Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2020/00786

 

“Э” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00922 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1207 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ний нэхэмжлэлтэй

Г.Ат холбогдох

Гэм хорын хохиролд 8 614 279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Г.Аын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А нь 2013 оноос манай байгууллагад 3 дугаар хэлтсийн автобусны /нийтийн тээврийн/ жолоочоор ажиллаж байсан. Хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хьюндай айросити 06-10 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагийн гүүрэн дээр Киа Бонго маркийн 6024 улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Тээврийн Прокурорын газраас тус зам тээврийн ослыг шалгаж хариуцагчийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллаж шүүхэд шилжүүлсэн. Г.А нь тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсгийг зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас тээврийн хэрэгсэлд 5 020 000 төгрөгийн хохирол гарсныг Ухаа шүрт консалтинг ХХК-иар үнэлгээгээр тогтоосон. Мөн Алтай констракшн ХХК-ийн эзэмшлийн Киа Бонго маркийн 60-24 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 320 000 төгрөг, хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд зорчигч Я.Оюунгэрэлд 1 500 000 төгрөг, нийт 9 840 000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан. Хууль хяналтын байгууллагаар тус хэрэг шалгагдаж байх хугацаанд манай байгууллагаас Алтай констракшн ХХК, Я.Оюунгэрэлд нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан. 9 840 000 төгрөгөөс даатгалын компаниас шилжүүлсэн 1 225 721.56 төгрөгийг хасч, хариуцагчаас тээврийн хэрэгслийг ашиглах явцад учруулсан 8 614 279 төгрөгийг гаргуулж өгнө үү. Даатгалын тохиолдол 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болсон. Миг даатгал ХХК-иас ирүүлсэн 4 820 000 төгрөг нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн даатгалын тохиолдлоор шилжүүлсэн төлбөр юм. Иймд хариуцагчаас Алтай констракшн ХХК-ийн эзэмшлийн Киа Бонго маркийн 60-24 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 320 000 төгрөгийн хохирол, зорчигч Я.Оюунгэрэлд учруулсан 1 500 000 төгрөгийн хохирол, манай компанийн Хьюндай айросити 06-10 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учруулсан 3 794 279 төгрөгийн хохирол, нийт 8 614 279 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Э” ХХК-д 2013 оны 4 дүгээр сард жолоочоор ажилд орж, 2014 оны 4 дүгээр сараас Хьюндай айросити маркийн 06-10 УНИ улсын дугаартай 13-128 автобусыг тус компанийн гараашаас авч явах жолооч олдохгүй байхад нь 3 дугаар хэсгийн дарга н.Энхболд ... чи засвар үйлчилгээг хийж чаддаг болохоор янзлаад аваад яв гэж даалгавар өгсөн. Автобусыг /мотор, абортур, тормоз/ гэх мэт засвар үйлчилгээг хийж шугаманд Зурагт-Яармагийн чиглэлд явж байгаад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Яармагийн гүүрэн дээр түгжрэл ихтэй байсан тэр үед тормос муу бариад гулгаж гүүр, портер машин мөргөсөн. Миг даатгал ХХК-иас ирүүлсэн албан бичгээс харахад даатгалын компани “Э” ХХК-д 1 225 721 төгрөг, 4 820 000 төгрөгийг шилжүүлсэн байна Даатгалын тохиолдол буюу осол 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болоогүй. 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болсон, 8 614 276 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00922 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ааас 3 794 279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 820 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 75 658.42 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1207 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00922 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 75 659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.А хяналтын гомдолдоо: Миний бие 2012 онд жолоочоор ажилд орсон. 2015 оны 12 сарын 02-ны өдөр яармагийн гүүрэн дээр КИА Вондо маркийн 60-24 УНВ улсын дугаартай машинтай мөргөлдсөн. Мөргөлдсөн шалтгаан нь автобусны тормоз бариагүйгээс болсон. Хохирлын хэмжээ 9 840 000 төгрөгний хохирол гарсныг МИГ даатгал 6 000 000 төгрөгийг “Э” ХХК-д шилжүүлсэн. Үлдэгдэл 3 794 276 төгрөгийг Г.А миний бие төлөх хүсэлгүй байна. Учир нь 1-15 насны 4 жоохон хүүхэдтэй, эхнэр ажилгүй өөрөө би бас ажилгүй байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Г.Ат холбогдуулан гэм хорын хохиролд 8 614 279 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...гүүрэн дээр түгжрэл ихтэй байсан, тормоз муу бариад гулгаж гүүр, портер машиныг мөргөсөн, ...даатгалын компаниас нөхөн төлбөрт 4 820 000 төгрөг төлөгдсөн,...” гэсэн үндэслэл заажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 3 794 279 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй байна.

