Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 01207

 

“ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00922 дугаар шийдвэртэй “ЭТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.А-т  холбогдох, гэм хорын хохиролд 8 614 279 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 2013 оноос манай байгууллагад 3 дугаар хэлтсийн автобусны /нийтийн тээврийн/ жолоочоор ажиллаж байсан. Хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хьюндай айросити 06-10 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагийн гүүрэн дээр Киа Бонго маркийн 6024 улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Тээврийн Прокурорын газраас тус зам тээврийн ослыг шалгаж хариуцагчийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн. Г.А нь тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсгийг зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас тээврийн хэрэгсэлд 5 020 000 төгрөгийн хохирол гарсныг “Ухаа шүрт консалтинг” ХХК-иар үнэлгээгээр тогтоосон. Мөн “Алтай констракшн” ХХК-ийн эзэмшлийн Киа Бонго маркийн 60-24 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 320 000 төгрөг, хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчигч Я.Оюунгэрэлд 1 500 000 төгрөг, нийт 9 840 000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан. Хууль хяналтын байгууллагаар тус хэрэг шалгагдаж байх хугацаанд манай байгууллагаас “Алтай констракшн” ХХК, Я.Оюунгэрэлд нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан. 9 840 000 төгрөгөөс даатгалын компаниас шилжүүлсэн 1 225 721.56 төгрөгийг хасч, хариуцагчаас тээврийн хэрэгслийг ашиглах явцад учруулсан 8 614 279 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 Даатгалын тохиолдол 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болсон. “Миг даатгал” ХХК-иас ирүүлсэн 4 820 000 төгрөг нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн даатгалын тохиолдлоор шилжүүлсэн төлбөр юм. Иймд хариуцагчаас “Алтай констракшн” ХХК-ийн эзэмшлийн Киа Бонго маркийн 60-24 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 320 000 төгрөгийн хохирол, зорчигч Я.Оюунгэрэлд учруулсан 1 500 000 төгрөгийн хохирол, манай компанийн Хьюндай айросити 06-10 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан 3 794 279 төгрөгийн хохирол, нийт 8 614 279 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Г.А  шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “ЭТ” ХХК-д 2013 оны 4 дүгээр сард жолоочоор ажилд орж, 2014 оны 4 дүгээр сараас Хьюндай айросити маркийн 06-10 УНИ улсын дугаартай 13-128 автобусыг тус компанийн гараашаас авч явах жолооч олдохгүй байхад нь 3 дугаар хэсгийн дарга н.Энхболд “... чи засвар үйлчилгээг хийж чаддаг болохоор янзлаад аваад яв” гэж даалгавар өгсөн. Автобусыг /мотор, абортур, тормоз/ гэх мэт засвар үйлчилгээг хийж шугаманд Зурагт-Яармагийн чиглэлд явж байгаад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Яармагийн гүүрэн дээр түгжрэл ихтэй байсан тэр үед тормос муу бариад гулгаж гүүр, портер машин мөргөсөн. “Миг даатгал” ХХК-иас ирүүлсэн албан бичгээс харахад даатгалын компани “Э” ХХК-д 1 225 721 төгрөг, 4 820 000 төгрөгийг шилжүүлсэн байна Даатгалын тохиолдол буюу осол 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болоогүй. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болсон, 8 614 276 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.А-аас 3 794 279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЭТ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 820 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75 658.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.А давж заалдах гомдолдоо: Миний бие “ЭТ” ХХК-д 2013 онд жолоочоор ажилд орсон. №13-104 автобус барьж явдаг байсан. Хэсгийн дарга н.Мөнхболд явдаггүй байсан “Хьюндай айросити маркийн 06-10 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засаад шугаманд оруул” гэж үүрэг өгсөн. Уг автобусыг засаж янзлаад тормос нь барихгүй байна гэж удаа дараа хэлсэн. “ЭТ” ХХК тээврийн хэрэгслүүдээ шалгаж гаргадаггүй зөвхөн гаралтаа боддог. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Зурагт-Яармаг”-ийн чиглэлд явж байгаад Яармагийн гүүрэн дээр түгжрэл ихтэй байсан, тэр үед тормос муу барьж гулгаж гүүр болон портер мөргөсөн. “ЭТ” ХХК-ийн нэхэмжилж байгаа 3 794 276 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Иймд хэргийг дахин шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК нь хариуцагч Г.А-т холбогдуулан гэм хорын хохиролд 8 614 279 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Г.А нь “ЭТ” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар тус компанид автобусны жолоочоор ажилласан байна. /хх-ийн 13-15 дугаар тал/

Хэрэг авагдсан баримтаар Г.А нь 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын зам гудамж, Яармагийн гүүрэн дээр “ЭТ” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай айросити маркийн 06-10 УНИ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас Яармагийн гүүрийн бүрэн бүтэн байдалд 12 908 140 төгрөгийн хохирол, “Алтай констракшн” ХХК-ийн эзэмшлийн 60-24 УНВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэл эвдэрч 2 820 000 төгрөгийн хохирол, “ЭТ” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай айросити маркийн 06-10 УНИ улсын дугаартай автобусанд эвдрэл гэмтэл 5 020 000 төгрөгийн хохирол, 5 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл баримт Тээврийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 08А дугаар прокурорын тогтоолын хуулбар, техникийн үнэлгээний тайлан, зохигчдын тайлбар зэргээр тогтоогджээ. /хх-ийн 15-17, 38-39 дүгээр тал/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “... гүүрэн дээр түгжрэл ихтэй байсан, тормоз муу бариад гулгаж гүүр, портер машин мөргөсөн, ... даатгалын компаниас нөхөн төлбөрт 4 820 000 төгрөгийг шилжүүлсэн тул хасч тооцуулна, үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

“ЭТ” ХХК-иас зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд Я.Оюунгэрэлд 1 500 000 төгрөг, “Алтай констракшн” ХХК-д  3 320 000 төгрөгийг тус тус төлж, хохирлыг арилгасан үйл баримт хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн орлогын мэдүүлэг, “Алтай констракшн” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 02/623 албан бичгээр тус тус нотлогдсон. /хх-ийн 24, 28 дугаар тал/

Хэргийн 145-146 дугаар талд авагдсан “Миг даатгал” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 03/12-462 дугаар албан бичигт “... нөхөн төлбөрт 4 820 000 төгрөийг “ЭТ” ХХК-д шилжүүлсэн” болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч, үлдэх 3 794 276 төгрөгийг Г.А-аас гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлаа баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “ЭТ” ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрт учирсан хохирлыг осол гарах үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан буруутай этгээд Г.А-аас шаардсан нь үндэслэлтэй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагчийн гэм буруу, нэхэмжлэгчийн автомашинд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх хэмжээг хэрэгт авагдсан баримтад тулгуурлан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 75 659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ш.ОЮУНХАНД

                                                         ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                              Б.НАРМАНДАХ