Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01262

 

 

*******, *******, *******, *******,

С.Энхцэцэг, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2019/00612 дугаар шийдвэр

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6 дугаар магадлалтай, 

*******, *******, *******, *******, С.Энхцэцэг, *******,

******* нарын нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

Газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, *******, *******,*******, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаа, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Тогтохбаяр, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч *******, *******,******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус шүүхэд нэхэмжлэл гаргаж буй иргэд бид шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэрээр *******аас мөнгө гаргуулахаар болсон юм. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаартай шүүгчийн захирамжаар 12,119,000 төгрөгийг гаргуулж *******од, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр 11,952,950 төгрөгийг гаргуулж *******д, 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2598 дугаартай шүүгчийн захирамжаар 6,466,550 төгрөгийг гаргуулж *******т, 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаартай шүүгчийн захирамжаар 5,300,000 төгрөгийг гаргуулж*******т, 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 268 дугаартай шийдвэрээр 14,497,290 төгрөгийг гаргуулж *******од, 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүгчийн захирамжаар 19,500,000 төгрөг гаргуулж ******* нарт тус тус олгохоор шийдвэрлэсэн. Бид дээр дурдсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлж Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан боловч ******* нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сумийн Их залуу багийн 48Б-05, 48Б-06 тоотод байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан амины орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгчөөр бүртгүүлэхгүй байгаагаас дээрх үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрт гаргуулах боломжгүй. Нөгөөтэйгүүр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон шүүхийн шийдвэрээр *******аас мөнгө авах иргэд аль аль нь *******ын өмнөөс Улсын бүртгэлийн албанд хандаж түүнийг дээрх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байгаа тул *******ыг Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь 2017 оны 02 дугаар сард байшин барина гэж 2,000,000 төгрөг авсан. Тэгээд авсан мөнгөө өгөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс *******аас зээл, зээлийн хүүтэй нийлээд 2,600,000 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. ******* төлбөрөө төлөхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас *******ын хашаа байшинг битүүмжилсэн. ******* уг хашаа байшингаа ахынх нь хашаа гэж мэдүүлсэн. Иймээс Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хашаа байшинг *******ынх болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хоёр айлын газарт байшин барьж байгаа гэж надаас мөнгө зээлж авсан. Би *******ыг ингээд худлаа яриад яваад байгаад нь үнэхээр өмнөөс нь ичиж байна. *******д мөнгөө зээлүүлж жоохон өсгөөд авна гэсэн бодолтой байсан, гэтэл одоо өгөхгүй байна. Тэр үед мөнгө зээлүүлээгүй байсан бол хүүхдээ хагалгаанд нь оруулсан бол миний хүүхэд өнөөдөр эрүүл саруул байх ёстой байсан. Би маш их гомдолтой байна гэжээ. 

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маш их гомдолтой байна. ******* нь байшин барьж байгаа, энэ байшингаа дуусгахын тулд мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө зээлсэн. Би тэр барьсан байшингийнх нь элс хайргыг цуг ачилцаад явж байсан. Одоо надад зээлсэн мөнгөө өгөхгүй их чирэгдэл учруулж байна. Иймээс Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хашаа байшинг *******ын өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн Орхон сумын толгодын 4-25 тоотод байрлах 2 давхар хаусыг миний төрсөн ах ******* бид хамтран барьж өгч байсан. Манай гэрт ирж байшин барьж өгөөч гэхээр нь хоорондоо тохиролцсон. Миний төрсөн ах *******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ******* нь бариулсан хөлснөөсөө 5,625,000 төгрөгийг цувуулаад өгч байсан. Одоо үлдсэн төлбөр 6,500,000 төгрөгийг өгч барагдуулаагүй. Одоо болохоор Ч.Гантулга барьсан болж хувираад байгаа. Хөрөнгөө өөр хүний нэрээр улсын бүртгэл дээр бүртгүүлсэн байгаа. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах хашаа байшинг *******ынх болохыг тогтоож өгнө үү гэжээ. 

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болоод газар, хашаа байшин байхгүй. Миний гэр бүлийн гишүүдэд ч одоогоор үл хөдлөх хөрөнгө үгүй. Би хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн группд байдаг. Би зээл чөлөөлж бусдад их хэмжээний мөнгө алдаж тэр хүн маань олдохгүй алга болсон. Би шүүхэд өгч шүүгчээр захирамж гаргуулж, тахарын албаар эрэн сурвалжлуулж байгаа. Дээрх иргэдийн зарим нэгэнд төлбөрийг багаар ч гэсэн барагдуулж байгаа.******* нь миний хөдөлмөрийн чадвар алдалтийн 60 хувийн группийн нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэрийн орлогоос тогтмол 50 хувийн суутгал хийлгэж сар бүр төлбөрөө авдаг юм. Эдгээр иргэдийн төлбөр нь анхан шатны шүүхээр хүү алданги тооцогдож гарсан шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон юм. Эдгээр иргэдэд хүү, мөнгө төлж явсаар үндсэн мөнгөндөө тулсан төлбөр ч байдаг. Өөрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулж, барьцаанд тавьж хүү мөнгө төлж явсан болно. Нэхэмжлэлд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 48б-5, 48б-6 тоот газар, түүн дээр баригдсан амины сууцыг миний өмч мэтээр бичжээ. Энэ газар байшингийн өмчлөгч нь Ч.Гантулга гэдэг хүн юм. Учир нь Ч.Гантулгатай ******* би гэрээ байгуулж /2014.04.25-ны өдөр/ захилга аваад 2014.05.21-ний өдөр *******тай 12,000,000 төгрөгийн хөлстэйгөөр давхар ажил гүйцэтгэх гэрээ үйлдэж, уг газарт хашаа улмаар Ч.Гантулгатай тохиролцсоноор амины орон сууцыг бариулах ажлыг гүйцэтгүүлэн ажилласан. Ингээд Ч.Гантулгын бариулсан барилгын гүйцэтгэлийн ажил дутуу тул гүйцэтгэж өг гэхээр нь бид өөрсдөө түрээсийн байранд амьдардаг олон хүнд өр төлбөртэй байр түрээслэх мөнгөгүй, орох орон байргүй болсон тул байрыг гүйцэтгэж өгөх хүртэл Ч.Гантулгын газар байшинг сахин хамгаалах үүрэгтэй амьдарч байгаа. Түүнээс нэхэмжлэгч нарын хэлсэнчлэн миний өөрийн өмч хөрөнгө биш юм. Өөрөөр хэлбэл Ч.Гантулгын хөрөнгөөр баригдсан өмч хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргарсан тайлбартаа: Маргаан бүхий хашаа байшингийн хаяг болох Булган аймгийн Орхон сумын толгодын 4-26 тоотын нутаг дэвсгэрийн харьяалал өмнө нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан. Ингээд эцэст нь Булган аймгийн Орхон сумын Халиун багийн толгодын 4-26 тоот болж өөрчлөгдсөн. 2016 оны 01 дүгээр сард Ц.Гантулгын өмчлөлийн байшинг *******ын өмч байна гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжилсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн магадлалаар уг хашаа байшин нь Ч.Гантулгын өмч болохыг тогтооосон. Гэтэл ******* нь өөрийн газар, байшингаа Ч.Гантулгын нэр дээр бүртгүүлсэн гэж нэхэмжлэгчид үзээд байдаг. Бид захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байх явцдаа Булган аймгийн Орхон сумын толгодын 4-25 тоотод байрлах газар нь иргэн н.Мэндбаярын өмч болохыг олж мэдсэн. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр *******ын нэр байхгүй, харин н.Мэндбаяр, Ч.Гантулга нарын нэр дээр бүртгэлтэй байгаа ба 4-25 тоотод байрлах газар нь н.Мэндбаярын, 4-26 тоотод байрлах газар, үл хөдлөх хөрөнгө нь Ч.Гантулгын өмч юм. Уг хашаа байшинг Цагдаагийн байгууллага *******ын хашаа байшин биш болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2019/00612 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан *******д холбогдох, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Толгодын хэсгийн 4-25, 4-26 тоотод байрлах газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь ******* болохыг тогтоолгох тухай *******, *******, *******, *******,*******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6 дугаар магадлалаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2019/00612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаа, бусад нэхэмжлэгч нар хяналтын журмаар хамтран гаргасан гомдолдоо: ...*******, гуравдагч этгээд Ч.Гантулга нарын хооронд 2014.04.25-ны өдөр байгуулсан гэх Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор 2 хувь бичээгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэйгээ холбогдуулж оршин суугаа багаасаа авсан тодорхойлолт нь дангаараа улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө гэж заасан нь үндсэн хуулиар иргэнд олгогдсон шүүхэд мэдүүлэх эрхийг хангахтай холбоотой заалт бөгөөд нэхэмжлэлээ шүүх хуралдаан эхлэхэд гаргасан гэх хуульд заагаагүй үндэслэлээр, түүнд алдаагаа засах боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь зохигчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Гуравдагч этгээд Ч.Гантулгыг өмчлөгчөөр бүртгүүлэхээс өмнөх цаг хугацаанд хамаатуулж маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хэн байсныг тогтоолгох нэхэмжлэлийг түүнийг өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэлийг үндэслэн, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 2016.04.07-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаарах үйл баримтуудад дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй. Хэрэгт авагдсан эд хөрөнгө хураасан, битүүмжилсэн актууд, Ажил гүйцэтгэх гэрээ, гэрээ эх хувиараа хэрэгт авагдаагүй ч хариуцагч энэ гэрээг хүлээн зөвшөөрдөг. Ч.Ганбатаас авсан тайлбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүгчийн захирамж, эд хөрөнгө битүүмжлэх акт, прокурорын тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэр, 272 тоот албан бичиг, Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, албан тоотууд, Л.Буманбаатарын нэхэмжлэлтэй *******д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан СД зэрэг баримтуудаар 2016.04.07-ны өдрөөс өмнө Булган аймгийн Халиун сумын 2-р багийн Толгодын 4-26 тоот газар дээр барьсан амины орон сууцны жинхэнэ өмчлөгч нь Ч.Гантулга бус харин ******* байсан болох нь харагддаг. Хууль тогтоомжийн дагуу иргэн шүүхэд мэдүүлж байгаа нь өмчлөгчийн өмчлөх эрхэд халдсан гэх ойлголтод хамаарахгүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй болно. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгч *******, *******,*******, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаа, өмгөөлөгч Д.Тогтохбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хангалттай дүгнээгүй, шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолд дурдсан зөрчил арилаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.  

1.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т зааснаар шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэдэг. 

Шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх явдал бөгөөд эдгээр ажиллагааны зарчим, зохицуулалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд нарийвчлан заасан. 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2019/00389 дүгээр тогтоолд Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо холбоотой өөрөөр хэлбэл, шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлээр тодорхойлогдох бөгөөд шүүх энэхүү асуудлыг тодруулаагүйгээс нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх байгууллага яагаад төлбөрт битүүмжлэх, хураах болсон, шийдвэр гүйцэтгэлийн уг ажиллагаа хүчин төгөлдөр байгаа эсэх, уг ажиллагаанд төлбөр авагч, төлбөр төлөгч, мөн гуравдагч этгээд нар гомдол гаргасан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна гэж дүгнэжээ.  

Хоёр шатны шүүх дээрх эрх зүйн асуудалд ач холбогдол өгч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.  

Нэхэмжлэгч нар нь эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар шаардлага гаргахдаа хариуцагч төлбөр төлөхөөс зайлсхийж, өөрийн хөрөнгөө бусдад шилжүүлснээс төлбөрөө гаргуулах боломжгүй болсон гэсэн үндэслэл зааснаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоорондоо тохироогүй, энэ талаар тодруулах шаардлагатай. 

Хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтаас үзвэл маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байхад хариуцагч *******ыг өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримтыг шүүх тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч гаргадаг бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд хамаардаг.  

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШЗ2019/02125 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаагийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагчийн тоогоор хувилж өгөөгүй гэж дүгнэж, хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.  

3.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Тогтохбаяр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрмаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэмэгдүүлсэнтэй холбоотой маргааны зүйл болох хөрөнгийн анхны бүртгэлийн талаарх лавлагааг Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс гаргуулах хүсэлтийг гаргажээ. 

Анхан шатын шүүх өмгөөлөгч Д.Тогтохбаярыг удаа дараа дуудсан, урьд уг хүсэлтийг гаргах боломжтой байсан гэж дүгнэсэн хэдий ч түүний хүсэлтэд дурдсан баримтыг гаргуулах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болохоор байна.  

Иймд хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцэхгүй юм. 

Давж заалдах шатны шүүх дээрх алдаануудыг зөвтгөлгүй хэргийг хянан шийдвэрлэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчсөн байна.  

Хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 132/ШШ2019/00612 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 6 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ 

                                                  ШҮҮГЧИД                                  П.ЗОЛЗАЯА 

                                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

        Д.ЦОЛМОН 

        Х.ЭРДЭНЭСУВД