Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01136

 
 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02152 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 117 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч:*******

 

нэхэмжлэл: Улаанбаатар хотын банк дахь 2019.03.05-ны өдрийн №ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтохын хяналтын журмаар 2020.02.03-ны өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, нарийн бичгийн даргад Э.Бадамдорж нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2019.03.05-ны өдөр******* бид хоёр ЭДҮГ2201/190305 дугаар бүхий Эскроу дансаар үйлчлэх гэрээг байгуулан /худалдан авагч тал/ болох миний нэр дээр данс нээсэн. Худалдах, худалдан авах харилцаанд талуудын харилцан тохиролцсон нөхцөлийн тухайд санал зөрөлдсөн тул өөрийн мөнгөн хөрөнгө болох 50,000,000 төгрөгийг буцаан гарган авахыг хүссэн боловч******* зөвшөөрөхгүй байна. Иймд эскроу данснаас өөрийн хөрөнгөө гарган авч, өмчлөх эрхээ эдэлж чадахгүй байна.*******аас Улаанбаатар хотын банк дахь 2019.03.05-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаар бүхий Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тайлбартаа: Би нэхэмжлэгчийг огт танихгүй. Би Ууганбаатараас төлбөртөө 50 сая төгрөг хүлээн аваад сейфэндээ хийсэн. Гэтэл ******* гэдэг хүн цагдаад гомдол гаргаад, цагдаа 50 сая төгрөгөө эскроу дансанд хийгээд ир гэсний дагуу УБ хотын банкинд очиж би өөрийн цүнхнээс 50 сая төгрөг гарган тоолж өгөөд гэрээн дээр ******* бид хоёр гарын үсэг зурсан. ******* надад мөнгө өгөөгүй, ******* банкинд мөнгө тоолж өгөөгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 182/ШШ2019/02152 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж******* холбогдох Улаанбаатар хотын банк дахь 2019.03.05-ны өдрийн ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50,000,000 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 117 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунтогтох хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТХ-н 172.2.1, 172.2.2-т заасан дараах нөхцөл байдал үүссэн Үүнд: 1. ИХШХШТХ-н 32.5-т Өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. хэмээн хуульчилсан боловч Жинхэнэ хариуцагч нь Ажиглагчийн статустайгаар, Гуравдагч этгээд иргэнд олгосон итгэмжлэлийн дагуу Шүүхэд шууд мэдүүлэх үүргээ биелүүлэхгүй, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хариуцагчийн ЭХХША-нд гаргасан мэдүүлгээс илт зөрүүтэй зүйлийг мэдүүлснээр Хэргийг бүх талаас нь нягтлан тодорхойлох шууд бололцоог олгоогүй. 2. Түүнчлэн Нэхэмжлэгчийн Хариуцагчаас шууд асуулт асуух бололцоо хангагдаагүй, Нэхэмжлэгч эрхээ эдлэх боломжгүй нөхцөлд шүүх хуралдаан явагдсан. Жинхэнэ хариуцагч нь хуульд заасны дагуу Үнэн зөвийг мэдүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнээс хариуцлагыг шууд нэхэх боломжгүй байна. Хариуцагч нь ЭХХША-нд гаргасан мэдүүлгээ Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ИХХША-нд гаргасан мэдүүлгээр өөрчилсөн тул Хяналтын шатны шүүх анхаарал хандуулах шаардлагатай байна. 3. Маргааны гол агуулга ба процессын талыг ЭХХША-нд Цагдаагийн болон Прокурорын байгууллага нэгэнт тогтоосон ч ИХХША-нд түүнд ач холбогдол өгөлгүй, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөрүүтэй мэдүүлгийн дагуу Бодит бус үнэлэлт дүгнэлтийг гаргаж буй нь хуульд нийцэхгүй байна. Итгэл эвдэж залилсан, Худал мэдүүлсэн зэрэг үйлдлүүд нь ИХХША-нд хамааралгүй тул орхиё. 4. Нэхэмжлэгчийн хүсэл зориг, өөрийн биеэр мөнгөө Хариуцагчид шилжүүлэх болсон зорилго, хэлцэл сэлт тодорхой, түүнийгээ бичгийн хэлбэрт буулгахаар нотариат руу гурвуул хамтдаа явсан, гэвч хэлцлийн агуулга дээр Хариуцагч өөр байр суурь гаргасан зэргийг бүгдийг тодорхой тогтоосон Цагдаагийн болон Прокурорын шийдвэр байх ч Шүүхийн шийдвэр ба Магадлалын үндэслэл дүгнэлт нийцэхгүй байна. ЭХХША-ны үр дүнг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Дээрх нөхцөл байдал, үндэслэлийг Баримтаар илэрхийлье. Үүнд: Нэг. Хавтаст хэргийн 93-р талд буй Гэрчээс мэдүүлэг авсан Тэмдэглэлийн үргэлжлэл Ар нүүрт ЭХХША-ны гэрч******* ... 