| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2017/01370/И |
| Дугаар | 339 |
| Огноо | 2018-01-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 339
Ж.А-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03817 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Ж.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.О-т холбогдох
15 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: С.О-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А- нь Барилгын политехник коллежийн багш ажилчдад зориулж хямдралтай үнээр барьж байгаа уг орон сууцнаас байр авах гэж байсан. Ингээд өөрийн мөнгөөр гипсэн блок худалдан авч, өгч байрныхаа үнэд тооцуулах зорилгоор иргэн С.О-тэй амаар хэлцэл хийн харилцан тохиролцож, худалдан авахаар болж урьдчилгаанд нь 2 удаагийн гүйлгээгээр 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 7 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 8 000 000 төгрөгийг тус тус нийт 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн. С.О- нь дээрх мөнгийг өөрийн төрсөн дүү С.Одмандахын хувийн дансаар шилжүүлэн авсан. С.О-ээс 10 см-ийн зузаантай, нэг ширхэг нь 10 000 төгрөгийн үнэ бүхий 1500 ширхэг барилгын гипсэн блок авах байсан. Гэтэл хариуцагч нь харилцан тохиролцсоныхоо дагуу дээрх 15 000 000 төгрөгөөр барилга барихад тохиромжтой чанар стандартад нийцсэн хавтангуудыг мөнгө шилжүүлсний дараа нийлүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй. Иймд иргэн С.О-т гипсэн блокны төлбөр болгож шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.А-тай ямар нэгэн хэлцэлийг аман болон бичгэн хэлбэрээр хийгээгүй бөгөөд түүнтэй анх удаа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Барилгын политехник коллежийн багш ажилчдын орон сууц бариулах ажлын комиссын дарга П.Нарандалайгийн хүсэлтээр түүний өгсөн Ж.А-гийн 91979199 дугаарын утсаар холбогдож, гипсэн блокны төлбөрийг нэн даруй барагдуулж, татан авалтаа хийхийг хүссэн албан тоотыг Ж.А-гийн цахим шууданд илгээсэн. Нэхэмжлэгч Ж.А- нь өөрийн албан тушаал, ажил хэргийн ёс зүй, шударга байдлыг үл ухамсарлан, нэхэмжлэлдээ намайг ямар ч үндэслэлгүйгээр буруутгасан. Би “Блю старлит” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд Барилгын политехник коллежийн багш ажилчдын орон сууцны барилгын гүйцэтгэгч “Ариун-Очир” ХХК-тай уг барилгын дотор, хамар хананд зориулсан гипсэн блок, дагалдах дайвар бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Барилгын политехник коллежийн барилгын зургийн автор Д.Нямсүрэн, П.Нарандалай дарга, багш нарын төлөөлөл, Ц.Зулхүү захирал зэрэг хүмүүсийн судалгааны дүнд манай бүтээгдэхүүн сонгогдсон. Гэрээ байгуулах явцад “Ариун-Очир” ХХК-ийн захирал Ц.Зулхүү Барилгын политехник коллежийн санхүүжилтийн байдлаас хамаарч, төлбөрийн хуваарийг тодорхой хийх боломжгүй байгааг тайлбарлаад дэнчингийн мөнгийг энэ 7 хоногтоо багтаагаад шилжүүлнэ, сургууль дараа 7 хоногт мөнгө шилжүүлэх ёстой, тэгэхээр нь блокны төлбөрийг бөөнөөр шилжүүлнэ гэснийг үндэслээд манай гэрээний загварыг гараар бөглөн хуулбарлан гэрээ байгуулсан. Мөн татан авалтын графикийг Ц.Зулхүү захирал барилгын ажлын явцаас хамаарч, тодорхой хэлж чадахгүй байсантай нь холбогдуулан, татан авалтыг 90 хоногийн хугацаанд байхаар тохиролцож тус тусын гэрээний хувинд өөрсдөө гараар бичсэн. 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд Ц.