Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/01208

 

 

Хар чонот ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02946 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар магадлалтай, 

Хар чонот ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Эрүүл орчин зөв ахуй ТББ болон Сонин дулаахан гэр ХХК-иудад холбогдох

Гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 7,200,000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алдангид 756,000 төгрөг, нийт 7,956,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Эрүүл орчин зөв ахуй ТББ болон Сонин дулаахан гэр ХХК-иудын төлөөлөгч С.Энхтайваны гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Баянцагаан, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019.01.16-ны өдөр Сонин дулаахан гэр ХХК, Эрүүл орчин зөв ахуй ТББ-тай ЗҮ-01 худалдах-худалдан авах гэрээ байгуулан Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Замын-Үүд зочид буудалд 2.500 м.кв талбайг халаах хүчин чадалтай, нүүрсээр халаадаг АСЭ-8 маркийн зуухыг авахаар тохиролцсон. Урьдчилгаа төлбөрт 7,200,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн. Зуухыг суурилуулан ажиллуулах гэрээ байгуулсан боловч тухайн зуух нь халаагүй, гэрээний шаардлага хангаагүй. Манай захирал удаа дараа утасдаж энэ асуудлаа шийдвэрлэж өгөхийг шаардсан боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Ийм учраас манай компани өөрийн зардлаараа уг зуухыг Улаанбаатар хотод авчирч хариуцагч талд зуухаа хүлээн авч урьдчилгаа төлбөрийг буцаан өгөхийг удаа дараа мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Бид хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, зуух нь халаагүй, Замын-Үүдэд зочид буудал хөлдөх шахуу болсон учраас хариуцагч талаас шаардаж байгаа. Ингээд бид манай компанитай байгуулсан урьдчилгаа төлбөрт хүлээн авсан буюу хохирсон 7,200,000 төгрөг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан алданги 756,000 төгрөгийн хамт 7,956,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Алдангийн хувьд 2019.01.16-ны өдрөөс 2019.08.16-ны өдөр хүртэлх нийт 7 сарын хугацаанд 7,200,000 төгрөгөөс нэг хоногийн 3,600 төгрөгөөр тооцож гаргасан мөнгөн дүн байгаа юм. Уг нь гэрээг 12,000,000 төгрөгийн үнийн дүнтэй байгуулсан. Уг 12,000,000 төгрөгөөс бодохоор гэрээнд заасан байгаа боловч манай талаас 7,200,000 төгрөгөөс гэрээнд заасан 0.05 хувиар алдангийг тооцсон байгаа. Гэрээний үүрэг биелэгдэхгүй байна. Зуухаа аваарай гэдэг зүйлийг тэр даруйд нь хэлсэн. Мөн өөрийнх нь хүүхэд гэх хүнд хэлсэн. Гэтэл өөрсдөө алга болсон юм. Ийм учраас манай захирал энэ хүн яагаад алга болсон талаар намайг тодруулахыг хүсэхэд нь би эдгээр хүмүүсийг шүүхэд өгсөн нь дээр байх гэж хэлсэн юм. Бид 7,200,000 төгрөгийг өгсөн бол заавал шүүхээр орох шаардлага байхгүй байсан гэж бодож байна. Бид арга буюу шүүхэд хандсан. Тухайн зуухыг буулгаж, шинэ зуух тавихаас өөр арга байхгүй байсан учраас бид буулгасан юм. Гэрээнд заахдаа зочид буудал хэвийн ажиллах нөхцөл байдал бүрдсэн байх ёстой байсан. Гэтэл зочид буудлыг хөлдөхөөс аварсан гэдэг зүйл ярих нь үндэслэлтэй юм. Гэрээнд заахдаа үлдэгдэл төлбөрийг байршуулж, халааж, хоёр тал хүлээн авсан, хүлээлгэн өгсөн акт үйлдэж байж үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж заасан байгаа. Гэтэл хариуцагч тал нь ажлаа хаяад явцгаасан хүмүүс. Би анх хариуцагч нарын төлөөлөгчтэй уулзахдаа 7,200,000 төгрөгийг төлөөд зуухаа авахад маргаангүй болох талаар ярилцсан байгаа. Бид гэрээний үүргээ баримталж ажиллаж байсан. Гэтэл хариуцагч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй учраас арга буюу шүүхэд хандахад хүрсэн. Манай тал гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн. Манай тал зуух тээвэрлэх зардлыг хариуцсан. Өөрсдөө тээвэрлэж аваачиж өгсөн, хугацаанд нь нийлүүлж халаасан гэдэг нь худал юм. Үнийн талаар бид харилцан тохиролцсон. Хэрэв халаахгүй байсан бол Замын-Үүдийн зочид буудал хөлдөх байсан. Тийм учраас бид зайлшгүй халаах шаардлагатай байсан. Актыг тогтоох үед өөрт нь хэлж байсан гэжээ.  

Хариуцагч Эрүүл орчин зөв ахуй ТББ, Сонин дулаахан гэр ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сард Замын-Үүдэд байрлах зочид буудлын паар нь хөлдөх гээд байна үүнийг сольж өгөөч гэж хүссэний дагуу нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа 7,200,000 төгрөг авсан. Уг халаалтыг манайх өөрсдөө хийдэг. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын захирал нь дуусаагүй байхад яаруулсаар байгаад зуухыг аваад явсан. Түүний дараа манай хүүхэд очиж халаалтыг нь шалгасан. Нэхэмжлэгч байгууллагын захирал н.Баянцагаан гэдэг хүн энэ халаалт чинь санаанд хүрэхээр халахгүй байна. Би ойрхоноор нь Эрээн хотоос хямдхан зуух авлаа гэж хэлсэн. Манай үлдэгдэл төлбөрийг төлж байхаар урдаас хямдхан зуух авсан нь арай дээр байсан байх. Түүнээс биш энэ зуух нь маш олон газрыг халааж байгаа. Олон давуу талтай, патенттай, Монголдоо өөрсдөө хийж байгаа зуух юм. Ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүйгээр буюу зуухандаа, эсхүл шугамандаа байгаа юм уу гэдгийг тогтоогоогүй байж шууд зуух сольсон. Бид Замын-Үүд рүү хоёр удаа явсан. Манай хүүхэд гүйцээх гэж 3 хоносон. Хэрэв манайх энэ зуухыг аваачиж тавьж байж тухайн зочид буудлыг тэр чигт нь хөлдөх аюулаас хамгаалсан. Тийм учраас энэ нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй. Манай байгууллагын үлдэгдэл төлбөрийг төлөөч гэж хүсэж байна. Бид анх 12,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж 7,200,000 төгрөгийг нь урьдчилгаанд авч, үлдэгдэл 4,800,000 төгрөгийг өгөөгүй. Би зуухаа буцааж авах гэхэд өгөөгүй, үндэсний үйлдвэрээ дэмжээд хамтраад ажиллахын оронд зуухыг буулгасан. Бид ажлыг нь хаяж яваагүй. н.Баянцагаан гэдэг захирал нь манай хүүхдийг аваад явсан юм. Манай хүүхдэд ярихдаа байшин дулаан алдаад байх шиг байна гэж ярьсан байгаа юм. Бид ажлаа дуусгах үед хүлээлгэж өгөх хүн байгаагүй. Би хүлээлгэж өгөөд гарын үсэг зуруулаарай гэж хэлсэн боловч хүлээж авах хүн байгаагүй. Үүдний ресепшн гэдэг хүн л байсан. Би н.Баянцагаан захиралтай нь ярихад ...хүлээж авна, гэхдээ би очих болоогүй байна... гэж хэлсэн. Манай хүүхэд хэзээ ирнэ гэж Замын-Үүдэд хүлээж байхав. Би зуухаа аваад ирээч энд хүн авах гээд байна гэж хоёр ч удаа ярьж, олон ч удаа залгасан. Гэтэл н.Баянцагаан нь утсаа аваагүй. Гэрээн дээр тээврийг нэхэмжлэгч байгууллага хариуцсан нь үнэн. Би зуухны төмрийг цехээс тээвэрлэсэн талаар ярьсан. Манай тал гэрээний үүргээ хангалттай биелүүлсэн, цаг хугацаанд нь байрлуулсан тийм учраас үлдэгдэл төлбөрөө гаргуулахаас өөр аргагүй байдалд хүрээд байх шиг байна гэжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02946 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Эрүүл орчин зөв ахуй ТББ, Сонин дулаахан гэр ХХК-иудад холбогдох худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 7,956,000 төгрөг гаргуулах тухай Хар чонот ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,246 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/02946 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 142,246 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч Эрүүл орчин зөв ахуй ТББ болон Сонин дулаахан гэр ХХК-иудын төлөөлөгч С.Энхтайван хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шатанд болсон мэтгэлцүүлэх ажиллагаа хийснийг хийгээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Худалдах-худалдан авах гэрээнд үлдэгдэл төлбөр төлөх төлбөрийн хугацааны талаар дурдсаныг зуухны халсан, халаагүй чанартай холбож байгаа нь ямар зуух худалдаж авах гэж байгаагаа захиалагч тал үзэж байж захиалга өгдөг учир гүйцэтгэгч тал уг зуухны хүчин чадал, тооцоо, зураг паспорт бичиг баримт, оюуны өмчийн гэрчилгээний хуулбарын хамт захиалагч талд бүрэн өгч байж урьдчилгаа төлбөрөө авсаныг аль аль тал нь анхан шатны шүүхэд уг баримтыг өгөөгүй гэсэн үндэслэлээр буцааж байгаа нь үндэслэлгүй. Захиалагч тал гүйцэтгэгч талаас авсан зуухны бичиг баримтаа өөрсдөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Ажил хүлээлцэх актыг хийх гэж захиалагч талын эрх бүхий хүмүүсийг зуух тавьж халаасан буудалдаа 7 хоног хүлээсэн, буудлын ресепшнээс өөр эрх бүхий хүн байгаагүй учир манай ажилтан арга буюу хотруу ирсэн ба акт хийх, хүлээлцэх, дүгнэлт гаргах боломж олгоогүй. Манай ажилтан ирээд 2 хоносны дараа захирал н.Баянцагаан би Сайншандад ирчихээд байна, танай зуух надад таалагдахгүй байна, Хятад улсын зуух танайхаас хямд байна... гэж утсаар ярьж тухайн орон нутгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй, гүйцэтгэгч байгууллагын зөвшөөрөлгүй гэрээнээс татгалзах албан бичиг өгөлгүй зуухыг буулгасан. Гэтэл энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Хар чонот ХХК нь Эрүүл орчин зөв ахуй ТББ болон Сонин дулаахан гэр ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 7,200,000 төгрөг, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс үүссэн алдангид 756,000 төгрөг, нийт 7,956,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.  

Хяналтын шатны шүүхэд хариуцагч нарын төлөөлөгч С.Энхтайваны гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг учиртай.  

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг. 

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан байна. 

Талуудын хооронд 2019.01.16-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч 2.500 м.кв талбайг нүүрсээр халаах хүчин чадалтай, АСЭ-8 маркийн нам даралтын зуухыг хийж нийлүүлэх, худалдан авагч зуухны урьдчилгаа төлбөрт 7,200,000 төгрөгийг гэрээ байгуулах үед, үлдэгдэл 4,800,000 төгрөгийг зуухыг халааж тохируулга хийж 2 талын комиссоор хүлээлгэн өгсөн актыг үндэслэн гүйцэтгэгч талд үлдэгдэл санхүүжилтыг олгохоор тохиролцжээ.  

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 зааснаар зуух худалдах-худалдан авах болон зуухыг суурилуулж ажиллуулах ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа хослон үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 заасан ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1заасан худалдах-худалдан авах гэрээний шинжийн алийг нь агуулж байгаа талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай.  

Давж заалдах шатны шүүхийн ...зохигчийн хэн нь гэрээний үүргээ биелүүлээгүй буруутай, биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд шүүх талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийгээгүй... гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын төлөөлөгч С.Энхтайваны гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 176 дугаар магадлалыг хэвээр үлдээж, Эрүүл орчин зөв ахуй ТББ болон Сонин дулаахан гэр ХХК-ийн төлөөлөгч С.Энхтайваны гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,246 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ 

                                                             ШҮҮГЧИД                              Г.БАНЗРАГЧ

                                                                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                Д.ЦОЛМОН 

                 Х.ЭРДЭНЭСУВД