Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/00882

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 12 өдөр                  Дугаар 183/ШШ2019/00882                              Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Баянгол ......тоотод оршин суух, В.Д   /РД:...../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..............тоотод оршин суух, Баянговь овогт Дагвадоржийн Жамъян /РД:.........../-д холбогдох,

2010.12.08-ны өдрийн 01 тоот болон 2013.04.09-ний өдрийн 13/01 тоот “Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцож, компанийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгуулахыг хүссэн иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.О , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Э нар оролцов.                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг н.Э  болон В.Д гэх хүмүүс эзэмшиж байсан. Иргэн Д.Ж гэж хүн холбогдоод хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмшинэ гэсэн байдлаар уулзсан. В.Д нь тухайн үед компаниийн 60 хувийн хувьцааг эзэмшиж байсан.  В.Д нь өөрийн хувьцааны 10 хувийг н.Э д бэлэглэж. Ингэснээр энэ хоёр хүн 50/50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Үүний дараа В.Д өөрийн эзэмшилийн 50 хувийн хувьцааг Д.Ж-д худалдан борлуулах, хувьцаанд ногдох эрхийг худалдах гэрээ байгуулсан. Гэрээний үндсэн агуулга нь В.Д нь өөрийн хувьцааг Д.Ж-д шилжүүлэн Д.Ж нь 50 хувийн хувьцааны төлбөр болох 800.000.000 төгрөгийг иргэн В.Д-д төлж барагдуулна гэсэн агуулгатай гэрээ байдаг. Тухайн гэрээнд төлбөрийн нөхцлийг өөрөөр тохиролцсон. Компанид хөрөнгө оруулах замаар төлбөр төлнө гэсэн агуулгаар тусгасан. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулаад Д.Ж тухайн үед энэ гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж албан ёсны хувьцаа эзэмшигч болоогүй байсан ч компанийн үйл ажиллагаанд оролцоод явсан. Ингээд явж байгаад улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, гэрээгээр тохиролцсон төлбөрөө төлөхгүй. удаа дараа шаардахад Д.Ж таны төлбөрийг төлнө гэрээгээ улсын бүртгэлд бүртгүүлээд албан ёсоор хувьцаа эзэмшигч болмоор байна. Гэхдээ 800.000.000 төгрөгөөр  улсын бүртгэлд бүртгүүлэхэд татварын асуудал илүү өндөр яригдах учраас гэрээний үнийн дүнг багасгаад 264.541.750 төгрөг болгох асуудлыг удаа дараа хэлсэн байдаг. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 13/01 гэсэн дахин өөр гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлээд В.Д  хувьцаа эзэмшигчээс хасагдаад иргэн Д.Ж тухайн компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Д.Ж гэж хүн гарч ирсэнээр В.Д , н.Э  нарыг үйл ажиллагаанаас нь тусгаарласан. Компанийн эд хөрөнгийг барьцаанд тавиад зээл авчихдаг. Одоо компанийн үйл ажиллагаа зогссон. Ерөнхийдөө үйл ажиллагаа бүрэн зогсоод Д.Ж гэдэг хүний харуул хамгаалалтын дор түгжээтэй 4 жил болж байна. н.Э  нь одоо хувьцаагаа буцаан авах нэхэмжлэл гаргаад шийдэгдсэн байгаа. 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн гэрээ бол хуульд заасан тодорхой шаардлага зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан бусад хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн дүр үзүүлсэн хэлцэл юм. Үндсэн талуудын зорилго нь 2010 оны гэрээ байсан нь хариуцагчийн хариу тайлбараар нотлогддог. Энэ асуудлаар 2015 онд  В.Д-ын гомдолоор Д.Ж-д холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож иргэний журмаар явуулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хэрэгт иргэн Д.Ж , н.Э  нарын мэдүүлэг байгаа. Энэ мэдүүлэгт 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн гэрээний талаар талууд огт дурдаагүй. Талуудын хүсэл зориг 2010  оны 12 сарын 08-ны өдрийн 01 тоот гэрээ байсан юм. Мөн хариуцагч 2010 оны гэрээний үүргийг биелүүлсэн. 800.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт оруулах байсан үүргээ биелүүлсэн гэдэг тайлбарыг удаа дараа хэлдэг. Эрүүгийн хэрэгт шалгаж байх явцад шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Уг шинжээчийн дүгнэлт нотлох баримтын журмаар шүүхэд авагдсан. Энэ дүгнэлтээр Макс групп иргэн Д.Жамъяаны өмнөөс ямар нэгэн хөрөнгө оруулалт оруулаагүй, үүрэг хүлээгээгүй  болохыг  нотлосон. Энэ асуудалд иргэн Д.Ж гэж орж ирээд В.Д гэрээгээр мөнгө авна гэсэн боловч нэг ч төгрөг төлөөгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу газрын  төлбөрөө төлдөггүй гээд газрын асуудлаар В.Д-ыг шүүхэд өгсөн байгаа. Түүний дансанд орсон тэтгэвэрийн мөнгийг нь хураагаад авдаг асуудал байгаа. Тэгэхээр энэ асуудалыг шүүхийн журмаар шийдүүлж, В.Д-ын зөрчигдсөн эрхийг сэргээж 2010 оны болон 2013 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 50 хувийн хувьцаа эзэмшигчээр нь сэргээж өгнө үү” гэв.   

    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Д.Ж нь 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг байгуулсан үнэн бөгөөд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийн нийт дүн нь 727,008,671 төгрөг болсон болно. Харин ч “В ” ХХК -ийн хувьцааг хамтран ажиллах хөрөнгө оруулалт авах нэрийдлээр хариуцагч Д.Ж тай байгуулсан гэрээний 5 дугаарт тусгагдсан гэрээний үүргээ одоо хэр нь биелүүлээгүй байгаа. Тиймдээ ч хариуцагчийн оруулсан хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлэх оролдлогыг удаа дараа гаргасны нэг жишээ үйлдэл бол хариуцагч Д.Ж г 2010 оны 12 дугаар сарын 08- өдрийн 01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах-худалдан авах, шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг байгуулсан боловч гэрээгээр залилан хууран мэхэлсэн гэх үндэслэлгүйгээр гүтгэн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн байгууллагад гомдол гарган 201525031643 тоот эрүүгийн хэргийг үүсгүүлэн шалгуулсан бөгөөд энэхүү хэрэгт Д.Ж-ийн оруулсан хөрөнгө оруулалтыг нь цагдаагийн байгууллага шинжээч томилон ажиллуулж шалган уг дүгнэлтээр Д.Ж үүргээ гүйцэтгэж, харин ч нэхэмжпэгч В.Д үүргээ гүйцэтгээгүй болохыг тогтоон баримтжуулсан нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 173 тоот Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Ийнхүү энэхүү эрүүгийн хэрэг нь үндэслэлгүй гэж үзсэний үндсэн дээр 2015 оны 08 сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолыг үйлдэн нэхэмжпэгчид танилцуулсан боловч дахин гомдол гаргаж шалгуулж байсанаар 2017 оны 09 сарын 14-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 654 дүгээр Прокурорын тогтоолын дагуу Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн болно.

Энэ мэтчилэн хариуцагч нь өөрийн эзэмшиж байсан хувьцааг хариуцагчаас худалдан авах элдэв аргыг хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн.

Монгол Улсын Дээд Шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот тогтоолд Иргэний хуулийн 6 бүлгийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дэх заалтыг дараах байдлаар тайлбарлсан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг л гэж ойлговол зохино. Хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж ирсэн нь энэхүү хэлцэлийг дүр үзүүлээгүй, гадаад илэрхийллийг бодитой хэрэгжүүлсэнээр утга алдагдаагүй ой хэлцэл болсоныг нотлон харуулж байгаа юм. Нэхэмжпэгч нь өөрийн нэхэмжпэлдээ “Иргэн Д.Ж нь тус компанийн 50 хувийн хувьцааг дээрх халхавчилсан гэрээний дагуу шилжүүлэн авсан хэдий ч эхний буюу үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсаар байна” гэсэн нь үндэслэлгүй билээ.

Нэхэмжпэгч В.Д-ын В  ХХК-ийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон өгнө үү” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

           Шүүх В.Д-ын гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь 2013.04.09-ний өдрийн 13/01 тоот “Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, компанийн 50 хувийн хувьцааг иргэн В.Д-д буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Шүүх хуралдааны явцад талуудын хооронд байгуулсан 2013 оны болон 2010 оны компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаан шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

          Хариуцагч тал “...гэрээнд заасан үүргээ хариуцагч биелүүлж ирсэн нь энэхүү хэлцлийг дүр үзүүлээгүй, гадаад илэрхийллийг бодитой хэрэгжүүлсэнээр утга алдагдаагүй бодитой хэлцэл болсоныг нотлоно” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөөгүй байна.

Хэргийн баримтаас үзэхэд В  ХХК, тус компанийг төлөөлж компанийн хувь нийлүүлэгч В.Д , В.Э  нар, нөгөө талаас иргэн Д.Ж гийн хооронд  2010.12.08-ны өдрийн 01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний гол нөхцөл нь В  ХХК-ийн 100 хувийн эрх, хувьцааны 50 хувийг иргэн Д.Ж д худалдах, хариуцагч нь тодорхой нөхцөлтэй худалдан авахаар тохиролцсон гэжээ.

Гэрээний гол нөхцөлийн 4-т зааснаар Б тал буюу Д.Ж  В  ХХК-ийн 50 хувийн хувьцаа, эрхийг энэ гэрээний 5 дугаар зүйлд заасан нөхцөл, болзолтойгоор 800,000,000 төгрөгөөр худалдан авч, энэ гэрээний 5.1-5.8-д заасан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхтэй болохыг тохирсон байна.

Талуудын хооронд 2013.04.09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн гэрээг дахин байгуулсан байх бөгөөд өмнөх гэрээний гол нөхцөлийн 4-т заасан үнийн дүнг өөрчилж В  ХХК-ийн 50 хувийн хувьцаа, эрхийг 264,541,750 төгрөгөөр үнэлсэн, тэрээр гэрээний үнийн дүнг багасгасан үндэслэлээ “...Д.Ж гийн хүсэлтээр их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийж дахин гэрээ байгуулсан” гэж нэхэмжлэгч тайлбарласан болно.

Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хариуцагч Д.Ж нь 2010.12.08-ны өдрийн 01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах-худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг хүлээн зөвшөөрч, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлд нийтдээ 727,008,671 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарладаг боловч энэ талаар нотлосон баримтгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас нотлох баримт ирүүлсэн бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016.09.06-ны өдрийн 173 дугаар шинжээчийн дүгнэлтэд ”...Д.Ж нь В  ХХК-д хөрөнгө оруулсаныг тогтоох боломжгүй, түүний үүргийг Макс импекс ХХК нь гүйцэтгэнэ гэсэн гэрээ ирээгүй болно” гэж дүгнэжээ.  

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д “эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна”, мөн хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт “үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна”, 260.3-т “эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2013.05.09-ний өдрийн Г/1588 дугаар гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тушаал, В  ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2013.04.08-ны өдрийн 13/02 тоот компанийн хувьцаа шилжүүлэх тухай тогтоол, 2013.04.09-ний өдрийн 13/01 тоот гэрээ, өөрийн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2013.04.09-ний өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, компанийн үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх, шинэчилсэн дүрэм батлах, компанийн захирал томилох тухай 2013.04.09-ний өдрийн 13/03 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол зэргээс үзэхэд талуудын хооронд байгуулсан 2013.04.09-ний өдрийн 13/01 тоот гэрээг үндэслэн В.Д-ын эзэмшлийн 50 хувийн хувьцааг Д.Ж эзэмших эрхтэй болсон байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.5-д зааснаар энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй бөгөөд В  ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Д нь 2013.04.09-ний өдрийн 13/01 тоот гэрээний дагуу шилжсэн өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагч Д.Ж д даалгахыг хүссэн шаардлага гаргасан нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хэрэгт цугларсан бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд талууд компанийн хувьцаа, эрхийг 2010.12.08-ны өдрийн гэрээгээр шилжүүлэхээр анх тохирсон атлаа татвараас зайлсхийхийн тулд гэрээний үнийн дүнг багасгаж, 2013.04.09-ний өдрийн 13/01 тоот гэрээг байгуулсан нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, өмнөх хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн байна гэж дүгнэлээ.

Нөгөөтэйгүүр худалдан авагч Д.Ж гэрээний үүргээ зөрчсөн, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн хувьцаа, эрхийг шилжүүлэхээс татгалзсан байна.

В  ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Э  2013.11.20-ний өдөр өөрийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг 500,000,000 төгрөгөөр үнэлж Д.Ж д худалдаж, түүний нэр дээр шилжүүлсэн байх бөгөөд худалдан авагч үнийг бүрэн төлөөгүйгээс В.Э  гэрээнээс татгалзаж, улмаар Д.Ж гаас В  ХХК-ийн 50 хувийн хувьцааг гаргуулан В.Э д буцаан шилжүүлсэн ДИХАШ-ны шүүхийн 2014.12.30-ны өдрийн 97 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул В.Э ийн эрх ашиг хөндөгдөхгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                     

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар В.Д , Д.Ж нарын хооронд байгуулсан 2010.12.08-ны өдрийн 01 тоот болон 2013.04.09-ний өдрийн 13/01 тоот Компанийн 50 хувийн эрх, хувьцааг худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх, компанийн хувь нийлүүлэгчдийн хоорондын гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсүгэй.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар В  ХХК-ийн хувьцаа эзэмшигч В.Д-ын эзэмшлийн 50 хувийн хувьцаа болон хувьцаа эзэмших эрхийг  буцаан шилжүүлэхийг Д.Ж-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс  чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 264,541,750 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж,

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

  

                          

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ЭНХЦЭЦЭГ