Зулхүү захиралтай утсаар холбогдож төлбөрөө яаралтай өгөх хэрэгтэй байгааг хэлдэг байсан ба 2016 оны 9 дүгээр сарын 26-нд мөнгө шилжүүлсэнээс хойш Ц.Зулхүү захирал утсаа авдаггүй, очиход ажил дээрээ байдаггүй байсан тул 10 дугаар сарын эхээр нярав эмэгтэйд нь утсаар яриач гэснийг минь дамжуулж өгөөч гээд утсаа бичиж үлдээсэн. Гэвч ярихгүй байхаар нь хэд хэдэн удаа очоод мөн л таарахгүй байсан. Бид үйлдвэрлэлээ явуулж байгаад “Ариун-Очир” ХХК-ийн захиалсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дуусгахад шаардлагатай 67 тонн гипсийг импортлохын тулд төлбөрөө төлөхийг шаардан 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Ц.Зулхүү захиралтай холбогдоход бидэнд мөнгө байхгүй байна гэхэд нь би ядаж 25 000 000 төгрөг шилжүүл гэхэд шилжүүлнэ, та гипсээ татаж бай гэсэн. Гэтэл мөнгө шилжүүлэхгүй байсаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7 000 000 төгрөг, 8 000 000 төгрөг шилжүүлсэн. Энэ асуудлыг мэдсээр байж нэхэмжлэл гаргаж байгааг нь гайхаж байна. П.Нарандалай захирлын хариуцлагагүй байдлаас болсон. Тийм учраас үндэслэлгүйгээр надаас нэхэмжилсэн гэж үзэж байна. Ж.А- гэдэг хүн мөнгө шилжүүлэхдээ С.О-ийн дансанд биш, н.Одмандахын дансанд хийсэн. Тэр хүн нь С.Одмандах биш, Э.Одмандах. Энэ төлбөрийн зориулалт нь банкны тухайн гүйлгээний мемориалын ордер болон интернетээс авсан хуулган дээр төлбөрийн агуулга нь Барилгын политехник коллежоос гипсэн хавтангийн үнэ, Барилгын политехник коллежоос гөлтгөнө хавтангийн урьдчилгаа гэж хийснээс С.О-т гэрээний дагуу гипсэн блокны үнэ гэж хийгээгүй. Энэ нь хоёр баримтаар нотлогдож байгаа. Интернетээс авсан банкны хуулга болон тухайн банкнаас авсан мемориалын хуулгаар нотлогдоно. Тэгэхээр би Ж.А-гаас нэг ч төгрөг аваагүй, хэлцэл хийгээгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.О-ээс 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 232 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.А-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч С.О- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Ж.А-тай ямар нэгэн хэлцэл байгуулаагүй. Хариуцагч Барилгын политехник коллежийн захирал асан П.Нарандалайгийн хэлснээр Ж.А-тай холбогдож мөнгө шилжүүлэх хүсэлтээ Барилгын политехник коллежийн нягтлан Ж.А-д өгч, гэрээний мөнгөө шилжүүлэн авсан. Хариуцагч С.О- "Ариун-Очир " ХХК-ийн захирал Ц.Зулхүү нар нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ний өдөр 16/09 дугаартай худалдах, худалдан авах гэрээгээр гипсэн блок худалдаж авахаар тохирсон. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэхийн тулд зээл аван үйлдвэрлэлээ явуулан гэрээгээр тогтсон хугацаанд гипсэн блокийг бэлэн болгосон. Гэвч "Ариун-Очир " ХХК болон Барилгын политехник коллеж мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлэхгүй байж блокоо хадгалж бай, хүлээж байгаарай, бид өвөл авна гэж удаа дараа гуйж байсан. Энэ бүрт манай компани блокоо нэмэлт зардал гарган хадгалсаар ирсэн. Бид ийнхүү өөрсдийн хөдөлмөрөө зарцуулан тэдэнд итгэн хөрөнгө мөнгөөрөө хохирчихоод байхад худал зүйл зохиож биднийг буруутгаж байгаад их гомдолтой байна. Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ хэт нэг талыг баримталсан. Тухайлбал шүүхийн шийдвэрт “хариуцагч нь нэхэмжлэгч Ж.А- Барилгын политехник коллежийн багш ажилчдын орон сууц барилгын мөнгөний асуудлыг хариуцаж байсан бөгөөд түүний данснаас шилжүүлсэн мөнгө нь "Ариун-Очир" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гипсэн блокны төлбөрт шилжүүлсэн мөнгө, энэ нь Ж.А-гаас мөнгө шилжүүлсэн талаарх “Голомт банк” ХХК-ийн мемориалын баримтад гүйлгээний утга "Барилгын политехник коллежоос гипсэн хавтангийн үнэд, Барилгын политехник коллежоос гөлтгөнө хавтангийн урьдчилгаа” гэж бичигдсэнээр нотлогдоно" гэх тайлбарыг гаргасан. Ж.А- нь "Ариун-Очир" ХХК болон Барилгын политехник коллежийн өмнөөс өөрийн дансаар 15 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, мөн шилжүүлсэн 15 000 000 төгрөг нь "Блю старлит " ХХК болон "Ариун-Очир" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээтэй хамааралгүй болох нь Барилгын политехник коллежийн багш, ажилчдын орон сууцны барилгын асуудлыг хариуцсан “Барилга өргөө” ТББ-ын албан бичиг болон тус төрийн бус байгууллагын тэргүүн П.Нарандалай, "Ариун-Очир" ХХК-ийн захирал Ц.Зулхүү нарын гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна” гэж тайлбарлажээ. Маргаан бүхий 15 000 000 төгрөгийн зориулалтыг банкны баримт дээр тодорхой бичсэн байхад уг нотлох баримтыг огт үнэлэхгүй гэрчийн мэдүүлгийг дан ганц нотлох баримтын түвшинд үнэлсэн нь нэг талыг баримталсан шийдвэр болжээ. Мөн шүүх гэрчийн мэдүүлэг авахдаа хоёр талын ажилтан, мэргэжилтнээс мэдүүлэг авч тодруулах боломжтой байсан, хоёр талд ижилхэн боломж олгоогүй, зөвхөн нэг талыг баримталж, нэхэмжлэгч талын хүмүүсээс мэдүүлэг авч, дүгнэлт гаргасан. “Барилга өргөө” ТББ-ын тэргүүн П.Нарандалай нь гэрчийн мэдүүлэгтээ "Барилга өргөө ТББ-ын санхүүжилтын асуудлыг Ж.А- хариуцдаг. Ж.А-гийн нэр дээрх данснаас шилжүүлсэн юм уу гэдгийг тогтоогоогүй. "Ариун-Очир" ХХК-ийн захирал Ц.Зулхүү, Барилгын политехник коллежийн багш, ажилчдын орон сууцны барилгын асуудлыг хариуцсан “Барилга өргөө” ТББ-ын албан бичиг болон тус төрийн бус байгууллагын тэргүүн П.Нарандалай нарын маргаан бүхий 15 000 000 төгрөг нь “Голомт банк” ХХК-ийн мемориал баримтын төлбөрийн утгаар Барилгын политехник коллежоос шилжүүлж байгаа нь хөдлөшгүй нотлогдож байтал гэрчийн мэдүүлгээр дээрх нотлох баримтыг үгүйсгэсэн нь алдаатай байна. Нэхэмжлэгч Ж.А- нь нэхэмжлэлдээ "Миний бие Барилгын политехник коллежийн багш, ажилчдын орон сууцны барилгын санхүүгийн асуудлыг хариуцан ажилладаг" Ингээд өөрийн мөнгөөр гипсэн блок худалдан авч, барилгад өгч байрныхаа үнэд тооцуулах зорилгоор иргэн С.О-тэй амаар хэлцэл хийж харилцан тохиролцож, 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн" гэх боловч ингэж аман хэлцэл байгуулагдсан нь шүүхийн шатанд нотлогдоогүй. Харин аман хэлцлийн дагуу шилжүүлсэн гэх 15 000 000 төгрөг нь “Голомт банк” ХХК-ийн мемориал баримтны "Барилгын политехник коллежоос гипсэн хавтангийн үнэд, Барилгын политехник коллежоос гөлтгөнө хавтангийн урьдчилгаа" гэж утгаар дээрх мөнгөний зориулалт аман хэлцэлтэй хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч "худал" зүйл зохиосон гэдгийг нотолж байна. Дээрх зүйлээс харахад "Ариун-Очир" ХХК-ийн захирал Ц.Зулхүү болон Барилгын политехник коллежийн захирал асан П.Нарандалай нар нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ний өдөр 16/09 дугаартай худалдах, худалдан авах гэрээний үүргээс зайлсхийн зохиомол байдал үүсгэж байгаа нь илт байхад шүүх шийдвэртээ гэрчийн мэдүүлгээр үндэслэж байгаа нь нотлох баримтуудыг үнэлэхдээ алдаа гаргасан гэж дүгнэхэд хүргэж байна. Энэхүү 15 000 000 төгрөгтэй холбоотой маргааны шалтгаант холбоо нь тус гэрээ байсан бөгөөд тус гэрээний хувьд шүүхийн харьяалал нь Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын Үндэсний арбитрт гэж байсныг шүүх үгүйсгэж шүүгчийн захирамж гаргасан. Түүнчлэн шүүх БГЖ болон нэхэмжлэгч Ж.А- нарын хооронд төлөөлөл болон даалгаврын гэрээ байгуулагдсан эсэхийг тогтоогүй байна. 16/09 дугаартай худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцуулахаар шилжүүлсэн гэдэг ойлгомжтой байна. Ж.А- нь и-мэйлээр "Ариун-Очир" ХХК-тай санхүүгийн тооцоо нийлэхдээ дээрх 15 000 000 төгрөгийг” 15 000 000 төгрөг шилжүүлсэн, блок” гэсэн байсан гэж "Ариун-Очир" ХХК-ийн захирал Ц.Зулхүү гэрчийн мэдүүлэгтээ /Ц.Зулхүүгийн гэрчийн мэдүүлгийн 2-р хуудасны 20-р мөрөнд/ мэдүүлсэн. Энэ нь Ж. Алтантуяа уг 15 000 000 төгрөгийг "Ариун-Очир" ХХК-д төлсөн гэж тооцоондоо оруулсан байсныг шүүх нягталж үзээгүй. Ж.А- нь Барилгын политехник коллежийн өмнөөс мөнгө шилжүүлсэн бөгөөд энэ нь бусдын үүрэг буюу гэрээний үүргийг даалгаваргүйгээр биелүүлсэн үү, үгүй юу гэдэгт шүүх хангалттай үнэлэлт өгөөгүй. Барилгын политехник коллежийн багш ажилчдын орон сууц бариулах ажлын комиссын дарга П.Нарандалай Барилгын политехник коллежийн захирал биш болсон тул мөнгөний асуудлыг ня-богоор дамжуулах нь зөв тул Ж.А-д гэрээний дагуу мөнгө шилжүүлүүлэх хүсэлтээ өг гэсний дагуу хариуцагч С.О- нь мөнгө шилжүүлэх хүсэлтээ өгч маргаан бүхий 15 000 000 төгрөгийг авсан. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй буюу үйл баримтыг дутуу шалгаж шийдвэр гаргасанд миний бие их гомдолтой байна. Хариуцагч дээрх гэрээний дагуу гипсэн блокийг зээл авч үйлдвэрлэж, зээлийн хүүг одоог хүртэл төлж, "Ариун-Очир" ХХК болон Барилгын политехник коллеж нь танайхаас авна шүү, байлгаж байгаарай" гэсний дагуу тухайн үе буюу хүйтний улиралд стандарт горимын дагуу түүнийг хадгалж, үйл ажиллагааны нэмэгдэл зардал гаргаж, бизнесийн хувьд хохирч үлдсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ж.А- нь хариуцагч С.О-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 15 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...гипсэн хавтан болон гөлтгөнө хавтан худалдаж авахаар хариуцагч С.О-т нийт 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч С.О- нь бараагаа нийлүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 15 000 000 төгрөгөө буцаан гаргуулна” гэжээ.
Хариуцагч С.О- нь Ж.А-тай амаар болон бичгээр худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй гэсэн ба Ж.А-гийн данснаас 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 7 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 8 000 000 төгрөг тус тус Э.Одмандахын данс руу шилжиж, уг мөнгийг хариуцагч С.О- авсан болох нь зохигчдын тайлбар, Голомт банкны төлбөрийн баримт, мемориалын баримт зэргээр тогтоогдож байна. /хх-н 3, 4, 29, 30-р тал/
Нэхэмжлэгч Ж.А- нь хэдийгээр хариуцагч С.О-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх боловч хариуцагч нь татгалзсан бөгөөд талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх үндэслэл тогтоогохгүй байна.
Иймд анхан шатны шүүх хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж, хариуцагч С.О-ээс шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ ШҮҮГЧ С.ЭНХТӨР Г.ДАВААДОРЖ