2019.03.05-ны өдөр Ууганбаатар нэг найзын хамт... миний ажлын байран дээр 50 сая төгрөг бэлнээр авч ирсэн .... тэгээд бид 3 гараад нотариатын газар дээр ороод төлбөрийн асуудал дээр маргаан үүссэн ... мөн ... Ууганбаатар бид хоёрын дунд 70 сая төгрөг гэсэн яриа болоогүй ... гэх агуулгаар мэдүүлэг өгсөн. Тус мэдүүлгийг үндэслэн ЭХХША-ны явцад Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Дүгнэлт 1: зохигч, гэрч М.Ууганбатар гурвын дунд Тодорхой хэлцэл байсан, хамтдаа нотариат орсон, нотариат руу очоод төлбөрийн асуудал дээр маргаан үүссэн тул Хариуцагч татгалзал гаргаж, маргааныг эхлүүлсэн. Нэхэмжлэгч цагдаа руу хандсан Үйл баримт байна. Хариуцагч нь ИХХША-нд мэдүүлэг огт өгөөгүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг байх ч агуулга нь ЭХХША-ныхаас тэс өөр бөгөөд Хариуцагч нь ИХХША-нд Хөндлөнгийн ажиглагчаар оролцсон. Хариуцагч шүүх хуралдаанд биечлэн ирсэн ч Шүүх хуралдаанд шууд оролцохгүй Ажиглагчаар оролцсон, Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ЭХХША-нд өгсөн мэдүүлгээс тэс өөр мэдүүлэг өгч буй нь Хяналтын шатны шүүх хуралдаанаар тогтоох боломжгүй Үйл баримт, Үйл явдал болсон. Хоёр. Хавтаст хэргийн 95-р талын Ар нүүрэнд гэрч М.Ууганбаатарын мэдүүлэгт 70 сая төгрөгийн тухайд Дэмчигсүрэнд хандтал Түмээтэй тохиролцсон бол болно гэсэн ч тухайн үед Түмээ зөвшөөрөөгүй, 2019.03.04 өдөр Түмээ 70 сая төгрөг шилжүүлж хашаа байшингаа ав гэсэнд Дэмчигсүрэнд яриаг дамжуулж бэлэн 50 сая төгрөгийг авч үлдсэн 20 сая төгрөгийг дансаар шилжүүлэхээр тохирсон ... Дэмчигсүрэнтэй хамт очсон Түмээ мөнгийг тоолж аваад хамтдаа нотариат орсон, маргаан үүссэн, Дэмчигсүрэнгийн мөнгийг Түмээ өгөхгүй гэсэн ... мөн Түмээг нотариатын үүднээс үнэмлэхээ аваад ирье гэж худлаа ярьж явсныг ойлгохгүй байна гэх агуулгаар мэдүүлэг өгсөн. Дүгнэлт 2: ЭХХША-нд өгсөн гэрч М.Ууганбаатарын мэдүүлэг нь ИХХША-нд ч өөрчлөгдөөгүй. Хавтаст хэргийн 27-33 талд авагдсан Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой бий. Гурав. Хавтаст хэргийн 105 дугаар талд авагдсан Мөрдөгчийн саналд 2019.03.04 өдөр барьцаа чөлөөлөх хэлцэл байгуулж гуравдагч этгээдээр /*******/ барьцаа чөлөөлөх гэрээ байгуулах үед ... 50 сая төгрөгийг буцааж өгөөгүй ... хэмээн туссан. Дүгнэлт 3: Барьцаа чөлөөлөх хэлцэл байгуулсан. Төлбөрт маргаан үүссэн, мөнгийг нь *******д буцааж өгөөгүй хэмээн дүгнэсэнтэй Хяналтын прокурор санал нэгдсэн байна. Дөрөв. Хавтаст хэргийн 106-р талд авагдсан Прокурорын 2019.03.13 өдрийн 409 дүгээр Тогтоолд ... М.Ууганбаатар нь гуравдагч этгээд болох *******гээр зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 70 сая төгрөгийг төлүүлж барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр*******д бэлнээр өгсөн, харин******* нь 50 сая төгрөг дахин төлөхийг шаардсан маргаан үүссэн ... гэх. Дүгнэлт 4: Нэхэмжлэгчийн 50 сая төгрөгийн шилжилтийн зорилго ба агуулгыг Прокурор тогтоосон. 70 сая хэмээн тохирсон байсан ч 100 сая төгрөг Хариуцагч шаардсан болохыг мөн тогтоосон. Зорилго нь Барьцааны үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлүүлэх нөхцөлтэй хөрөнгийн шилжилт явагдсан. Энэхүү Тогтоолыг Хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд Гомдол гаргаагүй байдаг. Гэвч ИХХША-нд мэдүүлснээсээ тэс өөр зүйлийг Итгэмжлэгдсэн төлөөлөгч хэмээх Гуравдагч этгээдээр дамжуулан илэрхийлж, өөрөө мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийн Ажиглагчаар ажиллагаанд оролцсоор байна. Тав. Хавтаст хэргийн 109-р талд авагдсан Дээд шатны прокурорын 2019.04.22 өдрийн 60-р Тогтоолд ..Н.Түмэнжаргал нь 50 сая төгрөгийг *******гээс аваагүй, харин өртэй байсан Б.Ууганбаатараас авсан гэж мэдүүлсэн, харин Б.