Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 921

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 17 өдөр

    Дугаар 183/ШШ2019/00921

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,       

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам-8, Нарантуул захын урд байрлах, ЭД ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Махатма Гандийн гудамж, Романа резиденсе, 17 дугаар давхар, 1701 тоотод байрлах, Т ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 21 096 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, гэрч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ЭД ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...ЭД  ХХК нь худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр Т  ХХК-тай 2016 оны 7 сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр өрөмдлөгийн нэг тууш метрийг 120 төгрөгөөр тооцон 120 тууш м.кубын хоёр худаг гаргахаар төлөвлөн, үнийн дүнг гаргасан бөгөөд нийт үнийн дүн урьдчилсан байдлаар 28 800 000 төгрөг болсныг гэрээнд тодорхойлж өгсөн. Учир нь гүний ус хэдэн метрээс гарах эсэхийг өрөмдлөгийн дараа тодорхойлдог учраас урьдчилан байдлаар тодорхойлж, дараа нь гүйцэтгэлийн хувь шаардсан байгаа. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т ажлын хэмжээг тодорхойлсноос гадна нийт төлбөрийг захиалагч тал ажлын гүйцэтгэлээр төлөхөөр зөвшөөрөн энэхүү гэрээгээр тохиролцсон юм. Тиймээс ажлын гүйцэтгэлээр нэг худаг нь 120 тууш м.куб, нөгөө худаг нь 100 тууш м.кубын гүнээс гарсан тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасан нийт төлбөр 28 464 000 төгрөг болж өөрчлөгдсөн. Гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаанд хоёр худгаа хүлээлгэн өгсөн ба захиалагч тал урьдчилгаа төлбөр 14 400 000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн. Гүйцэтгэгч тал буюу ЭД  ХХК нь гэрээнд заасан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэн хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч тал ажил хүлээлцэх актаар хүлээж авсан болно. Гэвч захиалагч тал ажлын хөлсөө төлөхөөс зайлсхийн гэрээнд заасан ажлын үр дүнгээс илүү зүйл шаардаж, 3 хоногийн дотор ажлын хөлсийг төлөх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гүйцэтгэгч талаас гэрээний ажлын үлдэгдэл хөлс болох 14 064 000 төгрөгийг удаа дараа шаардсан боловч захиалагч тал болох Т ХХК санхүүгийн захирал нь надад хэлээгүй гэх шалтгаанаар төлбөрийг барагдуулдаггүй байсан. Олон удаа байгууллага дээр нь очиж уулзаж байсан ч гэрээний гүйцэтгэлийн үлдэгдэл 14 064 000 төгрөгийг одоог хүртэл төлөлгүй, 2 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Хэрэв ажил гүйцэтгэх гэрээний нөхцлийг зөрчсөн бол зөрчсөн гэдгийг батлах шаардлагатай. Гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байгаа бол түүнийгээ батлах шаардлагатай. Ямар нэгэн гомдлын шаардлага гаргаагүй, гэрээний үүрэг гүйцэтгэлийг хүлээн авснаас хойш 2 жил 9 сарын хугацаа өнгөрсөн. Худгийн өрөмдлөгийн ажлыг гэрээнд заасан үр дагавар, доголдол байвал тэр дор нь мэдэх боломжтой байдаг. 2 жил 9 сарын хугацаа өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш ус 2000 литрээс бага байсан гэх тайлбарыг хэлж, төлбөрийг төлөхгүй гэж тайлбарладаг нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт гэрээнд заасан тоо баримт, чанар тохирч байвал ажлын үр дүнг эд байдлын доголдолгүй гэж заасан. Үйлчлэгч буюу “ЭД ” ХХК нь гэрээнд заасан тоо хэмжээ, чанарт тохирсон ажил гүйцэтгэсэн. Хавтаст хэрэгт байгаа баримтаар  усны ундаргыг тогтоосон, хамгийн багадаа 1 секундэд 1 л ус гарч байгаа нь харагдана. Талууд гэрээ байгуулахдаа ажлын төсөвт өртөг, хэмжээг тохирч гэрээг харилцан тохирч байгуулсан. Явцын дунд гэрээнд өөрчлөлт оруулах нь талуудад нээлттэй байдаг ч талууд өөрчлөлт оруулаагүй. Хариуцагч нь ямар ч доголдолгүй ажил хүлээж авсан тул Иргэний хуулийн 343 дугаар хэсгийн 343.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон төлбөрийг төлөх үүрэгтэй. Захиалагчийн үндсэн үүрэг болох гүйцэтгэлийн хөлс төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас гэрээнд заасны дагуу 0.5 хувийн алданги тооцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан 50 хувиас хэтэрсэн учраас 50 хувиар тооцож алдангид 7 032 000 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн. Гүйцэтгэсэн ажлын хөлс 14 064 000 төгрөг, алданги 7 032 000 төгрөг нийт 21 096 000 төгрөгийг захиалагч Т ХХК-аас гаргуулж өгнө үү” гэв.

   

    Хариуцагч Т ХХК болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай компани худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ЭД   ХХК-тай байгуулсан. Гүйцэтгэгч тал болох ЭД   ХХК-ийн өрөмдсөн хоёр худгаас хангалттай хэмжээний буюу хоногт 2000 метрт хүрэх хэмжээний ус гараагүй учир бид төлбөр болох 14 064 000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Бидний хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт захиалагч нь хоногт 2000 метр ус гарахгүй бол гүйцэтгэгчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж болох ба хэрэв захиалагч тухайн цооногийг ашиглахыг хүсвэл үлдэгдэл 50%-ийн төлбөрийг захиалагчид төлөхгүй гэж маш тодорхой зохицуулсан байдаг. Гүйцэтгэгчийн өрөмдсөн худгаас хоногт гарах усны хэмжээ 2000 литрээас бага байсан учраас гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэгч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэж үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болж байсан юм. Гэвч гэрээний үлдэгдэл төлбөр 14 064 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй, харин алдангийг төлөх боломжгүй, нэхэмжлэгч тал алдангиа багасгавал эвлэрэх боломжтой” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭД ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлс 14 064 000 төгрөг, алданги 7 032 000 төгрөг нийт 21 096 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...үндсэн төлбөр 14 064 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, харин алдангийг төлөх боломжгүй” гэж тайлбарлан маргасан. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу ЭД   ХХК нь Төв аймаг, Баян сум, Чулуут 20572 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд 120 тууш метрийн гүн бүхий хоёр худагийг 1 тууш метрийг 120 000 төгрөгөөр тооцож, нийт 28 800 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр, захиалагч Т    ХХК нь ажлын хөлсний урьдчилгаа 14 400 000 төгрөгийг ажил эхлэхээс өмнө төлөх, үлдэгдэл төлбөрийг өрөмдлөгийн ажил дууссаны дараа цооногийн гүнийг хэмжиж, худгийг хүлээн авч, 3 хоногийн дотор төлөхөөр тус тус талууд тохиролцсон байх бөгөөд урьдчилгаа 14 400 000 төгрөг төлсөн, хүлээн авсан талаар талууд маргаагүй. 

 

Улмаар гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т ажлын хэмжээг тодорхойлсон боловч нийт төлбөрийг захиалагч тал ажлын гүйцэтгэлээр төлөхөөр тохиролцсоны дагуу нэг худаг нь 100 тууш м.кубын гүнээс гарсан тул гэрээний нийт үнэ 28 464 000 төгрөг болж өөрчлөгдсөн байна.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд зохигчид уг гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй тул шүүх энэхүү гэрээг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд гэрээний чөлөөт байдалд нийцүүлэн, агуулгыг өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч ЭД ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлаа хийж гүйцэтгэн, 2016 оны 7 дугаар сарын 27, 31-ний өдрүүдэд хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан худаг хүлээлцсэн актаар тогтоогдож байна. /хх9, 10/

 

Хариуцагч “....Гүйцэтгэгч тал болох ЭД ХХК-ийн өрөмдсөн хоёр худгаас хангалттай хэмжээний буюу хоногт 2000 метрт хүрэх хэмжээний ус гараагүй учир бид үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Бидний хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт захиалагч нь хоногт 2000 метр ус гарахгүй бол гүйцэтгэгчийг үүргээ биелүүлээгүй гэж үзэж болох ба хэрэв захиалагч тухайн цооногийг ашиглахыг хүсвэл үлдэгдэл 50%-ийн төлбөрийг захиалагчид төлөхгүй гэж маш тодорхой зохицуулсан” гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлоогүй, хэрэгт авагдсан Шинжлэх ухааны академи газар зүй-геоэкологийн хүрээлэн усны шинжилгээний лабораторийн усны химийн шинжилгээний тодорхойлолт гэсэн баримтаар няцааж чадаагүй. /хх11, 12/ 

 

Түүнчлэн хариуцагч нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана...” гэж зааснаар нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна.

 

Зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар “Худгийн өрөмдлөгийн ажил гүйцэтгэх тухай” гэрээ-г бичгээр хийж, гэрээний 2.4 дэх заалтад алданги тооцохоор тохиролцсон нь хуулийн дээрх заалтад нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэлд 14 064 000 төгрөг гаргуулах нь зүйтэй бөгөөд харин хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг баримтлан алдангийг 50 хувиар багасгаж, хариуцагчаас алдангид 3 516 000 төгрөг, нийт 17 580 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭД ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 516 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд гэрч Г.Баттулга “...тус компанийн хувьцаа эзэмшигч тул гэрчээр оролцохоос татгалзаж байна” гэж тайлбарласан бөгөөд тэрээр Т   ХХК-ийн 7 хувийн хувьцааг эзэмшдэг болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...”, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д “...үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон ... зохигчийн төлөөлөгчийг ... гэрчээр дуудах буюу мэдүүлэг авч болохгүй” гэж тус тус заасны дагуу гэрчээр оролцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 25 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232,6, 232,8 дахь хэсгийг баримтлан хариуцагч Т  ХХК-иас үндсэн үүрэгт 14 064 000 төгрөг, алдангид 3 516 000 төгрөг, нийт 17 580 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭД ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 516 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 263 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