Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 00893

 

2019 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2019/00893

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГ газарт холбогдох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын санал болгох хурлын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулж, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, гуравдагч этгээд Л.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 тоот шийдвэрээр хариуцагч Л.М-с 46,838,200 төгрөг гаргуулан тус ББСБ-д олгох, төлбөрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахара шийдвэрлэсэн нь давж заалдах болон, хяналтын шатны шүүхэд хянагдаж Улсын дээд шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2017/00144 тоот тогтоолоор хариуцагчаас гаргуулах төлбөрийг 35,848,687 төгрөг болгон өөрчилсөн. Гэвч Л.М төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаснаар гүйцэтгэх хуудас бичигдэн, НШШГГ-тай холбогдох гэрээг байгуулан төлбөр барагдуулах ажиллагаа явагдсан.

Улмаар Л.Мын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох .............. 000 тоот дахь 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан. Энэ үед Л.М нь бидэнд хандан би 3 сарын дотор уг үл хөдлөх хөрөнгөө зараад, төлбөрөө төлж барагдуулъя. Тиймээс миний барьцаа хөрөнгөнд шинжээч тогтоолгохгүйгээр санал болгосон үнэлгээгээр тогтооч гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. ББСБ-ын зүгээс үнэхээр энэ 3 сарын хугацаанд зарна гэдэгт нь итгээд, түүний хэлсэн 160,000,000 төгрөгийн үнэлгээн дээр маргахгүй явахаар болсон. Гэвч бид 3 сар хүлээсэн ч төлбөрөө төлөөгүй. Тэрхүү санал болгосон 160,000,000 төгрөгөөс нь албадан дуудлага худалдаа зарлаж, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаагаар зарагдаагүй. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр санал болгох хуралдаан хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийг тус ББСБ-ыг төлбөрт авч, санал болгосон 160,000,000 төгрөгөөс өөрийн төлбөрийг тооцож суутгаад, зөрүү төлбөрийг Л.Мад өгөхөөр шийдвэрлэсэн. Бид энэ үнийн саналыг анх дэмжсэн нь үнэн. Гэвч тэр хугацаанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байсан учир бид барьцаа хөрөнгөнд шинжээч томилж өгөхийг хүссэн боловч хүлээж аваагүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн учраас бид арга буюу шүүхэд хандсан.

Барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг төлбөр авагч, төлөгч нар харилцан тохиролцсон мэт боловч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй ... үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасч төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэсэн эрх зүйн зохицуулалтаар явагдаж байсан тул төлбөр авагчийн зүгээс 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр дуудлага худалдааны үнийн саналаар хариуцагч байгууллагад ...төлбөр төлөгч Л.Мын дээрх санал болгосон үнэ нь зах зээлийн ханшнаас хэтэрхий өндөр үнэлсэн, үл хөдлөх хөрөнгийн үнийн ямар нэгэн судалгаа, баримжаагүй, бодит байдалд нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй гэсэн саналаа албан ёсоор хүргүүлсэн. Энэ агуулгаар бид төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг хүлээн зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Гэтэл уг хуулийн зохицуулалт 2017 оны шинэчлэн найруулсан хууль үйлчилж, уг хуулиар төлбөр авагчаас төлбөр мөнгө авах бус, эсрэгээрээ мөнгөн төлбөрт унагааж, төлбөр авагчийн эрх, ашгийг хохироож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин шинжээч томилох боломжтой байсан ч, хуульд заасан арга хэмжээ аваагүй байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа шүүхэд бичгээр гаргасан төлөөлөгч Х.Саруулын хариу тайлбарыг дэмжин, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/05356 тоот шийдвэрээр Л.М-с 46,838,200 төгрөгийг гаргуулж Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч Л.Мын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205019540 дугаартай, .............. 000 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 160,000,000 төгрөгийн 70 хувь буюу 112,000,000 төгрөгөөр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177.4-т зааснаар харилцан тохиролцсон үнийн 50 хувь буюу 80,000,000 төгрөгөөр 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5-д заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй уг үл хөдлөх хөрөнгийг төлбөр төлөгч 10 хоногийн хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч харилцан тохиролцсон үнэ 160,000,000 төгрөгөөр дээрх орон сууцыг санал болгож, зөрүү 123,814,120 төгрөгийг төлбөр авагч Б ХХК-иас гаргуулан төлбөр төлөгч Л.Мад олгохоор шийдвэрлэсэн нь хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт ...дахин шинжээч томилж болно гэж заасан нь заавал дахин шинжээч томилох ёстой гэсэн зүйл биш юм. Мөн төлбөр авагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бичгээр албан ёсоор хүсэлт гаргаагүй учир ажиллагаа цааш үргэлжилж явсан гэв.

Гуравдагч этгээд Л.М шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний өмчлөлийн уг орон сууцыг нэхэмжлэгч талын хүсэлтээр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр НШШГГазрын гүйцэтгэлээр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул талуудын харилцан тохиролцсон үнэ болох 160,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон 80,000,000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан. Энэ 80,000,000 төгрөг бол 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнэ юм. Нэхэмжлэгч тухайн үед үнийн саналыг харилцан тохиролцсон учраас дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явсагдсан. Гэтэл одоо харилцан тохиролцсон үнийн саналаа үгүйсгэн, албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, барьцаа хөрөнгийг шинжээчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг нь эсэргүүцэн тайлбар гаргаж байна.

Урьд нь би 2006, 2007 оноос хойш энэ нэхэмжлэгч байгууллагаас олон удаа зээл авч байсан. Сарын 5 хувь, жилийн 60 хувийн хүүтэй зээл авдаг байсан. Энэ хугацаанд зөвхөн хүүгийн төлбөрт л гэхэд 40,000,000 орчим төгрөг төлсөн байдаг учир миний хувьд гомдолтой байдаг юм. Нэхэмжлэгч талын төлөөлөгчийн хэлж байгаа шиг 3 сарын хугацаа хүсч үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн гэдэг нь худлаа, ерөөсөө тийм тохиролцсон зүйл байхгүй. Өмнө нь н.Ганхуяг гэдэг захирал байсан. Тэр хүнтэй, шийдвэр гүйцэтгэгчтэй, гурвуулаа сууж байгаад л үнийн санал дээр тохиролцсон гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан, тус газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн санал болгох хурлын шийдвэр, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулж, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгчийн гаргасан үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн учир талуудын тохиролцсон 160,000,000 төгрөгөөс албадан дуудлага худалдааг явуулж, улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу санал болгох хуралдаанаар шийдвэрлэсэн уг ажиллагаа хуульд нийцсэн, ... мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөнд заавал дахин шинжээч томилох үүрэг болгосон зохицуулалт биш учир хуульд нийцүүлэн ажиллагааг явуулсан... гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/005356 дугаар шийдвэрээр Л.Мыг Б ХХК-д 46,838,200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хянан шийдвэрийг хэвээр үлдээсэн бол, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 001/ХТ2017/00144 тогтоолоор төлбөрийн хэмжээг 35,848,687 төгрөг болгон багасгаж, шийдвэр магадлалд өөрчлөлт оруулан, уг шийдвэрт 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 102/ГХ2017/00460 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ. /хэргийн 34-40 дүгээр тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 171/01 тоот Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол-оор төлбөр төлөгч Л.Мын өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2205019540 дугаартай, .............. 000 тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 171/02 дугаар Эд хөрөнгийг хураасан тогтоол-оор уг хөрөнгийг хураан авсан байна. /хэргийн 42-45 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Л.Мын зүгээс хураан авсан үл хөдлөх хөрөнгийн үнийг 160,000,000 төгрөгөөр үнэлж, төлбөр авагч Б ХХК нь санал болгосон үнийг ...зах зээлийн ханшаас хэт өндөр үнэлсэн, ...бодит байдалд нийцэхгүй... хэмээн дурдсан байх боловч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай явуулах үүднээс санал болгосон үнийг хүлээн зөвшөөрсөн гэх агуулга бүхий албан бичгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр НШШГГ-т хүргүүлж, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнийн саналын талаар харилцан тохиролцсон гэж үзэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилоогүй болох нь зохигчдын тайлбар, төлбөр төлөгчийн гаргасан 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн үнийн санал, төлбөр авагчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тухай албан бичиг зэргээр тогтоогдсон. /хэргийн 46, 47 дугаар тал/

