Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2019/00967

 

2019 оны 04 сарын 23 өдөр

   Дугаар 183/ШШ2019/00967

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 19 хороо, ... оршин суух, Б овогтой, Б.С нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ... оршин суух, Х овогтой, Н.Т холбогдох,

 

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлд 49.600.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Б нар оролцов.           

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аав минь өөрийн танил болох Б.Ц мөнгө зээлж туслаач гэж надаас хүссэний дагуу Б.С би өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГГ ажилчдын 308/4 дүгээр байр, 29 тоот орон сууцаа барьцаалан зээл авахаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Ц танил Н.Т гэх хүнтэй зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан боловч Н.Т нь гэрээнд зааснаар надад мөнгийг шилжүүлэн өгөөгүй болно. Тодруулбал, энэ хүнтэй гэрээ байгуулах ёстой гэж Ц.Ц, Н.Тыг олж өгсөн бөгөөд би Н.Тыг өмнө нь мэдэхгүй, танихгүй болно. Гэрээ байгуулагдсаны дараа Н.Т нь надад мөнгийг өгнө гэсэн боловч өнөөдрийг болтол өгөөгүй шууд Ц.Цд өгсөн гэж тайлбарладаг бөгөөд надад мэдэгдэлгүй барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Ингээд асуудал шийдвэрлэгдэхгүй байсаар байтал нэг өдөр намайг Цагдаагийн газраас дуудаж байцаалт авч, Ц.Ц нь бусдыг залилан мэхэлсэн гэмт хэрэг шалгагдаж байгаа тухай хэлсэн. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 237 дугаартай шийтгэх тогтоол гарч Ц.Цг гэм буруутай гэж үзэн хариуцлага хүлээлгэсэн гэсэн. Гэтэл Н.Т нь надад өгөөгүй мөнгөө өөрт нь буцаан өгөөд байраа ав мэтээр надаас шаардаж эхэлсэн. Улсын бүртгэлд барьцааны гэрээ бүртгүүлснийг мэдээгүй, мэдсэн даруйд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Н.Т нь олдохгүй байсаар эрэн сурвалжлагдан олдсон болно. Хэдийгээр Н.Ттай Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот орон сууцаа барьцаалан зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан байдаг боловч Н.Т нь гэрээнд зааснаар надад мөнгийг шилжүүлэн өгөөгүй болно. Иймд нэхэмжлэгч миний бие Н.Ттай аливаа гэрээний харилцаанд ороогүй ба тэр тусмаа зээл авч, мөнгөө хүлээн аваагүй тул талуудын хооронд байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үүссэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаартай Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлийг хүчингүй болгон бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Н.Т би 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б.Стэй зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу Б.Сд 32 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Нотариатаар батлуулсан зээлийн гэрээнд мөнгийг бэлэн өгсөн тухай бичиж талууд гарын үсгээ зурсан, Б.С надаас зээлсэн мөнгөө бусдад зээлүүлсэн тухай бичсэн нь үүнийг нотлоно. Зээлийн гэрээний барьцаа болгож Б.С нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоотод байрлах орон сууцыг барьцааны гэрээ байгуулан барьцаалуулсан болно. Б.С нь 32 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлж, зээлсэн мөнгөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг 20 хоногийн дараагаас эхлэн захиран зарцуулах эрхийг зээлдэгчид олгосон. Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тухай бүрд Б.Сд хандан өрөө төлөхийг шаардсан боловч маргааш нөгөөдөр гэсээр 20 хоногийн хугацаа нь дууссан тул Б.Сд барьцаа хөрөнгийг чинь зарж борлуулж мөнгөө гаргаж  авна гэхэд гал голомт минь шүү дээ. Ажил удахгүй бүтэх гээд байна. Түр хүлээчих. Зээлийг чинь хүү алдангитай нь төлж барагдуулна гэж гуйдаг байсан. Надаас зээлж авсан мөнгөө хэрхэн хүнд зээлүүлсэнээ нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байна. Сүүлд нь 2016 оны 10 дугаар сарын 01-нд зээлээ төлнө шүү, хамгийн сүүлийн хугацаа шүү гэж хэлээд хугацаа өгч хүлээсэн. Удаа дараа залгаж, уулзах бүрд шалтаг заан үр хүүхдийнхээ нэрийг барьж гуйна, эсхүл ажил явдал гарсан үнэхээр боломжгүй байна гэсээр өдийг хүрсэн. Б.С 2017 оны гарснаас хойш утсаа авахаа больсон. Арга буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хамгийн сүүлд амьдарч байсан гэрийнх нь хаягаар очиход хаалгаа тайлалгүй тийм хүн амьдардаггүй гэж худлаа хэлээд намайг буцаасан. Харин орцных нь айлаас асуутал энэ айл ойрдоо нүүдэл суудал огт хийгээгүй гэсэн. Гэтэл намайг эрэн сурвалжилж би түүнийг залилсан мэт бичсэн нь үнэнд нийцэхгүй байна. Надад Мөнгийг чинь төлнө гэж удаа дараа амладаг байсан. 2017 оны дунд үеэс утсаа авахаа больмогц би түүнийг худлаа яриад мөнгөө төлөх санаа зорилгогүй байгааг мэдсэн. Барьцааны гэрээг хууль бус гэж үзэх, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд Б.Сгээс үндсэн зээл, гэрээний дагуу хүлээсэн хүү, алданги нийт 49 600 000 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрт зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв. 

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Н.Тт холбогдуулан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгах, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 49 600 000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасныг талууд харилцан эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

            Б.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Н.Ттай аливаа гэрээний харилцаанд ороогүй, зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй, барьцааны гэрээг надад мэдэгдэлгүй улсын бүртгэлд бүртгүүлсэн тул зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж тодорхойлж маргаж байна.

 

Н.Т болон Б.С нарын хооронд 2014 оны 05 сарын 01-ний өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч Н.Таас 32 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлдэгч Б.Сд зээлүүлэхээр тохиролцож, зээлийн барьцаанд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж гэрээ байгуулсан байна.   /хх-24-25/

 

            Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 11-т зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бэлнээр хүлээлгэн өгсөн талаар тусгагдсан байх бөгөөд хэрэгт авагдсан Ц.Цг яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл, О.Б гэрчээр байцаасан тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 237 дугаар шийтгэх тогтоол мөн зохигчдын тайлбараас дүгнэхэд нэхэмжлэгч Б.С нь өөрийн эцэг О.Б хүсэлтээр Ц.Цд мөнгө зээлдүүлэх зорилгоор өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж 32 000 000 төгрөгийг хариуцагч Н.Таас зээлсэн үйл баримт тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл дээрх баримтуудаар няцаагдаж байна гэж үзлээ.  /хх-87-130/

 

            Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40.1, 41.2-т зааснаар иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох ба хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар хүсэл зоригийг тайлбарлана гэж заасан.

 

            Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлага хангасан, Иргэний хуулийн 156 дугаар зүйл, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дүгээр зүйлд тус тус нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

            Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 237 дугаар шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Б.С нь Ц.Цд холбогдох эрүүгийн хэргийн хохирогчоор тогтоогдож, Ц.Цд залилан мэхлүүлсэн үйл баримт тогтоогдож байна. Энэ нь Иргэний эрх зүйн харилцаанаас үүссэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Мөн уг шийтгэх тогтоолоор барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 81 496 500 төгрөгөөр үнэлж, хохирлыг шүүгдэгч Ц.Цгээс гаргуулж Б.Сд олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-130/

 

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх  үндэслэл тогтоогдохгүй байх тул 2014 оны 05 сарын 01-ний өдрийн зээл болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Н.Тын зээлийн гэрээний үүрэгт 49 600 000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн зээл гэрээнд Н.Т нь 32 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай Б.Сд зээлүүлэхээр тохиролцсоноос үзэхэд зээлдүүлэгч Н.Тын шаардах эрх 2014 оны 05 сарын 11-ний өдөр үүссэн байна.

 

Маргааны зүйл болох гэрээний үүрэгтэй холбоотой үйл баримтын талаар Ц.Цд холбогдох эрүүгийн хэрэгт Б.С, Н.Т нарын хэн аль нь хохирогчоор тогтоогдон, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 сарын 19-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул энэ хугацаанд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэл тогтоогдож байна. /хх168-184/

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнөх өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно гэж зааснаар хариуцагч Н.Т нь зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаа хугацаандаа гаргасан гэж үзнэ. 

 

Зохигчид хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн зээлийн гэрээнд  32 000  000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Б.С заасан хугацаанд зээлийг төлөх, зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар тооцохоор тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт тус тус нийцсэн байна.

 

Иймд Н.Т үндсэн зээл 32 000 000 төгрөг,  зээлийн хүү 1 600 000  төгрөг, алданги 16 000 000 төгрөг, нийт 49 600 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул Б.Сгээс зээлийн гэрээний үүрэгт 49 600 000 төгрөгийг гаргуулж, Н.Тт олгох нь зүйтэй гэж үзнэ.

 

Түүнчлэн талуудын хооронд 2014 оны 05 сарын 01-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан ба хариуцагч Б.С үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйл болох Б.Сгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 49 600 000 төгрөгийг гаргуулж, Н.Тт олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 706 100 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сгээс 405 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Тт олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 156 дугаар зүйлийн 156.1, 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан Н.Т, Б.С нарын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 01-ний өдрийн зээл болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцааны гэрээний зүйл болох Улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны барьцааны бүртгэлийг хүчингүй болгож бүртгэхийг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Сгээс 49 600 000 төгрөгийг гаргуулж Н.Тт олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Улсын бүртгэлийн Ү-2204011213 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, ШШГЕГ-ын ажилчдын 308/4 дүгээр байрны 29 тоот, 46 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 49 600 000 төгрөг гаргуулж, Н.Тт олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 706 100 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сгээс 405 950 төгрөгийг гаргуулж, хариуцагч Н.Тт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.МӨНХЦЭЦЭГ