Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 922

 

 

 

 

 

 

 

 

     2019 оны 04 сарын 17 өдөр

                Дугаар 183/ШШ2019/00922

                    Улаанбаатар хот

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж 82 тоотод байрлах, ЭТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа 3-133 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, Г.А-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 8 614 279 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Г.А, нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ЭТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....Г.А нь 2013 оноос манай байгууллагад 3 дугаар хэлтсийн автобусны /нийтийн тээврийн/ жолоочийн албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хьюндай айросити 0610 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагийн гүүрэн дээр Киа Бонго маркийн 6024 улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Тээврийн Прокурорын газраас тус зам тээврийн ослыг шалгаж хариуцагчийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн байдаг. Г.А нь тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсгийг зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас байгууллагад буюу манай тээврийн хэрэгсэлд 5 020 000 төгрөгийн хохирол гарсныг УШК ХХК-иар үнэлгээ тогтоосон. Мөн АК ХХК-ийн эзэмшлийн Киа Бонго маркийн 60-24УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.320.000 төгрөгийн хохирол, хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчигч Я.О-д 1 500 000 төгрөгийн хохирол нийт 9 840 000 төгрөгийн хохирол учруулсан. Хууль хяналтын байгууллагаар тус хэрэг шалгагдаж байх хугацаанд манай байгууллагын зүгээс Алтай констракшн ХХК-ийн хохирлыг барагдуулсан. Мөн зөрчигч Я.О нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хор учруулсны хохирол 2.200.000 төгрөг нэхэмжлэснийг талууд эвлэрч тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2017/01143 дугаар шийдвэрээр холбогдох 1 500 000 төлж барагдуулсан. 9 840 000 төгрөгөөс даатгалын компаниас шилжүүлсэн 1 225 721,56 төгрөгийг хасч, хариуцагчаас тээврийн хэрэгслийг ашиглах явцад учруулсан 8 614 279 төгрөгийг гаргуулж өгнө үү. Даатгалын тохиолдол 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болсон. Миг даатгалаас ирүүлсэн 4 820 000 төгрөг нь  2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн даатгалын тохиолдолоор шилжүүлсэн төлбөр юм. Иймд хариуцагчаас АК ХХК-ийн эзэмшлийн Киа Бонго маркийн 60-24 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.320.000 төгрөгийн хохирол, зорчигч Я.Оюунгэрэлд учруулсан 1 500 000 төгрөгийн хохирол, манай компанийн Хьюндай айросити 0610 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан 3 794 279 төгрөгийн хохирол, нийт 8 614 279 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 заасныг үндэслэн гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь ЭТ  ХХК-д 2013 оны 4 дүгээр сард жолоочоор ажилд орж, 2014 оны 4 дүгээр сараас Хьюндай айросити маркийн 0610 УНИ улсын дугаартай 13-128 автобусыг тус компаний гарашаас авч явах жолооч олдохгүй байхад нь 3 дугаар хэсгийн дарга н.Э намайг н.Г чи засвар үйлчилгээг хийж чаддаг болохоор янзлаад аваад яв гэж даалгавар өгсөн. Автобусыг /мотор, абортур, тормоз/ гэх мэт засвар үйлчилгээг хийж шугаманд Зурагт-Яармагийн чиглэлд явж байгаад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Яармагийн гүүрэн дээр түгжрэл ихтэй байсан тэр үед тормоз муу бариад гулгаж гүүр, портер машин мөргөсөн. МД ХХК-иас ирүүлсэн албан бичгээс харахад даатгалын компани ЭТ ХХК-д 1 225 721 төгрөг, 4 820 000 төгрөгийг шилжүүлсэн байна. Даатгалын тохиолдол буюу осол 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болоогүй. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болсон, 8 614 276 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч ЭТ ХХК нь хариуцагч Г.А-т холбогдуулан гэм хорын хохиролд 8 614 279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.   

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Зурагт-Яармагийн чиглэлд явж байгаад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Яармагийн гүүрэн дээр түгжрэл ихтэй байсан тэр үед тормоз муу бариад гулгаж гүүр, портер машин мөргөсөн. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр даатгалын компаниас даатгалын нөхөн төлбөрт 4 820 000 төгрөгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна. Үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Хэргийн баримтаас үзэхэд Г.А нь “ЭТ ” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу тус компанид автобусны жолоочоор ажиллаж байсан байх бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын зам гудамж, Яармагийн гүүрэн дээр нийтийн тээврийн ЭТ  ХХК-ийн эзэмшлийн Хьюндай айросити маркийн 06-10 УНИ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс яармагийн түр гүүрэнд 12 908 410 төгрөгийн хохирол, АК ХХК-ийн эзэмшлийн 60-24 УНВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд 2 820 000 төгрөгийн хохирол, ЭТ ХХК-ийн эзэмшлийн Хьюндай айросити маркийн 06-10 УНИ улсын дугаартай автобусанд 5 020 000 төгрөгийн хохирол, 5 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан, улмаар дээрх гэмт хэргийг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн, Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр Тээврийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 08А дугаар Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

 

Г.А-ын жолоодож явсан ЭТ  ХХК-ийн эзэмшлийн Хьюндай айросити маркийн 06-10 УНИ улсын дугаартай автобусанд 5 020 000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ухаа шүрт консалтинг ХХК-ийн автомашин, техникийн үзлэгийн тайлангаар, түүний жолоодсон тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Я.О-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсны улмаас тэрээр ЭТ ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1143 дугаар захирамжаар хариуцагчаас 1 500 000 төгрөг гаргуулах эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэснийг хариуцагч биелүүлсэн болох нь 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Хаан банкны орлогын мэдүүлгээр, мөн АК ХХК-ийн эзэмшлийн 60-24 УНВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 3 320 000 төгрөгийг нэхэмжлэгч ЭТ ХХК төлж барагдуулсан болох нь АК ХХК-ийн 2017 оны 8 дугаар  сарын 07-ны өдрийн 02/623 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

Хариуцагч Г.А нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журмыг зөрчсөн үйл баримт болон гэм буруугийн асуудалд маргаагүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ”...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзалаа нотлох үүргээ биелүүлээгүй байна. 

 

Иймд хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, ЭТ ХХК-ийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учирсан болон ослын улмаас бусдад учирсан хохиролыг ЭТ ХХК төлж, хохирсон үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “энэ хуулийн 498.1-д заасан этгээд өөрийн илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу ЭТ ХХК нь өөрт учирсан хохиролыг Г.А-аас шаардах эрхтэй юм.

 

Харин хэрэгт авагдсан МД ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03/12-462 дугаар албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтаар Г.А-ын албан журмын болон автотээврийн хэрэгслийн стандарт даатгалын нөхөн төлбөрт МД ХХК-иас 4 820 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ЭТ ХХК-д шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцон, үлдэх 3 794 276 төгрөгийг хариуцагч Г.А-аас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Тус хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Ш.А хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул зохигчдын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.8 дахь хэсгийг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75 658,42 төгрөг гаргуулах нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Г.А-аас 3 794 279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЭТ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 820 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75 658,42 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

           

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНГӨНТУУЛ

 

                                              ШҮҮГЧ                                      Б.МӨНХЖАРГАЛ

 

                                              ШҮҮГЧ                                      Д.МӨНХЦЭЦЭГ