Ууганбаатар нь Б Дэмчигсүрэнгээс 50 сая төгрөгийг авч*******д өгсөн нь тогтоогдож байна ... хэмээн нэмэн дүгнэсэн. Дүгнэлт 5: 50 сая төгрөг нь *******гээс гарал үүсэлтэй, тодорхой зорилгод чиглэгдсэн шилжилт явагдсан болохыг Дээд шатны прокурор тогтоосон. Харин 50 сая төгрөгийг *******гээс аваагүй гэж Прокурор тогтоогоогүй. Зургаа. Хавтаст хэргийн 28 дугаар талд авагдсан Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд: Даргалагчаас: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Аливаа хэлбэрээр эрх зүйн харилцаанд ороогүйг тогтоолгох гэж байгаа нь ямар учиртай юм бэ? гэхэд Хариуцагчийн төлөөлөгч: Хариуцагч******* нь нэхэмжлэгчээс мөнгө аваагүй, ямар ч харилцаанд ороогүй, гэрээ хэлцэл хийгээгүй, харин ганцхан гэрч гэх М.Ууганбаатараас мөнгө авч түүнтэй л харилцаж байсан юм гэв. Хавтаст хэргийн 32-р талд авагдсан Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд: Даргалагчаас: ******* нь М.Ууганбаатарын зээлийг төлөх зорилгоор*******тай холбогдсон юм байна. Тийм үү гэхэд Хариуцагчийн төлөөлөгч: Үгүй, холбогдоогүй. М.Ууганбаатар өөрөө ирж 50 сая төгрөгийг өгсөн гэв. хэмээн тус тус туссан. Дүгнэлт 6: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******гийн тухайн процесс дэх оршихүйг бүрэн үгүйсгэж байна. Тухайн процесст байгаагүй Гуравдагч этгээд болох Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хариуцагчийг ажиглагчийн байр сууринд суулгачихаад өмнөөс нь Түүний мэдүүлгээс илт зөрүүтэй зүйл мэдүүлж суух нь хуульд нийцэхгүй. Гэрчтэй очиж хэлцэл тохирон, мөнгөө тоолж өгсөн, Хариуцагчтай гурвуулаа нотариат руу явсан, Аргаа бараад цагдаад хандсан, Эскроу данс нээсэн байхад Хий үзэгдэл мэтээр мэдүүлэг өгч буй нь нотлох баримтаар няцаагдаж байгааг анхаарах хэрэгтэй. Гэтэл Нэхэмжлэгч ******* ба Гэрч М.Ууганбаатар нар нь хамтдаа очиж*******д мөнгийг Нэхэмжлэгч тоолж хүлээлгэж өгсөн болох нь ЭХХША болон ИХХША-нд өгсөн мэдүүлгүүдээр болон Прокурорын тогтоолоор нотлогдсон. Ерөнхий дүгнэлт:*******ын ЭХХША дахь мэдүүлэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ИХХША дахь мэдүүлэг нь илт зөрүүтэй. ЭХХША дахь Мөрдөгчийн санал, Прокурорын тогтоолоор тогтоосон нөхцөл байдлыг ИХХША дахь гуравдагч этгээдийн мэдүүлгээр төрөл арилжуулан, өөрчилж Шүүх маргааныг бүх талаас нь хянах бололцоог олгоогүй процесс үргэлжилсээр байна. Хариуцагч нь биеэр ирсэн ч мэдүүлэг өгдөггүй, ажиглагч болж Үнэн зөвийг мэдүүлэх үүргээсээ зайлсхийдэг ИХХША байж болохгүй. Өөрийн биеэр ирсэн Гэрч болон Нэхэмжлэгчийн мэдүүлгийг үнэлэхгүй, Прокурорын тогтоолыг ч үнэлэхгүй харин Гуравдагч этгээд болох Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бодит бус мэдүүлгээр Шүүхийн шийдвэр гарсан нь Хяналтын шатны шүүх хуралдаанаар тогтоох бололцоогүй нөхцөл байдалд хүргэлээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, Шударга өмчлөгчийг хамгаалан нэхэмжлэлийг хангаж өгнө үү.Эсхүл хариуцагч үндсэн үүргээ биелүүлэн шүүх хуралдаанд мэдүүлэхгүй байгаа тус нөхцөл байдалд нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байх тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх, нотлох баримтыг шүүхийн журмаар дахин бүрдүүлэхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* 2019.05.29-ний өдөр*******д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Улаанбаатар хотын банк дахь 2019.03.05-ны өдрийн №ЭДҮГ2201/190305 дугаартай Эскроу дансаар үйлчлэх гэрээний дагуу байршуулсан 50,000,000 төгрөг гаргуулахыг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд хандаж ...төлөөлөгч нь хариуцагчийн гаргасан тайлбараас өөр тайлбар гаргасныг шүүх үнэлсэнд хяналтын шатны шүүх анхаарал хандуулах шаардлагатай байна... Цагдаа болон Прокурорын байгууллага нэгэнт тогтоосон ...талаар шүүх дүгнэлт хийгээгүй.... хариуцагч нь ИХХША-нд тайлбар өгөөгүй.... ЭХХША-нд өгсөн мэдүүлгээс тэс өөр мэдүүлэг өгч байна...гэрчийн мэдүүлэгт хуулийн дагуу үнэлэлт өгөөгүй... гэсэн агуулгатай гомдол гаргасан байна.

Шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл,******* 2019.06.19-ний өдөр шүүхэд *******гийн нэхэмжлэлд гаргасан тайлбартаа /хх 15,16/ ...Дэмчигсүрэнг огт танихгүй. Би Ууганбаатараас 50 сая төгрөг авч сейфэндээ хийсэн байсан. Чингэлтэй дүүргийн 1-р цагдаагийн хэлтсийн ахмад Сайнбаяр надад 50 сая төгрөгөө эскроу дансанд хийгээд ир гэсэн тул би өөрийнхөө цүнхнээс 50 сая төгрөг гаргаж ирээд тоолж банкинд хийсэн...гэрээнд Дэмчигсүрэн бид хоёр гарын үсэг зурсан.. ******* надад болон банкинд мөнгө өгөөгүй... гэсэн байна.

Н.Түмэнжаргал Цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгсөн тухай бичгийн баримтад /хх 94/ ....би Ууганбаатарт мөнгө зээлүүлсэн ..зээлийн төлбөрт 50 сая төгрөг хүлээн авсан...энэ мөнгийг хүнээс худал ярьж авсан зүйлгүй... гэжээ.

Дээрх тайлбаруудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжих байдлаар тайлбар өгч, шүүх хуралдаанд мэтгэлцсэн /хх 118-122/ байх тул шүүх хэрийг шийдвэрлэхдээ хууль зөрчсөн гэх гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 -т нийцэхгүй байна.

Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Н.Түмэнжаргал нь М.Ууганбаатар ******* нарын хоорондох тохиролцоонд оролцсон гэх байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2019/02152 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 117 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД, Г.БАНЗРАГЧ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД