Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 324

 

 

Д.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02434 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Зын,

Хариуцагч Ж.Э-ад холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Ж

Хариуцагч Ж.Э-

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Сүмбэр Эрдэнэ” урлангийн захирал Ж.Э-тай хөөрөг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Ж.Э- нь ажлын үр дүнг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний нөхцлийн дагуу хөөрөг нь даваа толгой, алтан нуух, ноён сэрвээ, зааны ясан халбатай, бөгс нь 33-35 мм диаметрийн толгой тавих ямар нэг сэвгүй, толбогүй, цагаан хаш байх шаардлага байсан. Дээрх хөөрөг хийлгэх ажлын хөлсийг 20 000 000 төгрөгөөр тохирч, захиалагчийн зүгээс 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус өөрийн нэр дээрх Голомт банкны 1170000970 төгрөгийн данснаас хариуцагчийн данс руу шилжүүлсэн.

Гэрээний үүргийг биелүүлэх хугацаа өнгөрөөд 2 гаруй жил болсон байхад хариуцагч биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалж, Ж.Э-ад хөөрөг хийх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчид төлсөн 2 000 000 төгрөг нийт 22 000 000 төгрөгийг хариуцагч Ж.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Ж.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “Сүмбэр Эрдэнэ” урланг 8 жилийн турш ажиллуулсан. Нэхэмжлэгч нь их гарын цагаан хаш хөөрөгтэй болох гэхээр их үнэтэй байна гэсэн. Би хөөрөг хийх чулууг үзүүлж, түүнтэй үнэ ханшаа тохиролцсон. Эхлээд 13 000 000 төгрөгөөр хаш чулуу аваад 33-ын амтай хаш хөөрөг хийж өгөхөд түүнийг авч яваад маргааш нь буцааж авчирсан. Дахин 8 000 000 төгрөгийн хаш чулуу аваад 35-ын амтай хөөрөг хийж өгсөн ч мөн буцааж авчирсан. Ингээд би сайн чулуу олдтол хүлээж бай, зөвхөн 1 хөөрөгний чулуу 30 000 000-50 000 000 төгрөгийн хооронд байна, түр хүлээж бай гэж нэхэмжлэгчид хэлсэн. Ингээд нэхэмжлэгчид мөнгийг нь буцаан төлж эхэлсэн. Тухайлбал, гадагшаа явах гэж байна 1 000 000 төгрөг, дараа нь эхнэрийнх дансанд 1 500 000 төгрөг, унтлагын өрөөний сет 1 ширхэг 880 000 төгрөг, орос хаш чулуу 2 ширхэг хөөрөг хийхэд нийт 21 000 000 төгрөг, болор хөөрөг 1 ширхэг 26-тай 8 000 000 төгрөг, болор хөөрөг 1 ширхэг 1 500 000 төгрөг, жижиг гарын цагаан хаш хөөрөг 1 ширхэг 3 500 000 төгрөг, өөрөө орос ногоон хаш чулуугаар 1 хөөрөг хийгээд өг гээд ажлын хөлс нь 1 500 000 төгрөг болсон хөөргийг хийж өгсөн, нэхэмжлэгчид өөрийнх нь хүссэнээр боломжоороо хандсан. Мөн төрийн албанд ажилд ороход нь төрийн сүлд хийж, бэлэглэж байсан. Иймд энэ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.Э-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Зт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 950 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Ж.Э-аас 252 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Ж.Э- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ нь хуурамч байсан. Би нэхэмжлэгчтэй 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бичгээр ямар ч гэрээ байгуулаагүй. Харин Д.З 2016 оны 6 сард надтай уулзаад надад баталгаа бичээд өг гэхэд нь би Ж.Э- миний бие Д.Зт 33-35 мм амтай, их гарын цагаан хаш хөөргийг хийж өгөх нь үнэн болно гэсэн агуулгатай бичгийг 2016 оны 7 сард бичиж өгсөн. Мөн шүүх нэхэмжлэгч Д.З нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хөөрөг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэж мэдүүлсэн байтал шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Хэрэв энэ өдөр гэрээ байгуулагдсан бол ажлын үр дүнг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөх, мөн хийсэн хөөрөг нь захиалагчид таалагдахгүй бол төлбөрийг буцааж өгөх ба 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 5 хувийн алданги тооцно гэх мэт илтэд ойлгомжгүй, утга агуулгын авцалдаагүй байхад үүнийг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Би шүүхэд гаргасан хариу тайлбартаа 2 удаа тохиролцсоны дагуу хөөргийг нь хийгээд Д.Зт өгч байсан ба таалагдахгүй байна гэх шалтгаанаар хөөргөө хүлээж аваагүй буцааж өгснийг, мөн өнөөдрийн байдлаар уг ажлын гүйцэтгэлтэй холбоотой нэхэмжлэгч Д.Заас авсан төлбөрт нийт 13 000 000 төгрөгийн үнэлгээтэй 3 төрлийн хөөрөг болон мөнгөн шилжүүлгээр ажлын хөлс гэж нийт 4 880 000 төгрөг буюу нийт 17 880 000 төгрөгийг барагдуулсан гэсэн байхад шүүх нотлох баримтуудыг харгалзан үзэлгүйгээр нэг талыг барьж, хуурамч нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Мөн хариуцагч хэлэлцэж тохиролцсоны дагуу 2 удаа гэрээний зүйл болох хөөрөг хийж өгсөн, төлбөр мөнгийг барагдуулж байсан тул би үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэхгүй байна. Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу хэлцэл тохиролцоогоо цуцлах байтал эдгээрийг баримтлаагүй. Нэхэмжлэгчээс надад хандаж, тодорхой хугацаа тогтоосон, цуцлах тухай мэдэгдсэн тухай ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Ж.Э-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 22 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Нэхэмжлэгч Д.З, хариуцагч Ж.Э-тай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр аман гэрээ байгуулан, хариуцагчаар их гарын цагаан хаш хөөрөг хийлгэхээр тохиролцож, материалын үнэ болон ажлын хөлсөнд 20 000 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд шилжүүлж, талууд хожим буюу 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээг бичгийн хэлбэрт оруулан, гэрээний нөхцөлүүдийг нарийвчлан тодорхойлсон болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогдож байна. /хх-1-2, 5-15, 24-25 дахь тал/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн анхан шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлон дүгнэсэн.

Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, гэрээнээс татгалзсантай холбоотой гэрээний гүйцэтгэлийг буцаан өгсөн эсэх үйл баримтын талаар маргажээ.

Хариуцагч Ж.Э-ын гаргасан “гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Зт 2 удаа хаш хөөрөг хийж өгсөн, нэхэмжлэгч “таалагдаагүй” гэх үндэслэлээр хөөргийг буцаан өгч, дахин хийлгэхээр тохирсон, мөн талууд гэрээгээр шилжүүлсэн 20 сая төгрөгийг мөнгөн болон эд зүйл хэлбэрээр буцаан төлөхөөр тохиролцсон гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байна. /хх-24-25 дахь тал/ Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагчид мэдэгдсэн, хариуцагч татгалзлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Ингэснээр мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг заасан үр дагавар буюу талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг талуудад үүснэ. Д.З, Ж.Э- нар гэрээний үүргийн зөрчлийн хэмжээ болон гэрээ цуцлах журмын талаар маргаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.        

Хариуцагч тал нэхэмжлэгчид 20 000 000 төгрөгийг буцаан төлсөн, тухайлбал “...гадагшаа явахад 1 000 000 төгрөг, эхнэрийн дансанд 1 500 000 төгрөг, унтлагын өрөөний сет 880 000 төгрөг, орос хаш чулуун 2 хөөрөг хийхэд 21 000 000 төгрөг, болор хөөрөг 8 000 000 төгрөг, барын нүдэн хөөрөг 1 500 000 төгрөг, жижиг гарын цагаан хаш хөөрөг 3 500 000 төгрөг, орос ногоон хаш чулуун хөөрөгний ажлын хөлсөнд 1 500 000 төгрөг суутгасан” гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж чадаагүй байна.

Анхан шатны шүүх, хариуцагчийн хүүхэд асрагчид 1 000 000 төгрөг төлсөн тухай бичгийн нотлох баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг 19 000 000 төгрөгийн хэмжээнд ханган, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

            Хариуцагч Ж.Э- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах журмыг зөрчсөн гэж заасан боловч анхан шатны шүүхэд энэ талаар тайлбар гаргаж, мэтгэлцээгүй тул уг гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсгийг зөрчсөн байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, хуурамч нотлох баримтын үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2017/02434 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                  ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ

 

                                                                                            Ч.ЦЭНД