Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2021/01033

 

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02729 дүгээр шийдвэрээр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлалтай,

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

*******т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар захирамжаар *******, ******* нараас 337,046,338 төгрөгийг гаргуулж Нексус Финанс Инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Сэлэнгэ Эстимэйт ХХК нь *******ын эзэмшлийн Хан-Уул дүүргийн 1 хороо, Стадион оргил /17011/ Дөрвөн улирлын цэцэрлэг 1 байр, 212 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010012 дугаартай 103.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг дулаан зогсоолын хамт зах зээлийн үнээс хэт багаар буюу 410,237,000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу ******* нь ажиллагаа хийж үнэлгээчний үнийн 70 хувь болох 287,166,250 төгрөгөөр анхны албан дуудлага худалдаагаар оруулан худалдан борлуулахаар болсон. Энэхүү хөрөнгийн үнэлгээний тайланг мэдэгдлийн хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020.06.12-ны өдөр танилцуулсан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгэсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу *******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлж, зах зээлийн бодит ханшийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар захирамжаар *******, ******* нараас 337,046,338 төгрөгийг гаргуулж Нексус Финанс Инвестмент ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 1 хороо, Стадион оргил /17011/ Дөрвөн улирлын цэцэрлэг 1 байр, 212 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010012 дугаартай 103.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авч, тогтоолын хувийг төлбөр төлөгчид гардуулан өгч, тэмдэглэл хөтөлсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад дээрх орон сууцыг 2,000,000,000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн саналыг өгсөн ба төлбөр авагч нь шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Шинжээч Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг томилж зах зээлийн үнийг тогтоолгоход *******ын орон сууц, дулаан зогсоолыг 410,237,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч *******, ******* нарт 2020.06.12-ны өдөр уулзаж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан 4-222/23128 мэдэгдлийн хамт хүргүүлж тэмдэглэл хөтөлсөн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаагүй, төлбөр төлөгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бага үнэлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02729 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын *******т холбогдуулан гаргасан 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг хотхон 212 тоот, 103.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 410,237,500 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02729 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг хотхон 212 тоот, 103.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 410,237,500 төгрөгөөр тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг ....хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхзаяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д заасанчлан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл нь тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл, зах зээлийн жиших үнийн хандлагын арга нь тухайн цаг хугацаанд зах зээл дээр худалдаалагдаж буй ижил төстэй, тухайлбал байршил, хийц, үйл ажиллагааны хэлбэр ашигласан хугацаа зэрэг ойролцоо үл хөдлөх хөрөнгүүдийн мэдээллээр хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлдог. Гэтэл шинжээчийн харьцуулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн хийц, үнэлэгдэж буй хөрөнгөтэй ямар байдлаар ижил төстэй болоод харьцуулагдаж байгаа шинж байдал нь тодорхойгүй, мөн үнэлгээний тайлангийн 17 дугаар хуудасны сүүлийн догол мөрөнд харьцуулалт хийсэн хөрөнгө нь үнэлж буй манай хөрөнгөөс чанар байдал болоод бусад үзүүлэлтээр хангалтгүй байх тул итгэлцүүрийн дагуу өсгөж тооцоолон гаргасан гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл яаж, ямар итгэлцүүрийн дагуу өсгөж гаргасан нь тодорхойгүй байгаа тул шинжээчийн хөрөнгийн үнэлгээний аргачлал бодитой үнэн зөв хийгдэж чадаагүй гэж дүгнэж байна. Иймд шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хэвээр үлдээж, харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичсэн алдааг залруулж өөрчлөлт оруулжээ.

 

*******, ******* нар нь 337,046,338 төгрөгийг Нексус Финанс Инвестмент ББСБ ХХК-д төлөхийг баталгаажуулсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.04.29-ний өдрийн 183/ШШ2019/01003 дугаар захирамжийг хариуцагч ******* албадан биелүүлэх явцдаа төлбөрт битүүмжлэн хураасан барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 хороо, Стадион оргил /17011/ Дөрвөн улирлын цэцэрлэг 1 байр, 212 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010012 дугаартай 103.75 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 90 тоотод байрлах 13,7 м.кв талбай бүхий дулаан зогсоолын хамт дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ тогтоох ажиллагаа явуулжээ.

 

Анхны дуудлага худалдааны доод үнийг төлбөр төлөгч болон төлбөр авагч, харилцан тохиролцож тогтоогоогүй тул шийдвэр гүйцэтгэгч Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 410,237,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнэлгээг төлбөр төлөгч нар мэдсэн атлаа хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг зөрчсөн, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох төлбөр төлөгчийн эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдоогүй, шинжээчийн тогтоосон үнэлгээ зах зээлийн үнээс бага гэх үндэслэлээ нэхэмжлэгч нотлоогүй байна.

 

Иймд хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8-д заасантай нийцсэн гэж үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяагийн гомдлыг хангахгүй орхив.

 

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа ямар хөрөнгө үнэлсэн, аль шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг тодорхой заагаагүй байх тул энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/02729 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын *******т холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг хотхон 212 тоот, 103.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 90 тоотод байрлах 13,7 м.кв талбай бүхий дулаан зогсоолын үнэ тогтоосон Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын /итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяа/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021.01.25-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА