Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/00998

 
 

 

Ундрах-Эффишн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч, Б.Мөнхтуяа, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/02232 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1894 дүгээр магадлалтай,

 

Нэхэмжлэгч: Ундрах-Эффишн ХХК

Хариуцагч: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба

 

нэхэмжлэл: эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаартай орон сууцнуудыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх, уг үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгэрэлийн хяналтын журмаар 2020.09.28-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюу, нарийн бичгийн даргад Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: БЗД-н ЭХАШШ-н 2013.01.10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол бүхий Шүүхийн 2013.11.06-ны өдрийн 345 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд явагдаж буй иргэний хариуцагч төлбөр төлөгч Гүн төгөл ХХК-иас 1,910,404,858 төгрөг гаргуулан төлбөр авагч Анод банк ХК-ийн эрх хүлээн авагчид шилжүүлэх явцад үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүхэлдээ хууль бусаар явагдаж байгаад маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 37 дугаар байрны эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162 дугаартай 1 тоот; Ү-2202002689 дугаартай 14 тоот; Ү-2202001475 дугаартай 4 тоот хаягт байрлах орон сууц; Ү-2202001476 дугаартай 5 тоот хаягт байрлах Ундрах-Эффишн ХХК-ийн хууль ёсны өмч болох 4 ширхэг орон сууцыг хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөлгүй, огт барьцааны гэрээгүй байхад Гүн төгөл ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдан битүүмжилсэн болно. Дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ШШГТХ-н 122.5, 6.2, 6.2.1, 122.1, 122.3, 44.3-т тус тус зааснаар гомдлоо шууд шүүхэд гаргах зохицуулалттай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж буй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаартай орон сууцуудыг Ундрах-Эффишн ХХК нь хууль ёсоор өмчилдөг. Гэтэл шүүгдэгч нарын мэдүүлгийг бусад баримтаар давхар нотлолгүйгээр, ХХША-нд эд хөрөнгийн эрх, эрх ашиг нь хөндөгдсөн өмчлөгч этгээдийг дуудагдан оролцуулалгүйгээр БЗД-н ЭХАШШ-н 2013.01.10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолын хавсралтад барьцаа хөрөнгийн жагсаалтад бүртгэсэн байна. Энэ тухай хожим шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад олж мэдээд хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа илэрхийлж ирсэн ба аргагүйн эрхэнд эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. Мөн түүнчлэн БЗД-н ЭХАШШ-н 2013.01.10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013.04.17-ны өдрийн 287 дугаартай магадлал, УДШ-н 2013.07.03-ны өдрийн 330 дугаартай тогтоолын алинд ч Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтоон шийдвэрлэсэн зүйл огт байхгүй бөгөөд зөвхөн битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтад байгаа тухай дурдсан нь барьцаа хөрөнгийг битүүмжлэн хураан албадан худалдах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах үр дагаврыг үүсгэхгүй юм. Ундрах-Эффишн ХХК хуучин нэрээр Анод банк ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаартай орон сууцуудын гэрчилгээ эх хувиараа шүүгдэгч нарын харилцаа холбоотой компанийн сейфэнд байсныг Анод банк ХК-тай холбоотой санхүүгийн зөрчилтэй хэрэгт барьцаа хөрөнгө гэж мэдүүлснээс болж барьцаа хөрөнгийн жагсаалтанд хууль бусаар орсон байдаг. Мөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч бус иргэн хуулийн этгээд болох тус байрны түрээслэгч нарт битүүмжлэх хуудас гардуулан түрээсийн төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн дансанд тушаахыг шаардан мэдэгдэх хуудас гардуулж манай компанийн үйл ажиллагаанд хууль бусаар хөндлөнгөөс саад учруулж байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаартай үл хөдлөх хөрөнгөөр төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Ундрах-Эффишн ХХК-ийн өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа тул эдгээр 4 орон сууцыг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасч, чөлөөлөн шийдвэрлэж өгнө үү. Мөн БЗД-н ЭХАШШ-н 2013.01.10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол бүхий Шүүхийн 2013.11.06-ны өдрийн 345 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банк, Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд гүйцэтгэгдэж буй төлбөр авагч Анод банк ХК-ийн эрх хүлээн авагч, төлбөр төлөгч Гүн төгөл ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны Ундрах-Эффишн ХХК-ийн хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох дээрх орон сууцнуудтай холбогдон явагдаж байгаа хэсгийг хэсэгчлэн хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: БЗД-н ЭХАШШ-н 2013.01.10-ны өдрийн 34 шийтгэх тогтоолоор Гүн төгөл ХХК-иас 1,910,404,858 төгрөгийг Анод банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн хавсралт хэсэгт зээл олгох үед байгуулсан барьцааны тусгагдсан барьцаа хөрөнгийн жагсаалтад ЧД-н 1-р хороо, 2-р 40 мянгат 37 дугаар байрны 1, 4, 5, 14 тоот орон сууцнууд нь эрүүгийн хэрэгтэй холбогдуулан хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн. Тус 4 орон сууц нь Ундрах-Эффишн ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө юм. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 2013.08.30-ны өдөр Ундрах-Эффишн ХХК нь Гүн төгөл ХХК-йн зээлийн барьцаа хөрөнгө гэдгийг хүчингүйд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ гаргуулах, уг сууцнуудыг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож захирамжилжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Гүн төгөл ХХК-ийн өмчлөл эзэмшилд эд хөрөнгө бүртгэлгүй, арилжааны банкнуудад эзэмшдэггүй тул барьцаа хөрөнгө болох ЧД-н 1-р хороо 2-р 40 мянгат 37-р байрны 1, 5 болон 14 тоот орон сууцнуудыг 2019.03.14-ний өдөр эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилсэн. 4 тоот эзэнгүй байсан тул зарлан дуудах хуудас нааж тэмдэглэл хөтөлсөн. 2019.05 сард түрээслэгч нараас тайлбар авч тэмдэглэлд тусгасан. Манайх хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол магадлал, гүйцэтгэх хуудсыг үндэслээд ажиллагаа явуулсан. Шийтгэх тогтоолын дээр жагсаалтыг хавсралт нэг, хоёрт зааснаар шийдвэрлэсэн болно гэж заасан. 2013.01.10-ны өдрийн шийтгэх тогтоолын 17 дугаар заалтыг үндэслэл болгон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Хавсралт нэгд 4 дэхь заалт дээр н.Оюунчимэг нь Гүн төгөл ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд хэвээр байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 101/ШШ2020/02232 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасныг баримтлан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Ундрах-Эффишн ХХК-ийн өмчлөлийн, Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай Ундрах-Эффишн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1894 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/02232 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цолмонгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. 101/ШШ2020/02232 тоот Шүүхийн шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1 төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Ундрах-Эффишн ХХК-ийн өмчлөлийн Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэгдсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулж, чөлөөлүүлэх тухай Ундрах-Эффишн ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо... гэж ШШГТХ-н 122-г буруу тайлбарлан хэрэглэсэн ба холбогдох нотлох баримтыг зохих журмаар үнэлсэнгүй. 2. 1894 тоот Магадлалд ... Анод банк ХХК-иас зээлдэгч Гүн төгөл ХХК-ийн зээлсэн зээлийн төлбөрт баталгаа болгож барьцаалсан 4 орон сууцны талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Гүн төгөл ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Гүр-Аранзаас шийдвэр гүйцэтгэгч асуухад банкны зээлийн батлан даалтын баталгаа байсан гэж тайлбарласан байна... Иймд Анод банк ХХК-иас зээл авахдаа Анод ХХК-ийн өмчлөлийн дээрх 4 орон сууцыг зээлийн барьцаанд бариулсныг эрүүгийн хэргийн иргэний хариуцагчийн төлбөрт тооцож Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь иргэний хариуцагчийн зээлийн барьцааны хөрөнгө болох битүүмжлэгдсэн хөрөнгийг иргэний нэхэмжлэгчийн төлбөрт тооцож ажиллагаа явуулсныг буруутгах боломжгүй. Иймд барьцаанд тавиагүй, зээл аваагүй гэх гомдол үндэслэлгүй болно, ... давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй ... гэж ИХ-н 165, 234, 281, 457, 458-г буруу тайлбарлан, нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй. Тодруулбал: Нэг. БЗД-н ЭХАШШ-н 2013.01.10-ны өдрийн 34 тоот шийтгэх тогтоол бүхий 2013.11.06-ны 345 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албанд гүйцэтгэгдэж буй төлбөр авагч Анод банк ХХК-ийн эрх хүлээн авагчид төлбөр төлөгч Гүн төгөл ХХК-иас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гуравдагч этгээд болох Ундрах-Эффишн ХХК-ийн өмчлөх эрх хөндөгдөж байгаа талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Юуны түрүүнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа төлбөр төлөгч Гүн төгөл ХХК, төлбөр авагч Анод банк ХХК-ийн эрх хүлээн авагч нарт холбогдон явж байгаа ба тус ажиллагаанд Ундрах-Эффишн ХХК-ийн өмчлөх эрх хөндөгдөж байна. Тодруулбал, Ундрах-Эффишн ХХК нь урьд Анод ХХК нэртэй байсан, тус компанийн нэр дээр Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаарт бүртгэлтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө байдаг. Гэтэл Анод ХХК одоогийн Ундрах-Эффишн ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр ямар нэг зээл барьцаа, баталгаа, ипотекийн гэрээ байхгүй байхад Анод банк ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн шүүхийн шийтгэх тогтоолын битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтанд хууль бусаар оруулан төлбөр гаргуулах ажиллагаа хийж байна. Өмчлөгч Ундрах-Эффишн ХХК-ийн эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүй, ямар нэг ипотекийн буюу барьцааны гэх мэт үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлцэлгүйгээр Гүн төгөл ХХК-ийн төлбөрт тооцсон нь Иргэний хуульд заасан өмчлөгчийн өмчлөх эрхийг зөрчсөн үйлдэл бөгөөд өмчлөх эрхтэй холбоотой маргаан мөнөөс мөн билээ. Гэтэл шүүх ШШГТХ-н 122.1-д заасан өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн гэж үзэхгүй гэж буруу дүгнэж ШШГТХ-н 122.1-д заасан өмчлөх эрх нь хөндөгдсөн этгээд биш гэж үзсэн нь хууль бус юм. Дараах 2 үндэслэлээр өмчлөгчийн эрх зөрчигдсөн байна. Үүнд: 1. Улсын бүртгэлийн байгууллагаас Хэрэг бүртгэх мөрдөн байцаах газарт өгсөн эд хөрөнгийн лавлагаанаас харахад (2-р хавтаст хэрэг 9-р хуудас) Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 орон сууцуудыг Анод банк ХХК-ийн өмчлөлд байгаа гэж буруу тодорхойлж өгсөн байна. Бодит байдал дээр Анод банк ХХК биш Анод ХХК-ийн нэр дээрх хөрөнгийг андуурч мэдээллэснээс болж битүүмжлэгдсэн хөрөнгийн жагсаалтанд орсон байна. 2. Тус дөрвөн байрыг Ундрах-Эффишн ХХК-ийн зүгээс Анод банк ХХК-д барьцаанд тавьсан зүйлгүй, нэхэмжлэгч Анод банк ХХК-иас зээл авсан зүйлгүй, аливаа эрх зүйн харилцаанд ороогүй байсан нь Ундрах-Эффишн ХХК (Анод ХХК)-ийг иргэний хариуцагчаар тогтоогоогүй, мэдүүлэг аваагүй тухай Эрүүгийн хэргийн төв архиваас авсан лавлагаанаас тодорхой харагдана. Нэгэнт тус банктай болон шүүгдэгч нартай аливаа эрх зүйн харилцаанд ороогүй байхад иргэний хариуцагчаас гаргуулах хөрөнгийн жагсаалтанд гуравдагч этгээд Ундрах-Эффишн ХХК-ийн хөрөнгийг оруулсан нь хууль бус юм. Хоёр. Давж заалдах шатны шүүх нь Анод ХХК, Ундрах-Эффишн ХХК-д хамааралгүй хөндлөнгийн ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Э.Гүр-Аранзийн хууль бус тайлбарыг үндэслэн маргаан бүхий 4 орон сууц нь зээлийн барьцаа, баталгаанд хураагдсан гэж дүгнэсэн нь ИХ-н 165 үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай зохицуулалт, 166 дугаар зүйл барьцааг Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр үүсэх журам, 234 дүгээр зүйл Баталгааг хөрөнгийн өмчлөгч бичгээр гаргах журам, 281 дүгээр зүйл Зээлийн гэрээг бичгээр байгуулах, 457 дугаар зүйл Банкны баталгааны гэрээний журам, 485 дугаар зүйл Батлан даалт гаргах журам зэрэгт заасан зохицуулалтыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хууль бус үндэслэлгүй хариуцлагагүй дүгнэлт юм. Хуульд заасан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, баталгаа, батлан даалтын гэрээг Ундрах-Эффишн ХХК огт хийгээгүй байхад хөндлөнгийн хүний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд өгсөн тайлбарыг үндэслэн барьцааны зүйл мөн гэж дүгнэх нь хууль бус юм. СБД-н ИХАШШ-н 2013.08 сарын 6439 тоот захирамж өөр хариуцагчтай өөр хууль зүйн шаардлага бүхий хэрэгт хамаарах тул ШШГТХ-д заасан гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн зөрчилтэй тус маргаанд хамаарахгүй юм. 2013.01.10-ны өдрийн 34 тоот шийтгэх тогтоолд Ундрах-Эффишн ХХК (Анод ХХК)-ийг иргэний хариуцагчаар татсан, үл хөдлөх эд хөрөнгийг жагсаалтанд оруулсан гэх үг өгүүлбэр байхгүй бөгөөд зөвхөн тогтоолын хавсралтад оруулсан байдаг. Мөрдөн байцаагчаас гаргаж өгсөн битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалт нь алдаатай Улсын бүртгэлийн лавлагаанд үндэслэсэн, хуульд заасан журмыг зөрчин Анод ХХК-ийг иргэний хариуцагчаар татаагүй байж төлбөр гаргуулах жагсаалтанд оруулсан, барьцаа батлан даалтын гэрээгүйгээр битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалт үйлдсэн алдааг залруулж өгөхийг хүсье. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур Ундрах-Эффишн ХХК-ийн үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөр гаргуулах жагсаалтанд оруулсан Иргэний хууль, ШШГТХ-г буруу тайлбарлан хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, ИХШХШТХ-н 40.2-д заасан нотлох баримтыг зүй ёсоор нь үнэлээгүй шүүхийн шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ундрах-Эффишн ХХК 2019.09.07-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202000162, Ү-2202002689, Ү-2202001475, Ү-2202001476 дугаарт бүртгэлтэй орон сууцыг эд хөрөнгө битүүмжилсэн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх, эдгээр эд хөрөнгүүдтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахыг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

 

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013.01.10-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолд иргэний хариуцагчаар Гүн төгөл ХХК-ийг оролцуулж Э.Оюунчимэг /Гүн төгөл ХХК-ийн захирал/-с зээлийн үлдэгдэл 1,910,404,858 төгрөг гаргуулж, Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагчид олгох, битүүмжлэгдсэн эд хөрөнгөөс төлбөрт тооцохоор зааж, эд хөрөнгийн жагсаалт 1-т заасан Гүн төгөл ХХК-ийн төлбөрт тус эрхийн улсын бүртгэлийн Ү-2202001476, Ү-2202002689, Ү-2202000162, Ү-2202001475 дугаар бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 37 дугаар байрны 1, 4, 5, 14 тоот орон сууцнуудаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулжээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013.01.10-ны өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолын дагуу ажиллагаа явуулахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

 

Анод ХХК нь Анод банк ХХК дах банкны эрх хүлээн авагчид холбогдуулан Анод ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн хоёрдугаар дөчин мянгатын 37 дугаар байрны 1, 4, 5, 14 тоот орон сууцны гэрчилгээг Гүн төгөл ХХК-ийн зээлийн барьцаа хөрөнгө гэдгийг хүчингүйд тооцуулах, орон сууцнуудыг битүүмжилсэн шийдвэрийг хүчингүйд тооцуулах зэрэг шаардлага гаргаж байжээ. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүх 2013.08.30-ны өдрийн 6439 дугаар шүүгчийн захирамжаар ...Баянзүрх дүүргийн шүүхийн 34 тоот шийтгэх тогтоол буюу хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байна... гэж холбогдох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тул эдгээр эд хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсныг буруутгах хуулийн үндэслэлгүй болно.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 34 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр байх бөгөөд уг шийдвэрт заасан эд хөрөнгөөс төлбөр барагдуулж буй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаа байна.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2020/02232 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1894 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 193,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

П.ЗОЛЗАЯА

Х.СОНИНБАЯР

Б.УНДРАХ