Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 10

 

                     Ө.Б, А.Г нарт холбогдох

                  эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгч А.Г-ын өмгөөлөгч Б.Батчимэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар цагаатгах тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, 201708000052 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

   1.Монгол Улсын иргэн, 1974 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ө.Б.

   2.Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигин овогт А.Г нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан “Сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б, А.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, тэднийг цагаатгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 506 дугаар зүйлийн 506 дугаар зүйлд зааснаар иргэний хариуцагч Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгээс 3.069.607 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Ганпүрэвт олгох, шүүгдэгч Ө.Б, А.Г нараас 3.069.607 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгт олгохоор шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр магадлалаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 47 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Батчимэг хэлсэн саналдаа: “Анхан шатны шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй ойлгомжгүй байдлаар дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн А.Г-ын эрх зүйн байдлыг илтэд дордуулахаар хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. ...А.Г, Ө.Б нар Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй байхад тэдний холбогдсон хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй дүйцүүлэн үзэх ёстой гэж шүүх өөрийн дотоод итгэлээр хэргийг зүйлчлэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж эрх зүйн байдлыг дордуулах ёсгүй. А.Г-ыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажлын байран дээр байгаагүй байх 20 орчим минут буюу тухайн цаг хугацаанд тоглоомын талбайд байрлах гулсууран тоглоомноос 3 настай С.Энхжин унасан гэж буруутгадаг хэдий ч тухайн үйл явдлыг чухам юугаар гэрчилж тогтоон буруутгаж байгаа нь ойлгомжгүй төдийгүй орон зай, цаг хугацааны хувьд хамааруулах боломжгүй юм. Хүүхдүүдийг гадаа тоглуулж байгааг бэхжүүлж авсан фото зургаас үзэхэд С.Энхжин зузаан хувцастай харагдах гулсуур руу гараагүй, багш нар тоглуулж байх үед Энхжин тоглож чадахгүй гулсуур тойрч гүйж өөрийгөө саатуулаад тоглож байсан болох нь харагддаг. Гандолгор 20 орчим минутын дараа буцаж ирээд хүүхдүүдийн хувцсыг тайлж, нүүр гарыг нь угаалгасан бөгөөд ямар нэгэн байдлаар унасан, гэмтсэн шинж тэмдэг байгаагүй. Энхжин  анги дээрээ ямар нэгэн байдлаар гэмтэж бэртээгүй, өвдөж зовиурласан шинж байгаагүй талаар багш нарын аль аль нь мэдүүлдэг. 2017 оны 3 дугаар сарын 15-ны орой охины ээж Ганпүрэв нь Энхжинг цэцэрлэгээс эрүүл саруул хүлээн авч явсан, Энхжингийн аав Сэнгэ нь хэрэг болсон гэх өдөр Энхжин өөрөө ерөнхийдөө тоглож инээгээд зүгээр байсан талаар тодорхой мэдүүлдэг. Хэрэг болсон өдрөөс хойш 5 хоногийн дараа 3 дугаар сарын 20, 23-ны өдөр эцэг эх нь гар утсаараа бичлэг хийж хөтөлж, тулгасан байдлаар асууж бага насны хүүхдээсээ өөрсдийн хүсч буй зүйлээ хэлүүлж буй эх сурвалж нь тодорхойгүй бичлэгээр дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоож бодитойгоор дүгнэж хянан шийдвэрлэх нь зүйтэй юм. Иймд А.Г-т холбогдох хэргийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Цагаатгах тогтоол үндэслэлгүй гарсан. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ө.Б, А.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ө.Б нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багшаар, А.Г нь мөн цэцэрлэгт туслах багшаар тус тус ажиллаж байхдаа 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас тус цэцэрлэгийн тоглоомын талбайд тоглож байсан 2 нас 8 сартай С.Энхжин гулсууран дээрээс унаж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдож, прокуророос Ө.Б, А.Г нарт Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ө.Б, А.Г нарыг хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод зааснаар хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хариуцаж, ахуйн осол гэмтлээс хамгаалж ажиллах, цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдлын дүрмээр хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцлийг бүрэн бүрдүүлж ажиллах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас цэцэрлэгийн бага ангийн хүмүүжигч С.Энхжингийн биед хүнд гэмтэл учирсан болох нь нотлогдсон гэж дүгнэсэн атлаа 2002 оны Эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт заасан “Сургуулийн өмнөх насны хүүхдийн халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандах” гэмт хэргийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн талаарх мөн аймгийн давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь зөв байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй бөгөөд хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул 09 дугаар магадлалыг хэвээр үлдээж, уг магадлалыг хүчингүй болгох талаар шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 дугаар магадлалыг хэвээр үлдээж, уг магадлалыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан шийдвэрлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

               ДАРГАЛАГЧ                                                            Б.ЦОГТ

               ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН