбөрийг шинжээч нарт төлсөн байгаа. Иймд уг шинжээчийн зардлын мөнгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон гаргуулж өгнө үү. Ингээд нийт 18,069,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэж шүүхээс хүсч байна.

Ер нь бол бараа, бүтээгдэхүүний дутагдал хамгийн сүүлд нүүхэд гэнэт гарч ирээгүй. Нэхэмжлэгч өөрөө хэд хэдэн лангуу ажиллуулдаг байсан бөгөөд бараагаа тоолж, тооцоо нийлэх болгонд хариуцагч Ш.У тухайн үедээ дутсан байсан барааг бусад лангууны худалдагч нараас авч, ижил төрлийн барааг тухай бүрд нь тоолуулж төлбөргүй гарч байсан нь сүүлд тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хариуцагч барааг байнга дутагдуулж, өртэй явж байсан нь тогтоогдсон. Үүнийг хариуцагч мушгин ярьж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч, хариуцагч нарын хөтөлж байсан гар бичмэлд шинжээч дүгнэлт хийсэн. Ш.Уын 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн дотор 2,500,000 төгрөг төлж барагдуулна гэж зурсан гарын үсэг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Ш.Уын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон.

Хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан тооцоо нийлсэн баримт дээр хариуцагч 2,500,000 төгрөгийг төлнө гэж бичсэн. Мөн нийт 14,969,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж бичсэн байгаа. Анхнаасаа л ийм бичиг байсан. Гэтэл өнөөдөр хариуцагч талаас “...бичгийг хүчээр бичүүлсэн”, “...нөхөж бичүүлсэн” гэж илт худал ярьж байна. Хэрэв үнэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж бичсэн бол энэ талаараа нотлох баримт зассан, хуурамчаар бүрдүүлсэн гээд шалгуулах, гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ талаар гэтэл өмнө нь ярьж байгаагүй, маргаж байгаагүй. Мөн нэхэмжлэгч хариуцагчийг дарамталж нэг ч зүйл бичүүлээгүй. Энэ хоёр бие биедээ итгээд л явж байсан. Ийм ч учраас хариуцагч өмнө нь дандаа “...би мөнгөө төлнө, яаж ийж байгаад төлнө” гэж өөрөө утсаар ярьж, мессеж бичиж байсан байдаг. Хэрэв үнэхээр хүчээр бичүүлсэн, дарамталсан бол хүн ийм зүйл ярьж, хэлэхгүй. Хариуцагчийн хэлсэн, ярьсан зүйлийг дандаа шүүхийн журмаар үзлэг хийж, баримтжуулсан байгаа гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Ш.У нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Г.Отэй харилцан тохирсны үндсэн дээр түүний ажиллуулдаг лангуун дээр цалин авч худалдагчаар 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажилласан. Үндсэндээ хариуцагч Ш.У нь ажиллаж байх хугацаандаа өөрийн зарж борлуулсан бараа, бүтээгдэхүүнээ байнга тулгаж, тооцоо нийлэн ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл гэрээний үүргээ зөрчиж байгаагүй. Ингээд 2013 оны 7 дугаар сард түүний ажиллаж байсан “Тумбааш” дэлгүүр засварт орохоор болж лангуу нь “Нарлаг” дэлгүүр рүү нүүхээр болсон. Ингээд тухайн үед баяр, наадам давхацсан учир бараагаа тулгаж, нийлж авч амжаагүй. Нэхэмжлэгч өөрөө ирээд хариуцагчийн эзгүйд бүх бараагаа аваад, шинэ дэлгүүр рүүгээ нүүсэн. Тухайн үед нэхэмжлэгчийн ар гэрт ажил явдал гарсан, нэхэмжлэгчээс шалтгаалсан учир бараагаа тулгаж, тооцоо нийлээгүй болно. Үүнд хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй. Талууд хэдэн шуудай бараа авсан, өгсөн талаар нэг ч тооцоо нийлээгүй. Талууд бие биендээ итгэж байсан учир алдсан зүйл байгаа. Өмнө нь дандаа тооцоо нийлдэг, бараа дутагдаж байгаагүй учир итгэж байсан. Өмнө нь ямар нэг байдлаар бараа дутагдсан, алга болсон тохиолдол гарах бүрийд Ш.У нь мөнгийг нь цалингаасаа төлж, дутагдлаа нөхөн ажиллаж байсан.

Хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан тооцоо нийлсэн баримт дээр хариуцагч 2,500,000 төгрөгийг төлнө гэж бичсэн нь үнэн. Гэхдээ уг бичгийг нэхэмжлэгч Г.О байнга дарамтлаад байсан учир хүчээр шахуу бичсэн. Уг бичгийг цэнхэр өнгийн балаар бичсэн байдаг. Гэтэл өмнө нь “...нийт 14,969,000 төгрөг” гэж улаан балаар бичсэн байгаа. Уг бичгийг нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөж бичсэн. Уг нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахад ийм бичиг огтоос байгаагүй. Хамгийн гол нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хамтран ажиллах хугацаанд тэдний хооронд бичгээр хийсэн нэг ширхэг “тооцоо нийлсэн”, “бараа хүлээн авсан, хүлээлгэн өгсөн” талаар баримт хэрэгт байхгүй. Шинжээч дүгнэлтээ дандаа нэг талаас гарган өгсөн баримтууд дээр хийсэн байгааг шүүх анхаарч үзээсэй. Нэхэмжлэгч Г.О нь өөрөө нийт 5 лангуу ажиллуулдаг. Тэрээр бараануудаа хүлээн аваад эдгээр 5 лангуунууд руугаа тараадаг. Эндээс л түүний яриад байгаа барааны дутагдал гэдэг зүйл нь гарсан байх.

Эцэст нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу худалдагчаар ажиллаж Г.Оээс цалин авч байсан ба дутаасан, завшсан зүйл огт байхгүй. Өдөр бүрийн орлогоо Г.От тушааж, тооллого хийж, тулгадаг байсан. Г.О өдөр бүрийн орлого хүлээж авлаа гэж гарын үсэг зурдаггүй, Ш.У орлого хүлээлгэж өглөө гэж гарын үсэг зурдаггүй байсан ийм л харилцаа. “Тумбааш” дэлгүүрт байсан барааг “Нарлаг” дэлгүүр рүү зөөхөд талуудад бараа тоолох боломж байсан. Тухайн үед нэхэмжлэгч Г.О 2-3 хоногийн дараа бараа тоолно гэж хэлээд явсан. Удалгүй Ш.Уыг байлцуулахгүйгээр барааны тооллого хийсэн байсан. Мөн хариуцагч нь 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчийн лангуун дээр ажиллаагүй. Ийм учраас нэхэмжлэгч яагаад 500,000 төгрөг нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч Г.О үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа тул дутагдуулсан барааны зүйлс, лангууны төлбөр, мөн шинжээчийн төлбөрийг хариуцагч төлөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ш.Ут холбогдуулж ажиллах хугацаандаа дутагдуулсан барааны үнэ 14,469,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд “Нарлаг” их дэлгүүрт түрээслэсэн лангууны төлбөр 500,000 төгрөг, “Есөн хангай” ХХК-д шинжээчийн зардалд төлсөн 1,600,000 төгрөг, “Чадварлаг аудит” ХХК-д шинжээчийн зардалд төлсөн 1,500,000 төгрөг, нийт 18,069,000 төгрөгийг шаардан шүүхэд ханджээ /1 хавтас 1-2, 2 хавтас 82 хуудас, 4 хавтас 25 хуудас/.

 

Хариуцагч Ш.У нь 2011 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Г.Оийн “Тумбааш” дэлгүүр дэх барааны лангуун дээр худалдагчаар ажилласан ба энэ талаар зохигчид маргаангүй байна.

 

“...лангуун дээр ажиллаж буй худалдагч нь худалдахаар өгсөн барааг хүлээн авч данс хөтлөх, тооцоо нийлэх зэрэг үүрэгтэй. Үүний хариуд сар бүр худалдагчид цалин тавьдаг” гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч талаас үгүйсгээгүй бөгөөд шүүхээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд нэг тал нь тодорхой ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, нөгөө тал нь тохирсон хөлс, төлбөрийг төлөх хоёр талт гэрээ буюу Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

1/ Дутагдуулсан барааны үнэ 14,469,000 төгрөг гаргуулах шаардлага:

 

2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ш.Уын хариуцан ажиллуулж байсан “Тумбааш” дэлгүүр дэх лангуун дээр байсан бараануудаа шинээр нээгдсэн “Нарлаг” дэлгүүр рүү нүүлгэхэд тодорхой хэмжээний барааны дутагдал гарснаар талуудын хооронд маргаан үүссэн байна.

 

Нэхэмжлэгч хариуцагч Ш.Уаас түүний дутагдуулсан барааны үнэ 14,469,000 төгрөг гаргуулах тухай өөрийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Ш.У нь өөрийн хариуцан ажиллуулж байсан лангуунаас 14,469,000 төгрөгийн барааг дутагдуулсан болох нь шинэ дэлгүүр рүү нүүх үед илэрсэн тул уг барааны үнийг түүнээс нэхэмжилнэ” гэж тайлбарласан.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлаа “...хариуцагч нэхэмжлэлд дурдсан хэмжээний бараа дутагдуулсан болох нь баримтаар нотлогдоогүй тул дутагдуулсан барааны үнэ, түрээсийн төлбөр, мөн шинжээчийн зардал гаргуулах агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж тайлбарлав.  

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг эрхийг эдэлж оролцдог.

 

1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд цэнхэр өнгийн балаар “...9 дүгээр сарын 05-ны дотор 2,500,000 төгрөг өгнө. Үлдэгдлийг нь хугацаа тохирно” гэж, уг бичиглэлийн өмнө улаан өнгийн балаар “...14,469,000+500,000, нийт 14,969,000” гэж тус тус бичигдсэн /1 хавтас, 6 хуудас/.

 

Дээрх “...9 дүгээр сарын 05-ны дотор 2,500,000 төгрөг өгнө. Үлдэгдлийг нь хугацаа тохирно” гэсэн бичгийн хэв нь хариуцагч Ш.Уынх мөн эсэх талаар хариуцагч маргаагүйгээс гадна энэ нөхцөл байдал нь шүүхээс томилогдон ажилласан шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5659 тоот дүгнэлтээр нотлогдож байна /3 хавтас, хх 41-46 хуудас/.

 

Хэдийгээр хариуцагч талаас “...2,500,000 төгрөг төлнө” гэсэн бичгийг хүчинд автаж бичсэн”, мөн “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал цэнхэр балаар бичсэний урд талд нь 14,469,000+500,000, нийт 14,969,000 гэж улаан балаар нөхөж бичсэн” гэж тайлбарлах хэдий ч уг тайлбараа нотлоогүй, хариуцагч талын тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй болно.

 

Дээр дурдсан бичгийн баримтыг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудтай буюу 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 1189 тоот шинжээчийн дүгнэлт, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондын харилцан яриа /мессеж/-нд шүүхийн зүгээс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл, “Чадварлаг аудит” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19/02 тоот шинжээчийн дүгнэлтүүдтэй харьцуулан судлахад хариуцагч Ш.У гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нийт 14,469,000 төгрөгийн барааг дутагдуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй /3 хавтас 67-97, 140-165, 215-250, 4 хавтас 1-2 хуудас/.

 

Иймд дутагдуулсан барааны үнэ болох 14,469,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

2/ Түрээсийн төлбөр 500,000 төгрөг гаргуулах шаардлага:

 

Нэхэмжлэгч энэхүү шаардлагын үндэслэлээ “...хариуцагч Ш.У нь 2013 оны 7 дугаар сард шинээр нээгдсэн дэлгүүрт ирж лангуун дээр худалдагчаар ажиллах ёстой байсан ч шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй. Үүнээс болж би 1 сарын лангууны түрээсэнд 500,000 төгрөгийг бусдад хий дэмий төлсөн” гэж тайлбарласан.

 

Дээр дурдсанчлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлага, түүний үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй.

 

Хариуцагч Ш.У нь нэхэмжлэгч Г.Отэй түүний “Нарлаг” дэлгүүр дэх лангуун дээр ажиллахаар харилцан тохирсон нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна. Иймд хариуцагчаас лангууны түрээсэнд 500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

3/ Шинжээчийн зардал:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт гарсан. Уг шинжээчийн ажлын хөлсөнд буюу “Есөн хангай аудит” ХХК-д төлсөн 1,600,000 төгрөг, “Чадварлаг аудит” ХХК-д төлсөн 1,500,000 төгрөгийг тус тус хариуцагч Ш.Уаас нэхэмжилжээ /1 хавтас хх80-173, 2 хавтас 82, 4 хавтас 25-27 хуудас/.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...Ш.У гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол нэхэмжлэгчид шүүхэд хандан түүний бурууг нотлох, улмаар шинжээчийн хөлс төлөх шаардлага гарахгүй байсан” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн зардлыг шүүхээс гаргаж улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалан уг зардлыг зохигч талуудад хуваан хариуцуулахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдээр зохицуулсан байдаг.

 

Шинжээчийн дээрх зардлуудыг нэхэмжлэгч төлсөн эсэх талаар хариуцагч маргаагүй ба шүүхээс хариуцагч Ш.Уыг гэрээний үүргээ зөрчсөн буруутай гэж үзсэн тул нэхэмжлэгчээс шинжээчид төлсөн нийт 3,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасантай харшлахгүй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ш.У-с 17,569,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.О-с олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 312,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.У-с 245,795 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                         Н.ХАНГАЛ