| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэгзийн Дамба |
| Хэргийн индекс | 178/2019/0089/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2019-10-17 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 32
Д.*******т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, прокурор Т.Өсөхболд, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 119 дугаар шийтгэх тогтоолтой, Д.*******т холбогдох эрүүгийн 1936000890093 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.
1. Монгол улсын иргэн, 1972 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн******* суманд төрсөн, 46 настай, дээд боловсролтой, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй ******* овогт *******ын ******* нь Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт ******* ******* нурууны дархан цаазат газар буюу “******* ******* *******” гэх газарт байгалийн жамаар үхсэн байсан ховор амьтан болох аргаль хонины сэгээс толгойг нь таслан авч ******* ******* улсын дугаартай “land cruiser-80” маркийн тээврийн хэрэгслээр Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрээс Ховд аймгийн******* сумын чиглэлд тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогт *******ын *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн 1936000890093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан аргаль хонины толгой нэг ширхэг, эрүүний яс нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Д.*******ын өмчлөлийн 1300000 төгрөгийн үнэ бүхий ******* ******* дугаартай land cruiser-80 маркын 4164 хөдөлгүүрийн багтаамжтай, дугаарын аралтай тээврийн хэрэгсэлийг бимүүмжилсэн прокурорын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/56 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нар нь давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд тохирсон дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4-т тухайн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалтыг үндэслэн, Д.*******т оногдуулсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ эх сурвалж болгосон нотлох баримт нь хэргийн бодит байдалтай хэрхэн нийцэхгүй байгаа талаар огт дурдаагүй, мөн гомдолтой танилцахад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй юм уу аль нь болох нь тодорхойгүй, шүүх ямар хуулийн аль зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаагаа гомдолдоо дурдаагүй байгаа зэргээс үзэхэд Д.*******, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нараас гаргасан гомдол нь гомдлын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
Д.******* нь ховор амьтан болох аргаль хонины гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хянан хэлэлцсэн болон шинжлэн судалсан, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Д.******* түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Анхан шатны шүүх Д.*******ыг Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багийн нутаг дэвсгэрт ******* ******* нурууны дархан цаазат газар буюу “ ******* ******* ******* “ гэх газарт байгалийн жамаар үхсэн байсан ховор амьтан болох аргал хонины сэгээс толгойг нь таслан авч ******* ******* улсын дугаартай “ Land cruiser-80 “ маркийн тээврийн хэрэгслээр Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багийн нутаг дэвсгэрээс, Ховд аймгийн******* сумын чиглэлд тээвэрлэж, ховор амьтан болох аргаль хонины гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож , түүнд ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Д.******* нь байгалийн жамаар үхсэн байсан аргаль хонины сэгээс толгойг нь таслан авч тээвэрлэж явсан үйл баримт нь хэрэгт авагдсан /хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 6-8х /,/ тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-н 9-12х /, / хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-н 13-15х /, гэрч / хх-н 39-40 /, / хх-н 52-53х / нарын мэдүүлгүүд, Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын ийлдэс судлалын шинжээч эмч М.Хандгайгийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн уг үхсэн байсан аргаль хонины талаар гаргасан дүгнэлт / хх-н 62-63 / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл Д.*******ын тээвэрлэж явсан аргаль хонины толгой нь Ховд аймгийн Ховд сумын Баян булаг багийн нутаг дэвсгэр ******* ******* ******* гэх газарт байгалийн жамаар үхсэн аргаль хонины сэгээс тасалж авсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд эх сурвалж нь тодорхой байхад шүүх түүнийг “хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд заасан “...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн...” гэх үйлдлүүд нь ховор амьтныг хамгаалах, тэднийг хууль бусаар агнахаас урьдчилан сэргийлэх, хууль бусаар агнасан этгээдийг цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой юм.
Гэтэл “байгалийн жамаараа үхсэн байсан” гэх эх сурвалж нь тодорхой, хохирол, нөхөн төлбөр гаргуулах боломжгүй “үйл баримт” тогтоогдсон байхад шүүх “гэмт хэргийн шинжтэй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн заалттай нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.*******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй“ гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 2019/ЩЦТ/119 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,
Шүүгдэгч Д.*******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Д.*******ыг цагаатгасугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Д.*******т урьд авсан “хувийн баталгаа гаргах“ таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Прокурорын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 5/56 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол “-ыг хүчингүй болгож, ******* ******* дугаартай, Land cruiser-80 маркийн тээврийн хэрэгсэлийг Д.*******т буцаан олгож, Д.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.
4. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Б.ДАМБА