Г.А нь “Э” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус компанид автобусны жолоочоор ажиллаж байсан, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын зам гудамж, Яармагийн гүүрэн дээр “Э” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай айросити маркийн 06-10 УНИ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан, уг ослын улмаас Яармагийн гүүрийн байгууламжид 12 908 140 төгрөгийн хохирол, Алтай констракшн ХХК-ийн эзэмшлийн 60-24 УНВ улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгсэлд 2 820 000 төгрөгийн хохирол, “Э” ХХК-ийн эзэмшлийн Хьюндай айросити маркийн 06-10 УНИ улсын дугаартай автобусанд 5 020 000 төгрөгийн хохирол, 5 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл баримт Тээврийн прокурорын газрын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 08А дугаар прокурорын тогтоолын хуулбар, техникийн үнэлгээний тайлан, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогджээ. /хх-13, 15-17, 38-39 дүгээр тал/

“Э” ХХК зам тээврийн ослын улмаас хөнгөн гэмтэл авсан хохирогч  Я.Оюунгэрэлд 1 500 000 төгрөг, Алтай констракшн ХХК-д эд хөрөнгийн хохирол 3 320 000 төгрөгийг тус тус төлсөн, байгууллагын автобусанд 5 020 000 төгрөгийн хохирол учирсан гэж нийт 9 840 000 төгрөгөөс даатгалын байгууллагаас төлсөн 1 225 721 төгрөгийг хасч, 8 641 279 төгрөгийг шаардсан байна. Нэхэмжлэгч нь бусдад учруулсан хохирлыг буюу Я.Оюунгэрэл, Алтай констракшн ХХК-ийн хохирлыг төлсөн нь Хаан банкны 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн орлогын мэдүүлэг, Алтай констракшн ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 02/623 албан бичгээр нотлогджээ. /хх-ийн 24, 28 дугаар тал/

Түүнээс гадна даатгалын тохиолдол бий болсон тул Миг даатгал ХХК-иас жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний дагуу 2018 оны 12 сарын 17-ны өдөр 4 820 000 төгрөгийг “Э” ХХК-д шилжүүлсэн байна. Харин даатгалын байгууллагаас тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу 2016 оны 10 сарын 06-ны өдөр төлсөн нөхөн төлбөр 1 225 721 төгрөг нь нэхэмжлэлийн үндэслэл болсон үйл баримтад хамаараагүй байв. /хх-145,146/

Г.А нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэм буруутай үйлдлээр бусдад гэм хор учруулсан, ажил олгогч “Э” ХХК заримыг буюу Я.Оюунгэрэл, Алтай констракшн ХХК-ийн хохирлыг төлж барагдуулсан тул уг хохирлыг, байгууллагын автомашинд учирсан хохирлын хамт нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэлгүй болохыг хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэж, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй нь буруу болжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, 498.5-д заасан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэсэн зохицуулалт нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон байна.

Гэм хорыг арилгасан байгууллага өөрийн ажилтнаас хохирлыг шаардах тохиолдолд ажилтны гэм буруу, хохирлын хэмжээ, хохирлыг бүрэн хариуцах үндэслэлийг нотолсон байх учиртай.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл Г.А нь нийтийн тээврийн жолоочоор ажиллаж, албан үүргээ гүйцэтгэж байхдаа илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсан нь нотлогдсон боловч осол гарсанд жолоочийн буруугаас гадна байгууллага тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болдог байна.

Ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, автобусны жолоочийн ажлыг гүйцэтгэхэд ХАБЭА-ны дүрэм, журам, зааврыг мөрдөх гэрээ, компанийн дүрэм, жолоочийн ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтын хүрээнд /хх-16-22, 35-37/ дүгнэхэд автобусны бүрэн бүтэн байдлыг жолоочоос гадна хэсгийн дарга, шалгах механик, засварын инженер хариуцдаг байх ба зөвхөн жолоочийг буруутгах боломжгүй байжээ. Г.А нь хэсгийн даргаас хуваарилан өгсөн автобусыг хүлээн авч, чиглэлд гардаг байх ба “Э” ХХК хөдөлмөрийн аюулгүй байдлыг хэрхэн хангасан, шаардлага хангасан автобусыг хүлээлгэн өгсөн, автобусны тормоз бүрэн, доголдол байгаагүй гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй байна.

Ажил олгогч нь ажилтан буюу жолоочийг ажилд гарахын өмнө тээврийн хэрэгслийн тормоз, жолооны механизм, гэрэл дохио, шил арчигч зэргийг заавал шалгах, гэмтэлтэй бол нэн даруй засварлах арга хэмжээ авахыг үүрэг болгохдоо хэзээ тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгч, жолоочийг шалгах боломжоор хангасан болохоо нотлоогүй, хэсгийн даргаас автобус өгөөд нийтийн тээвэрт гар гэсэн гэх хариуцагчийн тайлбарыг няцаагаагүй байв.

Үүнээс үзэхэд ажил олгогч зохих буруутай тул ажилтан гэм буруутай хэдий ч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирлыг бүрэн хариуцах үндэслэлгүй гэж үзнэ. Хариуцагч Г.А нь жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний дагуу 4 820 000 төгрөгийг төлснөөр өөрт хариуцах хохирлыг төлсөн гэж үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2019/00922 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1207 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Г.Ааас 8 614 279 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 08 сарын 08-ны өдөр төлсөн 75 654 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                              П.ЗОЛЗАЯА