Талуудын харилцан тохиролцсон дээрх үнийн саналын талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан үүсээгүй учир 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5/21 дүгээр Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол-оор хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг талуудын тохирсон 160,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 112,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон, анхны албадан дуудлага худалдааг 5 дугаар сарын 25-ны өдөр явуулах тухай мэдэгдлийг талуудад мэдэгджээ. /хэргийн 49, 50 дугаар тал/

Анхын албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу талуудын тохиролцсон үнийн 50 хувь 80,000,000 төгрөгөөр үнийг тогтоон, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах болсныг мөн талуудад мэдэгдэж, албадан дуудлага худалдааг мөн өдөр явуулсан боловч худалдан борлогдоогүй байна.

Улмаар 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр НШШГГ-т төлбөр авагч Б ХХК, төлбөр төлөгч Л.М нарыг оролцуулан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт заасны дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хуралдаан хийж, төлбөр төлөгч Л.Мад төлбөр авагч Б ХХК-д төлвөл зохих 35,848,687 төгрөгийн төлбөрийг төлөх 10 хоногийн боломжит хугацаа олгож,

Төлбөр авагч Б ХХК-д албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, төлбөр төлөгч Л.Мын өмчлөлийн .............. 000 тоот дахь 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 160,000,000 төгрөгөөр санал болгож, зөрүү 123,814,120 төгрөгийг төлбөр төлөгчид төлүүлэхээр тус тус шийдвэрлэжээ. /хэргийн 7 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.5 дахь хэсэгт барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа ... хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ гэж хуульчилсан байх бөгөөд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй дээрх орон сууц нь талуудын байгуулсан Зээлийн барьцааны гэрээний дагуу төлбөр авагчийн барьцаанд байсан учир хуулийн дээрх заалтад нийцүүлэн төлбөр авагчид санал болгосон нь хуульд нийцсэн гэж тайлбарлаж байна.

Гэтэл хариуцагчийн тайлбар, татгалзлын үндэслэл болгон тайлбарлаж буй хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх гол нөхцөл болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт: шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан ба, энэхүү ажиллагаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдээгүй байхад холбогдох хуулийн заалтаас барьцаа хөрөнгө гэх үндэслэлд шууд хамааруулан төлбөр авагчид санал болгосон нь хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлээр худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагаа явуулах журмыг нарийвчлан зохицуулсан бөгөөд, төлбөр төлөгч Л.Мын барьцаа хөрөнгө дуудлага худалдаагаар борлуулагдаагүй тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан ...дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгох ... ажиллагааг явуулсны дараа мөн зүйлийн 73.3, 73.5 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах ёстой байжээ. Хариуцагч тал уг ажиллагааг явуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон.

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн санал болгох хурлын 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулахыг даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Харин шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн анхны албадан дуудлага худалдаа, мөн оны 6 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн 2 дахь албадан дуудлага худалдааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт анхны дуудлага худалдааны дуудах үнэ болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг Иргэний хуульд заасан хувь, хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу явуулсан, төлбөр авагч болон төлбөр төлөгчдийн харилцан тохиролцсон үнийн саналыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцүүлэн тогтоож албадан дуудлага худалдааг явуулсан байх тул уг ажиллагааг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б ХХК-ийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зааснаар шинжээч томилуулан, тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргуулахаар хариуцагчид даалгахыг хүссэн.

Гэвч хуулийн дээрх зохицуулалтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шинжээч томилох боломжтой боловч, маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч тал тийнхүү шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч Б ХХК-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан, тус газрын зохион байгуулсан 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, барьцаа хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн санал болгох хурлын 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгох шаардлагыг ханган, худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулахыг хариуцагч НШШГГ-т даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА