Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/00924

 

 

 

 

 

 

 

       2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2019/00924

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч / баөйна

 

                   Нэхэмжлэгч: Б.Б

 

                   Хариуцагч: Б УТҮГ

 

                   Хариуцагч: ТӨБЗГ  холбогдох

 

                   Ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Санчиргарав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ  нь:

 

                   Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хороо хуучнаар 2011 онд Биокомбинатын  захирлыг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар томилохоор зарлаж, энэ шалгаруулалтад миний бие оролцож захирлаар томилогдсон. Миний хувьд техник технологийн асар их хоцрогдолтой, 50 жилийн өмнөх технологиор вакцинаа үйлдвэрлэж, одоо болтол вакцинаа гараараа савлаж байгаа, 1973 оноос хойш 39 жил эх засвар хийгээгүй, 1-4 давхар хүртлээ дусаал гоождог учраас үйлдвэрийн цехүүдийн хананд хөгц мөөгөнцөр ургаж, вакцин нь удаа дараа бохирддог, байгууллагын соёл, үнэт зүйлийг нь тус улсын үйлдвэрээс олон жил шимэгчлэн амьдраад сурчихсан хувийн ашиг сонирхлоор нэгдэж үүссэн бүлэглэл нь устгачихсан, санхүүгийн хувьд асар их бохир явж ирсэн, Биокомбинатын удирдлагууд хувийн дансандаа 60, 70.0 сая, 100.0 саяаар нь гэх мэт 500.0 сая гаруй төгрөгийг шилжүүлээд авчихсан, Салбарын яамтайгаа нийлээд Биокомбинатад мөнгө угаадаг, тухайн үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ямар ч баримтгүйгээр 2.6 тэрбум төгрөг дансанд нь орж хууль бусаар хуримтлагдсан газрыг хүлээж авч байсан. Дараахь 4 үндсэн нөхцөл шалтгааны улмаас миний бие хөдөлмөрлөх эрхээ хууль бусаар хязгаарлуулж хэлмэгдсээр ирлээ. Үүнд: 1.Биокомбинатын 50 жилийн технологийн хоцрогдол болон үйлдвэрлэлийн туйлын хангалтгүй нөхцөл байдлыг ил тод болгож “...энэ үйлдвэр болохгүй байна шүү...” гэж нийгэмд ил тод хэлж гаргаж тавьсан. 2. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2008-2012 оны удирдлагууд Бикомбинатын хуучин удирдлагуудтай нийлж хувьдаа авахаар хуримтлуулж, Биокомбинатын дансанд салбарын яамнаас нь ямар ч баримтгүйгээр шилжин орж, хууль бусаар хуримтлагдсан 2.6 тэрбум төгрөгний хуримтлал намайг томилогдож очиход илэрсэн. Ийм их хэмжээний хууль бус мөнгөн хуримтлалтай байсан учраас сонгон шалгаруулалтаар шалгарч очсон намайг далдаас яамны Төрийн нарийн бичгийн дарга удирдаж, Биокомбинатын нэр бүхий ажилчид зохион байгуулалттайгаар бүлэглэн эсэргүүцэж байсан юм. Биокомбинатад цуглуулсан авах гэж байсан хууль бус мөнгөний 600.0 саяыг улсад нь эргүүлж шилжүүлсэн, үйлдвэрт нь эргүүлэн зарцуулсан, намайг очсоор хууль бус мөнгөө гаргаж авдаг зам нь хаагдсан. 3.Салбарын яамнаас нь ингэж дээрх шигээр хууль бусаар баримтгүй мөнгө шилжин орж ирдэг хууль бус үйлдлийг зогсоосон учраас хэлмэгдэж ирсэн. Одоо ч энэ хууль бус хэлмэгдэлт ямар нэг байдлаар үргэлжилж байна. Тухайлбал: Төрийн өмчит үйлдвэрийн газрын дансан дахь мөнгийг оны эцсээр төрийн сан буцаан татаж авдаггүйтэй холбоотойгоор тухайн үеийн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /2008-2012/ оны жилийн эцсээр үлдэгдэл бүх мөнгөө Биокомбинат Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай /цаашид ТӨААТҮГ гэх/ хуурамч гэрээ байгуулан тус үйлдвэрийн дансанд хийж авч үлддэг байсан юм. Одоо Б УТҮГ-ын захирлыг түр орлон гүйцэтгэгч Б.Цолмон тухайн үед Мал эмнэлэг үржлийн агентлагт халдвар өвчин хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж, энэ бүх хуурамч гэрээг захирал асан Д.Насанжаргалтай хийж ирсэн байдаг. МАНАН бүлэглэлийн гар хөл болж, олон жил төсвийн мөнгийг будлиантуулж завшсан байдаг. Биокомбинатын тухайн үеийн захирал Б.Б намайг хүртэл дуудаж, Б.Цолмон 726.0 сая төгрөгний гэрээ хийлгэж, Төрийн нарийн бичгийн даргаар батлуулж байсан. Тухайн үед “би Биокомбинат үндсэн гэрээнээс гадна дахиж 2 дахь гэрээг биелүүлэх боломжгүй гэсэн боловч зүгээрээ танай Д.Насанжаргал гуай 14.00 цагт гэрээ хийгээд 16.00 цагт мөнгө нь танайд ордог” гэж хэлж байсан юм. Ингээд энэ 726.0 сая төгрөг хэдхэн хоногийн дараа гэрээ нь биелэгдээгүй байхад ямар ч баримт, нэхэмжлэхгүйгээр Биокомбинат ТӨААТҮГ-ын дансанд орж ирсэн. Үүнийг нь би улсад нь буцаагаад өгч байлаа. Ингэж л одоогийн захирал Б.Цолмон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хуучин удирдлагуудтай мөнгө угааж байсан хүн. Б.Цолмонд өөр дээр нь 18.9 сая төгрөгний акт тавигдаж байсан. Өнөөдөр тэдний гар хөл болон Б УТҮГ-ын захирлаар түр тушаалаар ажиллаж байж яаж энэ шүүх хурлыг олон удаа хойшлуулж будлиантуулж байгааг, шүүгчээс хүртэл үндэслэлгүй татгалзаж байгааг, шүүхийн ажлыг удаа дараа яаж хүндрүүлж байгааг ХУД-ийн иргэний хэргийн шүүх болон нэхэмжлэгч миний бие харж байна. Биокомбинатын хөгжил, улсын эрх ашиг тэдэнд ямар ч хамаагүй. Ингэж улсын ганц үйлдвэр Биокомбинатын олон жил бугшсан санхүүгийн бүх алдаа завхралыг Салбарын яам, Төрийн өмчийн хороонд, нийгэмд ил тод болгосоноороо би өнөөдрийг хүртэл төрийн байгууллагуудыг хувьчлаад авсан мэт аалзны тор шиг болгосон шударга бус тогтолцооны золиос болж хэлмэгдэж ирсэн. Энэ бүхнийг ил тод болгосноороо миний бие ажлаасаа үндэслэлгүй халагдаж, хэлмэгдэж, АТГ-аар 4 удаа, Хан-Уул дүүргийн цагдаагаар 2 удаа шалгагдаж, олон жил дарамтлуулж, хэвлэл  мэдээллийн бүх хэрэгслээр гүтгүүлж, доромжлуулж ирсэн. Эцэстээ шүүхийн шийдвэрээр эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон ч хууль бусаар ажлаас түдгэлзүүлсэн. Бодит байдал дээр Биокомбинат улсын үйлдвэрийн нэрийг барьсан хувьдаа завшиж амьдарч ирсэн хэдэн нөхөд улсын үйлдвэрээс хувьдаа хамтран завшсан энэ байдлаа удаан хугацаагаар хадгалж үлдэхийн тулд нийгэмд үүнийгээ яг эсрэгээр нь намайг гүтгэж тайлбарладаг. Мөн эдний ард эдгээр хүмүүсийг ашигладаг, турхирдаг, хамгаалж байдаг хувийн сонирхолтой, тэдэнтэй хамтран төсвийн мөнгийг улсын үйлдвэрээр дамжуулан угааж идэж байгаад тэдэндээ нээнтэгтэй болчихсон нэр бүхий албан тушаалтнууд ч байдгийг шүүхийн танхимд шударгаар хэлэх нь зүйтэй юм. Эдгээр улсын үйлдвэрийг завшигч үл бүтэх нөхдийн гүтгэлгийг няцааж амьдрах нь миний зорилго биш. Бодит үнэнийг ил болгож, шударга байдлыг тогтоож, үнэнийг илчлэх нь Биокомбинатын үйл ажиллагааг нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, улсын эрх ашигт нийцүүлэх нь удирдаж байсан миний үүрэг гэж үздэг. Биокомбинатын дээрх энэ их бугшсан алдаа дутагдлыг засаж эхлэн ажиллаж байтал гэнэт хууль бусаар гүтгээд ажлаас халчихсан. Монгол Улсын 3 шатны шүүхээр ажилдаа эгүүлэн томилогдож, 2018 оны 01 дүгээр сарын 23-нд ажлаа хүлээж авсан. Гэхдээ ажлаа хүлээж авахад Биокомбинатын тухай миний дээр хэлсэн бүх алдаа завхрал эргээд очиход бүгд засагдаагүй хэвээрээ, харин бүр ч дордчихсон байсныг энд дурдах нь зүйтэй байна. Биокомбинат нь өнөөдрийн байдлаар ганц ч вакцины технологич шинэчлээгүй, 50 жилийн өмнөх технологиор вакцинаа үйлдвэрлэдэг хэвээрээ, вакцинаа гараараа савладаг, ажилчдын мэдлэг чадвар сул дорой хэвээрээ ямар ч хөгжилгүй байна. Харин миний дээр дурдсан Биокомбинатад бугшсан алдаа завхарлууд бүр гаарсан, нийтдээ хавтгайрсан шинжтэй эзэнгүй айл шиг байдалтай байсан. Зөвхөн 2017 онд 394.8 сая төгрөгний, 2014-2017 онд нийтдээ 1.7 тэрбум төгрөгний гологдол вакцин үйлдвэрлэсэн, төлөвлөгөөгөө 789.7 сая төгрөгөөр тасалсан, 151.7 сая төгрөгөөр тендерийн хууль зөрчин батлагдаагүй бараа материал худалдан авсан, 140.0 гаруй сая төгрөгийн өр төлбөртэй, 2017 онд үндэсний аудитын газраас санхүүгийн аудитын сөрөг дүгнэлт авсан газрыг 2 дахь удаагаа шүүхийн шийдвэрээр хүлээж авсан юм. Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 23-нд ажлаа эгүүлэн хүлээж авахад Биокомбинатын захиалгат төлөвлөгөө дөнгөж 18.2 %-ийн биелэлттэй байсан, хоёрхон сарын дотор 42.6%-ийн биелэлттэй болгож хүлээлгэж өгсөн. Урьд нь захирлаар ажиллаж байсан учраас үйлдвэрлэл үйл ажиллагааны онцлог, хамт олон, тэдний мэдлэг чадвар мэргэшлийн түвшин, санхүүгийн үйл ажиллагаа зэргийг мэддэг учраас хэчнээн хүнд нөхцөлд ажилласан ч нэг сар гаруйн хугацаанд бүх үйлдвэрлэл үйл ажиллагаа, ажлыг нь жигдрүүлж, бүх талаар нь дэг журам тогтоож, зөв  гольдролд нь оруулсан юм. Ажил олгогч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш контракт байгуулахгүй, цалингүй ажиллуулж байгаад 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дуудаж контракт байгуулахаар болсон. Гэтэл тус газрын улсын үйлдвэрийн захиралтай байгуулдаг контракт нь 7 зүйл, 83 заалттай байдаг бол иргэн Б.Б надтай байгуулах контракт 7 зүйл 86 заалттай байгаа нь ажил олгогч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар дур мэдэн, ажилтанд хэлэлгүйгээр хоёр заалт шинээр нэмж, нэг заалтыг өөрчилсөн байсан. Би шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон учраас миний урдны контракт үргэлжлээд явах ёстой. Нөгөө талаасаа би 3 сарын хугацаатай, 3 заалт дур мэдэн өөрчилсөн гэрээнд гарын үсэг зурахгүй хуулийн хүрээнд ойлголцох хэрэгтэй байна гэсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга байсан Ц.Ням-Осор хуучин удирдлагуудынхаа шахаасаар шүүхийн шийдвэрээр ажилдаа очсон намайг байнга шахаж хавчиж, хүнд нөхцөлд ажиллуулж байсан. Контрактын гэрээ хийлгүй байсаар 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэнэт дуудаад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хурлаар оруулан “контрактын гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан” гэсэн үндэслэлээр намайг шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилсон 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 415 дугаар тогтоолын хэрэгжилтийг “түр түдгэлзүүлсэн” юм.  Хуулийн хүрээнд ажлаа зүгээр хийж байсан намайг прокурорын тогтоолгүйгээр ажлаас хууль бусаар түр түдгэлзүүлсэн нь цэвэр хуйвалдааны шинжтэй, улс төржсөн тогтоол байсан юм. Манай нийгэмд Төрийн байгууллагууд ингэж л хууль зөрчин ажиллаж, таалагдахгүй байгаа өөрийн биш хүнээ зайлуулдаг болсны нэг жишээ юм. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шийдвэрлэж, хүчингүй болгож, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дугаар магадлал, Улсын Дээд шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолоор хэвээр үлдээсэн. Хуулийн этгээд Б УТҮГ нь Биокомбинат ТӨААТҮГ-ын эрх залгамжлагч мөн гэдгийг нотолсон дараахь хууль зүйн үндэслэлтэй тайлбарыг хийж байна. Үүнд Биокомбинатын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр Биокомбинат ТӨААТҮГ нь татан буугдаж алга болсон мэтээр мушгин гуйвуулж тайлбарлан Б УТҮГ нь Биокомбинат ТӨААТҮГ-ын эрх залгамжлагч биш гэж тус шүүх дээр үндэслэлгүй маргаж, шүүх хурлыг удаа дараа хойшлуулсаар ирсэн. Энэ нь бодит байдал дээр мэдсээр байж, санаатай худал тайлбар хийж байгаа шударга бус үйлдэл гэдэг нь хэнд ч тодорхой зүйл юм. Засгийн газраас Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах  хуулийн 28.1, 28.3-т заасныг тус тус үндэслэн  2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 188 дугаар тогтоолыг гаргаж, тогтоолын 2-т Биокомбинат аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг  татан буулгаж, 4 дэх заалтаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд Б УТҮГ-ыг шинээр байгуулсантай холбогдуулан уг тогтоолын 5 дахь заалтаар хууль тогтоомжийн дагуу комисс томилж, татан буугдсан байгууллагын эд хөрөнгөд тооллого хийж, хаалтын тайлан баланс гаргаж, архив, үндсэн болон бусад эд хөрөнгийг шинээр байгуулах хуулийн этгээдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг эрх бүхий этгээдэд /ХХААХҮ-ийн сайд, ТӨБЗГ-ын дарга/-д  тус тус даалгажээ. Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно гэж заасан. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль шинэчлэгдэж, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан гарсан “хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын дээрх тогтоолоор Биокомбинат аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрын зохион байгуулалтыг хэлбэрийнх нь хувьд өөрчилж, Б УТҮГ болгон өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах шинэчилсэн хуулиар “мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоо” нь салбарын Яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллага, шалгах лаборатори нь бүгд нэг удирдлагад байхаар заасан. Иймд хуулийн хэрэгжилтийн энэ хүрээнд Биокомбинат ТӨААТҮГ-ын зөвхөн статус нь өөрчлөгдөж, УТҮГ болж, харьяалах Засгийн газрын агентлаг нь өөрчлөгдөж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Салбарын яам, Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд ирсэн байна.  Хуулийн этгээдийг зөвхөн хуульд заасан тухайлбал Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэлээр татан буулгах бөгөөд аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгосныг татан буулгасан гэж үзэхгүй. Нөгөө талаар Засгийн газрын 188 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт Биокомбинат ТӨААТҮГ-ын архив, үндсэн болон бусад эд хөрөнгийг шинээр байгуулагдах хуулийн этгээдэд шилжүүлэхээр заасан байна. Б УТҮГ нь хуучин Биокомбинат ТӨААТҮГ-ын эрх үүрэг, эд хөрөнгө, шаардлага ба үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авсан нь дараахь байдлаар тогтоогдож байна. Үүнд: Засгийн газрын 188 дугаар тогтоол болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Сайдын А/130 дугаартай тушаал, удирдамжид анхнаасаа эрх залгамжлагч гэдэг нь тодорхой тусгагдсан. Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 188 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/130 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн удирдамжийн 3-т ”...Үндсэн хөрөнгөнд тооллого хийж хүлээн авах, хүлээлгэн өгөх...”, 5-т “...Архив, албан хэргийн материалыг акт үйлдэн хүлээн авч, шинээр байгуулагдах хуулийн этгээдэд хүлээлгэн өгөх...” гэж тодорхой заасан байна. Ажлын хэсэг нь А/130 дугаар тушаал, удирдамжийн  дагуу ажиллаж,  хаалтын баланс гаргаж, үндсэн хөрөнгө, архив бичиг баримт шилжүүлэх ажлаа дуусгаж, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон шинээр байгуулагдсан Б УТҮГ-т шилжүүлсэн.  Б УТҮГ үндсэн болон эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрээ Биокомбинат ТӨААТҮГ авсныг нотолсон ТӨБЗГ-ын Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын тайланд тусгагдсан нийт 7.771.152.242.08 төгрөгийн балансын үнэ бүхий үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Б УТҮГ-т  шилжүүлсүгэй гэсэн ТӨБЗГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоол, тус газрын хаалтын балансыг баталсан 36 дугаар тогтоол хэрэгт авагдсан. Харин энд нэг зүйлийг зориуд дурдахад Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хяналт, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, шинээр байгуулагдах хуулийн этгээдэд архив эд хөрөнгө шилжүүлэх  ажлын хэсгийн ахлагч Д.Совд Төрийн өмчийн бодлоо зохицуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 35, 36 дугаар тогтоол гарснаас хойш 3 хоногийн дараа буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 09/313 дугаар албан бичгээр нотлох баримт гаргуулах шүүгчийн захирамжид хариу өгчээ. Уг албан бичигт “...Татан буулгах ажлын хэсэг ажиллаж байна. Шүүгчийн захирамжид  дурдсан Биокомбинат  УТҮГ-т  Биокомбинат ТӨААТҮГ-ын эд хөрөнгө, архивыг шилжүүлсэн эцсийн акт, дүгнэлт гараагүй байна...”  гэж худлаа мэдээлэл бичиж өгсөн нь Төрийн албан хаагчийн ёс зүйгүй шүүхийг хуурсан, хэсэг бүлэг хүнд үйлчилсэн хариуцлагагүй үйлдэл болсныг хэлэх нь зүйтэй байна. Биокомбинат ТӨААТҮГ-ын архив, эд хөрөнгийг Б УТҮГ-т шилжүүлэх ажлын хэсгийн акт дүгнэлт, хаалтын баланс гараагүй бол Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дээрх үндсэн хөрөнгө шилжүүлэх 35 дугаар тогтоол, хаалтын тайлан батлах тухай 36 дугаар тогтоол гарахгүй байх байсан. Ажлын хэсгийн ахлагч Д.Совд, Биокомбинатын хаалтын баланс болон архив эд хөрөнгийн тооллого хийж хүлээн авч, Б УТҮГ-т хүлээлгэн өгч шилжүүлж байгаа тухай актаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өгч тогтоол гаргуулсан байж, шүүхэд яагаад өгч болохгүй гэж, ажлын хэсгийн ахлагч Д.Совд нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 36 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллагад  буюу Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэх үүргээ биелүүлэхгүй, хоёр Биокомбинат байгаа мэт шүүхэд хуурамч баримт өгч байна. Үүний ард шүүхийг хууран мэхэлж, нэхэмжлэгчид ямар нэг байдлаар цалин олговор өгөхгүй бултах гэсэн шударга бус үйлдэл явж байгаа нь ойлгомжтой бөгөөд Төрийн албан хаагч бусадтай үгсэн хуйвалдаж, хувийн сонирхлоор хариуцаж байгаа ажлынхаа талаар зориуд санаатай худал мэдээлэл иргэний шүүхэд гаргаж өгч байгаа нь туйлын харамсалтай шударга бус үйлдэл юм. Энэ  нь нөгөө л үгсэн хуйвалдсан бүлэглэл байсаар байна гэдгийг харуулж байна. Монгол Улс, цорын ганц Биокомбинат улсын үйлдвэртэй. Энэ нь аж ахуйн тооцоот эсвэл улсын төсөвт үйлдвэрийн газар байх нь чухал биш, улсын өмнө мал, амьтныг халдварт өвчнөөс хамгаалах онцгой ганцхан үүрэг хүлээсэн байгууллага юм. Биокомбинат  ТӨААТҮГ-ын дүрмийг 2009 оны 9 дүгээр сарын 09-нд Төрийн өмчийн хорооны 432 дугар тогтоолоор, Б УТҮГ-ын  дүрмийг 2018 оны 10 дугаар сарын 12-нд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Сайдын А/168 дугаартай тушаалаар тус тус баталжээ. Биокомбинат ТӨААТҮГ-ыг Б УТҮГ болгон шилжүүлэх үйл ажиллагаа 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үргэлжилж, Б УТҮГ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 оны 10 дугаар сарын 18-нд бүртгүүлэн  8292485 регистрийн дугаартай  гэрчилгээ авсан байна.  Б УТҮГ нь гэрчилгээ, тамга тэмдгээ авч, хуучин Биокомбинат ТӨААТҮГ-ын байранд 254 хүний орон тоо, бүтэцтэй, үндсэн үйл ажиллагаа болох вакцин биобэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаагаа эрхлэн ажиллаж байгаа нь улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээгээр  эрх залгамжлагч мөн гэдэг нь тогтоогдож байна. Миний бие шүүхийн шийдвэрээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал 54 хоног буюу 2 сар гаруй хугацаанд захирлаар ажилласан. Энэ хугацаанд эхлээд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар контракт байгуулаагүй учраас цалингүй ажиллуулсан. Улмаар 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 3 дугаар сарын 09-нийг хүртэл цалингүй ажиллуулж байгаад 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санал болгосон контрактын хугацаа болон ажил олгогч зөвхөн өөртөө ашигтай заалт дур мэдэн оруулснаас ажилтан миний Үндсэн хууль болон хөдөлмөрийн хуулиар хамгаалагдсан хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн учраас би гарын үсэг зураагүй, иймээс дахиад үргэлжлүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал цалингүй ажилласан. Иймд ажиллаж байсан 2 сар гаруйн хугацааны болон ажлаас “хууль бусаар түр түдгэлзүүлсэн” хугацааны цалингаа нэхэмжилж байна. Ажлаа хийж байсныг нотлох, ажлаа хүлээж авсан, ажлаа хүлээлгэж өгсөн баримтууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Захирлаар ажиллаж байх хугацаандаа өөрөөсөө бусад бусад бүх 17 цех, нэгжийн 253 хүний цалин дээр 1 дүгээр гарын үсэг зурж байсан цалингийн хуулга болон төлбөрийн даалгаврыг Биокомбинатын харилцагч банк болох Улаанбаатар банкнаас гаргуулан хэрэгт  нотлох баримтаар өгсөн. Энэ нь миний ажиллаж байхдаа цалин хөлсөө аваагүйг нотолно. Миний бие ажлаасаа үндэслэлгүй халагдаагүй, “хууль бусаар түр түдгэлзсэн”.  ТӨБЗГ-ын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолоор эрхэлж байсан ажлаасаа түр түдгэлзсэн нь 3 шатны шүүхээр хянагдаж, 72 дугаар тогтоол хүчингүй болж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Энэ нь миний бие үүрэгт ажлаа одоо ч хийж байгаа гэсэн үг,  шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас  хөдөлмөрийн хуулийн хүрээнд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсөө дараахь  байдлаар нотолж байна. Үүнд:  Биокомбинат ТӨААТҮГ-ын 2018 оны орон тоо бүтэц, цалингийн сан, ТӨБЗГ-аар 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан ба уг цалингийн сан дээр Биокомбинатын захирлын сарын үндсэн цалин 2.300.000 төгрөг гэж батлагдсан. Хэрэгт миний гаргаж өгсөн нотлох баримтаар болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраар батлагдсан Биокомбинатын 2018 оны “Үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө”-н дотор үндсэн цалин 2.300.000 төгрөг гэх баримт байгаа бөгөөд үүнийг нотлох баримтаар бүрэн эх хувиараа Б УТҮГ-аас гаргуулан шүүхэд ирсэн хэрэгт авагдсан болно. ТӨБЗГ-ын Бодлого, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнийн гарын үсэг зуран, тамга тэмдгээ дарж,  Биокомбинатын захирал Б.Б надад санал болгож ирүүлсэн 3 сарын хугацаатай контракт дээр үндсэн цалин 2.300.000 төгрөг гэж  байгаа нь дээрх Биокомбинатын 2018 оны батлагдсан цалингийн сантай холбоотой юм. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрсөн. Иргэн Б.Б надад санал болгосон 3 зүйл заалт өөрчилсөн контрактын гэрээг ажилтан миний зүгээс хүлээн зөвшөөрөөгүй, нэмэлтээр оруулсан 3 заалтад цалин хөлсний тухай заалт хамааралгүй юм. ТӨБЗГ-ын энэ санал болгосон 2.300.000 төгрөгийн цалинг тусгасан контрактын гэрээ хэрэгт бий. Дээрх нотлох баримтуудаар Биокомбинатын захирал нь 2.300.000 төгрөгний үндсэн цалинтай байсан гэдгийг нотолж байна. Биокомбинатын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан В.Дарханбаатар нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б/42 дугаартай тушаал гаргаж цалингийн санд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч, үйлдвэрийн захирлын 2.300.000 төгрөгийн цалинг өөрчлөөгүй байна. В.Дарханбаатар захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь энэ цалингийн 40%-иар 72 дугаар тогтоолын 3 хэсэгт заасны дагуу цалинжиж байсан. Мөн удирдлагын зардал миний гарын үсэгтэй баталсан хэвээр байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т ”... Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж заасан бөгөөд миний бие улсад 20 гаруй жил ажилласан нь нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдоно. Мөн мал эмнэлгийн ухааны докторын дипломын хуулбараа шүүхэд өгсөн. Миний бие Биокомбинатын захирлаар урьд нь ажиллаж байхдаа үндсэн цалин дээр нэмж, удаан жилийн болон докторын нэмэгдлийг авч байсан тухайгаа шүүхэд тухайн үеийн контрактын гэрээ болон докторын диплом, нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажсан хуулбарыг өгсөн. Миний хуучин контракт дээр үндсэн цалин 990.000 төгрөг, үүн дээр удаан жилийн нэмэгдэл 20 хувь, мал эмнэлгийн ухааны докторын 15 хувь нэмэгдээд авдаг байсан сарын цалин нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгаа. Тэгэхээр миний бие Биокомбинатын захирлын үндсэн цалин  2.300.000 төгрөг дээр, удаан жилийн нэмэгдэл үндсэн цалингийн 20 хувь буюу 460.000 төгрөг, мал эмнэлгийн ухааны  докторын нэмэгдэл үндсэн цалингийн 15 хувь буюу 345.000 төгрөг нийт 3.105. 000 төгрөг, нэг өдөрт оногдох цалин 144.419 төгрөг болж байна. Иргэн Б.Б миний буруугаас биш, надаас үл шалтгаалан контрактгүй,  цалин хөлсгүй  2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс  эхлэн ажлаа хууль бусаар түдгэлзснээс хойш шүүхийн шийдвэр гарах буюу өнөөдрийг хүртэл нийт 323 өдөр ажилгүй, цалингүй байна. Би анхнаасаа нэхэмжлэлээ шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл оногдох цалин хөлсийг нэмж гаргуулахаар нэхэмжилсэн учраас шүүх хурал болж байгаа өнөөдрийг хүртэлх оногдох цалин хөлс 46.647.337 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Б УТҮГ-т  даалгаж өгнө үү. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь тус газрын захирлыг ажилд томилох чөлөөлөх эрхтэй бөгөөд хууль бусаар миний ажлыг түдгэлзүүлсэн буруутай боловч би цалингаа Биокомбинат ТӨААТҮГ-аас авч байсан тул одоогийн Б УТҮГ-аас нэхэмжилж байна гэв.

                       

                   Хариуцагч Б УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хуулийн 28.1-т... мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоонд үйлдвэрлэлийн байгууллага байна гэж заасан. Дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар нь Төсвийн тухай хуулийн 10.1.10 дахь заалтыг баримтлан Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд Биокомбинат улсын төсөвт байгууллагыг Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор шинээр байгуулсан. Төсөвт байгууллагыг шинээр байгуулсантай холбоотой дүрмийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А-168 дугаартай тушаалаар баталсан. Тус дүрмийн 1.1, 1.4-т ...Үйлдвэрийн газар нь Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах бол нэхэмжлэгчийн ажиллаж байсан Биокомбинат ТӨААТҮГ гэх иргэний гүйлгээнд бие даан оролцох эрхтэй, ашгийн төлөө хуулиар хориглоогүй бүх үйл ажиллагааг эрхэлнэ... гэж заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Биокомбинат ТӨААТҮГ болон шинээр байгуулагдсан улсын төсөвт байгууллагын үйл ажиллагаа, дүрэм нь ижил учраас эрх залгамжилсан, өөрчлөн байгуулагдсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. ТӨААТҮГ-ын захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлдэг. Төсөвт байгууллагын дарга нь Төсвийн тухай хуулийн 16.5 дахь хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлнэ. Төсвийн байгууллага нь батлагдсан төсвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бол аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь олсон ашгаараа үйл ажиллагаагаа хариуцдаг. Иймд хоёр хуулийн этгээдийн удирдлага, үйл ажиллагааны зохион байгуулалт нь ижил гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Биокомбинат ТӨААТҮГ-ын цалингийн сан, орон тоо УТҮГ-т шилжсэн гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын баланс, санхүүгийн тайлан зэргээс харахад цалингийн сан шилжсэн зүйл байхгүй. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 57.5-т зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын цалингийн хэмжээ, сүлжээг Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд УТҮГ-ын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар байгууллагын ажиллагсдын цалингийн санг баталсан. Төсөвт байгууллага болсон учраас Төсвийн тухай хуулийн 14.2.1 дэх хэсэгт заасны дагуу Б УТҮГ-ын бүтэц, орон тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаартай тушаалаар баталсан. Иргэний хуулийн 26.1-т хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно гэж заасан. Хуулийн этгээдийн улсьн бүртгэлийн тухай хуулийн 5.1-т хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж мөн заажээ. Хэрэгт нотлох баримтаар өгсөн Биокомбинат ТӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа, татварын тодорхойлолт зэргээс харахад хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдаагүй байна. Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоолын 4.2 дахь хэсэгт "Мөн заалтын “төлбөр-төлөгч хуулийн этгээд татан буугдсан” гэдэгт хуулийн этгээдийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1-32.1.5-д заасан үндэслэлээр татан буулгах шийдвэр гарч, татан буулгах комиссын ажиллагаа дуусгавар болж, бүртгэх байгууллага тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд зарласан байхыг ойлгоно." гэж хуулийн этгээдийн татан буугдах үйл ажиллагааг тодорхой тайлбарласан байна. Татварын ерөнхий хуулийн 10.1.5-т зааснаар татвар төлөгч хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд татвар төлөх үүрэг дуусгавар болох бөгөөд өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд хуулийн этгээдийн төлөөгүй буюу дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбоотой эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжинэ гэж мөн хуулийн 10.3-т заасан. Хэрэгт авагдсан Биокомбинат ТӨААТҮГ-ын татварын тодорхойлолт болон Б УТҮГ-ын татварын тодорхойлолтоос харахад татвар төлөгчийн дугаар, хариуцлагын хэлбэр, удирдлагын нэр өөр байна. Түүнчлэн татварын өр хоорондоо шилжүүлсэн зүйл байхгүй, Биокомбинат ТӨААТҮГ 25.208.580 төгрөгийн татварын өртэй байх бөгөөд Б УТҮГ нь татварын тэг үлдэгдэлтэй, өргүй байна. Иймд татварын байгууллага татвар төлөгчийн үүргийг өөр хуулийн этгээдэд шилжүүлээгүй, үүрэг үүсгээгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.1.5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээд татан буулгасныг бүртгэхэд татвар төлөгчөөс хассан харъяа дүүргийн тодорхойлолт шаардлагатай бөгөөд ийнхүү татвар төлөгчөөс хасагдаагүй тохиолдолд татан буугдах, улсын бүртгэлээс хасагдах боломжгүй юм. Иргэний хуулийн 26.9-т заасны дагуу хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах тул Биокомбинат ТӨААТҮГ-ыг одоогийн байдлаар татан буугдсан, эрх залгамжилсан, өөрчлөн зохион байгуулагдсан гэж үзэх хуул зүйн хувьд боломжгүй юм. Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор Биокомбинат ТӨААТҮГ-ыг эрх залгамжлуулахгүйгээр татан буулгах комисс томилж, хаалтын баланс үйлдэхээр шийдвэрлэсэн байхад өөрчлөн зохион байгуулагдсан гэж үзэж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 3 дугаар зүйл, Иргэний хуулийн 31.1, 32.1.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.3, 24.1.2-т заасан хуулийн этгээд өөрчлөн байгуулагдах, татан буулгах аль ч тохиолдолд энэ тухай үүсгэн байгуулагч сайн дурын үндсэн дээр шийдвэрээ гаргах хуулийн зарчмыг зөрчиж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Засгийн газар нь төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцдаг тул төр өөрийн өмчийн хувь заяаг бүрэн шийдвэрлэх эрхтэй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх шаардлагыг тодорхой заасан байна. Үүнд, өөрчлөн байгуулагдах үеийн санхүүгийн тайлан тэнцэл, өөрчлөн байгуулах тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, шинэчилсэн дүрэм, эрх залгамжлалын талаарх өөрчлөлтийг оруулсан үүсгэн байгуулах баримт бичиг зэрэг орно. Гэтэл нэхэмжлэгчийн ажиллаж байсан Биокомбинат ТӨААТҮГ-ыг татан буулгаж, хаалтын баланс үйлдэхийг Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын тайланг баталжээ. Үүнээс дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 60.2-т заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь татан буулгах хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого хийж, дуусгалтын тайлан тэнцэл үйлдсэн байх бөгөөд эд хөрөнгийг өөр хуулийн этгээдэд шилжүүлэх эсэх асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт зааснаар зохицуулагдана. Иймд нэхэмжлэгчийн тайлбарт бичсэнээр татан буугдсан хуулийн этгээдийн эд хөрөнгө нь Б УТҮГ-т шилжсэн тул эрх залгамжилсан гэж үзэж байна гэдэг нь хэтэрхий өрөөсгөл хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт бөгөөд төр өөрийн өмчийг хаана шилжүүлэхээ зөвхөн өөрөө шийдвэрлэх юм. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолоор баталсан Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын балансыг харахад тэг үлдэгдэлтэй балансыг хаасан байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11.8 дахь хэсгийг баримтлан татан буугдаж байгаа хуулийн этгээдийн үндсэн эд хөрөнгийг төсөвт газарт шилжүүлсэн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24.1.3 дахь заалтад заасны дагуу хуулийн этгээд гагцхүү татан буугдах тохиолдолд хаалтын буюу дуусгалтын баланс үйлдэх журамтай тул Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолыг биелүүлж ажилласан байна. Хэрэгт авагдсан Биокомбинат ТӨААТҮГ-ын 2018 оны хаалтын санхүүгийн тайланг харьяа дүүргийн татварын улсын байцаагч баталгаажуулж тамга дарсан байх бөгөөд татан буулгах ажлын хэсгийн ахлагч Д.Совд гарын үсгээ зуржээ. Тайлангаас харахад тэг үлдэгдэлтэй мөн хаасан байна. Иймд Биокомбинат ТӨААТҮГ-ыг татан буулгах комисс болон Төрийн емчийн бодлого, зохицуулалтын газар хуулийн хүрээнд Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.1, 21.5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож улсын бүртгэлээс хасах бөгөөд шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэдэг журамтай. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд өөрчлөгдөн зохион байгуулагдах, эрх залгамжлах тохиолдолд үйл ажиллагаа нь зогссон, эрх, үүргээ шилжүүлж буй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс заавал хасдаг. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7.1-т заасны дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэл 8 төрөлтэй. Үүнд, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсаны, хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болсны, хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулагдсаны бүртгэл багтана. Хуулийн этгээдийн өөрчлөн байгуулагдсаны бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19, 20, 21 дүгээр зүйлд зааснаар зохицуулах бөгөөд мөн хуулийн 19.2, 21 дүгээр зүйлд зааснаас дүгнэвэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.1,21.5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээд өөрчлөн байгуулагдах, хэлбэрээ өөрчлөх тохиолдолд үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэдэг журамтай. Өөрөөр хэлбэл хуулийн этгээд өөрчлөгдөн зохион байгуулагдах, эрх залгамжлах тохиолдолд үйл ажиллагаа нь зогссон, эрх, үүргээ шилжүүлж буй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс заавал хасдаг. Гэтэл хэрэгт авагдсан Биокомбинат ТӨААТҮГ болон УТҮГ-ын хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад үйл ажиллагааг зогсоосон, дуусгавар болгосон, улсын бүртгэлээс хассан зүйл харагдахгүй байх бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Б УТҮГ-т улсын бүртгэлийн гэрчилгээ, регистрийн дугаар шинээр олгож бүртгэсэн байна. Аливаа хуулийн этгээдийн эрх залгамжлал, өөрчлөн байгуулах үйл ажиллагааны нэг онцлог шинж нь эрх залгамжлуулж буй этгээд, өөрчлөгдөж эрх, үүргээ шилжүүлж байгаа этгээд үйл ажиллагаагаа заавал зогсоодог. Иймд эхлээд өөрчлөгдөж, эрх залгамжлуулж байгаа хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасч иргэний эрх зүйн чадварыг дуусгавар болгодог журамтай. Иргэний хуулийн 27.3-т зааснаар хуулийн этгээдийн нэрийг давхардуулж олгохгүй бөгөөд адил нэртэй хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах, хуулийн этгээд нэрээ өөрчлөх хүсэлт гаргах гэсэн 3 тохиолдолд л хуулийн этгээдийн нэрийг улсын бүртгэлийн байгууллага баталгаажуулж олгоно. Харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээд хэлбэрээ өөрчлөхөд нэрийн баталгаажуулалтын хуудас олгогдохгүй, регистрийн дугаар өөрчлөхгүй юм. Хэрэгт авагдсан Б УТҮГ-т 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудсаас харахад нэр Биокомбинат, төрөл ашгийн бус, хэлбэр УТҮГ гэсэн байна. Иймд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар шинээр үүсгэн байгуулах, эсхүл өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах тохиолдолд л нэрийн баталгаажуулалтын хуудас олгох тул Биокомбинат ТӨААТҮГ-ыг нэгтгэх, хуваах, нийлүүлэх, тусгаарлах замаар өөрчлөн байгуулж шинээр байгуулаагүй учраас шинээр үүсэн байгуулсан гэсэн үндэслэлээр улсын бүртгэлийн байгууллагын нэрийг баталгаажуулж регистрийн дугаар шинээр олгожээ. Иргэний хуулийн 27.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэр нь зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байдаг учраас нэхэмжлэгч талын Биокомбинат гэсэн нэр нь адилхан байгаа тул эрх залгамжилсан, өөрчлөн зохион байгуулагдсан гэдэг тайлбар нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, хүлээн авах боломжгүй зүйл юм. Иргэний хуулийн 28.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 10.1.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээд албан ёсны хаягаа улсын бүртгэлд бүртгүүлдэг. Энэ нь татвар төлөх, үүрэг гүйцэтгэх газрыг тодорхойлох, хэрэг маргааныг шийдвэрлэх харьяалал зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилготой. Иймд оршин байгаа хаяг адилхан байх нь хуулийн этгээд эрх залгамжилсан, өөрчлөн зохион байгуулагдсан гэдгийг нотлохгүй юм. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэвэл Биокомбинат ТӨААТҮГ нь улсын бүртгэлээс хасагдаагүй байх бөгөөд УТҮГ-ын хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаанаас харахад 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ, регистрийн дугаар авсан нь нотлогдож байна. Иймд Биокомбинат ТӨААТҮГ татан буугдаагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй иргэний эрх зүйн чадвар дуусгавар болоогүй байхад эрх залгамжлах, өөрчлөх замаар дахин байгуулах боломжгүй юм. Иргэний хуулийн 240.1.4-т зааснаар хуулийн этгээд эрх залгамжлалгүйгээр татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсан тохиолдолд үүрэг дуусгавар болдог. Тодруулбал хуулийн этгээдийн эрх, үүргийг гуравдагч этгээд залгамжлан аваагүй бол эрх зүйн хувийн байдал нь үгүй болох юм. Гэтэл Биокомбинат ТӨААТҮГ нь татан буугдаж дуусаагүй, улсын бүртгэлээс хасагдаагүй тохиолдолд иргэний эрх зүйн чадвартай бөгөөд үүрэг дуусгавар болохгүй юм.  Нэхэмжлэгчийн эрх залгамжлалын талаар гаргасан тайлбарт Биокомбинат ТӨААТҮГ нь Иргэний хуулийн 31.6-д заасны дагуу зохион байгуулалт, хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн гэж байгаа боловч ийм улсын бүртгэл хийгдээгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5 дахь хэсэгт зааснаар өөрчлөх шийдвэр гаргаагүй бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шинээр байгуулагдах хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулдаг. Иргэний хуулийн 31.6 дахь хэсэг нь зөвхөн хуулийн этгээдийн зохион байгуулалтын хэлбэр буюу компани, нөхөрлөл, хоршоо, сан гэсэн ойлголттой холбоотой. Иргэний хуулийн 33.1, 33.2-т ашгийн төлөө хуулийн этгээдийг компани, нөхөрлөл, ашгийн бус хуулийн этгээдийг холбоо, сангийн хэлбэрээр байгуулна гэж тус тус заасан. Иймд Иргэний хуулийн 31.6 дахь хэсэг нь хуулийн этгээдийн зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөх асуудалтай холбоотой. Жишээлбэл ХХК өргөжиж ХК болох, хоршоо нь нөхөрлөл буюу компани болох гэх мэтээр хуульд заасан хэлбэрээ өөрчлөх явдал юм. Харин аж ахуйн тооцоот ашгийн төлөө хуулийн этгээд татан буугдаж, шинээр төсөвт байгууллага байгуулагдаж байгаа нь хуулийн этгээд хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн гэж үзэхгүй. Ашгийн төлөө хуулийн этгээд зохион байгуулалтын хэлбэрээ дотроо өөрчилж нөхөрлөл, компани болж болно. Компани дотроо ХХК, ХК болж зохион байгуулагдаж болно. Харин шууд ашгийн бус төсөвт байгууллага болж өөрчлөгдөх боломжгүй бөгөөд зайлшгүй татан буугдана. Иргэний хуулийн 32.1.1 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.5 дахь хэсгээр татан буулгах, өөрчлөх асуудлыг гагцхүү үүсгэн байгуулагч, өмчлөгч шийдвэрлэх бөгөөд эрх залгамжлуулахгүйгээр татан буулгаж шийдвэрлэсэн байхад эрх залгамжилсан, хэлбэрээ өөрчилсөн гэж дүгнэж, эрх зүйн хүсээгүй өөр үр дагаврыг хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нэхэмжлэгчийн ажил олгогч бөгөөд контракт байгуулж ажилладаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын буруу, хууль бус шийдвэрээс болж хохирсон хохирлыг ямар ч хамааралгүй өөр төсөвт байгууллагаар төлүүлэх нь буруу. Манай байгууллагад Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал гэсэн цалингийн сан байхгүй, шилжиж ирээгүй, гэрээ, контракт байгуулаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18.1 дэх хэсэгт заасны дагуу ажил олгогч байгууллагаар нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд манай УТҮГ-т холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Төрийн емчийн бодлого, зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Санчиргарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн өмчийн хороо нь УИХ-ын 2015 оны тогтоолоор татан буугдаж, Сангийн яаманд шилжсэн бөгөөд 2016 оны УИХ-ын тогтоол, ЗГ-ын 2016 оны 4 дүгээр тогтоолоор чиг үүрэг нь Худалдах авах ажиллагааны газартай нэгдэж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэх агентлаг болсон. Төрийн өмчит хуулийн этгээдийг татан буулгах эрх УИХ-д байдаг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн  өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар ЗГ-ын бүрэн эрхийн асуудал юм. Энэ эрхийнхээ хүрээнд ЗГ-ын 2018 оны 188 дугаар тогтоолоор Биокомбинат ТӨААТҮГ-ыг татан буулгаж, УТҮГ болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэдгийг өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байна гэж тодорхойлсон. Харин Биокомбинат ТӨААТҮГ нь 2018 оноос эхлэн УТҮГ болсон учир өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр зөвхөн төрөөс санхүүждэг болж өөрчлөгдсөн байгаа.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91.1-т зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн бөгөөд дарга болон орон тооны бус 8 гишүүнээс бүрддэг. Тэгэхээр уг 72 дугаар тогтоолыг дан ганц дарга нь гаргаагүй бөгөөд бусад 8 гишүүнээс бүрдсэн хурлаас гарсан тогтоол юм. Уг тогтоолыг гаргах болсон үндэслэл нь Биокомбинатын үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас удаа дараа ирүүлсэн гомдол, хүсэлт, санал, шаардлага, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Б.Быг ажлаас нь түдгэлзүүлсэн. Контрактын гэрээг 3 үндэслэлээр байгуулахаас татгалзсан байсан бөгөөд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 90 дүгээр тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын гэрээний үлгэрчилсэн загвар болон дүгнэх журмыг баталсан байдаг. Санхүүгийн цагалбартай нийцүүлэн 3-6 сарын хугацаатай байгуулдаг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 5 хүртэл жил байгуулахаар хуульчилсан. Төрийн өмчит компани болон захирлуудын тухайн өмнөх жилийн ажлыг дүгнээд хувьцаа эзэмшигчийн хурал хуралдаж, контрактын гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Контрактын гэрээнд нэмэлтээр “байгууллагын ажилчдаас захирлын үйл ажиллагаанд удаа дараа гомдол, санал гаргасан бол ...” гэх заалтыг оруулж өгсөн. Учир нь Биокомбинат ТӨААҮГ нь улсын онцгой обьектод хамаарч төрийн тусгай хамгаалалтад байдаг учраас байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх, байгууллагын ажилчдын санал, хүсэлт, гомдлыг шийдвэрлэж, хөдөлмөрлөх эрхийг хангах гэдэг байдлаар дээрх заалтыг оруулж өгсөн. Гэвч нэхэмжлэгч нь контрактын гэрээ байгуулахаас татгалзсан тул Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас түүнийг түр түдгэлзүүлсэн тухай тогтоол гарсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 415 дугаар тогтоолоор Б.Быг урьдах ажилд нь эгүүлэн  томилсон бөгөөд ажлыг нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн. Улмаар мөн өдөр контрактын гэрээ байгуулах санал хүргүүлсэн боловч хүлээж аваагүй, тэдний хооронд контрактын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул гэрээнд заасан гэх 2.300.000 төгрөгөөр тооцож, цалин олговор нэхэмжлэх эрхгүй гэв.

                                                                                                         ҮНДЭСЛЭХ  нь:

 

          Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Б УТҮГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулж, уг олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.  

 

Б.Б нь Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байгаад Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр тушаалаар ажлаасаа чөлөөлөгдснийг хууль бус гэж үзэж, шүүхэд гомдол гаргаснаар шүүх хэргийг хянан хэлэлцэж, Б.Быг урьдхи ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулж шийдвэрлэсэн нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 9139 дүгээр шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байх бөгөөд уг хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар биелүүлж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 415 дугаар “Б.Быг ажилд эгүүлэн  томилох” тухай тогтоол гаргасан байна.

 

Гэвч дээрх тогтоолын дагуу ажлыг нь хүлээлгэн өгөөгүй, 2 сар гаруй хугацааны дараа буюу 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тэрээр ажлаа хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Биокомбинат ТӨААТҮГ-ын А-1/160 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг мөн өдөр захирал Б.Бод тус газрын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тамга тэмдэг, эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримт, ажил хүлээн авсан тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаа хүлээн авсан гүйцэтгэх захирал Б.Бтой контрактын гэрээ байгуулах санал хүрүүлсэн бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь контрактын гэрээний 1.2, 3.3, 5.3.11 дахь заалтуудыг эс зөвшөөрч гарын үсэг зураагүй, энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “...3 сарын хугацаатай, 3 заалт дур мэдэн өөрчилсөн гэрээнд гарын үсэг зурахгүй, хуулийн хүрээнд ойлголцох хэрэгтэй байна...” гэсэн 1/148 тоот албан бичгийг хүргүүлж байжээ.

 

Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс ажил хүлээн авсан Б.Б нь контракт байгуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас контракт байгуулагдаагүй, тус үйлдвэрийн газрын Үйлдвэрчний эвлэлийн хороо болон ажиллагсдаас Б.Бод холбогдуулж удаа дараа ирүүлсэн гомдол, санал, хүсэлт, үйлдвэрийн газрын хэвийн үйл ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлэх үүднээс “Тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх” тухай 72 дугаар тогтоолыг гаргасан байна.

 

Энэхүү тогтоолыг Б.Б эс зөвшөөрч гомдол гаргаснаар шүүх хэргийг хянан хэлэлцэж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02121 дүгээр шийдвэрээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1681 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1890 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

           

Иймд Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 4 дүгэр сарын 03 хүртэл цалингүй ажилласан хугацааны олговор болон түүнийг хууль бусаар үндэслэлгүйгээр түдгэлзүүлж, ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй болох нь дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож байх тул уг хугацааны цалин олговроо нэхэмжлэх шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж, мөн хуулийн 28.1-т... Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах тогтолцоонд үйлдвэрлэлийн байгууллага байна гэж заасан дагуу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 188 дугаар тогтоол гарч, уг тогтоолын 2 дахь заалтад Биокомбинат аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг  татан буулгаж, тогтоолын 4 дэх заалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяанд Б УТҮГ-ыг шинээр байгуулж, тогтоолын 5 дахь заалтаар хууль тогтоомжийн дагуу комисс томилж, татан буугдсан байгууллагын эд хөрөнгөд тооллого хийж, хаалтын тайлан баланс гаргаж, архив, үндсэн болон бусад эд хөрөнгийг шинээр байгуулах хуулийн этгээдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт тус тус даалгасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь Биокомбинат ТӨААТҮГ-т холбогдуулан 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авахаас татгалзаж, улмаар дахин нэхэмжлэл гаргаснаар иргэний хэрэг үүсгэсэн ба Б.Бын хариуцагчаар татсан Биокомбинат ТӨААТҮГ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Засгийн газрын 188 дугаар тогтоолоор татан буугдсанаар зохигчид Биокомбинат ТӨААТҮГ-ын эрх залгамжлагч болон хэргийн хариуцагчийн талаар маргаж байгаа болно.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаас дүгнэж үзэхэд Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 188 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/130 дугаартай тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсэг нь Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын тайланг гаргаж, хаалтын тайланд тусгагдсан 7.771.152.242.08 төгрөгийн балансын үнэ бүхий үндсэн болон эргэлтийн хөрөнгө, архив бичиг баримтыг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр шинээр байгуулагдсан Б УТҮГ-т шилжүүлж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “ татан буугдсан хуулийн этгээдийн эд хөрөнгийг шилжүүлэх” тухай 35 дугаар тогтоол, мөн өдөр тус газрын хаалтын тайланг баталсан 36 дугаар тогтоолыг тус тус гаргажээ.

 

Түүнчлэн Б УТҮГ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2018 оны 10 дугаар сарын 18-нд бүртгүүлэн  8292485 регистрийн дугаартай  гэрчилгээ, тамга тэмдгийг авч, хуучин Биокомбинат ТӨААТҮГ-ын байранд 254 хүний орон тоо, бүтэцтэй, үндсэн үйл ажиллагаа болох вакцин биобэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаагаа эрхлэн ажиллаж байгаа нь улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Б УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын баланс, санхүүгийн тайлангаас харахад цалингийн сан шилжээгүй, Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын цалингийн хэмжээ, сүлжээг Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолоор баталж, УТҮГ-ын даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/33 дугаартай тушаалаар байгууллагын ажиллагсдын цалингийн санг, төсөвт байгууллага болсон учраас Төсвийн тухай хуулийн 14.2.1 дэх хэсэгт зааснаар Б УТҮГ-ын бүтэц, орон тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаартай тушаалаар тус тус баталсан. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгэгдсэнээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог бөгөөд хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Биокомбинат ТӨААТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дэлгэрэнгүй лавлагаа, татварын тодорхойлолт зэргээс харахад хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдаагүй байна. Татварын ерөнхий хуульд татвар төлөгч хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд татвар төлөх үүрэг дуусгавар болох бөгөөд өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд хуулийн этгээдийн төлөөгүй буюу дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбоотой эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжихээр заасан. Хэрэгт авагдсан Биокомбинат ТӨААТҮГ-ын татварын тодорхойлолт болон Б УТҮГ-ын татварын тодорхойлолтоос харахад татвар төлөгчийн дугаар, хариуцлагын хэлбэр, удирдлагын нэр өөр байна. Түүнчлэн татварын өр хоорондоо шилжүүлсэн зүйл байхгүй, хуулийн этгээд татан буулгасныг бүртгэхэд татвар төлөгчөөс хассан харъяа дүүргийн тодорхойлолт шаардлагатай бөгөөд ийнхүү татвар төлөгчөөс хасагдаагүй тохиолдолд татан буугдах, улсын бүртгэлээс хасагдах боломжгүй. Биокомбинат ТӨААТҮГ-ыг татан буулгаж, хаалтын баланс үйлдэхийг Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгаж, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын тайланг баталсан. Үүнээс дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 60.2-т заасны дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь татан буулгах хуулийн этгээдийн эд хөрөнгийн тооллого хийж, дуусгалтын тайлан тэнцэл үйлдэж, эд хөрөнгийг өөр хуулийн этгээдэд шилжүүлэх эсэх асуудал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.2-т зааснаар Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт зааснаар зохицуулагдана. Иймд нэхэмжлэгчийн тайлбарт бичсэнээр татан буугдсан хуулийн этгээдийн эд хөрөнгө нь Б УТҮГ-т шилжсэн тул эрх залгамжилсан гэж үзэж байна гэдэг нь хэтэрхий өрөөсгөл хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын 188 дугаар тогтоол, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/130 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай тушаал, ажлын хэсгийн удирдамж, Биокомбинат ТӨААТҮГ-ын дүрэм, Б УТҮГ-ын дүрэм, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-177 дугаартай орон тоо батлах тухай тушаал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын  2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 35 дугаар татан буугдсан хуулийн этгээдийн хөрөнгийг шилжүүлэх тухай тогтоол, мөн газрын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын балансыг батлах тухай 36 дугаар тогтоол, Биокомбинат ТӨААТҮГ-ын хаалтын тайлан зэрэг баримтуудаар хариуцагчийн дээрх тайлбар, татгалзал үгүйсгэгдэж байх ба Биокомбинат ТӨААТҮГ-ын эрх залгамжлагч нь Б УТҮГ мөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар шаардлага ба үүргээ шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нөгөө талаар Б УТҮГ нь шинээр байгуулагдаж, шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ, регистрийн дугаар авсан, Биокомбинат ТӨААТҮГ нь тусдаа регистрийн дугаартай, улсын бүртгэлээс хасагдаагүй, тус тусдаа хуулийн этгээд гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Б.Б нь Б УТҮГ-ыг Татварын ерөнхий газарт хүсэлт гаргаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдээллээ зөв өгөөгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэх тайлбарыг буруутгах боломжгүй гэж үзэв.

 

  Б.Быг Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхад нь Төрийн өмчийн хорооны 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 684 дүгээр тушаалаар ажлаас нь чөлөөлснийг хууль бус үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар  анхан болон давж заалдах шатны шүүх, улмаар Улсын Дээд шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 167 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хоёр жилийн дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 415 дугаар “Б.Быг ажилд эгүүлэн томилох” тухай тогтоол гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба түүнийг урьд нь захирлаар ажиллаж байхад түүний сарын үндсэн цалин 990.000 төгрөг байсан байна.

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас “Б.Быг ажилд эгүүлэн томилох” тухай тогтоол 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан боловч ажлыг нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээлгэн өгч, мөн өдөр контрактын гэрээ байгуулах санал гаргаж, контрактын гэрээний хувийг ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь надтай контрактын гэрээ байгуулахдаа нэг сарын цалинг 2.300.000 төгрөгөөр тогтоосныг миний бие хүлээн зөвшөөрсөн, харин уг гэрээнд 2 зүйл заалт нэмэж, нэг заалт өөрчилснийг хүлээн зөвшөөрөөгүй, улмаар  гарын үсэг зурахгүй, хуулийн хүрээнд ярилцах хэрэгтэй гэсэн саналыг хүлээн аваагүй, нэмэлтээр оруулсан 3 заалтад цалин хөлсний тухай заалт хамааралгүй гэж тайлбарлан сарын үндсэн цалинг 2.300.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байх ба харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тэдний хооронд контрактын гэрээ бичгээр байгуулагдаагүй тул 2.300.000 төгрөгөөр тооцож, цалин нэхэмжлэх эрхгүй гэж маргаж байгаа болно.

 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Б.Бтой контрактын гэрээ байгуулах санал гаргаж, цалингаа тохирсон боловч гэрээний нэмэлт зүйл заалт нь ажилтны эрх ашгийг зөрчсөн гэдгээс үүдэн гэрээнд гарын үсэг зураагүй, талуудын хооронд контрактын гэрээ бичгээр байгуулагдаагүй үйл баримт тогтоогдож байна.

 

Хэдийгээр талууд контрактын гэрээ байгуулаагүй боловч ажилтан 2018 оны 01 дүгээр сарын 23-наас хойш ажил үүргээ гүйцэтгэж байсан, контрактын гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, гэрээ байгуулагдаагүйд нэхэмжлэгчийг шууд буруутгах боломжгүй улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 72 дугаартай түдгэлзүүлэх тогтоол гарах хүртэлх хугацаанд цалин олговрыг олгоогүй байна.

 

Нөгөө талаар Б.Быг тус газрын захирлаар ажиллаж байх үед түүний сарын цалин 990.000 төгрөг байсан ба түүнийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээр урьдхи ажилдаа эгүүлэн тогтоогдож, улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 415 дугаар тогтоол гаргаж, түүнтэй контрактын гэрээ байгуулах, захирлын сарын үндсэн цалинг 2.300.000 төгрөгөөр байхаар гэрээнд зааж, талууд гэрээнд гарын үсэг зураагүй, уг гэрээ баталгаажаагүй боловч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Биокомбинат ТӨААТҮГ-ын 2018 оны орон тоо бүтэц, цалингийн санг баталж, уг цалингийн санд захирлын сарын үндсэн цалин 2.300.000 төгрөгөөр батлагдсан, түүнчлэн Биокомбинатын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан В.Дарханбаатар нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Б/42 дугаартай тушаал гаргаж, цалингийн санд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч, үйлдвэрийн захирлын 2.300.000 төгрөгөөр баталсан цалинг өөрчлөөгүй болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул түүний сарын үндсэн цалинг 2.300.000 төгрөгөөр тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “...Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал, урамшууллаас бүрдэнэ...” гэж зааснаар хэрэгт авагдсан баримтыг үндэслэн түүний удаан жилийн нэмэгдлийг 20 хувиар тооцож /2.300.000х20%/= 460.000 төгрөг, докторын нэмэгдэл 15 хувь /2.300.00015%/=345.000 төгрөг, сарын үндсэн цалингийн хамт нийт 3.105.000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 23-наас шүүхийн шийдвэр гарах 2019 оны 4 дүгээр сарын 17 хүртэл 14 сар 16 хоногоор тооцож /3.105.000х14сар/=43.470.000 төгрөг, /3.105.000:21.5х16хоног/=2.310.688 төгрөг нийт 45.780.688 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Б.Бод олгож, дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б УТҮГ-т даалгах нь зүйтэй гэж үзэв.      

                       

Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 23-наас түдгэлзүүлэх тогтоол гарсан  2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 44 хоног цалин аваагүй гэж энэ хугацааны цалин нэхэмжилснийг Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар 6.354.418 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлөх бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолоор ажлаас нь түдгэлзүүлж, улмаар дээрх тогтоол хууль бус болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн заалттай тул нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233.800 төгрөгнөөс түүний төлөх 116.621 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 117.179 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч  Б УТҮГ-аас 386.853 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Биокомбинат ТӨААТҮГ-ын захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй бөгөөд захирал Б.Б болон ажилчдын цалин олговрыг Биокомбинат ТӨААТҮГ-аас олгож байсан тул нэхэмжлэгч нь эрх залгамжлагч Б УТҮГ-аас нэхэмжилж байх тул тус газраас гаргуулж, Б.Бод олгож, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                             

                               ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б УТҮГ-аас 45.780.688 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бод олгож, хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Б УТҮГ-т даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233.800 төгрөгнөөс түүний төлөх 116.621 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 117.179 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Бод олгож, хариуцагч  Б УТҮГ-аас 386.853 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.

 

            4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.ДАВААСҮРЭН